Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00471

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00514 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,000,000 төгрөг, олох байсан орлого 140,438,085 төгрөг, зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани нь 2019 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологи, вэб сайт, хэвлэл, хэвлэлийн эх бэлтгэл, зар сурталчилгаа, кино контент бэлтгэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. *******-тай 2022 оны 03 сард ******* нэртэй уран сайхны кино хийхээр тохиролцож хоёр тал 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр tmg/k/22-21 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээнд зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн кино бүтээх, зураг авалтын ажил эхэлж, манай компани нь эхний санхүүжилт болох 40,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******-ийн дансанд шилжүүлсэн. Кино бүтээх ажил хэвийн явагдаж байсан тул дараагийн санхүүжилт болох 20,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг, хэдийгээр гэрээнд 80,000,000 төгрөг гэж заасан боловч тухайн үеийн шаардлагаар нийт 81,000,000 төгрөгийг *******-д дансаар шилжүүлсэн. Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын гэрээ-д тусгагдаагүй зардал буюу Маркетингийн зардал-д тооцож, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 14,009,830 төгрөгийг *******-д шилжүүлсэн бөгөөд манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

*******-ийн ******* кино бүтээх үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сард дуусч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийж, Өргөө 1,2,3, Дархан Өргөө-6, Эрдэнэт Өргөө-4, Зайсан прайм, Энканто прайм, Тэнгис, Синманэкст, Соёмбо зэрэг кино театруудын дэлгэцээр гарсан боловч ******* нь киноны орлогын хуваарилалтаас манай компанид ногдох хувийг өгөөгүй, гэрээний 3.1.1.3, 3.1.1.4-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл болох ба *******-д хөрөнгө оруулсан 80,000,000 төгрөгөө буцааж шаардах эрхтэй гэж үзэж байна.

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн tmg/k/22-21 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ- ний 3.3.1.1-д ... уг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд ... учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцан арилгана гэж, 7.3-д Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ... бол өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй гэж, 7.4-д Талуудын аль нэг нь үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тусгасан байх тул ******* нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид учирсан хохирлоо үнэлүүлэхээр *******-д хандаж хохирлын үнэлгээг гаргуулсан.

Тодруулбал, ******* нь гэрээний үүргээ биелүүлж, ******* УСК-г IPTV-д байршуулсан бол манай компани нь дээрх хэмжээний орлогыг олох боломжтой байжээ. Тус үнэлгээг хийлгэхэд төлсөн зардал болох 4,280,000 төгрөгийг *******-аас нэхэмжилж байна.

Иймд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, ******* УСК-г хийхэд оруулсан хөрөнгө оруулалт 81,000,000 төгрөг, гэм хорын хохирол буюу киног IPTV-д байршуулснаар олох байсан орлого 140,438,085 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ******* хэмээх уран сайхны кинонд хөрөнгө оруулалт авсан нь үнэн болно. Тус гэрээгээр авсан нийт санхүүжилтийн дүн нь 80,000,000 төгрөг болсон ба энэ тухайн киноны нийт санхүүжилтийн 40 орчим хувь нь болсон. Үлдэгдэл санхүүжилтийн 35 хувь болох 70,000,000 төгрөгийг *******, 25 хувь болох 20,000,000 төгрөгийг продюсер ******* нар гаргасан болно. Дээрх бэлэн мөнгөний зардлаас гадна *******-ийн зүгээс телевизийн зар сурталчилгаанд 25,700,000 төгрөгийг гаргасан болно. Тус кино нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн ба нэхэмжлэлд дурдсан кино театруудаар гарган нийт 4,000,000 төгрөгийн орлого орж ирэн *******-д төвлөрүүлсэн болно. Тус орлогыг киноны жүжигчдийн хөлс болон бусад төлөгдөөгүй байсан зардлуудад зарцуулсан болно.

******* кино маань Улаанбаатар кино наадамд шилдэг зохиол, шилдэг найруулга, шилдэг залуу найруулагч шагналыг, Алтан өд зохиолчдын наадмаар шилдэг кино зохиолын шагнал авсан. Мөн олон улсын наадамд амжилттай оролцож хэд хэдэн шагнал авсан. Кино театруудад ашиг орлого тааруухан байсан шалтгааныг тодорхойлох боломжгүй бөгөөд, кино театраас киноны орлогыг ямар хэмжээтэй байхыг урьдчилан таамаглах боломжгүй.

Ирээдүйд олох ашиг орлогыг бүхэлд нь авах хүсэлтэй байгаа тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр хэвээр байгаад тооцон хөрөнгө оруулалтын зарчмаар оруулсан 80,000,000 төгрөгийг эргүүлэн өгөх боломжгүй бөгөөд IPTV-д тус киног байршуулан орлогыг авах эрхийг *******-д бүрэн шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Өмнө нь тухайн киног IPTV-д байршуулсан үл ойлголцох шалтгаанаар тухайн киноны санхүүжилттэй холбоотой 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******-тай хөрөнгө оруулалтын тоот гэрээ байгуулан IPTV-ын нийт орлогын 50% болон телевизийн эрхийг тус *******-д олгохоор харилцан тохиролцсон байсан тул *******-ийн зүгээс шаардсан IPTV-д байсан бүх орлогыг өгөх боломжгүй байсан.

Кино бүтэх зардлыг 160,000,000 төгрөгөөр тооцоолж байсан боловч 200,000,000 төгрөгийн зардал гарсан. Орлогоо 50, 50 хувиар авахаар тохирох байсан боловч гэрээнд 100 хувь нэхэмжлэгч тал авахаар тохирсон байсан. Киноны үнэлгээг тогтоох боломжгүй. Гэрээгээ цуцлаад 80,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй, үлдсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-аас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,718,085 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,286,540.42 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 557,950 төгрөг гаргуулж *******-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч *******-ийн захирал ******* нь гэрээний зүйл болох ******* УСК-г хийж дуусган, нээлтээ хийж, кино театруудад болон IPTV-д байршуулсан гэдэг боловч үүнээс орсон орлогоо нэхэмжлэгчид тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй, зайлсхийсэн тул талуудын хооронд тооцоо нийлсэн ямар ч баримт байгаагүй. Арга буюу учирсан хохирлоо тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэсний дагуу *******-аар хохирлын тооцооллыг гаргуулсныг буруутгах, үгүйсгэх үндэслэлгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлсэн явдал юм. Мөн тухайн хэрэг нь зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтад үндэслэсэн бөгөөд хариуцагч талаас нэг ч нотлох баримтыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг болон хууль хэрэглээний хувьд аль хуулийн, аль заалтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ... 1,000,000 төгрөг, 140,438,085 төгрөг, 4,280,000 төгрөг ... нийт 145,718,085 төгрөг-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаар Гэрээний үүргээ биелүүлээгүй нь улмаас үйлдвэрийн газар, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа шүүхийн практикийн тухай тогтоолын 18-д ... Гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол төлүүлэхтэй холбогдсон хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хуульд торгууль, хохирлыг давхар буюу аль нэгийг нь гаргахаар шууд заалттай эсэхийг ямагт анхаарч байхын хамт үүргийн тусгай төрлийн талаарх хуулийн зохих заалт, хэсэг, тухайн харилцаа шууд зохицуулсан төрийн захиргааны төв болон салбар, орон нутгийн байгууллагын эрх зүйн акт, гэрээ зэргийг ... давхар заан хэрэглэж байх нь зүйтэй ... гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 145,718,085 төгрөгийг нэмж, нийт 225,718,085 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,000,000 төгрөг, олох байсан орлого 140,438,085 төгрөг, зардал 4,280,000 төгрөг, нийт 225,718,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч талаас гэрээгээ цуцлаад 80,000,000 төгрөгийг эргүүлэн өгөх эсвэл киноны орлогыг нэхэмжлэгч өөрийн нэрээр IPTV-д байршуулж ноогдох орлогыг бүрэн авахыг зөвшөөрнө, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. ******* нь *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, *******-ийн ******* уран сайхны кино төсөлд зориулж нийт 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр талууд харилцан тохиролцжээ. /хх7-10/

 

2.1. Нэхэмжлэгч нь: тус гэрээний 3.1.1.3-т 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн кино театрын эрхийн 50 хувийг эзэмшинэ, 3.1.1.4-т 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тухайн төслийн дижитал эрх буюу IPTV эрхийг хязгааргүй 100 хувь дангаар эзэмшинэ, 3.1.1.5-д маркетингийн ажлыг хариуцна, 3.1.1.6-д тус уран бүтээлийг кино наадамд оролцон шагнал хүртсэн тохиолдолд шагналын үнийн дүнгийн 50 хувийг эзэмшинэ гэж тус тус тохиролцсон байна.

 

3. Дээрх хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон ******* уран сайхны киног нэхэмжлэгч *******-ийн нэрээр IPTV-д байршуулах боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886,545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ