| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2202000620149 |
| Дугаар | 41 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 41
Б.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.З- түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын сарын 01-ний өдрийн 1139 дүгээр магадлалтай, Б.З-д холбогдох 2202000620149 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, З.
Б.З- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Н-т Бүгд Найрамдах Солонгос Улсад суух дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Н-гийн Е1519678, Е1996963 дугаар бүхий 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг шүүгдэгч Б.З-гийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд зааснаас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Шүүх Б.З-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн буюу хахууль өгөгч хэн болохыг тогтоогоогүй. Хахууль өгөгчгүй байхад Б.З-г 110.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 39.6, 39.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Б.З-г хэзээ, хаана, хэнтэй, яаж хахууль авах талаар харилцаанд орж, ямар зорилго, санаа сэдлээр, хэнээс хахууль авсан талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогоогүй. Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 15 дугаар зүйлийн а-д зааснаар нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус буюу давуу байдал олгохыг шууд буюу шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгосон бол гэмт хэрэг тооцно. Гэтэл Б.З- нь Т.Н-тэй ямар нэгэн харилцаанд ороогүй байхад авлига авсан гэж шийтгэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.4, Засгийн газрын 2016 оны 126 дугаар журмын 4.1, 5.1, 2.4, 2.5, 3.1, 3.1.3-т заасныг зөрчсөн ч энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохгүй юм. Мөн тогтоол, магадлалд Засгийн газрын 2016 оны 126 дугаар журамд заагаагүй заалтуудыг бичсэн байдаг. Үүнээс гадна Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байхад иргэнд холбогдох асуудлыг дипломат төлөөлөгчийн газар гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрч О.М-ын хувьд өөрийн гэрчилж буй зүйлийн эх сурвалжийг зааж чадаагүй бөгөөд Т.Н-гийн захиалсан паспортын хураамжийг хэн, хэзээ, ямар эх үүсвэрээс төлсөн талаар шалгаж тогтоогоогүй байхад Б.З-д ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.15 дугаар зүйлүүдэд зааснаар Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Журам зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.З- хэлсэн саналдаа “... 2008 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвд ажилд ороход О.М миний багш байсан. 2017 онд Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр түр томилогдсон байх үед О.М ах гуйсны дагуу паспорт гаргаж өгсөн. Би журам, дүрэм зөрчсөнөө ухамсарлаад үүрэгт ажлаа хүлээлгээд өгчихсөн. 110.000 төгрөгөөс нь паспортын хураамжийг төлөөд 60 орчим мянган төгрөг надад үлдсэн байдаг. Хэрэв дээрх мөнгийг хувьдаа ашигласан гэж үзвэл тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.З- нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Т.Н-т Бүгд Найрамдах Солонгос Улсад суух дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй, итгэмжлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, шууд Монгол Улсаас үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.З- нь гэмт хэрэг үйлдэх үедээ Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нь тушаал, тодорхойлолтоор тогтоогдсон учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан нийтийн албан тушаалтан мөн. Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 4.1-д зааснаар хилийн чанадад амьдарч байгаа иргэн нь тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж хүсэлтээ гаргах журамтай байтал уг журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Н- бусдаар дамжуулан Б.З-гаар гадаад паспорт гаргуулахаар гуйсны хариуд Б.З- нь нийтийн албанд дагаж мөрдөх журмыг зөрчиж гадаад паспорт олгосон нь гэрч Т.Н-, Н.М, О.М нарын мэдүүлэг, банкны гүйлгээ хийгдсэн баримт зэргээр тогтоогдсон байна. Хоёр шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрхийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан нийтийн албан тушаалтан Б.З- нь тухайн үед БНСУ-д албан бусаар ажиллаж, амьдарч байсан Т.Н-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үндэсний энгийн гадаад паспорт олгохдоо танилаараа дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 110.000 төгрөгийг хахууль болгож авсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.З-гийн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосны хариуд мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэсэн хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд “зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцсон учир хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын бүртгэгч Б.З- нь гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэнд үндэсний гадаад паспорт олгох журмыг санаатайгаар зөрчсөн үйлдэл нь эрх зүйн зөрчлийн шинжийг агуулсан мэт боловч уг үйлдлийг гүйцэтгэж, мөнгө авсан нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрийнх нь данс руу шилжүүлсэн мөнгийг паспортын хураамжид төлсөн, хүн гуйж тушаалгасан гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтаар нотлогдоогүйгээс гадна шүүгдэгчид хахууль өгсөн, хахуулийг зуучилсан гэх нэр бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг прокурор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас яллагдагчаар татах боломжгүй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан яллах дүгнэлт үйлдээгүй, шүүхэд шилжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журмыг зөрчиж шүүгдэгчид 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулж, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн ял хүндрүүлсэн хуулийг хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний энэхүү алдааг засч зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн санкцийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “... эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж, арван мянган нэгжээс дөчин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж хүндрүүлэн өөрчилсөн болно.
Иймд шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулийг хэрэглэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Б.З-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын сарын 01-ний өдрийн 1139 дугаар магадлалд:
1.1. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.
2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ