Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1809053040314 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77А гудамж 51 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо “Соёмбо” захын урд Г.Одхүүг “таксинаас буу гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809053040314 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг найз Батмөнх гэх залуу утсаар дуудсан. Батмөнх бид хоёр Алтангэрэл гэх залууг дуудсан. Бид 3 Батмөнхийн шинээр орж байранд ганц ганц шил пиво уугаад гэрээс нь гарсан. Алтангэрэл бид хоёр такси бариад такси Дамбадаржаагийн тойргийн хажууд зогсоход Алтангэрэл бид хоёр таксины хойд суудалд суусан. Бид хоёрыг уг таксинд суухад жолоочийн хажуу талын суудал дээр хохирогч Одхүү суусан байсан. Би таксинд суусныхаа дараа очоод мөнгийг нь өгье гэж хэлэхэд хохирогч Одхүү нь мөнгөгүй юм бол яах гэж такси барьсан юм буу гэсэн. Тэгээд хохирогч бид хоёр маргалдсан. Одхүү та нарыг ална гээд машины урд талын хайрцагнаас нэг хутга шиг юм гаргаад ирсэн. Машинаас гарахад Одхүү баруун гартаа хутга барьчихсан, зүүн гараараа миний урд талаас барьж авах гээд байхаар нь би өмсөж явсан куртикээ тайлаад гартаа эргүүлээд хутгатай гарнаас нь биеэ хамгаалах хөдөлгөөн хийсэн. Тэгэхэд жолооч залуу, Алтангэрэл хоёр машинаас бууж ирсэн. Одхүү миний урдуур гүйхэд би хохирогчийн нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Жолооч залуу боль гээд намайг Одхүүгээс холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-54 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Одхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01:00 цагийн үед найз Хүрлээгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Соёмбо захын урд явж байтал 2 эрэгтэй хүн гар өргөсөн. Нөгөө хоёр залуу архи уучихсан согтуу бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь буу гэж хэлтэл буухгүй байсан. Би буугаад тэр 2 залууг буулгах гээд хаалгыг нь онгойлгоод биенээс нь татал буухгүй хэл амаар доромжлоод байсан. Удалгүй тэр 2 залуу машинаас буусан бөгөөд том биетэй залуу нь намайг газар унагаагаад зодсон. Хамт явж байсан залуу нь салгах гэж оролдож байснаа цохиод эхэлсэн. Тухайн үед би замын нөгөө талд зодуулж байсан. Найз Хүрлээ замын нөгөө талаас ирж салгах гэтэл нөгөө хоёр залуу зугтаагаад явчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-21 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13972 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Одхүүгийн биед суурь ясны их биеийн зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Гэрч С.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би нийтийн байр руу нүүх гэж Батдорж, Алтангэрэл хоёрыг дуудсан. Манай гэрт 0.75 граммтай нэг шил архи уусан. Батдорж, Алтангэрэл хоёр явах гээд мөнгө байхгүй гэсэн. Надад 5000 төгрөг байсан задлуулж өгөх гээд дэлгүүр орсон. Манай хоёр гадаа үлдсэн. Мөнгөө задлуулаад гараад ирсэн манай хоёр явсан байсан. Би харих гээд алхаад явж байтал манай гэрийн ард Батдорж, Алтангэрэл хоёр танихгүй 2 хүнтэй маргалдаж байсан. Би нөгөө согтуу хүнийг гараараа цээж хэсэг рүү нэг удаа хүчтэй түлхтэл нөгөө хүн газар унаад босч ирсэн. Алтангэрэл машинд суухгүй гээд зам гараад явсан. Батдорж замын эсрэг талд зогсож байсан. Би нэг нэгнээ зодож байхыг нь хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Гэрч Р.Хүрэлчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Одхүү надруу залгаад машин хүргээд өгөөч би архи уусан байна гэж хэлсэн. Дамбын эцэс дээр ирэхэд 2 залуу гар өргөөд зогсож байсан. Одхүү наад 2 хүнээ ав гэхээр нь би согтуу байна хэрэггүй гэтэл Одхүү наад хоёр хүнээсээ асуугаад зам дагуу бол ав гэсэн. Одхүү нөгөө хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Би зогсоод миний хоёр дүү буу гэж хэлтэл нөгөө хоёр залуу зүгээр явчих мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Одхүү буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод буу гэж хэлтэл хар өнгийн савхи өмссөн залуу Одхүүг өшиглөсөн. Одхүү тэр хоёр барилцаад зам хөндлөн гарсан. Би зам чөлөөлж машинаа тавиад эргээп очтол Батдорж гэх залуу баруун гараараа Одхүүгийн баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон чинь Одхүү замын хажуу талын хашлага сугаараа хавчаад унасан. Одхүү машин дээр очоод бариад буцаад иртэл Алтангэрэл гэх залуу Одхүүг хутгатай байна гэсэн. Батмөнх гэх залуу ирээд Одхүүгийн балтай гарыг барьж авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нутгийн ах Батмөнхийн гэрт ирэхэд Батмөнх ах өөр танихгүй 3 залуу байсан. Тэгээд тэд нартай архи уугаад Батмөнх, Батдорж бид хоёрыг гаргах гээд цуг гарсан. Батмөнх ах надад 5000 төгрөг байна задлуулаад өгнө гээд дэлгүүр орсон. Батдорж бид хоёр таксинд суусан. Таксины жолооч хаашаа явах юм гэж асуутал Батдорж хаашаа ч хамаагүй яв гэж хэлээд таксины жолоочтой маргалдсан. Нөгөө жолооч машинаас буугаад Батдорж ахыг татаад тэгээд Батдорж ах буугаад тэр хоёр нэг нэгнээ заамдаад авахаар нь би салгаад байж байтал Батмөнх ах ирээд Батдорж ахтай муудалцаж байсан ахыг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

            Шинжээч Д.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...эдгээр гэмтлүүд нь Г.Одхүүгийн биед үзлэг хийхэд шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Суурь ясны их биеийн зөрүүгүй хугарал гэмтэл нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, гэмтэл учрахад үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал хамар ясны хугарал гэмтлүүд нь Г.Одхүүгийн суурь ясны их биеийн зүүн далд хугарал үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-109 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч П.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 108-110 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо “Соёмбо” захын урд Г.Одхүүг “таксинаас буу гэж хэллээ” гэсэн шалтгаанаар маргалдан биед нь хүч хэрэглэн зодож түүний эрүүл мэндэд “суурь ясны их биеийн зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Одхүүгийн мэдүүлэг, гэрч С.Батмөнх, гэрч Р.Хүрэлчулуун, гэрч Ч.Алтангэрэл нарын мэдүүлэг, шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13972 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Г.Одхүүгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Өөрөөр хэлбэл Д.Боос хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож Г.Одхүүгийн нүүрэн тус газар нь хүчтэй цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас хүнд гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Одхүүгээс “...Д.Боос хохирлын мөнгө хүлээн авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 117 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Батдож нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан, хохирогчоос маргаан үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байдлууд нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН