| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0363/И/ |
| Дугаар | 346 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 346
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багт оршин суух Иөншөөбү овгийн Санжжавын Даваасүрэнгийн /РД: ДБ63063009/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Даваасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Иөншөөбү овогтой Санжжавын Даваасүрэн нь 1963 оны 06 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1981 оны 09 сарын 10-наас 2016 оны 08 сарын 30 хүртэл Баян-Уул сумын 12 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилласан. /тасралтгүй 35 жил/ Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийн тушаал нь байхгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1981 оны 09 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-нийг дуустал хугацаанд Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч С.Даваасүрэн нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
С.Даваасүрэн нь 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 381, 383 дугаартай лавлагаанууд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 12 жилийн дунд сургуулийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 59 дугаартай цалингийн тодорхойлолт, цалингийн цэсний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,
Хүүхдийн нэр овог Зоригтын Энхцэцэг 1983 оны 08 сарын 01-нд төрснийг 1983 оны 09 сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв, эцгийн нэр овог Дампилын Зоригт эхийн нэр овог Санжжавын Даваасүрэн гэх 72 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүүхдийн нэр овог Зоригийн Энхбаатар 1987 оны 09 сарын 21-нд төрснийг 1987 оны 10 сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв, эцгийн нэр овог Дампилын Зориг эхийн нэр овог Санжжавын Даваасүрэн гэх 91 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
хүүхдийн нэр овог Зоригтын Энхтөр 1991 оны 12 сарын 11-нд төрснийг 1992 оны 01 сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв, эцгийн нэр овог Дампилын Зоригт эхийн нэр овог Санжжавын Даваасүрэн гэх 05 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Д.Нямдоржийн “...С.Даваасүрэн 1981 оны 09 сараас Баян-Уул сумын сургуульд тогоочоор ажилд орсон. Тухайн үед Шатар багш захирлаар, Саранчимэг, Доржсүрэн багш нар хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ажилд орсноос хойш дунд нь хүүхэд гаргаж хэдэн сар ажиллаагүй байх. Бусад хугацаанд бол тасралтгүй үйлчлэгчээр голцуу ажилласан. 2013 онд намайг аймагт ирэх хүртэл С.Даваасүрэн сургуульдаа ажиллаж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд С.Даваасүрэнг 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Иөншөөбү овгийн Санжжавын Даваасүрэнг 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ