Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 550

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч М.Энхзул,

Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 1909000000244 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой 1-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхзулын хөл рүү өшиглөн довтолж “Ай фоне-8” плас загварын гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энхзул шүүхийн мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 07-ны 23:00 цаг өнгөрч байхад тухайн хэрэг болсон. Тухайн өдөр ажлынхантайгаа эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Дөнгөж нөхөртэйгээ яриад гэр рүүгээ орох гээд харанхуй байрны завсраар орох гэж байхад гэнэт гараад ирсэн. Тухайн үед миний хөл рүү хальт өшиглөх шиг болсон. Надтай ойролцоо нэг хүн байсан. Хүүе гээд орилоход тэр ах юу болсон бэ? гээд ирсэн. Удахгүй манай нөхөр гарч ирсэн. Хамт явж байсан ах утсыг нь булаасан хүн энэ хавиар ойрхон байгаа байх гэж хэлсэн. Манай нөхөр тэр хавиар хайгаад зугтаасан зүг рүү нь явахад Даваажав цаашаа явж байсан. Манай нөхөр барьж аваад “чи яагаад хүний утас авч байгаа юм бэ” гээд энгэрийн халаасыг нь ухаж үзэхэд миний утас байсан. Утсаа мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн. Миний утсыг шүүрэх үед тэр хүнээс утсаа авах гээд зууралдаж байх явцад миний хөл санамсаргүй цохигдсон гэж үзэж байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир эхний мэдүүлгээ зөрүүтэй өгсөн байх. Гомдолгүй гэж өргөдөл гаргасан...” гэв.

 

Эрүүгийн 1909000000244 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед согтуу байсан. Гар утсаа бариад явж байхаар нь авчихаар санаа төрөөд шууд гарнаас нь татаж булааж аваад зугтаасан. Нэг байрны буланд нуугдаж байгаад эргээд гараад нөгөө газар руу очих үед гар утсаа булаалгасан эмэгтэй нөхөртэйгээ хамт явж байсан. Намайг хараад нөхөр нь ирээд барьж аваад “гар утас өг” гээд энгэр рүү гараа хийж гар утсаа аваад цагдаа руу залгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Энхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын шатахуун түгээх станцын тэнд таксинаас буугаад өөрийн нөхөр рүү залгаад “одоо орлоо” гээд зам гартал гэнэт миний урд нэг хүн байсан. Миний хөл рүү өшиглөсөн. Нэг үл таних хүн миний утсыг булааж аваад цаашаа гүйсэн. Хаашаа гүйснийг мэдэхгүй байна. Нэг үл таних ах харж байсан юм шиг байна лээ над дээр “яасан” гээд хүрээд ирсэн. Нэг харсан манай нөхөр гараад ирсэн байсан. Тухайн үл таних хүнээс “ямар хүн байсан бэ” гээд асуугаад байсан. Тэгээд манай нөхөр тэр хүний араас гүйсэн...Хальт миний хөл рүү өшиглөсөн, өөр ямар нэг довтолсон зүйл байхгүй"..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг 30 минут орчим манай эхнэр над руу залгаад “би ирж байна гараад ир” гэхээр нь “хүүхэд унтаагүй байна чи өөрөө ороод ир” гэж хэлсэн. 10 минутын дараа хүүхдээ унтуулаад буцаагаад залгасан чинь 2-3 удаа дуудуулж байгаад таслаад дахиад залгасан чинь утас нь унтарсан байсан. Нэг юм боллоо гээд гэрээсээ гараад гэрийн тэр хавиар хайгаад явж байсан чинь үл таних ахтай эхнэр цуг явж байсан. “Юу болсон юм” гээд асуухад танай эхнэрийн утсыг нэг хүн дээрэмдчих шиг боллоо гэсэн. Тухайн үл таних ах нэг үл таних хүн гүйж байхаар нь араас нь гүйсэн байшингийн булан тойроод алга болсон гэж хэлсэн. Ямар хүн байсныг олж хараагүй нэг ажлын хувцастай хүн байсан гэсэн. Тэгээд алхаад явж байтал ажлын хувцастай нэг хүн алхаж байхаар нь араас нь очоод барьж авсан. Нөгөө үл таних хүнээс “утсыг нь өг” гэхэд нөгөө үл таних залуу намайг заамдаж авсан. Би халаасыг үзтэл манай эхнэрийн утас байсан...хамт явж байсан ах надад хандаж “дөнгөж сая нэг ажлын хувцастай залуу танай эхнэрийн утсыг булаагаад аваад явчихлаа” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 12-13 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone-8 plus маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.385.500 /нэг сая гурван зуун наян таван мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч А.Дагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхзулын “Ай фоне-8 плас” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч М.Энхзулын “...Миний утсыг шүүрэх үед тэр хүнээс утсаа авах гээд зууралдаж байх явцад миний хөл санамсаргүй цохигдсон. Нэг үл таних хүн миний утсыг булааж аваад цаашаа гүйсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Б.Ганбатын “...Нөгөө үл таних хүнээс “утсыг нь өг” гэхэд нөгөө үл таних залуу намайг заамдаж авсан. Би халаасыг үзтэл манай эхнэрийн утас байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч А.Дын “...Гар утсаа бариад явж байхаар нь авчихаар санаа төрөөд шууд гарнаас нь татаж булааж аваад зугтаасан...” гэсэн мэдүүлгээр,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч А.Дыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчид хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Энхзулаас “...Миний утсыг шүүрэх үед тэр хүнээс утсаа авах гээд зууралдаж байх явцад миний хөл санамсаргүй цохигдсон гэж үзэж байна. Үйл явдал маш хурдан болсон...” гэж, шууд бусаар үйл явдлыг мэдсэн гэрч Б.Ганбатын 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэгт “...үл таних ахтай эхнэр цуг явж байсан. “Юу болсон юм” гээд асуухад танай эхнэрийн утсыг нэг хүн дээрэмдчих шиг боллоо гэсэн...” гэж, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэгт “...хамт явж байсан ах надад хандаж “дөнгөж сая нэг ажлын хувцастай залуу танай эхнэрийн утсыг булаагаад аваад явчихлаа...” гэж зөрүүтэй байдлаар мэдүүлсэн, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд  А.Д нь бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон шинж үгүйсгэгджээ.

 

Хэдийгээр шүүгдэгчээс хохирогчийн хөлийг өшиглөсөн гэх боловч гэмт үйлдэл төгссөний дараах өөр гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

   

Иймд шүүх шүүгдэгч А.Дыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Энхзулаас “...гар утсаа буцааж авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан  нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос А.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            2. А.Дг  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            4. Шүүгдэгч А.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН