Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1809054200487 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хангайн 35а гудамж 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 36-2-45 тоотод оршин суух, урьд:

 

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

   Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хишиг Монгол” ХХК-ний ресторанд зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 хороолол тээвэрчид гудамж 68 байр 0 тоот оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн цагаан байр, нийтийн байрны 49 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах Н2 гэх нэртэй бааранд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед иргэн Т.Билгүүний биед халдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах Н2 гэх нэртэй бааранд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед иргэн Т.Билгүүний Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809054200487 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Билгүүн гэх залуу миний ажилладаг байсан баарны шилэн хаалгыг хагалснаас болоод уур хүрээд зодсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гараараа Билгүүний нүүр болон цээж хавирга хэсэг рүү цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 03 цагийн үед үл таних 2 залуу орж ирээд гарахгүй байсан. Батцэрэн ах тухайн 2 хүүхдийг баарнаас гаргасан. Батцэрэн Билгүүн гэх залууг цохиод загнаад байсан. Батцэрэн ах Билгүүнээгийн хувцасыг тайлуулаад бүх юмаа ширээн дээр гаргаад тавь гээд гар утас болон түрийвчийг ширээн дээр тавиулсан. Би Ай фоне Х маркын гар утсыг аваад халаасандаа хийсэн. Тэр үед хэн ч гар утасны талаар асуухгүй байхаар нь би гар утсыг авчихсан. Би санаа зовоод гар утсыг гаргаж өгөөгүй. Би гар утсыг өөртөө байлгаж байгаад 2018 оны 12 дугаар сарын сүүлээр найз Нараатай уулзаад гар утас авдаг хүн байна уу гэхэд надад таньдаг хүн байгаа тэр хүнээс асуугаад өгье гэж хэлсэн. Нараа надад 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н2 гэх нэртэй бааранд барментэй юм яриад сууж байсан чинь үл таних өндөр махлагдуу сахалтай ах мангар бацаан минь гэсэн. Би тухайн ахтай маргалдсан. Тухайн ах миний нүүр рүү цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Би баарнаас гүйж гарсан гарахдаа баарны шилэн хаалганы шил рүү өшиглөөд хагалсан. Тэгээд цаашаа зугтаж байгаад баригдсан. Тухайн ах 2 хүний хамтаар намайг буцаагаад чирж оруулаад баарны бүжгийн талбайн гол хэсэгт аваачиж миний ай фоне Х маркын гар утсыг авсан. Тухайн ах миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Намайг газар унасан үед 2 хавирга хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед манай найз Төгөлдөр хажууд байсан. Тухайн баарны зөөгч 2 залуу миний нүүр хэсэг рүү алгадаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Мэндбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Н2 гэх нэртэй баарыг ажлуулдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед баараа хаагаад манай менежер Батцэрэн, бармен Чингис, бааранд бүжиглэдэг хэдэн охидууд үлдсэн. Би баарны хаалгаа цоожлоод гарах үед үл таних 2 залуу танайд ормоор байна гээдз Батцэрэнтэй яриад байж байсан. Маргааш өглөө нь 10  цагийн үед бааран дээр ирэхэд шилэн хаалга цөмөрсөн байсан. Батцэрэн, Чингис нараас юу болсон талаар асуухад үл таних 2 хүн гадаа хаалгыг хагалж орж ирээд агсам тавиад маргалдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Билгүүний хамт Н2 гэх нэртэй бааранд орсон. Пиво уугаад байж байтал зөөгч Чингис гэж дуудаад байсан залуу манайх хааж байна та хоёр гар гээд байсан. Пивоо дуусгачихаад гарлаа гэсэн чинь уурлаад байсан. Би намхан туранхай том хамартай залуутай юм яриад байж байтал хажууд манай найз Билгүүн Чингис гэж дуудаад байсан залуутай зодолдоод байсан. Би найзыгаа салгаад баарнаас гарсан. Манай найз Билгүүн буцаж очоод гаднах шилэн хаалгыг нь өшиглөөд хагалсан. Дотроос намхан махлагдуу ах, 2 ажилтан гарч ирээд Билгүүнийг зодоод эхэлсэн. Би салгах гэтэл намайг зодоод эхэлсэн. Бид хоёрыг баар руугаа чирч оруулаад махлагдуу биетэй ах манай найз Билгүүний хувцасыг тайлуулж байгаад зодоод байсан. Намайг 2 ажилтан нь зодоод байсан. Чингис гэж дуудаад байсан залуу Билгүүний гар утсыг над дээр авч ирээд кодыг нь гаргаадах гээд байсан. Чингис гэдэг залуу манай найзын түрүүвчийг надад өгсөн. Манай найз Билгүүнийг махлагдуу биетэй ах зодоод эхэлсэн. Тэгээд бид хоёр баарнаас гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Чингэс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....2018 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Н2 нэртэй бааранд ажлаа хийж байтал манай баараар өмнө үйлчлүүлж байсан залуу найзын хамт орж ирсэн.  Тэгээд нэг шил пиво уусан. Манайх хаах гэж байна гэхэд дахин нэг нэг пиво ууя гэж хэлсэн... Батцэрэн ах нөгөө хоёр залууг манайх хаах гэж байна гар гээд түлхсэн чинь зодуулдаг залуу “чи муу юу юм бэ” гээд Батцэрэн ахыг нэг удаа цохисон. Батцэрэн ах Билгүүн рүү дайрахаар нь Батбаатар бид хоёр болиулсан. Тэгээд тухайн 2 залуу гараад явсан. Би буцаж орж ирээд 2 давхарт сууж байхад шил хагарах чимээ гарсан. Гаднах шилэн хаалгыг Билгүүн гэх залуу хагалчихсан, нөгөө залуутайгаар зугтаад яваад өгсөн. Билгүүн гэх залуу гүйж байгаад газар уначихсан. Батцэрэн ах Билгүүнийг цохиод газар унагасан. Батцэрэн ах наад хоёроо аваад ор гэж хэлсэн. Батцэрэн ах “баарны хаалгыг хагалдаг овоо бацаан бэ” гэж хэлээд удаа дараа алгадаад байсан. Дараа нь гэдэс хэсэг рүү нь цохиод байсан. Би Батцэрэн ахыг “болиочээ” гэж хэлэхэд “чамайг ална шүү дээшээ гар” гэж хэлсэн. Дээшээ гараад хартал Билгүүнийг гараа ав хавирга чинь хугараагүй хугарсан бол би хариуцана гээд дахиад нүүр рүү нь алгадаад цохиод байсан. Билгүүний нүүр хэсгээс цус гарсан. Би бууж очоод Батцэрэн ахыг “одоо болиочээ наадах чинь үхлээ” гэхэд “дээшээ гар” гээд бархираад орилоод байсан. Тэр үед Батцэрэн ах Билгүүн хоёрын хувцас цус болчихсон байсан. Билгүүнтэй явж байсан залуу зүгээр хараад зогсоод байсан. Юу ч дуугарч чадахгүй байсан. Би засах өрөө орчихоод гараад ирэхэд Билгүүн цустайгаа холилдчихсон өмсөж явсан хувцасаараа арчаад зогсож байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Нарангарвуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр он сарыг нь санахгүй байна. Манай найз Батбаатар “Багшийн дээдийн автобусны буудал дээрээс утас олсон, Ай фоне Х маркын гар утас” гэж хэлсэн. “Хаана байгаа юм” гэж асуусан чинь “газар булчихсан” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Батбаатар нөгөө гар утсыг зараад өг гэхээр нь би тухайн гар утсыг Чинги зочид буудлын урд талд байдаг пабаас очиж авсан. Тэгээд ажил дээрээ ирээд Батбаяр ахад тухайн гар утсыг өгсөн. Батбаяр ах тухайн гар утсыг 250.000 төгрөгөөр зарсан гэж хэлээд 30.000 төгрөгийг нь өөрөө аваад би 40.000 төгрөгийг нь аваад Батбаатарт 180.000 төгрөгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч А.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сард яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Манай ажлын газарт худалдагч хийдэг Нараа надад Ай фоне Х маркын гар утсыг олсон надад зараад өгөөч гэж хэлсэн. Би гар утсыг авааад Тэди худалдааны төвийн гадаа очоод тэдигийн гадаа явж байсан залууд 280.0000 төгрөгөөр зарчихсан. Нараад 250.000 төгрөг өгөөд Нараагаас 30.000 төгрөг авах ёстой учраас 30.000 төгрөгийг би авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14358 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Билгүүний биед зүүн 6-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “....Үнэлэгдэж буй хөрөнгө нь Ай фоне Х маркын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.090.000 /хоёр сая ерэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв....” гэжээ /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Ц.Баас 300.000 төгрөг хүлээн авлаа...” гэжээ /хх-ийн 127 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н2 гэх нэртэй бааранд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед иргэн Т.Билгүүнийг “хаалганы шил хагаллаа” хэмээн уурлаж улмаар  биед нь хүч хэрэглэж түүний эрүүл мэндэд нь “зүүн 6-р хавирганы зөрүүтэй хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Билгүүний мэдүүлэг, гэрч Э.Төгөлдөр, гэрч Х.Чингэс нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14358 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Т.Билгүүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрчээс хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах Н2 гэх нэртэй бааранд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цагийн үед иргэн Т.Билгүүний “Iphone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Билгүүний мэдүүлэг, гэрч А.Нарангарвуу, гэрч А.Батбаяр нарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчоос эд хөрөнгөө алдсанаа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн алдагдсан эд хөрөнгийг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоож, бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Т.Билгүүн нь шүүгдэгч Б.Бд зодуулж байх үед шүүгдэгч Ц.Баас хохирогчийн гар утсыг сэм, нууцаар авсан үйлдэл нь тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.Бгээс бүрэн төлсөн, шүүгдэгч Ц.Баас нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Баас хохирогч Т.Билгүүнд 300.000 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчоос гаргасан хүсэлт, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх ба шүүгдэгч Ц.Баас үлдэгдэл хохирол 1.790.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Билгүүнд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Билгүүнээс “...Б.Б эмчилгээний зардал төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй. Шүүгдэгч Ц.Баас хохирол төлөхөөр тохиролцож эвлэрсэн..” гэсэн хүсэлт /хх-ийн 134 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Баас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

            Мөн шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Бг учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Бгээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан, шүүгдэгч Ц.Баас амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Боржигон овогт Ц.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэрэг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 1.790.000 /нэг сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Билгүүнд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН