Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00399

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москвагийн гудамж 27/1 дүгээр байр 49 тоотод оршин суух, Өрөм овогт Шагдарын Отгон /РД:ГЮ61102508/-ы нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00467/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Отгон, нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жижүүрээр, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр, Булган сумын 8 жилийн сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үсчнээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Отгон нь Булган аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жижүүрээр, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр, Булган сумын 8 жилийн сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот цалингийн лавлагаа, Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №125, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №203, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №223, Булган аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №224 тоот тушаал, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №202/001718 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ш.Отгоны нэр дээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед Ш.Отгонтой хамт ажиллаж байсан гэрч П.Оюунжаргал, Б.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өрөм овогт Шагдарын Отгоныг Булган аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахуйн үйлчилгээний комбинатад 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жижүүрээр, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр, Булган сумын 8 жилийн сургуульд 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үсчнээр нийт 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ