| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2024/00630/И |
| Дугаар | 204/МА2025/00006 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 204/МА2025/00006
2025 оны 3 сарын 26 204/МА2025/00006
Ч.М, Ч.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Хариуцагч Т.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 314/ШШ2025/00039 дүгээр шийдвэртэй Ч.М, Ч.Б нарын нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох “Beiben North Benz маркын авто машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркын авто машиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.М, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б-той байгуулсан Beiben North Benz маркын *** арлын дугаартай авто машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр импортлогдсон, *** улсын дугаартай, Тоёота Ланд Круйсер Прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг Ч.М 70,000,000 төгрөгийн өрөндөө өгсөн. Тухайн үед *** ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан талаар хэлж байсан. Ч.М миний бие *** ББСБ-ын үлдэгдэл зээлийг төлж өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан бөгөөд гэнэт том оврын авто машинаар ажил хийх болсон тул зар үзсэн. Улмаар Т.Б-ын Фэйсбүүк зарыг үзэж *** улсын дугаартай, Beiben North Benz маркын, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд импортлогдсон шар өнгийн, *** арлын дугаартай авто машиныг зарах болсныг мэдээд Өвөрхангай аймгийн *** 2024 оны 5 дугаар сарын 10-нд очиж үзсэн. Ингээд дээрх машин нь эвдрэл гэмтэлтэй байсан засварын газарт засварлуулж байсан тул авахаа больж Орхон аймаг руу уг өдөртөө буцсан.
Гэтэл Т.Б нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирж байгаа талаар хэлсэн ба засварын газарт уг машиныг засуулж байхад нь таарсан. Улмаар Т.Б-ын автомашины эвдрэл гэмтэлтэй байгаагаас шалтгаалж төлбөр тооцоогоо харилцан тохиролцсон. Ингэхдээ 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр импортлогдсон, *** улсын дугаартай, Тоёота Ланд Круйсер Прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг 70,000,000 төгрөгт тооцож, Т.Б нь *** улсын дугаартай, Beiben North Benz маркын, 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд импортлогдсон шар өнгийн, *** арлын дугаартай авто машиныг шилжүүлэн өгч нэмж 17,000,000 төгрөгийг миний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. Улмаар *** улсын дугаартай, Тоёота Ланд Круйсер Прадо-150 маркын авто машин нь *** ББСБ-д барьцаанд байсан бөгөөд би өөрөө 17,021,900 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас *** ББСБ-ын Хаан банкны *** тоот данс руу зээлийн төлж, Т.Б-ын зөвшөөрлөөр дүү П.П-д 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *** улсын дугаартай болгон шилжүүлж өгсөн.
Ингээд Т.Б нь өөрийн *** улсын дугаартай, Beiben North Benz маркын авто машиныг шилжүүлэх итгэмжлэлийг П.П-д хийж өгч явуулна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүйгээс миний зүгээс дээрх автомашиныг өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байна.
Ч.М болон Т.Б бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...” гэж хуульд заасан харилцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд миний хувьд Т.Б-д биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй авто машиныг шилжүүлж өгсөн атлаа өнөөдрийг хүртэл *** улсын дугаартай, Beiben North Benz маркын авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байна.
Нөгөөтэйгөөр хариуцагч Т.Боос шилжүүлж авахаар харилцан тохиролцсон *** улсын дугаартай, Beiben North Benz маркын авто машиныг хүлээн авснаас хойш огт ашиглаагүй бөгөөд машиныг Өвөрхангай аймгаас *** аймаг, *** суманд ирэхэд 49,707 км заалттай хүлээж авсан бөгөөд уг машиныг хүлээн авснаас огт хөдлөөгүй болно.
Өөрөөр хэлбэл Т.Б-оос шилжүүлж өгөх байсан *** улсын дугаартай, Beiben North Benz маркын авто машин нь ээлж буюу мото солих 2,900,000 төгрөг, жийрэг солих-160,000 төгрөг, гар бие укладаш-170,000 төгрөг, их бие укладаш-190,000 төгрөг, Масло насос-280,000 төгрөг, Масло ражатор-210,000 төгрөг, тахир гол-3,500,000 төгрөг, шатуун-1,020.000 төгрөг, кришик-2,100,000 төгрөг, туслах кроп-1,200,000 төгрөг, кропны 2-р гол ком араа-1,100,000 төгрөг, 20л масло-290,000 төгрөг, 4л масло-85,000 төгрөг, маслын шүүр-50,000 төгрөг, порсунк-480,000 төгрөг, ажлын хөлс-1,400,000 төгрөг, нийт 15,135,000 төгрөгийн явах эд анги буюу хөдөлгүүрийн ажилбар хийлгэж байж энэхүү автомашин нь бүрэн боломжтой болохыг “***” ХХК тодорхойлж засварлах талаар мэдэгдсэн. Улмаар миний бие Т.Б-д энэхүү нөхцөл байдлыг мэдэгдэж өөрийн өмчлөлийн машинаа буцаан авах талаар хэлсэн боловч огт өгөөгүй.
Миний хувьд “***” ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 31 -ний машин механизмын түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 12,000,000 төгрөгийн төлбөртэй ажиллах байсан боловч эвдрэлтэй машинаас болоод ажиллаж чадаагүй болно.
Өөрөөр хэлбэл Т.Б-д автомашины эвдрэлийн талаар мэдэгдэхэд “.. засварын зардалд 15,000,000 төгрөг өгөх болно”, *** улсын дугаартай, Тоёота Ланд Круйсер Прадо-150 маркын машиныг шилжүүлэх өдөр хийнэ гэсэн. Ингээд миний бие түүнд итгэж *** улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн боловч надад засварын төлбөрт төлөх байсан 15,000,000 төгрөгийг огт төлөөгүй болно.
Бидний хоорондын байгуулсан гэрээний дагуу авах ёстой байсан *** улсын дугаартай, Beiben North Benz маркын авто машин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Т.Б нь миний өмчлөлд шилжүүлж энэхүү автомашиныг шилжүүлж өгөөгүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “ Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж хуульд заасан бөгөөд миний бие уг тээврийн хэрэгслийг доголдолтой болохыг мэдсэн цагаас түүнд шаардлага тавьж байсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Б-д холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 27-нд гомдол өгсөн бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж ажиллагаа явагдаж байгаад прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болно гэжээ.
2. Хариуцагч Т.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *** улсын дугаартай Норт бенз маркын тээврийн хэрэгслийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 55,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд авсныхаа маргаашаас эхлээд *** суманд *** ХХК-д сарын 12,000,000 төгрөгийн гэрээ хийж, 8-12 сар хүртэл түрээслүүлсэн. Тэгээд өвөл нь тавиатай байж байгаад өөрийн хийж чадах ойр зуурын засварын ажлыг нь хийгээд чадахгүй бусад зүйлийг нь *** суманд замд гарахад нь бэлэн болгохоор урсгал засварууд хийлгэсэн.
*** суманд том оврын машины ажил байхгүй гэсэн тул том оврын машинаа 60,000,000 төгрөгөөр зарна гэж фэйсбүүкт зар оруулсан. Зарын дагуу Ч.М гэдэг хүн холбогдоод 5 дугаар сарын 10-ны өдөр ирж үзчихээд буцаад явсан. Тэгээд маргааш нь залгаад машин дээрээ 15,000,000 төгрөг төлөөд авах боломжтой байна, тохиролцъё *** суманд очих боломжгүй байна, та *** хотод ирэх боломжтой юу? гэхээр нь би 5 дугаар сарын 12-ны өдөр машинаа аваад Эрдэнэт хотод очсон. *** хотод ирсэн чинь ковш нь жоохон хатуурсан, мөн түгжээ нь эвдэрсэн байсан учраас тэрийг солиулах гээд бас бус ойр зуурын засвар хийлгэсэн. Тэгээд нэгэнт зарах зорилготой байгаа учраас задалсан дээрээ гээд тэр хавийнх нь эвдэрсэн янзлах шаардлагатай диск зэрэг янзлах шаардлагатай бүх зүйлийг нь 1,000,000 гаран төгрөгөөр засвар хийлгэсэн. Тэгээд авах үгүй нь мэдэгдэхгүй байж байгаад хэд, хэдэн хүн дагуулж ирж үзсэн. Үзэхдээ моторыг асааж үзээд, өдөржингөө шахуу л байсхийж байгаад л нэг хүн дагуулж ирээд үзээд байсан. Нийт гурван хүн дагуулж ирж үзсэн. Мөн тэр хавийн засварчдыг ч гэсэн таньдаг байсан. Хоорондоо ярилцаад байсан. Тэгээд оройхон дахиад 5,000,000 төгрөгийг нэмж өг гэхэд нь тэгэх боломжгүй, болъё гээд явсан. Нэгэнт ирснийх энэ хавиар том тэрэгний ажил хайя гээд хүн амьтантай уулзаад ажил олохоор байж байтал орой 19 цагийн үед залгаад 3,000,000 төгрөг нэмээд 18,000,000 төгрөгт хийе гэсэн.
Тэгэхээр нь 5,000,000 төгрөгийг чинь дундаа хийгээд 17,500,000 төгрөгөөр болж байна гэсэн Ч.М машинаа унаад хүрээд ирсэн. Тэгээд би дансандаа байсан 17,000,000 төгрөгийг шилжүүлээд цаана нь 500,000 төгрөг дутсан. Тэгэхээр нь машинаа нэр дээрээ шилжүүлэхдээ үлдсэн 500,000 төгрөгөө шилжүүлье гэсэн чинь үгүй ээ ах, нэгэнт наймаа хийж байгаа юм чинь одоо наймаагаа дуусгачихъя, өгсөн, авсандаа өлзийтэй байг гэхээр нь машинд байсан 4 кг ноолуураас өгөөд авсан, өгсөндөө өлзийтэй байг гээд л салсан. Яг сарын дараа хүргэн ах маань Солонгос улсаас хүрээд ирнэ, манай хүргэн ахын нэр дээр байдаг машин, тэгээд ирэхээр нь машиныг нэр дээр чинь шилжүүлчихнэ гэж хэлээд явсан. Түүнээс хойш сумандаа 2-3 хоногийн дараа очоод үзтэл *** ББСБ-ын нэр дээр байгаа машиныг бас Б гэдэг нэртэй ногоон өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хамт өгсөн байсан. Тэгээд шалгаад үзтэл 2017 оноос хойш татвар, даатгалаа төлөөгүй 850,000 төгрөгийн өртэй байна гэж гарч ирсэн. Тухайн үедээ шоконд ороод Ч.М руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь *** ББСБ руу залгаад асуутал шүүх дээр асуудалтай байгаа машин, авчирч өг, та залилуулсан байна, шүүхээс энэ машиныг эрэн сурвалжилж байгаа гэсэн. Тэр шөнө нь огт нойр хүрээгүй. Тэгээд өглөө эрт Ч.М руу залгасан чинь утас нь холбогдож байсан. Тэгээд бүх зүйлээ хэлсэн чинь ямар ч асуудалгүй машин гэхээр нь чи үнэнээ хэлээд өгчихгүй яасан юм бэ? энэ машин чинь бүтэхгүй юм байна, ах нь машинаа буцаая гэсэн Монгол хүн байна, нэг нэгэндээ итгэж амьдарна шүү дээ гэж сэнхрүүлсэн. Тэгээд та шүүхэд ханд гэж хэлсэн. Тэгээд 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нөгөө хүн чинь яасан бэ? чи наанаасаа мөнгө төгрөгийн нь болгочихооч ээ, би энэ машиныг унаж эдэлмээр байна шүү дээ, тэгээд ч энэ машин чинь асдаггүй асуудалтай машин байна гэж удаа дараа хэлсэн. Тэгсэн нэг сар хүлээчих, тэр хүний данс нь болохгүй байгаа болохоор хүлээх шаардлагатай байна гэхээр нь нэг удаа итгэе гээд хүлээсэн.
Тэгээд 6 дугаар сарын 10-ны өдөр болоод нөгөө хүн чинь юу болов оо? гээд дахиад асуухад машины эвдрэлийн талаар ярьж эхэлсэн. Тэгвэл машинаа буцаая, би ерөөсөө машинаа авъя, чиний машин чинь үнэхээр асуудалтай байна, газраа дундаа хийгээд Хархорин суманд машинаа солилцъё оо гэсэн чинь би гадаад явлаа, 15,000,000 төгрөг шилжүүлээд авбал ав, эсхүл наад машин чинь банк бусын нэр дээр байгаа, дахиад мөнгө зээлж аваад гадаад руу олон сар, жилээр явчихна шүү гэж шүүхийн шийдвэрийн мэдэгдэл гэж фейсбүүкээр нэг юм үзүүлсэн. Тэгэхээр нь Өвөрхангай аймгийн Цагдаад хандсан, Эрдэнэт хотын цагдаагийн газарт ч хандсан. Тэгээд намайг цагдаагаар явж байхад гадаад гараад алга болчихвий гэж бодоод 15,000,000 төгрөгийг чинь өгч болж байна, яг шилжүүлж өгөх үү? гэхэд тэгнэ ээ, би гадаад руу гараад ирэхгүй шүү, хохирогч болчихоод битгий гоншигноорой гэж удаа дараа байнга сүрдүүлсэн. Сүүлдээ ажил ч хийлгэхгүй хэцүү байсан. Тэгээд манай дүү П очиж итгэмжлэлээр шилжүүлэхээр болоод очсон тэр Б гэдэг хүн нь хотод байсан юм лээ. Тэр хүнтэй нь уулзаад ярьсан чинь Б.Б гэдэг тэр хүн нь хүргэн ах биш, Ч.М гадаад ч яваагүй, уурхайд ажилладаг байсан. Энэ бүгдийг харахад эхнээсээ л залилж мэхлээд надаар банк бусын мөнгөө төлүүлээд явах санаатай байсан хүн юм байна аа гэж дүгнэлтээ хэлье. Тэр Ч.Б гэдэг хүн нь харин сайхан сэтгэлтэй хүн байсан.
Тэгээд итгэмжлэлээ хийлгээд явуулсан. Тэгсэн Ч.М Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр очоод миний итгэмжлэлийг аваагүй гэсэн гомдол гаргасан байсан. Гомдлынх нь дагуу 2 сарын хүчинтэй хугацаатай итгэмжлэл хийлгээд Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн. Одоо хүртэл Норд бенз машины бичиг баримтыг шилжүүлэхгүй байгаа нь анхнаасаа *** банк бусын эзэмшилд байгаа машинаа худал ярьж итгэл үнэмшил төрүүлж худалдан борлуулчихаад бичиг баримт шилжүүлэхгүйгээр шантаачилж зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийн машины доголдол гэсэн шалтгаанаар төлүүлэх гэж байсан төлөвлөгөө биелүүлэх гээд байгаа нь тодорхой байсан. Энэ машиныг унаж байсан жолооч М гэх залуу үнэн сайн мотортой машин юм аа гэж хэлээд 1 жил гаран унаж байсан. Тэгээд 7 дугаар сард М надад машин чинь энд явж байна гэж хэлсэн. Би мэдээж цоо шинэ машин өгөөгүй. Гэхдээ машин авахдаа хүн амьтнаар үзүүлээд өөрөө ч сайн үзэж хараад авсан. Миний машин үнэхээр мотор сайтай, тос хаядаггүй байсан гэжээ.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б гэдэг хүн өөрийн хадам дүү Ч.М-т 70,000,000 төгрөгийн үнэлгээтэй машиныг өөрийн өрөндөө 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 9 дүгээр сард импортлогдсон *** улсын дугаартай Тоёото Ланд Крузер Прадо-150 маркын авто машиныг зээлдээ өгөхөөр тохирсон юм байна лээ. Ингээд тухайн үед *** ББСБ-д зээлд тавьсан талаар Ч.М-т хэлж байсан гэдгээ нэхэмжлэх дээр дурдсан байсан. Ч.М гэдэг хүн тухайн зээлийг төлж өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан бөгөөд за тухайн үед том оврын автомашинаар ажил хийх болсон тул фейсбүүкийн зар орчинд тавигдсан зараас *** улсын дугаартай Норт бенз маркын 2011 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд импортлогдсон энэ автомашиныг зарах болсныг мэдээд Өвөрхангай аймгийн *** 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр очиж үзсэн. Ингээд дээрх автомашины эвдрэл гэмтэлтэй байсан, мөн засварын газарт засварлуулж байсан гэх зэрэг шалтгаанаас болоод *** аймаг руу тухайн өдрөө буцсан. Гэтэл Т.Б нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод ирж байгаа талаараа хэлсэн ба засварын газарт уг автомашиныг засуулж байхад нь мөн дахин таарсан. Улмаар Т.Б-ын автомашины эвдрэл гэмтлээс шалтгаалж төлбөр тооцоогоо харилцан тохиролцсон.
Ингэхдээ 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 9 дүгээр сард импортлогдсон *** улсын дугаартай Тоёото Ланд Крузер Прадо-150 маркын авто машиныг 70,000,000 төгрөгөөр үнэлэн тооцож А.Б нь *** улсын дугаартай Норт бенз маркын 2011 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд импортлогдсон автомашиныг шилжүүлэн өгөөд дээр нь нэмэлт 17,000,000 төгрөгийг Ч.Ч.М-ын Хаан банкны эзэмшлийн данс руу шилжүүлсэн байна. Улмаар 18-33 унт улсын дугаартай Тоёото ланд крузер автомаркын машин нь банк бусад барьцаанд байсан бөгөөд 17,021,900 төгрөгийг Хаан банкны *** ББСБ-ын дансанд төлөөд ингээд машиныг чөлөөлөөд иргэн Т.Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд А.Б нь өөрийн *** улсын дугаартай автомашиныг шилжүүлэх итгэмжлэлийг П-д хийж өгч явуулна гэж хэлсэн боловч тухайн өдрөө ямар нэгэн байдлаар итгэмжлэлийг хийж явуулаагүй.
Ч.М болон А.Б нарын хооронд Иргэний хуулийн 274 зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээ бол энэ хуульд заасан буюу Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний бүх заалтууд одоо арилжааны гэрээн дээр мөн адил хамаардаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгөө солилцоод зөрөө үүссэн зөрөөний асуудлыг бол 17,500,000 төгрөг гэж тооцож шилжүүлсэн ийм асуудал байна. Хамгийн гол нь энэ Ч.М гэдэг хүний энэ автомашиныг сольж арилжааны гэрээг хийж том оврын автомашин аваад байгаа зорилго нь Орхон аймагт хувь хүнээрээ зам тээврийн компанид зам тээврийн ажилд оролцуулахаар гэрээ хийсэн байсан.
Тухайн компанид энэ автомашиныг түрээслээд сарын 12,000,000 төгрөгөөр түрээслээд гэрээ хийгээд орлого олох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл тухайн автомашин нь техникийн дутуу байдлаас болоод явах боломжгүй. Одоогийн байдлаар иргэн Ч.М-ын ээжийнх нь гэрийн хашааны гадаа буюу камертай гарааш дотор байрлаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдах зорилго нь хариуцагч Т.Б мэдээж суудлын Сида маркын автомашин аваад тухайн автомашинаа өөрийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулах байсан. Харин иргэн Ч.М-ын хувьд тухайн автомашиныг гуравдагч этгээдэд түрээслээд түүнээс ашиг олох энэ зорилготой байсан.
Өнөөдрийг хүртэл иргэн Ч.М гэдэг хүн гэрээний зорилгод нийцсэн байдлаар энэ автомашиныг огт ашиглаж чадахгүй ингэж явсаар байгаад өнөөдрийн байдлаар *** ХХК-д 2024 оны 5 дугаар сард оношлуулахад дахиад 15,135,000 төгрөгийн эд анги, хөдөлгүүрийн ажилбар хийж байж энэ машин энгийн горимоор ажиллах боломжтой юм байна гэдэг ийм дүгнэлтийг гаргаад үүн дээрээ мөн нэхэмжлэх хуудсыг бичээд өгсөн. Энэ мөнгийг иргэн Ч.М өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байгаа учраас автомашиныг явуулаагүй байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч талын санаачилгаар татгалзаад өгсөн, авсан буюу манайх хариуцагч талд машинд төлсөн 17,500,000 төгрөг болоод Норт бенз маркын автомашиныг буцаах гэж байгаа. Учир нь манайх Норт бенз маркын автомашиныг нэр дээр нь шилжүүлээгүй байгаа учраас биет байдлаар буцаах шаардлага үүсээд байна. Мөн Тоёото Прадо маркын автомашиныг иргэн Ч.М-ын нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн ийм нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Ч.М, Ч.Б нарын нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00039 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж тухайн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Ч.М, Ч.Б нар нь тус шүүхэд талуудын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж Тоёота Ланд круйзер прадо-150 маркын автомашиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлагыг гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээний шинжийг хангасан хэлцэл байгуулагдсан гэж тайлбарласныг анхан шатны шүүх дээрхээр дүгнэсэн нь үндэслэлтэй болсон.
Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа тодорхойлохдоо талуудын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээний зүйл буюу *** улсын дугаартай Норд Бенз маркын автомашин нь эд хөрөнгийн хувьд доголдолтой буюу зориулалтын дагуу ашиглахад хүндрэл үүссэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго нь худалдан авагчийн тухайд биеллээ олж чадаагүй. Хариуцагч этгээд нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч тухайн үүргээ биелүүлэлгүй эд хөрөнгийн доголдолтой автомашин хүлээлгэж өгсөн.
Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын журмыг хангаж бэхжүүлэн хэрэгт авагдсан ямар баримтыг иш, үндэслэл болгож, тухайн баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрхэн үнэлсэн болохыг тайлбарлалгүйгээр нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзээд энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэнийг хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.
Нэхэмжлэгч нар нь доголдлын талаар мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсныг нотолсон баримт эсхүл түүнийг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт байхгүй байхад ийнхүү үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан "...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй..." гэж заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нар нь техник, машин механизмын мэргэжилтэй хүмүүс биш бөгөөд тухайн эд хөрөнгийн доголдлыг тухай бүрд нь мэдэх боломж нэхэмжлэгч нарт байгаагүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувь шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийг барьж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00039 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Т.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж автомашин буцаан шилжүүлэх шаардлагаас татгалзсан. Миний бие Beiben North Benz маркын автомашины засварын үнэ болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Зохигчид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээг зөвшөөрч байгаа гэв.
ХЯНАВАЛ:
9. Нэхэмжлэгч Ч.М, Ч.Б нар нь Т.Бод холбогдуулан Beiben North Benz маркын *** арлын дугаартай авто машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргаж хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-аас давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 314/ШШ2025/00039 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн ... гомдлыг гаргажээ.
11. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан Beiben North Benz маркын *** арлын дугаартай авто машин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Тоёота ланд круйсер прадо-150 маркын *** арлын дугаартай авто машиныг нэхэмжлэгч Ч.М-ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нь Beiben North Benz маркын автомашины засварын үнэ болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М, Ч.Б нарт 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан ба гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй буюу нэхэмжлэгч нараас Б.Э-д итгэмжлэл олгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрэх бүрэн эрхийг олгосон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагчтай эвлэрсэн нь хуульд харшлаагүй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 314/ШШ2025/00039 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Зохигчид эвлэрсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар сарын 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,000 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ