Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00451

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/05143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******т тус тус холбогдох,

*******, ******* нарын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин тооцоо үйлдэхийг даалгах,

Нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 тоот “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *******-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээгээр *******-ийн уурхайн төслийн хүрээнд нэмэлт санхүүжилт олох шаардлагаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан. Гэтэл *******-ийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан ******* *******-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №0902 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдэж, улмаар гүйцэтгэх захирал байсан ******* 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23/01 дугаартай төлбөр, тооцох нийлэх гэрээг байгуулсан.

Дээрх тооцоо нийлсэн акт болон төлбөр тооцоо нийлэх гэрээг үндэслэн Нийслэлийн Тойргийн нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 бүртгэлийн дугаартай Нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгээд байна.

Манай компани 2014 оноос 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн /цаашид ТУЗ гэнэ/ гишүүд болон даргыг сонгож, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.

2014 оноос 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд манай компанийн ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн хурал огт хийгдээгүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж, 59.5-д Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж, мөн зүйлийн 59.6-д Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж нөхцөл байдал үүссэн байсан.

Энэ талаар Санхүүгийн Зохицуулах хорооны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 9/700 тоот албан бичгээр ... Танай компанийн 2000 онд хуралдсан хувь нийлүүлэгчдийн хурлаар баталсан *******-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн Б дэх хэсгийн 3-т Компанийн ТУЗ нь 9 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүдийг хувь нийлүүлэгчдийн хурлаар 1 жилийн хугацаатай сонгоно. ТУЗ-ийн гишүүдийг сонгоход санал хураах кумулятив аргыг хэрэглэнэ гэж заасан. *******-ийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоогүй. Иймд тус хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоогүй тул компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусгавар болсон. Хороо 2016-2019 онуудад холбогдох хууль журамд заасны дагуу *******-ийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг тухай бүр олон нийтэд мэдээлж байсан гэсэн хариуг *******-д хүргүүлсэн.

Гэтэл, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс зөвшөөрөл авалгүйгээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсон цаг хугацаанд *******-тай Тооцоо нийлсэн акт болон 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23/01 тоот Төлбөр, тооцох нийлэх гэрээ-г байгуулж, түүний дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгээд байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Тус хуулийн зохицуулалтын дагуу манай компанийн холбогдох албан тушаалтнуудаас дур мэдэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авалгүйгээр буюу Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй байхад хууль болон компанийн дүрэмд заасныг зөрчин *******-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №0902 дугаартай Тооцоо нийлсэн акт болон 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23/01 дугаартай Төлбөр, тооцох нийлэх гэрээ-г байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тодорхой үндэслэл болсон байна.

Зөвшөөрлөөр хийх хэлцлийг гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга нар дур мэдэн хийсний улмаас манай компани *******-д 2,021,794,284 төгрөгийн төлбөр төлөх нөхцөл байдалд хүрээд байгаа. Барьцаа хөрөнгөөр туслалцаа үзүүлснийхээ төлөө *******-ийн Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үр дагаврыг актаар тодорхойлсон дүнгийн хэмжээнд Их үүсгэл компани хариуцах нь бодит байдалд болоод хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба хууль, дүрэм зөрчиж ТУЗ-ийн зөвшөөрөл авалгүйгээр хийсэн хэлцлүүдийг дахин хийх үр дагаврыг үүсгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн тооцоо нийлсэн актыг болон төлбөр тооцоо нийлэх гэрээг дахин үйлдэхийг хариуцагч *******-д даалгуулахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийслэлийн Тойргийн нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 бүртгэлийн дугаартай нотариатын мэдэгдэх хуудас нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 15 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Нотариатын мэдэгдэх хуудасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах тодорхой үндэслэл болдог ба нотариатчаас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №23/01 дугаартай “Төлбөр, тооцох нийлэх гэрээ”-г байгуулахдаа *******-ийн ТУЗ-өөс хууль болон компанийн дүрэмд заасны дагуу зөвшөөрөл өгсөн эсэх, Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхтэй эсэхийг харгалзан үзээгүй, нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзалгүйгээр мэдэгдэх хуудсыг гаргасан нь хуулиар тогтоосон хэлбэрээ илт илэрхий зөрчсөн үйлдэл болжээ.

Үүнээс гадна нотариатч мэдэгдэх хуудсыг үйлдэхдээ нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлаагүй. Нотариатын мэдэгдэх хуудсыг нотариатчиас үйлдэхдээ төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. *******-ийг төлөөлөх бүрэн этгээдийн зүгээс гэрээг хийсэн эсэх, *******-аас *******-д төлбөр төлөх үүрэг үүссэн эсэхийг бодитоор тогтоох шаардлагатай байсан.

Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт нотариатч төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно гэж заасан байгаа. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ гэсэн байна. Тэгэхээр бүрдүүлбэр хангасан эсэхийг нягтлан шалгасан баримтгүй. *******-аас бичгээр хүсэлт гаргасан баримт авагдаагүй.

Иймд, *******, ******* нарын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин тооцоо үйлдэхийг даалгаж, нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 тоот “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа *******-тай бизнесийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, 2023 он хүртэл хамтарч ажиллаж байсан.

Хамтран ажиллах гэрээгээр Хөгжлийн банкнаас авсан манай 6,4 сая ам долларын зээлээс 1,1 сая ам долларыг ******* авахаар, Хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу зээлийн хүүг нь төлөхөөр, барьцаа хөрөнгөд тус компанийн хөрөнгийг барьцаалуулахаар тохиролцсон. Гэрээний дагуу зээлийн хүү нэг жилд 10 хувийн хүүтэй байсан. Ингээд 2019 онд төлбөр тооцоо нийлэх актаар *******-ийн авсан зээлийг хүүтэй нь тооцож баталгаажуулсан. Үүний дагуу 2,021,794,284 төгрөг төлөх үүрэг үүссэн. Хоёр компанийн нягтлангууд болон гүйцэтгэх удирдлагууд нь хамт сууж тооцооллоо гаргаад, нягтлангууд нь гарын үсэг зурж баталгаажуулсан.

Нэхэмжлэгч үндэслэлээ 2014 оноос 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний хэлцэл гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч компани дотроо ямар үйл ажиллагаа явуулж байгааг манай компани мэдэх боломжгүй. Энэ тухайгаа нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой боловч үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ нотолж ирүүлсэн баримтгүй байна.

Хэрэгт авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ******* гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг. Манай компанитай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээг, 2019 болон 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тооцоог нийлсэн тул эрх бүхий этгээдтэй байгуулсан байна.

Мөн их хэмжээний хэлцэл болохыг нотолсон баримтгүй. Төлбөр тооцоо нийлэх гэрээ байгуулахаас өмнөх сүүлийн нэг жилийн активын балансын 25 хувиас их хэмжээний дүн мөн эсэх баримтгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч үндэслэл болгосон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8, 56.1.10-т заасан хуулийн үндэслэлүүдээс аль нь тооцоо нийлсэн гэрээний шаардах эрхэд, аль нь нотариатын мэдэгдэх хуудастай холбоотой шаардах эрхэд хамаарах талаараа тодорхойлж чадаагүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нотариатч *******ын тайлбарын агуулга:

Миний бие Нийслэлийн тойргийн нотариатчаар ажилладаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 006 тоот нотариатын мэдэгдэх хуудсыг бичсэн. Энэ мэдэгдэх хуудсыг хоёр байгууллагын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/01 тоот “Төлбөр тооцоо нийлэх гэрээ”-г үндэслэж бичсэн. Төлбөр тооцоо нийлэх гэрээнд талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр тохирсон байсан тул Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хуульд нийцүүлэн мэдэгдэх хуудсаа бичсэн. Хэрэв миний бичсэн мэдэгдэх хуудас хуульд нийцээгүй байсан бол шүүх баталгаажуулахгүй байсан. Гэвч шүүх хүлээн авч хянаад хуульд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/14770 тоот шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Энэ шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тул шүүх дахин хянах учиргүй. Мөн уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад захирамж биелэгдээд дууссан байна.

*******-ийн гүйцэтгэх захирлаар ******* гэрчилгээнд бүртгэгдсэн байсан тул төлбөр тооцоо нийлэх гэрээ-г гэрчилж, нотариатын мэдэгдэх хуудсыг нь бичсэн. Анх ирэхэд нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах эсэхийг нягталж шалгаж үзэхэд хамаарахгүй байсан. Нотариатын үйлдэл хийх зааварт үүнийг заавал хавсаргах баримтад тусгаагүй тул хуулбарлаж аваагүй. Нотариатын мэдэгдэх хуудас хуулиараа төлбөр авагчийн хүсэлтээр бичигддэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8, 56.1.10, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******, ******* нарын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлбөр тооцоо дахин нийлэхийг хариуцагч *******-д даалгах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 10,337,121 /70,200+10,266,921/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Харин 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр тооцоо нийлэх” гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэх үр дагаврыг шийдвэрээрээ дүгнэсэн. Үүнээс үзвэл мэдэгдэх хуудсын үндэслэл, суурь болсон хэлцлүүд нь бүгд хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд талуудын хүсэл зоригийн агуулгын хүрээнд хийгдсэн хэлцэл болно.

Энэхүү хэлцлийг албадан биелүүлэх нотариатын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүгчийн шийдвэрийг дараах агуулгаар эс зөвшөөрч байна.

Суурь хэлцлүүд нь хүчин төгөлдөр бөгөөд мэдэгдэл бичүүлэхээр талууд өөрсдөө сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн оролцож, үүсэх үр дагаврыг тайлбарлуулан нотариатын мэдэгдлийг бичүүлж авсан ба талуудын маргаагүй үйл баримт болно.

******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд тухайн нотариатч мэдэгдэх хуудас бичихдээ Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6-д заасныг шалгаж, тухайн гэрээ хэлцлийг байгуулсан этгээд нь эрх зүйн чадамжтай, хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх асуудлыг хууль, тогтоомжийн дагуу шалгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нотариатч нь тухайн гэрээний эрх зүйн үндэслэлийг шалган тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд гэрээ хэлцлийг байгуулсан талууд хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, тус гэрээг байгуулсан гүйцэтгэх захирал нь Компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримтаар тус гэрээг байгуулах эрх зүйн чадамжтай этгээд байсан.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй бөгөөд тус зүйлд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор заасан. Гэтэл нотариатч *******ын үйлдэлд хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хуулийн дээрх үндэслэлээс бусад байдлаар нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайлбал шүүхээс *******ыг Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь тус хуулийн 31 дүгээр зүйлд хамаарахгүй. Нотариатын тухай хуулийн аливаа зөрчил бүр нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

5.2. Талууд төлбөр тооцоо нийлэх гэрээний дагуу эхний төлбөрийг хийгээгүй гэдгээ нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрдөг, улмаар төлбөр авагч ******* нь хүсэлт гаргаж, нотариатын мэдэгдэх хуудас бичүүлсэн тал дээр хариуцагч ******* хүсэлт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Талуудын маргахгүй байгаа үйл баримтад шүүх дүгнэлт хийх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмыг зөрчсөн шийдвэр болно.

Төлбөр барагдуулах гэрээний график зөрчигдсөн нь төлбөр барагдуулах гэрээний үүргийг албадан биелүүлэх үндэслэл болох бөгөөд үүнийг төлбөр төлөгч ******* хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан *******-ийн хүсэлт, албан бичиг зэргээр тогтоогдсон байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Шүүх дээрх асуудлыг дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт заасан үл маргах журам тохирсон эсэх, мөн зүйлийн 184.3-т заасан биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэх зохицуулалттай гэжээ.

Гэтэл шүүхийн энэхүү дүгнэлтээс үзэхэд *******-аас төлбөр авагч *******-д төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж, төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан, гүйцэтгэх хуудас олгосон байна. Хэрэв шүүх төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нотариат мэдэгдэх хуудас бичсэн гэж үзвэл мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаас татгалзах бүрэн эрхтэй.

Иймд төлбөр төлөгч *******, нь төлбөр авагч *******-д төлбөр төлөх ёстой эсэх асуудал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлд оруулж, нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцсон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* өөрийн үйлдлээ буруу байсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангуудыг хуулбарлаж аваагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байхад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол дээрх үйлдлийг үгүйсгэж байна.

Мөн нотариатын үйлдэл хийх зааврын 4.6-д заасны дагуу эрх зүйн байдлыг тогтоосон гэж тайлбарлаж байгаа боловч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг аваагүй буюу хэлцэл хийх эрх бүхий этгээд мөн болохыг тодруулалгүйгээр нотариатын мэдэгдэх хуудас бичсэн байсан. Нотариатын мэдэгдэх хуудас бичихдээ нотариатын үйлдэл хийх зааврын 15.3, 15.4-д заасныг зөрчсөн үйлдэл хийсэн. Энэ нь тухайн мэдэгдэх хуудсыг үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасныг баримтлах ёстой, мөн нотариатын үйлдэл хийх зааврыг баримталж, мэдэгдэх хуудас бичихдээ үнэлсэн баримт бичгийн эх хувийг өөрөө авч үлдэнэ гэж тодорхой заасан. Мөн мэдэгдэх хуудаст хавсаргасан хуулбар баримт тус бүрд тамга дарна. Хариуцагч нотариатын мэдэгдэх хуудас бичихдээ мэдэгдэх хуудаст хавсаргасан баримтуудыг өөртөө авч үлдээгүй, ийм баримтууд огт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 9 сарын хугацаанд нэг ч баримт гаргаж өгөхгүй байсан тул Монголын Нотариатчидын танхимаас дээрх баримтуудыг шүүхийн журмаар гаргуулсан. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа баримт үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянах боловч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй атлаа хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэх агуулгын хүрээнд давж заалдах гомдлын шинж чанартай тайлбар шүүхэд ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хийсэн төлбөр тооцоо нийлэх 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

Агуулгын хэм хэмжээг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсанаар “...агуулга буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл хүчинтэй тохиолдолд нотариатын үйлдлийг буруутгах боломжгүй. Харин хэлбэрийн буюу нотариатын үйлдэл хийх зааврын 26-д заасан нөхцөл байдал үүссэн байна уу гэж харахад “...Хэрвээ энэхүү хэлбэрийн шаардлагуудыг нотариат хангаагүй бол Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. Учир нь, эдгээр холбогдох материалуудыг хувийн хэрэгт хийх ёстой боловч хийгээгүй, ямар нэгэн зүйлийг шалгасан атлаа хуулбарлаж аваагүй бол тусдаа нотариатын үйлдэл, үйл ажиллагаатай холбогдсон, сахилгын хэм хэмжээтэй холбоотой зөрчилд тооцогдох боломжтой. Анхан шатны шүүх агуулгын болон хэлбэрийн нөхцөл байдлыг ангилан шалгахгүйгээр “...ийм зөрчил байгаа нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэн тайлбар хийсэн. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх гэрээтэй холбоотой үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хоорондох 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дахин тооцоо үйлдэхийг даалгах, нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 006 дугаар “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. ******* болон *******-ууд, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0902 дугаартай тооцоо нийлсэн актаар Хөгжлийн банкинд төлөгдөх зээлийн үлдэгдэл 8,203,024,259 төгрөгийг төлөх талаар тооцоо нийлж үзэхэд ******* нь 6,181,229,975 төгрөг, ******* нь 2,021,794,284 төгрөгийг тус тус төлөхөөр болсныг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлджээ. /1хх36/

 

2.2. Мөн, ******* нь *******-ууд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23/01 дугаар “Төлбөр, тооцоо нийлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 2,021,794,284 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас хариуцагч *******-д төлөх хуваарь хийж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, 109/1 тоотод байрлах 10554,64 м.кв барилга, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн *******, ******* дугаартай аж ахуйн нэгжийн зориулалттай, 23,100 м.кв газар эзэмших эрхийг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /1хх37-38/

 

2.3. Нийслэлийн тойргийн нотариатч *******ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0006 дугаартай “Нотариатын мэдэгдэх хуудас”-нд, дээрх 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 дугаар төлбөр тооцоо нийлэх гэрээг үндэслэн *******-аас 2,021,794,284 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор бичигдсэн байна. /1хх39/        

2.4. Дээрх нотариатын мэдэгдэх хуудсыг үндэслэн *******-иас хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/14770 дугаартай “Нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.1хх 91-92/

 

2.5. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01274 дугаар захирамжаар *******, *******, *******, ******* нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,203,024,259 төгрөгийг хуваарийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банканд төлж гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2хх83-86/

 

2.6. Улмаар, шүүгчийн 181/ШШ2019/01274 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23/7-529 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /2хх89/

 

3. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-уудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 дугаартай “Төлбөр тооцоо нийлэх гэрээ”-г хүчин төгөлдөр  эсэх, түүнчлэн уг гэрээг үндэслэн нотариатч *******ын бичсэн “Нотариатын мэдэгдэх хуудас” хүчинтэй эсэх талаар талууд  маргасан байна.

 

3.1. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******, хариуцагч *******-уудын хооронд хийгдсэн “Төлбөр, тооцоо нийлэх гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8, 56.1.10-т нийцсэн байх бөгөөд талууд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Энэ нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

4. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ”,

 

Гэтэл, төлбөр авагчийн гаргасан хүсэлтийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.3.2-т заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн, Нотариатын мэдэгдэх хуудсыг бичүүлэхээр төлбөр авагчаас ирүүлсэн хүсэлт болон бусад ямар баримт бичгийг үндэслэсэн талаарх тайлбараа хариуцагч ******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

4.1. Мөн, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх”-ийг нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхдээ харгалзана,  45.3.4-т “төлбөр гаргуулах хугацаа”-г мэдэгдэх хуудаст заана гэсэн байх ба талуудын байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр, тооцоо нийлэх гэрээ”-ний 3.1-т төлбөр төлөх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, нийт 2,021,794,284 төгрөг гэж тодорхойлон тохиролцсон байдаг.

 

Гэтэл талуудын тохиролцсон дээрх эхний хугацаа буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрт 673,931,428 төгрөг төлөгдөх хугацааны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудсыг бичихдээ дээрх гэрээнд заасан бүх төлбөрийн дүнгээр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад мэдэгдэх хуудсыг бичсэн нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.4-т нийцээгүй байна.

 

            4.2. Түүнчлэн, Нотариатын үйлдэл хийх зааврын 15 дугаар зүйлийн 15.1-д “Нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийг  баримтална”, 15.3-т “нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно”, 15.5-д “мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэсэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ”, 15.8-д “мэдэгдэх хуудсыг тусд нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байна. Нотариатын үйлдэл хийх уг зааврын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдэгдсэн гэдгийг хариуцагч ******* баримтаар нотлоогүй байна.

 

            4.3. Иймд нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасны дагуу хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй байсан. Гэтэл дээр дурдсан Нотариатын хууль болон үйлдэл хийх зааврыг зөрчин нотариатын мэдэгдэх хуудсыг бичсэн нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцсэн учраас энэ талаар гаргасан хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

            5. Мөн, хариуцагчаас нотариатын мэдэгдэх хуудсыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/14770 дугаар шүүгчийн захирамжаар нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж гүйцэтгэх хуудас бичигдсэн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахдаа уг мэдэгдэх хуудас бичигдэх болсон үндэслэлийг хянадаггүй, мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас олгохоор заасан байдаг. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/05143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ