Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 557

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Сундуй,  

Иргэний хариуцагч В.Дорж,

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тд холбогдох эрүүгийн 1809052710360 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Грийн Лебор” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 40а байр 6 тоот оршин суух,  урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Т нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 304 тоот өрөөнд иргэн Г.Алтанхуяг, Д.Очирбат нараас тус бүр 5.000.000 төгрөгийг “манай Грийн Лебор ХХК нь Солонгос улс руу явуулах тусгай зөвшөөрөлтэй, гэрээгээр ажилуулна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Иргэний хариуцагч В.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Одондэлгэр гэдэг хамаатны эгчээр дамжуулж хохирогч нарыг мэдэх болсон. Манай садангийн хүний ажил явдал дээр таараад ажил төрлийнхөө талаар ярилцаж байхдаа би тухайн компаниар дамжуулж 25 хүн Солонгос улс руу гэрээр явах болж байгаа талаар ярьж байсан. Хэд хоногийн дараа Очирбат, Алтанхуяг нар над руу залгаж энэ талаар асуухаар нь би Түмэннастын дугаарыг өгсөн. Явах хүн нь бүрдчихсэн гэхэд хохирогч нар “та бүртгүүлээд өгчихвөл бид хоёр тус бүр 500.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд Түмэннастай уулзуулаад, бүртгүүлсэн. Хохирогч нараас авсан мөнгөө буцаагаад өгсөн...” гэв.

 

Эрүүгийн 1809052710360 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч М.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  “...Би Солонгос улс руу явуулна гэж хэлээд Очирбат, Алтанхуяг нараас оффис дээрээ гэрээ байгуулан мөнгө авсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч нарын хохирлыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэхэд төлж барагдуулах болно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Алтанхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай хүргэн Очирбат бид хоёр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүн тус бүр 5.000.000 төгрөгийг бэлнээр Түмэннастын ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 304 тоотод өгсөн. Уг өдрөөс хойш 4-5 хоногийн дараа нэг хүний 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийг Доржоод өгсөн. Доржоо мөнгө авахдаа “зуучлалын мөнгө Түмэннастад өгнө” гэж хэлж авсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ТВ9 телевизийн байрны гадна бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Очирбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Түмэннаст гэдэг хүн Солонгос руу гэрээгээр гаргана гэсний дагуу түүнтэй 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 304 тоот байх ажлын оффист нь очиж уулзахад “2-3 хоногийн дотор яаралтай явуулна, мөнгөө хурдан өгөөрэй” гэхээр 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2-3 хоногийн дараа очиход Түмэннаст “арай болоогүй 1 сар сургалтанд суу тэгээд явуулчихна” гээд би ах Алтанхуягийн хамтаар 10 гаруй хоног сургалтанд суусан. Түмэннаст нь “миний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан сунгуулах гэж байгаа” гэхээр нь үзэхэд Япон улс руу ажилтан гаргах тусгай зөвшөөрөл байсан. 2018 оны 3 дугаар сард хугацаа нь дуусчихсан байсан тэгээд залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

           Иргэний хариуцагч В.Дорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Грийн Лебор” ХХК нь Япон улс руу дадлагажигч ажилтан гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компани. Солонгос улс руу 1 жилийн гэрээгээр хүн гаргана гэж надад хэлсэн. Би Очирбат, Алтанхуяг хоёрыг Түмэннасттай уулзуулсан. Тэгээд би зуучилсан гээд Очирбат, Алтанхуяг нараас тус бүр 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

           Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7/834 дугаартай албан тоот /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

           Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ /хх-ийн 44-50 дугаар хуудас/,

          

           Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч М.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч А.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/, гэрч П.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

  Шүүгдэгч М.Т нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 304 тоот өрөөнд иргэн Г.Алтанхуяг, Ч.Очирбат нарт “Солонгос улсад гэрээгээр ажилуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч тус бүрээс 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Тын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Алтанхуяг, Ч.Очирбат нарын мэдүүлэг, иргэний хариуцагч В.Доржийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7/834 дугаартай албан тоот болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл М.Т нь Солонгос улсад гэрээгээр гаргах үйл ажиллагаа явуулдаггүй атлаа “Солонгос улсад гэрээгээр ажилуулна” гэж Г.Алтанхуяг, Ч.Очирбат нарыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг бэлнээр өөртөө авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогч нарт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул М.Тын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, гадаад улсад очиж ажилтай болох гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас М.Тыг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч М.Тыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Таас хохирогч Ч.Очирбатад 5.000.000 төгрөг, хохирогч Г.Алтанхуягт 4.500.000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогч нараас гаргасан хүсэлт, банкны дансны хуулга зэргээр тогтоогдсон байх ба шүүгдэгч М.Таас үлдэгдэл хохирол 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Алтанхуягт олгохоор шийдвэрлэв.

 

Мөн иргэний хариуцагч В.Доржоос хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх М.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурьдав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч М.Тг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Таас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Алтанхуягт олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН