Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0009

 

Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2017/0004/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Ялтан: Ц.Цолмонбаатар,

Ялтны өмгөөлөгч:Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч: Л.Нэргүй,

Хохирогчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 07-ны  өдрийн 71  дүгээр шийтгэх тогтоолтой Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт холбогдох 201522000542  дугаартай эрүүгийн хэргийг  хохирогч, ялтан, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Уран тоонот овогт Ганболдын Нямцэнгэл, 1989 оны 3 дугаар сарын 05-ны өдөр  төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас хугацаанаас  өмнө тэнсэн суллагдсан /Регистрийн дугаар РЙ89030517/,

Монгол улсын иргэн, Бурханч овогт Цагаанхүүгийн Цолмонбаатар, 1984 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан /Регистрийн дугаар  РЭ84090616/.

 

Шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар, нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Л.Нэргүйгийн сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж  6,908,000 төгрөгийн, Ц.Анхбаярын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлж 8,510,000 төгрөгийн, мөн өдөр Ч.Энхтайваны гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж  920,000 төгрөгийн нийт 16,338,000 төгрөгийн  хохирол учруулсан.гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Уран тоонот овогт Ганболдын Нямцэнгэл, Бурханч овогт Цагаанхүүгийн Цолмонбаатар нарыг бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглан давтан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.рүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Ц.Цолмонбаатарын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нямцэнгэлээс хохирогч Л.Нэргүйд 950.840 төгрөг, хохирогч Ц.Анхбаярт 1.380.000 төгрөг, хохирогч Ч.Энхтайванд 70.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч Ц.Цолмонбаатараас хохирогч Л.Нэргүйд 950.840 төгрөг, хохирогч Ц.Анхбаярт 1.380.000 төгрөг, хохирогч Ч.Энхтайванд 70.000 төгрөг гаргуулж  тус тус олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Ниссан Экстрал маркийн 28-38 УБК улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,  хууль ёсны эзэмшигч Н.Анхбаатарт буцаан олгож, тус тээврийн хэрэгслийг үнэлсэн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нараас гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн 201622000542 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, бичиг баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Анхбаяр давж заалдах гомдолдоо: ...хохирогчийн талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, бидний санал, хүсэлт хохирлыг төлүүлэх зэрэг асуудал шийдвэрлэгдэх түвшинд хүрээгүй гэж үзэж байна. Мөн хулгайд эд зүйлээ алдаж түүний араас хөөцөлдөх зардал, ломбарднаас өөрсдийн мөнгөөр олж авахад гарсан зардал болон бусад хохирлыг гаргаж өгөх асуудлыг шийдвэрлээгүй байна. Бид анх мөрдөн байцаалтанд өөрийн эд зүйлийг үнэн зөв, бодит үнэлгээгээр гаргаж өгсөн боловч, үнэлгээчнээр үнэлгээ хийлгэж 1-3 дахин бууруулж бодит биш хийсвэр үнэлгээ хийсэн. Зураг хөрөг, алдсан эд зүйлээс харж харьцуулсан зүйл байхгүй бодит бус үнэлгээ болсон. ...Ялангуяа бидний алдсан хоёр эмээлэнд 12 ширхэг мөнгөн баавар байгаа учраас үнэлгээ бодит биш байгаа юм. Бид эргүүлж олж авахдаа эмээлийн мод, дөрөө хоёрыг л олж авсан. Мөн мөнгөн аяганууд болон бусад олдоогүй эд хөрөнгийн үнэлгээг дахин үнэлүүлэн биднийг хохиролгүй болгож хулгайчдын хэргийг дахин нягталж өгнө үү. Эд зүйлсийн зураг болон алдсан хазаар зэргийг нүдээр үзэж бодитоор үнэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Ц.Цолмонбаатар нь Нямцэнгэлийн гуйлтаар хулгайн эд зүйлийг нь тээвэрлэж тусалсан, харин Нямцэнгэл уг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн байдаг. Тэгээд ч өөрөө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлж баталгаа гарган үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг адил тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга үнэнд нийцэхгүй байна. Цолмонбаатарт хулгайлсан эд зүйлээсээ зөвхөн 3 мөнгөн аягыг зарж ир гэж өгснийг нь ломбарданд 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Хулгайн зарж борлуулсан эд зүйлээс нэг ч мөнгө аваагүй байдаг. Хувийн байдлын хувьд 2012 оны 3 дугаар сард зам тээврийн осолд орж, хүндэвтэр гэмтэл авч, одоо хугарсан хөл нь хадаастай, байнгын зовиур шаналгаатай байдаг. Иймд Ц.Цолмонбаатарын хувийн байдал, энэ гэмт хэрэгт оролцсон байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Ялтан Ц.Цолмонбаатар давж заалдах гомдолдоо: ... Г.Нямцэнгэл нь энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй юм. Нямцэнгэл нь намайг Төмөрбулаг сум руу явж өгөөч гэж гуйгаад байхаар нь би машинаараа явж үйлчилсэн юм. Төмөрбулаг суманд очоод би очих айлаа явган хайхаар машинаасаа буугаад явсан. Нилээн удаж байгаад ирэхэд айлын гаднаас юм ачъя гээд дагуулаад явсан. Нэг айлын хашааны гадаа юм ачих гээд очиход мотоцикльтой 2 хүн байсан. Очиход тэр 2 хүн яваад өгсөн. Нямцэнгэл нь Төмөрбулаг сум руу явж байхад хүнтэй утсаар ярихдаа “очиж авна, би найзыгаа аваад явж байна.” гэж байсан ба эмээлийн тухай тэр хүнтэй бас яриад байсан. Төмөрбулаг сумаас Мөрөнгийн гүүрэн дээр ирчихээд хам хэрэгтэн болгоно гээд зодож дарамталсан. Мөн авч явсан төмөр сэйфийг эвдхэд тусалсангүй гэж намайг дарамталсан. Нямцэнгэлтэй утсаар яриад байсан хүмүүс энэ хэрэгт гарцаагүй холбоотой юм. Тэр хоёр хүнийг хэн болохыг нь тогтоолгож, шалгуулах хүсэлтэй байна. Би хулгайлсан гэх эд зүйлээс нэг ч юм аваагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгаж дахин шалгуулах хүсэлтэй байна. Надад төлбөр гаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхисон, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа байцаан шийтгэх ажиллагаа явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байх тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг  нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд шилжүүлж, яллагдагчид мэдэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 160-р хуудас/ үйлдсэн байх ба мөн өдөр Хөвсгөл  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагч томилжээ /хх-ийн 161-р хуудас/.

Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийг прокурорт шилжүүлэх тухай  тогтоол /хх-ийн 154-р хуудас/ үйлдэж,  хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.1  “...мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл ...мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.”, 212.2 “...мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа ...танилцуулна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл хавсаргасан, мөрдөн байцаагч  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шинжилгээ хийх  шинжээч томилох тогтоол /хх-ийн 225-р хуудас/ гаргаж, мөн өдөр үнэлгээчин автомашин үнэлсэн тайлан бичсэн байна.

Түүнчлэн эд зүйлд үнэлгээ хийсэн  үнэлгээчний тайланд тусгай зөвшөөрлийн хугацаа тусгагдаагүйгээс зөвшөөрлийн хугацаанд үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22-р зүйлийн 22.1-д зааснаар  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгодог учир энэ талаарх мэдээллийг үнэлгээний тайланд тусгах шаардлагатай гэж үзнэ.

Хохирогч Ц.Анхбаяр, Л.Нэргүй нар нь “алдагдсан эд зүйлийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн” гэсэн гомдол гаргаж  байх тул эд зүйлийн үнэлгээг дахин тогтоолгох, эмээлийн зарим хэсгийг буцаан өгсөн тул эмээлийг хэрэгсэл  тус бүрээр нь үнэлүүлэх шаардлагатай.

Шүүх эд зүйлд үнэлгээ тогтоохыг үнэлгээчинд даалгаж, хөрөнгө үнэлсэн тайлан  /хх-ийн 189, 195-р хуудас/ гаргуулсан атал уг үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлээгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.8, 42 дугаар зүйлийн 42.3.8, 164 дүгээр зүйлийн 164.1, 164.2,  320 дугаар зүйлийн 320.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа тул шүүгдэгч нарын  гэм буруу, ял шийтгэлийн талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.2.1, 320 дугаар зүйлийн 320.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 07-ны  өдрийн 71  дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хөвсгөл аймгийн  прокурорын газарт  буцаасугай.

 

 2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Магадлалд  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                    ШҮҮГЧИД                                                     З.ХОСБАЯР

                                                                               Б.СОСОРБАРАМ