| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03686/И |
| Дугаар | 210/МА2025/00448 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00448
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/00380 дугаар шийдвэртэй
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,945,810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр цахим зээлийн ******* тоот зээлийн данс үүсгэж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
1.2. Зээлдэгч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн. Харин зээлдэгч үндсэн зээл 805,129 төгрөг, хүү 490,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342 төгрөг, нийт 1,296,019 төгрөгийг төлсөн.
1.3. Хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 9,194,870 төгрөг, үндсэн хүү 899,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,034 төгрөг, нийт 10,107,169 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,161,358 төгрөгийг төлсөн тул түүнийг үндсэн зээлээс хассан болно.
Иймд үлдэх 4,945,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би *******-д байсан цалингийн зээлийн алдангийг бүрэн төлж барагдуулаад одоо сар бүр хэвийн 428,000 төгрөгийн төлөлт хийгээд явж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар *******гаас 4,033,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 912,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүнээс 899,263.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 13,034.60 төгрөг, нийт 912,298.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж зааснаар харилцагчтай цахим хэлбэрээр зээлийн гэрээг байгуулж зээлийн хэмжээ, хүү, хугацааг тохирч тоон гарын үсгээр баталгаажуулан тус зээлийг олгосон. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа цалингийн зээлийн алдангийг бүрэн төлж барагдуулаад сар бүр хэвийн төлөлт хийгээд явж байгаа гэсэн нь цалингийн зээл, түүнд ногдох хүүний нөхцөлийг цахимаар танилцаж хүлээн зөвшөөрч зээл авсан, төлж байгаагаа илэрхийлсэн, улмаар хариуцагч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй гэдгийг анхаарч үзээгүй.
4.2. Шүүхийн шийдвэрт ...харин энэ хугацаанд зээлийн хүүд төлсөн 490,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 342 төгрөгийн тухайд хэдийгээр нэхэмжлэгч шаардах эрхгүй боловч хариуцагч хүлээн зөвшөөрсөн дүгнэж шийдвэрлэсэн атлаа үндсэн хүүнээс 899,263.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 13,034.60 төгрөг буюу нийт 912,298.26 төгрөгийг хасаж тооцохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хүү тооцооллын хүснэгтэд зээлийн дүн, зээлийн хүүг тодорхой тусгасанг үнэлж дүгнээгүй. Тухайлбал, харилцагч ******* 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 1,296,019.18 төгрөг төлснөөс зээлийн үндсэн хүүнд 490,547.92 төгрөг, үндсэн зээлд 805,129.20 төгрөг тус тус төлсөн нь хариуцагч хүүг төлөхийг хүлээн зөвшөөрснийг харгалзан үзээгүй.
Харилцагчийн цахим хэлбэрээр байгуулсан гэрээг шүүх хуралдааны явцад зээлийн дүн, зээлийн хүү, хугацаа тусгасан цахим гэрээг гаргаж өгөх боломжтой байсан ч шүүх хуралдааны үед гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь цахим зээлийн гэрээ, интернэт банкны өөрийн эрхээр нууц үг ашиглах хүсэлт үүсгэсэн тайланг банкны тусгай программаар гаргах боломжтой бөгөөд энэ боломжийг олгоогүй, хариуцагч шүүх хуралд ирүүлж мэтгэлцэх үйл ажиллагаа явагдаагүй.
Иймд шүүхийн шийдвэрээр нийт 912,298.26 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээл 9,194,870 төгрөг, зээлийн хүү 899,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,034 төгрөг, нийт 10,107,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 5,161,358 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх 4,945,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээл төлөлтийг хэвийн үргэлжлүүлж байгаа гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...цахим зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн хүү 20.4 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласан.
5. Хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн R15003527 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, мөн Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ тус тус авагдсан. /хх-ийн 7-12/
6. Дээрх гэрээнүүдийг үндэслэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид хэдэн төгрөгийн зээлийг ямар хугацаагаар олгосон, зээлийн хүүг хэдэн хувиар тохиролцсон талаарх баримт болон цахим зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/00380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,446 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ