| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/02879/И |
| Дугаар | 210/МА2025/00395 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00395
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******од холбогдох
2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, *******инд байршуулсан 38,777,319 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Орон сууц болон авто зогсоолын түрээсийн төлбөр 21,600,000 төгрөг гаргуулах, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний эцэг ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Намайг эхнэрээс салах асуудал яригдах үед авга ах ******* чи өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болон хадгаламжинд дахь мөнгийг бусдын нэр дээр шилжүүлэхгүй бол гэр бүл цуцлахад дундын өмч гэж хуваана гэж ятгасан тул түүний нэр дээр өөрийн *******,*******,*******, *******хаягт байрлалтай 53,96 м,кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 15 м.кв талбайтай автозогсоол, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний 0043 дугаартай ******* тоот дансанд байршуулсан 38,777,319 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
1.2. Би үл хөдлөх хөрөнгөө буцаан шилжүүлж авах талаар хариуцагч ******* ахад хэлэхэд буцааж өгөхгүй гэсэн. Миний өөрийн хөрөнгийг аавыг нас барсны дараа авах зорилготой байсан, өндөр настай эмээ болон эгч нар миний талд орсон болгоныг хариуцагч загнаж, айлган сүрдүүлэх болсон. Бид үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулахдаа бэлэглэх зорилготой байгаагүй, харин гэр бүл цуцлах үед өөрийн нэр дээрх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр түр байлгах зорилготой байсан.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0869, 0870 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ******* тоот, 53.96 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах г77 байрны зоорийн давхар тоот, 15 м.кв автозогсоол, *******ны тоот дансанд байршуулсан 38,777,319 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би 1999 онд 1 дүгээр хорооллын арын дэнж дээр газар авч хашаа хатгасан боловч хашааны мод хулгайд алдагдаад байсан тул тухайн үед талийгаач дүү *******ыг ээжийн жижиг гэрийг барьж хашаандаа буулгасан. Дараа жил хашаандаа байшин барьж, түүний дараа жил дахин 1 жижиг байшин барьж ******* том байшиндаа амьдарч, жижиг байшинг түрээсэлж амьжиргаагаа залгуулж, мөн приус-20 маркийн машин авч өгсөн. Тухайн үед талийгаач дүү *******ын амьжиргааны зардал, түлээ нүүрс, эм тан, эмчилгээний зардлыг ээж, бид нар гаргадаг байсан. Харин ******* аавдаа тусалж асарч тэтгээгүй. Мөн нэхэмжлэгчийн сургалтын төлбөр, байр, амьжиргааны зардал зэргийг ээж, бид нар гаргаж байсан.
2.2. *******ийн нэхэмжилж буй байрыг авахад төлсөн төлбөрүүд газар авч миний хашаа хатгаж, байшин, граж барьсан үл хөдлөх хөрөнгөөр бий болсон. ******* болон талийгаач дүүгээс нэг ч төгрөг аваагүй. 2018 оны өвөл Сүхбаатар дүүргийн 30 дугаар хорооноос хүүхдийн цэцэрлэг барих газар хэрэгтэй байгааг сонсож мэдээд ар талын хамар хашааныхаа айлуудтай ярьж тохирон газраа өгөхөөр хороонд хандахад газрын байрлалыг тохиромжтой гэж үзэж зөвшөөрсөн. Миний авсан газар 1 айл эзэмшихэд арай том хэмжээтэй байсан тул газраа 2 хувааж талийгаач дүүд талыг нь эзэмшүүлж бид 2 газрын гэрчилгээгээ авсан. Улмаар нд хандаж өөрсдийнхөө газар, хашаа, байшин, гражийг үнэлүүлэн гэрээ байгуулж худалдсан.
2.3. 2018 онд ,, , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилчдын 390 айлын орон сууц барьж, ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр байр өгөх асуудал шийдвэрлэгдэж би хөөцөлдөж яваад 2 өрөө байрнаас 2 байр авах захиалга өгч урьдчилгаа мөнгөө төлж, 2020 оны намар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол,, 77б байранд захиалга өгсөн 9, 10 тоот байрууд ашиглалтад орсон. Улмаар талийгаач дүү *******од Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол,, 77б байрны 10 тоот, 44.29 м.кв талбайтай 2 өрөө байрыг өгөхөд дүү маань маш их баярлаж байсан. Дүүгийн бие сайнгүй хажууд нь байнга харж хандан эмчилж сувилж байх хүн хэрэгтэй байсан тул талийгаач дүүгийн хүү *******ийг хажуу талд 77б байрны 9 тоотод оруулсан. Компанитай хийсэн гэрээгээ нэр дээр нь шилжүүлэн өгч түр оруулсан, аавд нь асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа талаар *******эд болон талийгаач дүүдээ хэлсэн.
2.4. Миний дүү ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан, ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Солонгос явлаа таны байр, зогсоолыг буцааж өгье, миний мөнгийг хадгалж бай гээд бэлэглэлийн гэрээгээр миний байрыг шилжүүлж, мөнгөө миний дансанд байршуулсан. ******* нь миний өмчлөлийн байр, зогсоолын хамт түрээслэн түрээсийн мөнгийг нь аваад байгааг мэдсэн даруйдаа миний үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж олсон тэр мөнгийг миний дансанд шилжүүл гэхэд шилжүүлээгүй.
Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвөшөөрөхгүй. Харин 38,777,319 төгрөгийг манай эхнэр гийн данс руу шилжүүлж миний дансанд байгаа тул буцаан өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ миний эд хөрөнгийг түрээсэлж олсон ашиг 21,600,000 төгрөгийг хасаж тооцно гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. *******, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 77б байрны 09 тоот 53.96 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр -аас орон сууц захиалгын гэрээ байгуулж 64,752,000 төгрөгөөр худалдаж авсан. Талийгаач дүү *******ын бие муутай учраас түүнийг байранд оруулах талаар ээж, бид нар ярьдаг байсан тул *******, 5 дугаар хороо, 15 хороолол,, 77б байрны 10 тоот, 44.29 м.кв талбайтай, 2 өрөө байрыг өгөхөд дүү маань баярласан. Дүүгийн бие муу хажууд нь байнга харж хандах, эмчилж сувилж байх хүн хэрэгтэй байсан тул *******ийг 77б байрны 9 тоот байранд оруулсан. Дүү маань 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барж, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 869, 870 дугаартай бэлэглэлийн гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шилжүүлж авч, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа ******* орон сууцыг нэг сарын 1,500,000 төгрөг, гражийг нэг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлсэн.
3.2. *******, 5 дугаар хороо, 15 хороолол,, 77б байрны 9 тоот, 2 өрөө орон сууцанд нэхэмжлэгч нь амьдарч миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс *******, 5 дугаар хороо, 15 хороолол,, 77б байрны 9 тоот, 2 өрөө орон сууцыг албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд орон сууцны түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг, автозогсоолын түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөг гаргууулах, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол,, 77б байр, 09 тоот 53.96 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
4.1. Миний аавын өмчлөлийн газрыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр наас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 125 дугаар цэцэрлэгийн барилга баригдахаар болж газар чөлөөлж, газраа зарснаар орон сууц авах эх үүсвэртэй болж эдгээр хөрөнгүүд бий болсон. Маргаан бүхий эд хөрөнгүүдийг би түрээслээгүй, харин өөрийн эзэмшил ашиглалтанд ашиглаж байсан. Аавыг нас барсан цагаас авга ах ******* нь аавын минь бий болгосон хөрөнгөнд шунаж, заль зохиож гэр бүлийн доторхи асуудлыг далимдуулан төөрөгдүүлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Анхнаасаа буцаах зорилготой байсан учраас бэлэглэлийн гэрээг байгуулсан.
4.2. Аав минь байнга ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа авч явдаг, мөнгө сайн олдог байсан болохоор үр хойчдоо үлдээх хөрөнгө бий болгож байгаагаа надад хэлдэг байсан. Орон сууц болон автозогсоол авга ах *******ын хөрөнгө биш бөгөөд миний аав болон миний хувьд түүнд төлөх өр авлагагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0869, 0870 дугаартай бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын бүртгэлийн дугаар , гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 5 хороо, 15 хороолол, /13342/ Г.Лувсангийн гудамж 77б байр, 9 тоот 53,96 м,кв, 2 өрөө орон сууц, дугаар , гэрчилгээтэй, 77 байр зоорийн давхарын 1 м.кв талбайтай тоот автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******эд буцаан шилүүлэхийг хариуцагч *******од даалгаж, хариуцагч *******ын, Улсын бүртгэлийн дугаар , гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 5 хороо, 15 хороолол, /13342/ Г.Лувсангийн гудамж 77б байр, 9 тоот 53,96 м,кв, 2 өрөө орон сууц, дугаар , гэрчилгээтэй, г77 байр зоорийн давхарын 1м,кв талбайтай тоот автозогсоолыг нэхэмжлэгч *******ийн хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх, 21,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* 38,777,319 төгрөгийг нэхэмжлэгч *******эд буцаан төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 784,400 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 336,150 төгрөг тус тус улсын орлого болгож, хариуцагч *******оос 784,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа чи нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө болон хадгаламжинд байгаа мөнгөө бусдын нэр дээр шилжүүлсэн нь дээр шүү, тэгэхгүй бол гэр бүл цуцлахад дундын өмч гээд хуваахад хүрнэ гээд миний нэр дээр шилжүүлчих гэж ятгаснаар шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь орон сууц болон зогсоолыг шилжүүл гэж ятгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбараас өөр зүйлээр нотлогдоогүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар ******* гэр бүл цуцлах тухай маргаанд нэхэмжлэгчээр оролцож байсныг нотлох боловч хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг мэдэж орон сууц болон зогсоолыг дүр үзүүлж шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нотлохгүй.
Шүүхийн шийдвэрт ******* нь өмчлөгч байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, ******* нь маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг шилжүүлсэн мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Маргааны зүйл нь хариуцагч орон сууцны эрхийг өгсөн, өгөөгүйтэй холбоотой маргаан бус талууд дүр үзүүлэн хэлцэл хийсэн үү, хийгээгүй юу гэдгийг нотлох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх шүүн таслах ажиллагааны гол чиг баримжаагаа алдсан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон шүүхийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нотлох баримт байхгүй байхад талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн 0869, 0870 дугаар гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тавигдах тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.2. Хариуцагч нь бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зохигчдын хооронд дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдаагүй, насаараа ажилласан байгууллагаас олгосон квотын дагуу авсан байраа түр шилжүүлэн өгсөн, буцаан шилжүүлэн авахад татвар төлөхгүй гэсэндээ бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтыг бодитоор үнэлээгүй. Хэргийн 24-48 дугаар талд хариуцагч нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг хэрхэн худалдаж авсан, төлбөрийг хэрхэн төлсөн талаарх ач холбогдол бүхий нотлох баримтыг өгсөн. болон ******* нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 006/18 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдөр 24/18 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зогсоол худалдах, худалдан авах 17/18 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээний 30 хувийн урьдчилгаа төлбөрийг хариуцагч гаргасан, 2018 оноос 2021 оны хооронд төлбөрийг мөн төлж байсан талаарх баримтууд авагдсан.
Хариуцагч нь өөрийн дүү *******од Сонгинохайрхан дүүргийн, Хамба А2-р гудамж, 56 тоот хаягт байрлах газар, хашаа байшинг үнэлүүлэн гэрээ байгуулан худалдсан төлбөрөөс төлж барагдуулсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрэээгээр авсан 2 өрөө, 44.29 м.кв, 10 тоотод байрлах 53,148,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцыг, 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий авто зогсоолын хамт шилжүүлэн өгсөн үйл баримттай маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* болон Хаан банкнаас дүү *******ын сүүлийн 5 жилийн дансны хуулгыг гаргуулахад 2019 онд т байрлах газар, хашаа байшинг нд худалдсанаас өөр их хэмжээний орлого олоогүй, сар бүр группийн төлбөр болон таксийн явж амжиргаагаа залгуулдаг байсан. 2 байр, 2 авто зогсоолын төлөх нөхцөл байдалд байгаагүй болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч ******* нь 2018-2021 оны хугацаанд хариуцагчийн дансанд орон сууцны болон авто зогсоолын төлбөр гэсэн утгатай нэг ч төлбөр шилжүүлж байгаагүй бөгөөд маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг миний аав наас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 125 дугаар цэцэрлэгийн барилга баригдахаар болж газар чөлөөлж, газар зарснаар орон сууц авах эх үүсвэртэй болж, эдгээр хөрөнгүүд бий болсон, аав минь үүний хажуугаар байнга ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа авч явдаг, мөнгө сайн олдог байсан... гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжпэгчийн аав ******* өөрийн газрыг нд төлсөн төлбөрт тохирсон орон сууц болох 10 тоотыг авто зогсоолын хамт шилжүүлэн өгсөн, түүнийг өв залгамжлалаар ******* шилжүүлэн авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаар нотлогддог.
Харин хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газрыг ,,, тоот хаягт байрлах газар, хашаа байшинг зарсан мөнгөөр захиалж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг түр эзэмшүүлсэн. ******* нь тодорхой хугацааны дараа Солонгос явлаа гэсэн тул миний бие өөрийн орон сууц, авто зогсоолыг шилжүүлэн авсан. Талууд түр шилжүүлэн өгсөн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үр дүнд хүрэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 0869 дугаартай орон сууц шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 0870 дугаартай авто зогсоол шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг өөрсдийн хүсэл зориг, эрмэлзлээр байгуулсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр *******эд шилжүүлэх болсон үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ******* нь захиалгын гэрээг шилжүүлж авсан хууль ёсны өмчлөгч байх тул талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин талуудын хооронд байгуулсан орон сууц, авто зогсоол бэлэглэлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Аавын маань мөнгө 2 орон сууцанд хүрээгүй учраас бид эмээгийн гэрт цуг амьдардаг байсан. Хариуцагч нь миний нэр дээр орон сууц захиалах юм бол м.кв нь 1,250,000 төгрөгөөр захиалах юм байна гэж хэлсэн. Тухайн үеийн м.кв 1,700,000-2,000,000 төгрөгийн хооронд байсан. Ийнхүү м.кв-ын 1,250,000 төгрөгөөр авахын бол манай мөнгө хүрч байсан тул эмээ маань мөнгө нэмж өгөөд авто зогсоол худалдаж авсан.
Орон сууцны захиалгын гэрээ байгуулахад захиалагч нь өөрөө төлбөрийг нэр дээрээ хийхийг шаардсан гэдгийг ******* тайлбарладаг. Гэр бүл салалтын тухайд шүүхийн шийдвэр гарсан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Мөн гэр бүлийн харилцаа сайжирсан бөгөөд ******* үр хүүхдээсээ эд хөрөнгөө хамарлаж бусад руу шилжүүлэх тааламжгүй байна гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан орон сууцны төлбөрийг *******ын зүгээс нэг ч удаа өнөөдрийг болтол төлөөгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчиийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0869, 0870 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, *******инд байршуулсан 38,777,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц болон авто зогсоолын түрээсийн төлбөр 21,600,000 төгрөг гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.2. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар *******од Сонгинохайрхан дүүргийнны нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, , хаягт байршилтай, 18637310063947 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдэж, дугаартай гэрчилгээ авсан. /2-р хх1-6/
3.3. Хэргийн 208-209 дүгээр тал дахь баримтаас үзвэл 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ, зохигчийн тайлбараар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хамба 2 дугаар гудамжны нутаг дэвсгэрт 240 ортой 125 дугаар цэцэрлэгийн өртөтгөлийн барилга баригдахаар болсонтой холбоотойгоор нас барагч *******ын өмчлөлийн тус хорооны Хамба А 2 дугаар гудамж, 56 тоот хаягт байрлах газар, хариуцагч *******ын өмчлөлийн тус хорооны , хаягт байрлах газрыг тус тус чөлөөлж, нөхөх олговор олгожээ.
3.4. ******* нь -тай 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орон сууцны захиалгын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 64,752,000 төгрөгөөр, мөн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр 15 м.кв талбайтай авто зогсоолоос хоёрыг тус бүр 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 160-165/
3.5. Дээрх гэрээний дагуу *******оос орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт, талуудын тайлбараар нотлогджээ. /1-р хх-ийн 41-43, 48-49//хх-ийн 44-45/
3.6.******* тоот хаягт байршилтай, хоёр өрөө орон сууцны захилгын гэрээг хариуцагч *******оос нэхэмжлэгч *******эд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан -ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 21/308 тоот тодорхойлтоор тогтоогдсон бөгөөд улмаар нь нэхэмжлэгч *******тэй 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орон сууцны захиалгын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 64,752,000 төгрөгөөр худалдахаар орон сууц захиалгын гэрээг нэр шилжүүлэн, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Авто зогсоол захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр 15 м.кв талбайтай авто зогсоолыг 18,000,000 төгрөгөөр худалдах гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 154-169, 179-188/
3.7. -ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 21/307, 21/311 тоот албан бичгээр ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст ******* нь орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргаснаар ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/,, г77 байр, зоорийн давхрын тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус бүртгэгдсэн. /1-р хх-ийн 158, 182/
3.8.Нэхэмжлэгч *******ийн эцэг ******* 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд ******* дахь түүний тоот хугацаатай хадгаламжийн данстай, 38,777,319.86 төрөг, хүү 5,049,000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтрийг нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авчээ. /1-р хх-ийн 8/
3.9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №0869, № 0870 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч ******* нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, дугаарт бүртгэлтэй, *******, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/,, г77 байр, зоорийн давхрын тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, авто зогсоолын хамт бэлэг хүлээн авагч *******од үнэ төлбөргүй шилжүүлж, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн. /1-р хх 6-7, 11-12/
3.10. Мөн нэхэмжлэгч нь өөрийн ******* дахь 5000262687 тоот данснаас хариуцагчийн эхнэр гийн данс руу 39,700,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
Зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн эсэх, бэлэглэх хүсэл зориг байсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Хэргийн баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч *******ийн эцэг *******, хариуцагч ******* нар ,, Хамба А 2 дугаар гудамж, 25 болон 56 тоот хаягт байрлах газрын өмчлөгч байсан. Уг газарт 240 ортой 125 дугаар цэцэрлэгийн өртөтгөлийн барилгыг барих болсон тул дээрх газрууд трасст орсноор тэдэнд нөхөх олговор олгосон, хариуцагч нь нөхөх олговорын мөнгөн хөрөнгөөр хөнгөлөлттэй үнээр хоёр орон сууц, 2 авто зогсоол худалдан авч, үүнээс ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны захиалгын гэрээг мөн *******, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/,, г77 байр, зоорийн давхрын тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, авто зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. Иймээс хариуцагч талын ... шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгчид түр хугацаагаар орон сууцыг шилжүүлж буцаан авсан ... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
4.1. Хариуцагч ******* нь -тай 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээг нэхэмжлэгчид шилжүүлэх болсон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.2. Нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн маргаан үүссэний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж гаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас татгалзаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан, мөн ******* орон сууц, авто зогсоол, хадгаламжид байсан мөнгөө хариуцагч *******од 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, хөрөнгөө хуваахгүйн тулд түр *******ын нэр дээр шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
4.3. Нэхэмжлэгч нь хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, ямар нэг үр дагавар үүсгэх зорилгогүйгээр зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, шүүх зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан шаардлагад нийцжээ. Иймд хариуцагч талын ... бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн байгуулаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй ... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
5.1. Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар болгож өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
6.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... орон сууцны төлбөрийг төлж худалдан авсан, талийгаач дүү *******ыг асран хамгаалуулах зорилгоор *******ийг уг орон сууцанд оруулан дараа нь бэлэглэлийн гэрээгээр буцаан авсан ... гэж тодорхойлсон.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч нь орон сууц болон авто зогсоолын төлбөрийг төлсөн, талийгаач дүүгээ асран хамгаалуулах зорилгоор нэхэмжлэгчийг түр орон сууцанд оруулсан, орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.
6.3. Шүүх зохигчийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №0869, №0870 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн тул хариуцагч нь ******* тоот хаягт байршилтай, 53.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц болон *******, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/,, г77 байр, зоорийн давхрын тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, авто зогсоолын түрээсийн төлбөрт 21,600,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/05584 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 280 дугаар зүйлийн 280.2 дах ... гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь ... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,120,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ