Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00443

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00503 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Битүүмжилсэн газар дээр явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан битүүмжилсэн газар дээр явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ битүүмжилсэн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхад бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж тайлбарлажээ.

 

2.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Битүүмжилсэн ажиллагаа нь хууль журмыг зөрчөөгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00357 дугаар магадлалаар хариуцагч *******аас 106,482,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******, 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 148,056,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх40-63/

 

3.2. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэр, магадлалыг ******* нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ГХ2023/00691 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 31/

 

3.3. Хариуцагч байгууллагаас барьцааны зүйл болох *******ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын *******, ******* дугаар бүхий нийт 1400 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газруудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24410074/01, 24410074/02 дугаартай тогтоолуудаар битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. /хх 79-82//

 

4. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.1. Түүнчлэн, маргаан бүхий нэгж талбарын *******, ******* дугаар бүхий нийт 1400 м.кв газруудыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар зөвхөн нэхэмжлэгч *******т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон газар байх тул нэхэмжлэгч *******ын нэр дээрх эзэмшлийн газрыг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ