| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/05426/И |
| Дугаар | 210/МА2025/00393 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00393
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/05258 дугаар шийдвэртэй,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Зуучлалын гэрээний үүрэгт 155,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь *******той 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, гэрээгээр ,,, тоот хаягт байрлах, 420 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг өөрийн харилцагч д худалдан борлуулахад зуучилсан.
Талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг 2,350,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан боловч хариуцагч нь гэрээний 4.2, 4.3 дүгээр зүйлд заасан зуучлалын хөлс болох 103,400,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй.
1.2. Талуудын байгуулсан гэрээнд зуучлалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлөхөөр тохиролцсон.
Иймд зуучлалын хөлс 103,400,000 төгрөг, алданги 51,700,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тус компанитай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэгч тал ажлаа бүрэн дүүрэн хийж чадахгүй, удаа дараа залгасан дуудлагыг авахгүй байх гэх мэт захиалгын дагуу ажлаа хийж байгаа эсэх нь ойлгомжгүй байсан. Иймээс 2022 оны 01 дүгээр сарын дундуур гэрээг албан ёсоор цуцалж байгаа талаар захирал *******д мэдэгдсэн.
2.2. Би өөрийн танил олон хүмүүст тухайн үл хөдлөх хөрөнгийг зарах тухай мэдээллийг дуулгасан бөгөөд тэдний дундаас тай сар гаруй хугацаанд хийсэн хэлцлийн үр дүнд зарсан. Энэ нь нэхэмжлэл гаргаж буй компанитай ямар нэг холбоо байхгүй болохыг гэдэг хүн нотлоно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч *******гоос 155,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 933,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт үйл баримт болон хуулийг зөв тайлбарлаж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийг гэрчид үзүүлэх үед гэрч худалдан авах шийдвэр гаргаагүй, харин хариуцагчийг үзүүлэх үед үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон байгаа нь хариуцагчийн зуучлагчийн тусламжтай үндсэн гэрээг байгуулаагүй, өөрөө худалдсан гэх татгалзал үндэслэлтэй бөгөөд зуучлагчийн хэлцэл хийх этгээдтэй холбож өгсний дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үндсэн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь талууд ердийн зуучлалын гэрээ байгуулсан атлаа зуучлагчийн гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулах эрхийг хязгаарласан агуулгыг гэрээгээр тохиролцсон нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар хэлцэл хийх этгээдтэй холбож өгснөөр хөлс шагналаа шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан агуулгад нийцээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ байгуулагдсан талаар талууд маргадаггүй. Харин хариуцагч нь тухайн гэрээг цуцалсан би өөрөө гэрчийг урьд өмнө нь таньдаг байсан учир очиж уулзан тухайн үл хөдлөхийг худалдан борлуулсан гэж маргадаг. Гэтэл гэрч мэдүүлэгтээ хариуцагчийг огт танихгүй, зөвхөн тухайн орон сууцыг худалдан авах үедээ танилцсан, тухайн орон сууцыг зуучлагч танилцуулсны дараа надтай ирж уулзсан, тэр үед анх удаа уулзсан, тухайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг зуучлагч буюу нэхэмжлэгчээс авсан гэжээ.
4.2. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар талууд 2021 оны 10 дугаар 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээ нь хүчин төгөлдөр буюу үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан цаг хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр байсан. Зуучлалын гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч буюу гэрч д анх биечлэн үзүүлж, улмаар үл хөдлөх хөрөнгө танилцуулсан талаарх баримтад гарын үсэг зуруулсан, тэрээр үнийн санал анх 2,8 тэрбум буюу үнэтэй байсан нь нотлогддог бөгөөд дээрхи баримтаас үзэхэд хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрч худалдан авахаар сонирхож байгаа, үнийг бууруулсан тохиолдолд худалдаж авах юм байна гэдэг мэдээллийг нэхэмжлэгчээс авсан. Гэтэл хариуцагч нь гэрээний 6.2.5-д Зуучлагч талын агентаас санал болгож, танилцуулсан этгээдтэй тусдаа ямар нэгэн хэлцэл хийхгүй байх гэж заасан заалтыг зөрчин өөрөө дур мэдэн гэрчтэй очиж уулзан үл хөдлөх хөрөнгийг анхны үнээс бууруулж 2,350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хэрэв нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хамгийн анх гэрчид санал болгосон, гэрч худалдан авах сонирхолтой байгаа боловч үнэтэй байгаа тул тухайн үнээр худалдан авах боломжгүй байгаа мэдээллийг хариуцагчид өгөөгүй байсан бол хариуцагч нь гэрчийг шууд сонгон очиж уулзан үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах боломжгүй нөхцөл үүсэх байсан.
4.3. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийг танилцуулах үед гэрч худалдан авах шийдвэр гаргаагүй, харин хариуцагчийг танилцуулах үед тохиролцсон нь зуучлагчийг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй... гэж буруу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид хэлцэл хийх боломжтой этгээд буюу худалдан авагчийн мэдээллийг өгснөөр хариуцагч нь гэрчтэй хэлцлийг хийсэн бөгөөд хариуцагчийн гэрчид санал болгосон үнийг нэхэмжлэгчээр дамжуулан гэрчид мэдэгдсэн бол гэрч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчээр дамжуулан танилцах үедээ худалдан авах шийдвэрийг гаргах боломжтой байсан. Харин зуучлуулагч буюу хариуцагчаас санал болгосон анхны өндөр үнээр танилцуулсан тул гэрч үл хөдлөх хөрөнгийг үнэтэй байна гэсэн шалтгаанаар татгалзаж үнийг бууруулах талаар нэхэмжпэгчид хандсан. Зуучлалын гэрээний үндсэн агуулга нь хэлцэл хийх этгээдийг олж өгөх, хэлцэл хийх этгээдийн мэдээллийг зуучлуулагчид гаргаж өгөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэлцэл хийх шийдвэр гаргуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.
4.4. Шүүхийн шийдвэрт ...нөгөө талаас талууд зуучлалын гэрээний 4.8-д зуучлуулагч нь энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсанаас хойш 1 жилийн дотор урьд нь зуучлагчийн холбон зуучилж байсан этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол гэрээний 4.2-т заасан хөлс, шагналаа шаардах эрхийн үндэслэл болохгүй... гэж нэхэмжлэгчийг гэрээний 4.8-д заасны зуучлалын хөлсийг шаардаж байгаа мэтээр тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжпэгч нэхэмжпэлийн үндэслэлээ гэрээний 4.8-д заасан заалтыг үндэслэл болгоогүй бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1,232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг, гэрээний 4.2, 4.3, 4.4, 4.5, 7.2 дахь заалт гэж тодорхой дурдсан.
Нэхэмжлэгчийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж бөгөөд хариуцагчтай Иргэний хуулийн 410 дугаар зүйлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээг чөлөөтэй байгуулж гэрээ хүчин төгөлдөр байсан бөгөөд гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжпэгч нь хариуцагч нь гэрээний 6.2.5-д Зуучпагч талын агентаас санал болгож, танилцуулсан этгээдтэй тусдаа ямар нэгэн хэлцэл хийхгүй байх, 6.2.8-д Гэоээний зуйл болох ул хөдлөх хөрөнгийн дээд болон доод унэд өөрчлөлт оруулахаар бол зуучлагчид энэ талаар урьдчилан мэдэгдэх гэж заасан үүргүүдээ зөрчиж нэхэмжпэгчийн олсон худалдан авагч буюу гэрчтэй шууд уулзан үнийг бууруулан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжпэл гаргах бүрэн эрхтэй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан этгээд гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хариу тайлбар гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Шүүх хуралдааны явцад талуудаас асуусан асуулт, шүүгчээс асуусан асуултад хариулахдаа ******* гэдэг хүнээр зуучлуулж аваагүй гэдгээ тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэгч байгууллага орон сууц үзүүлсэн ч шийдвэрээ гаргалгүй татгалзсан. Хариуцагчийн зүгээс тай вайбераар харилцсан хэсэгт маргахгүй байгаа учраас үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. 2022 оны 05 дугаар сард хариуцагчийн гаргасан саналыг гэрч хүлээж аваад уг гэрээг хийсэн байна гэж зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч тал шаардах эрхээ тодорхойлсон тус гэрээний 4.2, 4.3, 4.4, 4.5 гэх заалтууд нь зуучлалын ажлын хөлсийг хэрхэн бодох талаар буюу гэрээний 4.1-т зуучлалын ажлын үр дүнд зуучлуулагч болон худалдан авагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар зуучлагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ гэж заасан. Зуучлалын ажил нь худалдан авагч бүхий гуравдагч этгээдтэй холбож өгөх юм. Нэхэмжлэгч тал зуучлуулагчийг хэрхэн гуравдагч этгээдтэй холбож өгсөн болохыг баримтаар нотлох үүрэгтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлаа ярьдаг хэдий ч нотлох үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбарласан шиг үйл баримт болоогүй, болсон байвал нэхэмжлэгч тал нотлох ёстой. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан гэрч болон гэрчийн эхнэр 2021 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдөр орон сууцыг үзсэн гэх тэмдэглэл байдаг ба гэрээнд заагдсан үнэ хөлсний талаар санал болгосон асуудал дурдагдаагүй.
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээнд хөрөнгийн дээд, доод үнэлгээг тодорхой заасан ба дээд үнэ 3,000,000,000 төгрөг, доод үнэ 2,300,000,000 төгрөг гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал бид нарын ардуур гэрчтэй тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна гэж тайлбарладаг. Анх 2,800,000,000 төгрөгөөр санал болгоход худалдаж авахаас татгалзсан бөгөөд хариуцагчийн 2,350,000,000 төгрөгөөр худалдах саналыг хүлээн авч нийт 450,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Тухайн үед нь зөрүү ихтэй байсан учраас худалдаж аваагүй, санал болгоход нь татгалзсан гэж тайлбарладаг. Анх гэрээг байгуулахдаа гэрээнд зааснаар үнийн дүнгийн хувьд зуучлагч нь худалдагчийг төлөөлж гэрээ байгуулах санал тавих эрх олгосон атлаа уг тайлбараа үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг болон гэрээний 4.2-4.5, 7.2-т хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч гэрээгээр анхнаасаа үнийг тогтоож өгсөн хэсгийг дурдахгүй орхиж шаардах эрхээ дэмжиж байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 103,400,000 төгрөг, алданги 51,700,000 төгрөг, нийт 155,100,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зуучлагч ******* нь зуучлуулагчаас олгосон эрхийн хүрээнд түүний ашиг сонирхлын төлөө зуучлуулагчийн өмчлөлийн, ,,, тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 420 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг зах зээлд сурталчлан байршуулах, сонирхогч этгээдэд газар дээр нь очиж танилцуулах, шаардлагатай мэдээллээр хангах, худалдан авах сонирхол бүхий гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч ******* нь худалдан борлуулсан үнийн дүнгийн 4.4 хувийн зуучлалын хөлс төлөхөөр харилцан тохиролцож, зуучлалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ. /хх-ийн 6-9/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зуучлалын гэрээ байгуулагдсан талаар хийсэн дүгнэлт зөв байв.
3.2. Хэргийн 10 дугаар тал дахь баримтад нэхэмжлэгч ******* нь худалдан авагч д 2021 оны 10 дугаар сарын 30-ны болон 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгийг танилцуулж, гарын үсгээр баталгаажуулсан байна.
3.3. Харин хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Davaa MCS, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр , 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр , , , 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэх нэрээр тэмдэглэгдсэн дугаарт ын цаана од төлөвлөлт сайтай 450 м.кв талбайтай хаус худалдах агуулга бүхий цахим зурвас илгээжээ. /хх-ийн 109-114/
3.4. Хариуцагч ******* нь тай 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ,,, тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 420 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2,350,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. /хх-ийн 49-52/
4. Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний дагуу хариуцагчийг худалдан авагчтай холбож өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж, хариуцагч нь зуучлагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан, би өөрөө худалдан авагчид санал болгосноор үл хөдлөх хөрөнгөө худалдсан гэж тайлбар гарган маргажээ.
Талуудын хооронд зуучлалын гэрээ бодитоор хэрэгжсэн эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлс, шагнал төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх зуучлагчийн буюу нэхэмжлэгчийн хэлцэл хийх этгээдтэй холбож өгсний дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэхгүй, талууд ердийн зуучлалын гэрээ байгуулсан атлаа зуучлуулагчийн гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулах эрхийг хязгаарласан агуулгыг гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
5.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.2. Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...******* нь өмнө танилцаж байсан гэдэг боловч би санадаггүй, харин байр зарахад танилцсан. ******* уг байрыг надад 2021 онд үзүүлсэн, ******* 2022 онд надад санал тавьсан, үнийн саналын талаар яригдсан байх, тэдний хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан болохыг мэдээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа би *******д чиний үзүүлсэн ын хаусыг худалдаж авсан шүү гэж хэлсэн... гэж мэдүүлжээ. /хх-ийн 158-162/
5.3. Талуудын байгуулсан гэрээний 4.1-д зуучлалын ажлын үр дүнд зуучлуулагч болон худалдан авагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар зуучлагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ, 6.2.5-д зуучлуулагч нь зуучлагч талын агентаас санал болгож, танилцуулсан этгээдтэй тусдаа ямар нэгэн хэлцэл хийхгүй байх үүрэгтэй гэж заасан.
5.4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авагч д зуучлуулагч буюу хариуцагч *******гийн үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж танилцуулж, үнийн саналыг хэлэхэд тухайн үед худалдан авагч нь уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авах шийдвэр гаргаагүй, харин хариуцагч ******* нь худалдан авагч д 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн танилцуулгыг цахим зурвасаар илгээж, улмаар түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийг 2,350,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, зуучлуулагч нь зуучлагчийн холбож өгсөн этгээдтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч *******д худалдан авагчийг холбож өгч, зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэв.
5.5. Хариуцагч нь зуучлалын гэрээ цуцлагдсан, худалдан авагчтай өөрөө уулзаж үл хөдлөх хөрөнгийг худалдан боруулсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын хөлс шаардах эрхтэй.
5.6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнэ 2,350,000,000 төгрөг байх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 4.4 хувь болох 103,400,000 төгрөгийн зуучлалын хөлсийг зуучлагчид төлөхөөр талууд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
6.Алдангийн тухайд:
6.1. Талуудын байгуулсан гэрээний 7.2-т зуучлуулагч нь энэхүү гэрээнд заасан зуучлалын хөлсийг 4.5-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид нэмж төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Энэ гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
6.2. Алдангийг үүргийн зөрчил үүссэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 194 хоногийн алданги тооцож, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлэн хариуцагчаас 51,700,000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангав.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 155,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/05258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гоос 155,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******гоос 933,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 933,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ