Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Г.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1809056060368 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо консул 16 гудамж 421 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны 97 тоотод оршин суух, урьд:

 

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар,

 

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Батнасангийн нокиа маркийн гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809056060368 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ архины мөнгө олох зорилгоор Улаанбаатар зочид буудлын урд сааданд утсаар ярьж явсан танихгүй хүний гар утсыг дээрэмдэж авсан. Тухайн үед би их хэмжээгээр архи хэрэглэсэн байсан учир болсон явдлыг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Батнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Улаанбаатар” зочид буудлын урд талын сааданд өөрийн “Нокиа” гар утсаар ярьж байхад үл таних 2 эрэгтэй ирээд ногоон куртик өмссөн залуу миний гарт байсан гар утсыг аваад миний нүүр хэсэгт 1 удаа толгой руу 2 удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цаг хүртэл Тамир-67 постонд Сургагч ахлагч Б.Энхбатын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан бөгөөд 18 цаг 15 минутанд 30 орчим настай хүн ирээд “Улаанбаатар” зочид буудлын урд талын сааданд үл таних эрэгтэй хүн намайг боож унагаагаад миний эд зүйлийг дээрдэмдчихлээ намайг дээрэмдсэн хүн тэнд байгаа гэж хэлсэн. Хохирогч Батнасан нь 30 орчим насны бор царайтай ногоон куртик өмссөн эрэгтэй хүн зааж өгсөн. Алтанхуяг гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Nokia маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 22.800 /хорин хоёр мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хохирогч Б.Батнасанд хохирлын мөнгө болох 50.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29, 34 дүгээр хуудас/, гэрч Б.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд /хх-ийн 51-74 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Батнасангийн “Нокиа” маркийн гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батнасангийн мэдүүлэг, гэрч Б.Даваажавын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаар шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр булаан авч буй үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хохирогчоос өөрийг нь цохьсон талаар мэдүүлэх боловч тэрхүү үйлдэл нь түүний гар утсыг авсаны дараах үйлдэл байхаас гадна биед нь гэмтэл учирсан байдал тогтоогдоогүй тул прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглэсэн үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 13/, гомдол, саналгүй талаарх хохирогчийн хүсэлтээ /хх-ийн 68/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон болохыг дурьдлаа. 

 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан  нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Б.Аг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь 17 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН