Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2024/0204/З |
Дугаар | 001/ХТ2024/0121 |
Огноо | 2024-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/0121
“И” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0535 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0563 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө-ийг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/0426 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “И” СӨХ-оос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/910 дугаар захирамжийг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3130110000... дүгээр “И хотхон” СӨХ-ны гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Баянзүрх дүүргийн Засаг дарга “И” СӨХ-г 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 37... дугаар гэрчилгээг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн 006... дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.
2.2.Мөн дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар зөвлөмжийг үндэслэн “И” СӨХ-ны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 37..., 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 006... дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн.
2.3.Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “И х” СӨХ-г нийслэлийн Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 3130110000... дүгээр гэрчилгээг олгожээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар холбогдох материалаа бүрдүүлэн 2021 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв”-д өгч 37... тоот гэрчилгээг, мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин шинэчилж 006... дугаар гэрчилгээг авсан. “И” СӨХ-г байгуулахад Ковид-19 халдвар гарч хүнд нөхцөл байдал тулгарч байсан. Энэ үед оршин суугчдыг олноор нь цуглуулах боломжгүйгээс айл тус бүрээр уулзаж холбогдох бичиг баримт мэдээлэл тарааж, оршин суугчдын 51-ээс дээш хувийн санал авснаар СӨХ-г байгуулсан.
3.2.2022 оны 09 дүгээр сард тодорхой оршин суугч бүлэг хүмүүс хуралдаж давхардуулан СӨХ-г байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар гэрчилгээ гаргуулан авсан байна. Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-д заасан ажиллагааг явуулахгүйгээр хууль бус захирамж гаргасан.
3.3.Авлигатай тэмцэх газрын зөвлөмж нь “хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх” агуулгатай байхад зөвлөмжийг буруугаар ашиглаж, дахин шалгаж нягтлахгүйгээр захирамж гаргасан нь үндэслэлгүй. Уг захирамжид “30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан боловч дээрх хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “И х” СӨХ-нд гэрчилгээ гаргаж өгсөн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... “И х” СӨХ-ны Бүх гишүүдийн ээлжит хуралд Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТГ-ын мэргэжилтнүүд хөндлөнгийн хяналт тавьж оролцсон. Хурал 52 хувийн ирцтэй, хүчин төгөлдөр болсон. Тус хурлаас гарсан холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв” ОНӨААТГ-ын СӨХ-ны мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэс хянасан. Сүүлд байгуулагдсан “И х” СӨХ-г шинээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2023 оны 05/16345 дугаар зөвлөмжийг үндэслэл болгон Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны А/910 дугаар захирамжийг гаргасан нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Хурал зохион байгуулаагүй, оршин суугчдыг хууран мэхлэх замаар гарын үсэг цуглуулж 2021 оны 02 дугаар сарын 27(28)-ны өдөр Бүх гишүүдийн хурал зохион байгуулж, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Л нь өөрийгөө сонгогдсон мэтээр хуурамч баримт бичиг үйлдэж, хуралдаанд оролцсон оршин суугчдын зургийг ашиглан гэрчилгээ, тамга, тэмдэг авсан нь хууль бус юм. “И х” СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “И х” СӨХ-г байгуулсан. Уг шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас 3130110000... дүгээр гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй. Бүх гишүүдийн хурал зохион байгуулалгүйгээр, хуурамчаар үйлдсэн баримт бичгийг үндэслэн “И” СӨХ-г бүртгэсэн шийдвэр нь өөрөө хууль бус захиргааны актад тооцогдоно. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0535 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “И” СӨХ-оос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “И” СӨХ-оос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №3130110000... тоот “И х” СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд “И” СӨХ-ны асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмын дагуу асуудлыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж, санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтыг биелүүлэхийг дурдаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.“Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар зөвлөмжийн агуулгаас үзвэл хариуцагч дүүргийн Засаг даргад нэхэмжлэгч “И” СӨХ-ны бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, зөрчлийг тогтоосны үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөсөн байтал хариуцагчаас энэ талаарх арга хэмжээг хуульд нийцүүлэн шалган тогтоогоогүй байж нэхэмжлэгчийн гэрчилгээг шууд цуцалсан нь үндэслэлгүй. Маргаан бүхий захирамжийн 2 дахь заалтад “И” СӨХ-г 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан боловч хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “И х” СӨХ-нд №3130110000... дүгээр гэрчилгээг нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг дуусгавар болоогүй байх үед олгосон нь буруу, ... шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бүхий л нотлох баримтыг хэрэгт цуглуулсан боловч нэхэмжлэгч “И” СӨХ-ны бүртгэлийн баримт бичгийг тодруулбал, оршин суугчдын гарын үсгийг дуурайлган зурж, хурлын шийдвэр, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авсан зөрчил гаргасныг шалган тогтоож, шийдвэрлэх нь шүүхийн эрх мэдлээс хэтэрсэн байх тул дүгнэлт өгөх боломжгүй.
6.2.Алдаатай захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй ч нөгөө талаараа нэхэмжлэгчийн бүртгүүлэхэд өгсөн баримтууд хуурамч байсан, бүрдэл дутуу байсан тул шинээр байгуулагдсан “И х” СӨХ-ны бүртгэл хуульд нийцсэн гэдэгт үнэлэлт өгөх боломжгүй, энэ талаар дахин мэдэгдэх, сонсгох ажиллагааг журамд заасны дагуу явуулж, баримт бичгийн бүрдлийг хуурамчаар дутуу бүрдүүлсэн болон зөрчил мөн эсэхийг бодит нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
6.3.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “И х” СӨХ-ны гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0563 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “И” СӨХ-ны Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар “Сууц өмчлөгчдийн хорооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд.
7.1.“… Авлигатай тэмцэх газраас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан зөвлөмж хүргүүлсний дагуу Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2021 оны 37..., 2021 оны 006... дугаарын гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож бүртгэлээс хассаныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагчийн хувьд тухайн шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
7.2.Анхан шатны шүүх 2023 оны А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэх атлаа захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөрчилтэй бөгөөд цаашид тодруулах асуудал бий, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь буруу. Уг маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй.” гэжээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж давуу байдал бий болгосон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
8.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 2.8, 2.9-д үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн магадлалын Хянавал хэсгийн 2.7-д зааснаар Засаг даргад Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх л бүрэн эрх байгаа юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн бол” гэж, Иргэний хуулийн 144 дүгээр зүйлд “орон сууц болон бусад хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно” гэж тус тус заасан. Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Холбоог энэ хуулийн 20.1-д зааснаас өөр үндэслэлээр татан буулгахыг хориглосон бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, татан буулгахтай холбоотой ийм л зохицуулалт үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар дүүргийн Засаг дарга нь холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэх л бүрэн эрхтэй.
8.2.Иймд Засаг даргад СӨХ-г татан буулгах эрх одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар олгогдоогүй. Авлигатай тэмцэх газрын “хуульд нийцсэн эсэхийг дахин нягталж үзэж шийдвэрлэх” талаарх зөвлөмжийг үндэслэн гэрчилгээг шууд цуцалсан нь үндэслэлгүй. Тус зөвлөмжөөр “И” СӨХ-г бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, зөрчлийг тогтоосны үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөсөн байдаг. Маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс урьдчилан тайлбар аваагүй, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй. Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд нэг талд хэтэрхий давуу байдал бий болгож хэргийг шийдвэрлэсэн. Анх 2021 онд СӨХ байгуулаад үйл ажиллагаагаа эхэлж байхад хууль бусаар байгуулагдсан гэж хэсэг бүлэг хүмүүс хэл ам хийж СӨХ-г өөрсдөө авна, оршин суугчдыг төлбөрөө битгий төлөөрэй гэх зэргээр мэдээлэл тарааж, оршин суугчдыг талцуулж бидний ажилд хүндрэл учруулж ирсэн хэдий ч ажлаа хэвийн явуулж байгаа болно.
8.3.Энэ хугацаанд цагдаагийн байгууллага, шүүх, мэргэжлийн хяналт, Авлигатай тэмцэх газарт байнга гомдол гаргаж биднийг өнөөдрийг хүртэл бүх газраар шалгуулж ирсэн боловч бидэнд хууль зөрчиж хулгай хийсэн асуудал байхгүй учир ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/910 дугаар хууль бус захирамж гаргуулж, гомдол гаргах хугацаа дуусаагүй буюу 8 хоногийн дараа 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “И х” СӨХ-ны гэрчилгээг давхар гаргуулан авсан нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар нэг байранд нэг СӨХ байх ёстой байтал хоёр СӨХ үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/910 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд оролцоогүй болно.
10.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.
11.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3130110000... дүгээр “И х” СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах” гэснийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны зүйл болох “гэрчилгээ”-ний эрх зүйн үр дагаврыг бүрэн тодорхойлоогүй нь буруу байна.
12.Учир нь, захиргааны байгууллагын бүртгэл нь ихэнхдээ тодорхой үйлдлээр хийгдэж, гэрчилгээгээр хэлбэрждэг бөгөөд энэ тохиолдолд тухайн гэрчилгээг захиргааны акт гэж үзнэ. Гэтэл шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг дарга “И х” СӨХ-г бүртгэж, маргаан бүхий гэрчилгээг олгохдоо тусдаа бие даасан захирамж (тус СӨХ-г бүртгэх тухай) гаргасан эсэх, түүнчлэн нэхэмжлэгч яагаад гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байгаа, нэхэмжлэлийн эхний шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэснээс (нэхэмжлэгч СӨХ-ны бүртгэл хэвээр үлдэх, эсхүл хүчингүй болсноор) хамаарч гуравдагч этгээдэд олгосон гэрчилгээ нь ямар үр дагавар үүсгэх зэргийг тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.
13.Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тодорхойлж дүгнэлт өгөөгүй, маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/910 дугаар захирамж нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй байна.
14.Тодруулбал, нэхэмжлэгч “И” СӨХ-ны бүртгэлийг хүчингүй болгосон хариуцагчийн 2023 оны А/910 дугаар захирамжийн агуулга, үр дагаврыг хэрхэн ойлгох, тус СӨХ-г анхнаасаа хууль зөрчсөн тул байгуулагдаагүйд тооцож байгаа юу, эсвэл нэгэнт байгуулагдсан СӨХ-г татан буулгасан агуулгатай юу, аль ч тохиолдолд үүсгэн байгуулагдаад, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулж, бусад этгээдтэй эрх зүйн харилцаанд орсон этгээдийг байхгүй болгосноор үүсэх эд хөрөнгийн болон бусад үр дагаврыг хэрхэн яаж арилгах, өөрөөр хэлбэл маргаан бүхий актын бодит үр дагаврыг тодруулах ажиллагаа хийгээгүй нь буруу.
15.Мөн хэрэв хоёр СӨХ нь хоёулаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7-9, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу байгуулагдсан бол ямар үр дагавар үүсэх, хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх ...” гэсэнтэй хэрхэн нийцэх, нэгэнт байгуулагдсан СӨХ-г ямар журмаар өөрчлөх талаар зохих хуулийн зохицуулалтыг хэргийн үйл баримтад холбогдуулан бүрэн тайлбарлах шаардлагатай.
16.Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан шийдвэрлэж маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулахдаа гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг анхаараагүй нь буруу. Давж заалдах шатны шүүх “хэргийг бүхэлд нь хянан үзэх” эрхээ буруу тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
17.Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь тогтоогдож байх тул хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээр хүлээн авсан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
18.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0535 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0563 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Г.БАНЗРАГЧ