| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0369/И/ |
| Дугаар | 354 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 354
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багт оршин суух Аж овгийн Чулуунбатын Мөнгөнчулууны /РД: ДМ74101206/ хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Мөнгөнчулуун нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Чулуунбатын Мөнгөнчулуун нь 2002 онд Ч.Бат-Эрдэнэтэй хуримаа хийж хамтран амьдарсан. Тухайн үед албан ёсоор хурим найраа хийгээд гэрлэлтээ батлуулна гэж ярьсан боловч гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй байсан. Бидний том охин Бат-Эрдэнэ овогтой Эрдэнэтунгалаг 2005 онд төрсөн, бага охин Бат-Эрдэнэ овогтой Өлзийтунгалаг 2012 онд төрсөн. Хамтран амьдраад 14 жил болж байхад нөхөр маань өвчний улмаас 2016 оны 08 сарын 26-нд нас барсан. 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл нөхөр Ч.Бат-Эрдэнэтэй гэрлэлтийн баталгаагүй байсан тул тэтгэмж тогтоолгох боломжгүй болсон юм. Иймд нөхөр Ч.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Мөнгөнчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ч.Мөнгөнчулуун нь Цагаан шүдэтийнхэн овгийн Чимэддоржийн Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ч.Мөнгөнчулуун, Ч.Бат-Эрдэнэ нар нь 2002 онд танилцаж улмаар хамтын амьдралтай байсан болох нь Цагаан шүдэтийнхэн овгийн Бат-Эрдэний Эрдэнэтунгалаг 2005 оны 08 сарын 06-нд Баян-Овоо газар төрснийг Алтай сум төрсний бүртгэлд 2005 оны 09 сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Цагаан шүдэтийнхэн овгийн Чимэддоржийн Бат-Эрдэнэ, эхийн нэр Аж овгийн Чулуунбатын Мөнгөнчулуун гэх 0167111/43 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Цагаан шүдэтийнхэн овгийн Бат-Эрдэний Өлзийтуяа 2012 оны 04 сарын 14-нд Баян-Овоо газар төрснийг Алтай сум төрсний бүртгэлд 2012 оны 05 сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Цагаан шүдэтийнхэн овгийн Чимэддоржийн Бат-Эрдэнэ, эхийн нэр Аж овгийн Чулуунбатын Мөнгөнчулуун гэх 0000760531/10 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Бат-Эрдэний бага охин Б.Өлзийтуяатай авахуулсан гэрэл зургаар тус тус нотлогдож байна.
Иймд Ч.Мөнгөнчулууныг Ч.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэвч Ч.Бат-Эрдэнэ нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь №0000180496-13 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч Ч.Мөнгөнчулууны “...Хамтран амьдраад 14 жил болж байхад нөхөр маань өвчний улмаас 2016 оны 08 сарын 26-нд нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Ч.Мөнгөнчулуун нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Аж овгийн Чулуунбатын Мөнгөнчулууныг Цагаан Шүдэтийнхэн овгийн Чимэддоржийн Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Мөнгөнчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ