| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0360/И/ |
| Дугаар | 342 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 342
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-39 тоотод оршин суух Тангууд овгийн Тумарын Эрдэнэчимэгийн /РД: ДЗ65012201/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Эрдэнэчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.Эрдэнэчимэг миний бие 1965 оны 10 дугаар сарын 18-нд Тумарын том охин болж төрсөн. Ээж Тумар хүнтэй суугаад би галын зээ гээд эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Миний бүх баримт бичиг ээж Тумараар овоглодог. Харин хөдөлмөрийн дэвтэр эмээ Долгороор овог бичигдсэн байдаг. Хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Архиваас ажилласан жилийн лавлагаа авахад миний овог эмээ Долгорын нэрээр гарч ирээд байгаа юм. Иймд Т.Эрдэнэчимэг миний биеийг 1980 оны 05 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд тус аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Эрдэнэчимэг нь 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Т.Эрдэнэчимэг нь 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Т.Эрдэнэчимэг нь ажиллаж байх хугацаандаа өөрийн эмээ Долгороор овоглож байсан болох нь хүсэлт гаргагчийн “...Т.Эрдэнэчимэг миний бие 1965 оны 10 дугаар сарын 18-нд Тумарын том охин болж төрсөн. Ээж Тумар хүнтэй суугаад би галын зээ гээд эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Миний бүх баримт бичиг ээж Тумараар овоглодог. Харин хөдөлмөрийн дэвтэр эмээ Долгороор овог бичигдсэн байдаг…” гэх тайлбар,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 336 дугаартай “...БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 02 сарын 20-ны өдрийн 30 дугаар зарлигаар тус аймгийн Тайшир сумын харьяат Долгор овогтой Тумарыг алдарт эхийн нэг дүгээр одонгоор шагнасугай. Д.Тумарын хүүхдүүдэд: 1. Эрдэнэчимэг 23 настай...” гэх лавлагаа,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 105/001677 дугаартай “...Эхийн овог Тангууд, эцэг /эх/-ийн нэр Долгор нэр Тумар нарын гэр бүлд 1965 оны 01 дүгээр сарын 22-нд төрөхөд төрүүлсэн Тумарын Эрдэнэчимэгийг 1965 оны 10 сарын 18-нд Говь-Алтай аймгий Цогт сумын 103-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Иймд Т.Эрдэнэчимэгийг 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тангууд овгийн Тумарын Эрдэнэчимэгийг 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ