Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1909011600541 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн эдийн засгийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 41 байр 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тэнгэр Вилла хотхоны 114-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 24 дүгээр байрны гадна Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Лим Сиатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд зүүн чих, эрүү, нуруу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт зүүн гарын сарвуу, ядам хуруу, дунд хуруу, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909011600541 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 05:00 цагийн цагийн үед Lim Sia над руу залгаад надтай уулзъя гэсэн. Би гэрийн гадаа нь очоод миний машин дотор хэсэг ярилцаж байгаад маргалдсан. Lim Sia намайг цохиод байхаар нь би гарнаас нь барьтал намайг өшиглөсөн. Над руу дайраад байхаар нь би хүзүү хэсэг рүү нь түлхсэн. Дахин над руу дайраад байхаар нь баруун гарнаас нь барьж хүзүү, нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Лим Сиа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 08.00 цагт найз залуу Ананд руу залгаж “уулзъя” гэж хэлсэн. Би гэрийнхээ гадаа Анандын машинд ярилцаж байгаад Ананд “миний утсыг үзье” гээд булааж аваад “утасныхаа кодыг хэл” гээд байхаар нь хэлэхгүй гэтэл миний зүүн хацар хэсэг рүү 2-3 удаа алгадаж, татаж байсан тамхины ишээр миний зүүн гарын дунд хурууг түлсэн. Миний хүзүүний араар гараа оруулж байгаад хоолой боосон. Амьсгал боогдоод байхаар нь сигнал дартал Ананд “чи сигнал дараад яадаг юм” гээд машинаа эргүүлж харуулаад хаалга түгжээд миний хоолойг дахин боож эхэлсэн. Хоолой боож байгаад “миний нүдэнд дахин харагдах юм бол би чамайг бас хамт явж байгаа хүнийг чинь ална шүү” гэж заналхийлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

   Гэрч Б.Загдаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 08.00 цаг орчимд Lim Sia гаднаас “Ананд намайг зодсон” гээд уйлсан байдалтай орж ирсэн. Lim Sia хувцасаа тайлж үзэхэд шилбэ хэсгээрээ хөхөрсөн. Ташааны хэсэгт нь өвчин орцон өвдөөд байна гэсэн. Баруун гарын гадна тал бөөрөнхий улайсан тамхиар түлсэн гэж байсан. Чихний хэсэг нь хөхрөөд улайсан, эрүүний доод хэсэгт улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3009 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Лим Сиа-н биед зүүн чих, эрүү, нуруу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт зүүн гарын сарвуу, ядам хуруу, дунд хуруу, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, Монгол улсын их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 24 дүгээр байрны гадна Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Лим Сиатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “зүүн чих, эрүү, нуруу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт зүүн гарын сарвуу, ядам хуруу, дунд хуруу, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Лим Сиагийн мэдүүлэг, гэрч Б.Загдаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3009 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Лим Сиагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Лим Сиагаас “...хохирлын талаар маргаан байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН