Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Ж.Э, хариуцагч улсын байцаагч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, тус компанийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б “Т” ХХК-д ...... сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0065783 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4, Орон сууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б “Т” ХХК-д .....сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0065783 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-д “хуулиар тусгайлан заасан бусад маргаан “тусгай журмаар шийдвэрлэх зарчмыг баримталж, зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох хэргийг хэлэлцэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх этгээд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчлийн хэргийг шалгасан эсэхийг анхаараагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б нь өөрийн эрх хэмжээний хүрээнд “Б” СӨХ-ны захирал Б.П гомдлоор зөрчил шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдалд дүгнэлт өгөөгүй. Тухайлбал:

1. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1802000426 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын Олсон нь хэсэгт “...шалгалтаар үйлдвэрийн ажлын байр эрүүл ахуй, стандартын шаардлага хангалтгүй, нэг хүн, нэг тоног төхөөрөмжид ногдох талбай хангалтгүй, ажилтнууд ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүй, үйлдвэрийн байранд дуу шуугиан зөвшөөрөгдсөн хэмжээнээс их, өндөр зэрэг зөрчил илэрсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил илэрч, хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд шууд эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байх тул” гээд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар бүлэг “Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчилд хамаарах” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн /10.15 дугаар зүйл/ гэж үзсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримталсан байгаа юм.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, цуглуулсан нотлох баримтууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн болохыг тогтоох ажиллагаа явагдсан болох нь нотлогдоно.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2-д “Орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ” гэснийг зөрчиж Ц.А өмчлөлийн /“Т” ХХК-ний түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа/ байранд үзлэг хийхдээ прокурорын зөвшөөрөл аваагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 13/-д “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн журмыг зөрчиж, бусдын орон байранд дур мэдэн халдсан гэж үзэх үндэслэл тогтоосон бай хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан.

3. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0065783 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийн Олсон нь хэсэгт “...Орон сууцны тухай хууль ....зөрчсөн, о/сууцанд байрласан дуу шуугиан ихтэй, х/бодис хэрэглэдэг зэрэг нь нотлох баримтаар нотлогдсон” гэсэн байхад шүүх “х/бодис, о/сууц” гэж юуг тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байхад “химийн хорт бодис” гэж дүгнэсэн. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “химийн хорт бодис“ гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг” гэж томъёолсон байна.

Дээрх хуульд заасан нөхцөл хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх ямар байдал илэрсэн, энэ нь ямар баримтаар нотлогдсон тухай нотлогдоогүй байхад “нотлогдсон” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Анхан шатны шүүхийн “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02/, 06/, 061/, 128/ дугаар бүхий Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийсэн тухай дүгнэлт, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 00037921 дугаартай шалгалт хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна” гэсэн дүгнэлтийг хийгээд “...улсын байцаагч Ч.Б хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол...” гэж үзэж илт хууль бус акт гаргасан болох нь цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад нотлох баримтад хууль зүйн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй.

5. 3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 2-д “Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж болно”, 3.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг батапгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно” гэсэн байхад хөндлөнгийн гэрч оролцуулаагүй.

Мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1-д “...эд зүйл ...-д шинжилгээ хийлгэнэ” 3 дахь хэсэгт “...хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэсэн байхад 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 16:00 цагт лабораторид дээж өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн байх харин 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шинжилгээнд зориулж дээж авах ажиллагаа хийгдсэн талаар тэмдэглэл байхгүй, шинжилгээний байгууллагад хүсэлт гаргасан баримтууд хэрэгт авагдаагүй байгаа ба Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн сорилын тайланд шинжилгээ эхэлсэн огноог “2018 оны 9 дүгээр сарын 24”, шинжилгээ дууссан огноог “2018 оны 10 дугаар сарын 4” гэж тэмдэглэгдсэн байна.

Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн дээж өгсөн тэмдэглэл байгаа боловч зөрчлийн хэрэг үүсгэсэн хугацаатай тохирохгүй байгаа нь эргэлзээ төрүүлж, хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэх үндэслэл болж байхад шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.

6. “Т” ХХК нь Ц.А өмчлөлийн байрыг ажлын байр түрээслэх гэрээг 2012 оны 8 дугаар сард хийж, 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч нарын ...... дугаар бүхий “Ажлын байрны үйлчилгээний тухай дүгнэлт”-ээр хэвлэх үйлдвэр ажиллуулах зөвшөөрөл олгогдсон.

Мөн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн онцгой байдлын газраас “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт” ...... дугаар гэрчилгээ олгосон байсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны үйлчилгээний тухай дүгнэлтээр хэвлэх үйлдвэр ажиллуулах зөвшөөрөл олгогдсон нь хэвлэх үйлдвэр нь олон улсын болон Монгол Улсын стандартанд заасан хэвлэлийн будаг ашигладаг, энэ нь “хүний эрүүл ахуйд муугаар нөлөөлөхгүй” гэж үзээд олгосон байхад шүүх энэ нотлох баримтуудыг огт үнэлэлгүй орхигдуулсан.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэсэн байна. Хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-д заасан үндэслэлийг баримтлан шийдвэр гаргасан ба гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлож чадаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тодорхойлох хэсэгт “...Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх заалтыг зөрчсөн, үйлдвэрийн дуу шуугианы түвшин, орон сууцанд зөвшөөрөгдөх хэмжээнээс их, үйлдвэрийн 1 м.куб агаарт агуулагдах органик дэгдэмхий нэгдэл ксилол, толуолийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Т” ХХК-ийн хэвлэлд ашиглаж байсан ксилол, толуолыг органик дэгдэмхий нэгдэл” гэж дүгнэсэн атлаа “энэ нь химийн хорт бодис мөн болохыг тогтоогоогүй байхад зөвхөн байх ёстой хэмжээнээс их байсан” гэж дүгнээд улсын байцаагчийн 0065783 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийн олсон нь хэсэгт “...Орон сууцны тухай хууль ...зөрчсөн, орон сууцанд байрласан дуу шуугиан ихтэй, х/бодис хэрэглэдэг зэрэг нь нотлох баримтаар нотлогдсон” гэжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0065783 дугаар зөрчилд шийтгэх оногдуулах тухай актын Тогтоох хэсэгт “...Орон сууцны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх заалтыг зөрчсөн” гэж шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргасан байхад актад дурьдсан үндэслэлд дүгнэлт өгөлгүй түүнээс хэтэрсэн дүгнэлтийг хийсэн.

Өөрөөр хэлбэл хэвлэх үйлдвэрээс гарч байгаа дуу чимээ нь оршин суугчдын орон байранд ямар байдлаар хүрч ямар хэмжээний герцийн давтамжтай /дба/ хүрч байгаа энэ нь Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс их байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй.

Мөн үйлдвэрт хэрэглэж байгаа олон улсын болон Монгол Улсын стандартад заасан үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байрны агаарт агуулагдах /дэгдэх/ органик дэгдэмхий нэгдэл ксилол, толуолийн агууламж нь орчны болон орон суугчдын орон байрны агаарт ямар агууламжтай байгааг тогтоогоогүй байхад нотлогдсон гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 1999 онд гаргасан хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 40дба-гаас бага байхыг зөвлөсөн байдаг. Гэтэл энэ байдлыг зөрчил шалган шийдвэрлэх явцад шалгаж нотлох ажиллагаа хийгээгүй байхад нотлогдсон гэж дүгнэсэн.

8. “Т” ХХК нь Ц.А өмчлөлийн байрны үндсэн хийц, бүтээцийг өөрчилсөн тухай нотлох баримт байхгүй, нотлоогүй байхад нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэнтэй нийцээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”, 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэсэн байхад илт хууль бус шийдвэр гаргасан болох нь шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Зөрчлийн тухай хуулийн “Орон сууцны тухай хууль зөрчих” гэсэн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд …хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол …хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, харин Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх”-ээр харьяалуулсан, иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дээрх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул үндэслэлтэй эсэхээс үл хамааран “илт хууль бус” гэж үзэхгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудас үл хамаарна.

Өөрөөр хэлбэл илт хууль бус актын бусад шинжүүд болох утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж болох боловч энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Хэдийгээр гомдлын шаардлагаа “Т” ХХК-иас шийтгэлийн хуудсыг илт хууль болохыг тогтоолгох гэж тодорхойлсон ч, шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн давж заалдах гомдлын үндэслэлүүд нь “илт хууль бус”-ын бус харин “хүчингүй болгуулах” шаардлагад хамаарахаар байна.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0065783 дугаар шийтгэлийн хуудасны 10-т шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохыг заасан, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн гомдлын хариуг авч, 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргахдаа шаардлагаа “хүчингүй болгуулах” бус улмаар “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байсан эсэхээс үл хамааран шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянах учиртай. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийтгэлийн хуудсаар орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэж буруутгасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ..... дүгээр байрны зоорийн давхарт байрлах хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд 2012 онд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалт хийж мөн оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ...... дугаар дүгнэлтээр одоогийн “…хэвлэх үйлдвэрийн байрыг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандарт шаардлагыг хангасан гэж үзсэн байх бөгөөд нэг байгууллагаас ийнхүү асуудалд өөр өөрөөр хандаж буй нь ойлгомжгүй ч, шүүхийн дүгнэлт хийх эрх хэмжээ гомдлын шаардлагаар хязгаарлагдах болохыг, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хуульд нийцээгүй, тухайлбал зөрчлийн хэрэг нээхдээ үндэслэсэн хуулийн заалт буруу, хэвлэх үйлдвэрт үзлэг хийхдээ прокурорын зөвшөөрөл аваагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй зэрэг зөрчил гаргасан зэргээр давж заалдах гомдол үндэслэлтэй байх тохиолдолд шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос бус илт хууль бусад тооцохгүй болохыг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН