Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 349

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 4 дүгээр баг, Жаргалтад оршин суух Номч овгийн Хулганы Цэрэндуламын /РД: ДН74053109/ хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Х.Цэрэндулам нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Хулганы Цэрэндулам нь 2002 онд П.Бат-Очиртой танилцаж улмаар хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор хурим найраа хийж байгаад гэрлэлтээ батлуулна гэж ярьсан байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй байсан юм. 2005 онд хүү Б.Даваажаргал, 2013 онд Б.Дагвадорж, 2016 онд охин Б.Отгонзаяа нарыг төрүүлсэн. Нөхөр маань өвчний улмаас нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах боломжгүй болсон. Иймд талийгаач П.Бат-Очир бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Цэрэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Х.Цэрэндулам нь Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Бат-Очиртой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Х.Цэрэндулам, П.Бат-Очир нар нь 2002 онд танилцаж улмаар хамтын амьдралтай байсан болох нь Боржигон овгийн Бат-Очирын Даваажаргал 2005 оны 09 дүгээр сарын 09-нд Цээл сумын эмнэлэгт төрснийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд 2005 оны 11 сарын 07-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Бат-Очир, эхийн нэр Номч овгийн Хулганы Цэрэндулам гэх 0000954809-42 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 
Боржигон овгийн Бат-Очирын Дагвадорж 2013 оны 03 дугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт төрснийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд 2013 оны 04 сарын 01-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Бат-Очир, эхийн нэр Номч овгийн Хулганы Цэрэндулам гэх 0000885163-11 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 
Боржигон овгийн Бат-Очирын Отгонзаяа 2016 оны 02 дугаар сарын 25-нд Говь-Алтай, Цээл газар төрснийг Говь-Алтай, Цээл төрсний бүртгэлд 2016 оны 03 сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Бат-Очир, эхийн нэр Номч овгийн Хулганы Цэрэндулам гэх 8243000015 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, П.Бат-Очирын гэр бүлийн зургаар тус тус нотлогдож байна. 
Иймд Х.Цэрэндуламыг П.Бат-Очиртой хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Гэвч П.Бат-Очир нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нас барсан болох нь №0000129461-09 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч Х.Цэрэндуламын “...Нөхөр маань өвчний улмаас нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хүсэлт гаргагч Х.Цэрэндулам нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Номч овгийн Хулганы Цэрэндуламыг Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Бат-Очиртой хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ