Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00016

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Жанхай Тур ХХК-ийн захирал Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд холбогдох;

Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээг сунган байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Жанхай Тур ХХК-ийн захирал Б.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинбадам, Г.Цогтбаяр, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жанхай Тур ХХК-ийн захирал Б.Даваадорж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жанхай тур ХХК нь анх 1987 онд улсын амралтын газрын статустай 7200 га эзэмшил газартайгаар байгуулагдсан амралтын газрыг 1994 онд дуудлага худалдаагаар тухайн эзэмшил газрын хамт хувьчлаж авсан юм. Үүнээс хойш 1996 онд нөхөрлөл, компаний шинэчлэгдсэн хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулагдаж 10 га эзэмшил газартайгаар газрын төлбөр тооцоог өдийг хүртэл тооцон төлж ирсэн. Гэтэл одоо Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь 2011 оноос хойш элдэв шалтаг тоочин гэрээний хугацааг сунгалгүйгээр өдийг хүрлээ. Өмнө нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газартай зөвшилцөн сумын Засаг дарга газар ашиглах гэрчилгээ олгодог байсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас шинэчилсэн журмыг баталж гурвалсан гэрээг батлахын оронд ашиглах газрын гэрчилгээ олгодог болсон. Энэхүү шаардлагын дагуу манай компани 2011 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас Жанхайн амралтын газар, Дээд модот булан отог, спорт тоглоомын талбай, онгоцны буудал зэргийг 1994 оноос эзэмшиж байсан 4-н байршилд газар ашиглах гэрчилгээ авсан. Энэ үеэс 2011 оны 11 дүгээр сараас өмнө хийгдсэн /Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа , Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Жанхай тур ХХК-ийн хооронд/ хийгдсэн 3-н талт гэрээг сунгуулахаар хүсэлт тавихад Тусгай хамгаалалттай газрын захиргаа нарийвчилсан үнэлгээ дахин хийлгэж ир гэсэн, нарийвчилсан үнэлгээ дахин хийлгээд 2012 оны 11 сард эргэж хандахад яамны ерөнхий үнэлгээ дахин хийлгээд ир гэсэн. Ерөнхий үнэлгээг дахин хийлгэхэд /2013 оны 06 дугаар сард/ яамнаас олгосон гэрчилгээний дагуу 10 га газарт нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагатайг зориуд тэмдэглэсэн. Энэ бүх шаардлагыг биелүүлээд 2013 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл жил бүр хэд хэдэн удаа хүсэлт тавьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус газрын дарга нь байхаар мэргэжилтэн нь байдаггүй гэх зэрэг элдэв шалтаг шалтгаанаар саатуулж өдийг хүрлээ. Одоо бүр сүүлд нь танай компаний газраас 5,2 га газрыг тасалж аваад үлдсэн дээр нь гэрээ хийвэл хий. Эс зөвшөөрвөл гэрээ байгуулахгүй гэдэг хууль бус шаардлага тавьж байна. Иймээс Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас олгосон газар ашиглах эрхийн 2011/55 тоот гэрчилгээ түүний хавсралтын дагуу Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Жанхай тур ХХК-тай газар ашиглах гэрээг гэрчилгээний хавсралтанд заасан нэр бүхий 4 байршилд 10 га газраар байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Хэрэгт газрын төлбөрөө төлж байсан талаар баримт байгаа. Манай байгууллага аймгийн татварын байгууллагатай шууд харьцдаг. Орон нутагт татвараа төлдөг. Аймгийн татварын хэлтсээс гаргаж өгсөн тодорхойлолт бий шүү дээ. 1994 оноос хойш бид тасралтгүй татвараа төлж байсан. 2017 оныг дуустал татвараа төлчихсөн байгаа. Хамгийн сүүлд 1.440.000 төгрөгийн татвар төлсөн. Энэ нь үлдсэн 2 жилийн татвар төлөгдсөн гэсэн үг юм. Ийм юм хийж хүнээс газар луйвардах гэсэн асуудал. Ашиглаагүй газрын тухайд Модот буланд хариуцагч байгууллагын зүгээс хашаа барьчихаад ашиглуулаагүй, ашиглах бололцоотой байсан хэдий ч ашиглуулаагүй. Манай тухайн газарт байгаа үл хөдлөх хөрөнгө тоногдсон. Газраа ашиглах бололцоотой байсан хэдий ч газрыг ашиглуулаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн үндэслэлдээ: Уг нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан байдаг. Уг хэргийг хэлэлцэж Байгаль Орчин ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар нэхэмжлэгчийн 5,2 га газрыг хүчингүй болгосон байдаг. Уг шийдвэрийг нэхэмжлэгч мэдээгүй байсан учир Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан. Ингээд тухайн сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар тус шүүхээс тус тушаалын биелэлтийн түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Ямар үндэслэлээр Жанхай Тур ХХК-ын газрыг хүчингүй болгож байгааг хариуцагч нотлож чадахгүй байна. Уг газартаа үйл ажиллагаа явуулахгүй удсан гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа хэдий ч Жанхай Тур ХХК-ийн газартаа үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг. Тухайн газрыг авсан болон эзэмшснээс хойш ашиглаагүй гэж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Татвараа төлөөгүй байсан зориулалтын дагуу ашиглаагүй байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Татвар, газрын төлбөрөө тухайн бүрт нь төлж байсан талаар баримт хэрэгт байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар тусгай хамгаалалттай газрыг Жанхай Тур ХХК-тай гурвалсан гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Жанхай тур ХХК-ий газрын асуудлыг талаархи саналуудыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 117, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22, 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 95 дугаар тоотуудаар Хөвсгөл нуурын баруун эрэгт Жанхайн Ардаг сайр нэртэй газар байрлалтай хуучин Оросын геологийн ангийг хувьчилж авсан байр, хашаа бүхий 4,8 га газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр санал явуулж байсан бөгөөд манай саналыг харгалзахгүйгээр 3 газар нэмж 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2011/55 тоот газар ашиглах гэрчилгээг удирдлагын газраас 10 га газарт олгосон. Тус 10 га газрын 2,2 га газар нь нутгийн иргэдийн газартай солбицол давхардсан, Хөвсгөл нууранд түрж орсон хошуу Дээд модот булан нэртэй 3 га газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг зөрчиж олгогдсон. Хөвсгөлийн Байгалийн цогцолбор газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, Ногоон Хөгжил, Аялал жуулчлалын сайдад 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот албан бичгээр явуулсан. Иймээс тус компаний 5,2 га газрын асуудал шийдэгдэх хүртэл Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ хийхийг манай байгууллагын зүгээс түдгэлзүүлсэн болно. Одоо зөвхөн амралт байгаа хэсэг болох 4,8 га газарт гэрээ хийх боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинбадам, Г.Цогтбаяр нараас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Манай байгууллагын зүгээс Жанхай Тур ХХК тай удаа дараа энэхүү маргаантай газрын талаар хандаж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр яамнаас Б.Даваадорж гэдэг хүнд хандаж байсан юм билээ. Яамнаас хариу ирсэний дараа манай байгууллагаас 4,8 га газарт нь газар эзэмших гэрээ хийхийг хүлээн зөвшөөрсөн. Үлдэгдэл 5,2 га газар ашиглахыг манай байгууллагын зүгээс татгалзаж байгаа. Яагаад гэвэл 2010 онд авсан гэрчилгээн дээрээ 10 га газар гэж манай байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр гэрчилгээ гаргаж, кадастраа хийлгэсэн байдаг. Ингээд манай зүгээс болон яамны зүгээс зөвхөн объект байгаа газраа үйл ажиллагаа явуулж, гэрчилгээ гаргуулж болно гэсэн тайлбарыг өгсөн. Онгоцны буудал, Модот булан, тоглоомын талбайн газрыг манай зүгээс гэрчилгээ гаргаж гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Жанхай тур ХХК-ий газрын тойм зураг нь хэмжээнээс хэтэрсэн, үүнийг бид яам руу асуудал болгож ярьж байсан. Тусгай хамгаалалттай газар ашиглахыг тусгай хамгаалалттай газар ашиглах түр журмаар зохицуулж байгаа юм. Манай зүгээс Жанхай тур ХХК-ийн ашиглаж байгаа газрыг нь хасуулахаар саналаа Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд явуулж байсан. Жанхай Тур ХХК-ийн газрыг 10 га гэж байснаас 4 газарт хуваагддаг гэдгийг мэдээгүй. Сүүлд 10 га газар нь 4 газарт хуваагдсан байдаг. 4 газраасаа ашиглаагүй газрууд ч бас байгаа. Газар ашиглах тухай хуульд газар ашиглаагүй 2 жил болсон бол газрыг хураана гэж хуульд зохицуулсан. Нэхэмжлэгчийн газрын зургийг кадастрын зургаас харахад усан дээр газар олгогдохоор харагдаж байх шиг байна. Тусгай хамгаалалттай газар дээр газар эзэмших, өмчлөх гэсэн зүйл байхгүй, ийм хууль эрх зүйн актыг мэдэхгүй. Нарийвчилсан үнэлгээнээс харахад 2 газарт л үнэлгээ хийлгэсэн. Жанхай тур ХХК нь 4 байрлал бүхий газар эзэмших эрхтэй гэж байгаа боловч нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ 2 байрлал бүхий газарт л үнэлгээ хийлгэснийг ойлгохгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Жанхай тур ХХК-ий захирал Б.Даваадорж нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээг сунгах санл хүргүүлэхийг байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас ... 2010 онд авсан гэрчилгээн дээрээ 10 га газар гэж манай байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр гэрчилгээ гаргаж, кадастраа хийлгэснийг зөвшөөрөхгүй, одоо 4,8 га газарт нь газар эзэмших гэрээ хийхийг хүлээн зөвшөөрөх ба үлдэх 5,2 га газар ашиглахыг татгалзаж байгаа, ....газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй хэмээн маргаж байна.

            Шүүх, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дор дурдсан хуулийн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Жанхай тур ХХК, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга болон Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын Захиргааны дарга нарын хооронд байгуулсан 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Жанхай тур ХХК-д Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Ардагийн сайр хэмээх газарт байршилтай, тус компаний ашиглаж байгаа 10 га газрыг модот булан, отогт орчны хөрс, амьтан, ургамал, ой, гол горхи, нуур булаг шандын хамгаалалт, ашиглалтыг хариуцуулан аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглуулахаар Байгаль орчны яамны зөвшөөрлыг үндэслэн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сумын Засаг дарга нь энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дээрхи байршил бүхий 10 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасан нөхцөл, журмын дагуу ашиглахыг зөвшөөрч, 1711002072/2034638 тоот гэрчилгээ /регистр/-тэй Жанхай тур ХХК-д таван жилийн хугацаагаар дахин сунгаж, аялал жуулчлалын зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь ... хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн заалттай нийцэж байна. Тухайлбал:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Жанхай тур ХХК-д өмнө ашиглаж байсан 10 га газрыг 5 жилийн хугацаанд аялал жуулчлалын зориулалтаар үргэлжлүүлэн ашиглуулахаар шийдвэрлэж, уг компанид улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011/55 дугаартай гэрчилгээ олгожээ.

Энэхүү Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай дээрхи гэрчилгээ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших Ардагийн сайр хэмээх газарт байршилтай, 10 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг Жанхай тур ХХК-д баталгаажуулсан баримт бичиг мөн юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт

сумын Засаг дарга ... шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу Алаг-Эрдэнэ сумын засаг, Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нь Жанхай тур ХХК-тай дээрхи шийдвэрийг үндэслэн гэрээг тухайн үед буюу 2011 онд байгуулах ёстой байх бөгөөд гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, ... газар ашиглах гэрээний хугацааг сунгаагүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Жанхай тур ХХК-тай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг сунгаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашигласны төлбөр төлөх хугацааг хэдийнээс эхэлж тооцох, хэдэн төгрөгөөр тооцож хэдэн га газарт төлөх, уг төлбөрийг ямар хэлбэрээр төлөх үүрэгтэй байсан, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага болон газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх зэрэг гэрээний үүрэг, хариуцлагаа тохиролцоогүй байна.

Жанхай тур ХХК нь газар ашиглах гэрээний хугацааг сунгуулж, гэрээ байгуулах тухай хүсэлт болон шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн хариуцагч байгуулагад удаа дараа хандсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.

            Иймд дээр дурьдсан хуулийн үндэслэлүүдээс дүгнэхэд хариуцагчийн буруутай эс үйлдэхүй буюу газар ашиглагчийн гэрээгээ сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011/55 дугаартай гэрчилгээг үндэслэн Жанхай тур ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулбал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106,3.4, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2011/55 дугаартай гэрчилгээг үндэслэн Жанхай тур ХХК-тай газар ашиглах гэрээг үргэлжлүүлэн сунгах тухай шаардагдах захиргааны акт гаргахыг Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН