Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 344

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч:  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 2 дугаар багт оршин суух Жалайр овгийн Зэнээгийн Бямбацэрэнгийн /РД: ДЮ56082579/ хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                                ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч З.Бямбацэрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зэнээ овогтой Бямбацэрэн миний бие нь 1956 оны 08 сарын 25-нд Говь-Алтай аймгийн төвд төрсөн. Манай гэр бүлийнхэн Бямбасүрэн гэж дууддаг байсан. 1972 онд ХАА-н нэгдэл дундын үйлдвэрт орж хөдөлмөрийн дэвтэр авахад гэрийнхний дууддаг Зэнээмэдэрийн Бямбасүрэн гэдэг нэрээр бичсэн байдаг. Энэ шалтгааны улмаас овог нэр зөрөөд байгаа учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн Зэнээгийн Бямбацэрэн нэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
З.Бямбацэрэнгийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч З.Бямбацэрэн нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. 
Овог Зэнээмэдэр, нэр Бямбаасүрэн, төрсөн он 1956, боловсрол бага, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Говь-Алтай Нэгдэл дундын үйлдвэрийн дарга Ө.Равдан, 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн №286910 гэх хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Зэнээгийн Бямбацэрэн болох нь иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 
Гэрч Г.Батнасангийн “...З.Бямбацэрэн 1981 онд намайг Нэгдэл дундын үйлдвэрт ажилд ороход ажиллаж байсан. Ц.Бямбацэрэн барилгад нормчин хийдэг байсан. Бямбацэрэн л гэж дууддаг байсан. Бямбасүрэн гэж дууддаг байсныг мэдэхгүй. Бямбацэрэн гэж жолооч байсан. Өөр адил нэртэй хүн байгаагүй. Бямбасүрэн гэсэн нэртэй хүн байгаагүй” гэх мэдүүлэг,
Говь-Алтай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 68б дугаартай “...1991 оны 01 сарын 01-ний өдрөөс З.Бямбацэрэн, Б.Хатанзориг нарыг машинастаар томилон ажиллуулсугай...” гэх тушаал, БНМАУ-ын Байгаль орчны хяналтын улсын хороо Говь-Алтай аймгийн Байгаль орчны хяналтын газрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 20-ны Б/41 дугаартай “...машинист З.Бямбацэрэн өөр газар шилжин ажиллах болсон зэргийг үндэслэн З.Бямбацэрэнг 09 сарын 15-наас тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх тушаалууд нь Зэнээмэдэрийн Бямбаасүрэн гэх нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалуудын бичилттэй тохирч байгаагаар тус тус тогтоогдож байна. 
Иймд 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зэнээмэдэрийн Бямбаасүрэн гэх нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Зэнээгийн Бямбацэрэн мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Мөн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг, төрсөн он нь  иргэний цахим үнэмлэхний зураг, төрсөн огноотой тохирч байгаа байдал, гэрч Г.Батнасан нь хөдөлмөрийн дэвтэр дээрх зургийг Бямбацэрэн мөн болохыг нотолж мэдүүлсэн зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1972 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зэнээмэдэрийн Бямбаасүрэн гэх нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Жалайр овгийн Зэнээгийн Бямбацэрэн мөн болохыг тогтоосугай.
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Бямбацэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ