Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00404

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1956 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Байнга хорооны 2-8 тоотод оршин суух Залуу арван овогт Пүрэвжавын Цолмон /РД:ГО56031575/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00399/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цолмон, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Булган аймгийн Баяннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд орлогч даргаар 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Иймд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Цолмон нь Булган аймгийн Баяннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд орлогч даргаар 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №40 дугаар цалингийн лавлагаа, тухайн үед П.Цолмонтой хамт ажиллаж байсан гэрч Ц.Хэрлэнгийн өгсөн ...би П.Цолмонтой Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд ерөнхий инженерээр 1986-1989 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажилд ороход П.Цолмон нь тус сумын захиргаанд орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр 1992 оныг дуустал ажилласан гэх, гэрч Д.Дашпүрэвийн өгсөн ...би Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйн ажилчдын клубд 1980-1990 он дуустал кино механикчаар ажиллаж байсан. П.Цолмон нь тус сумын захиргаанд орлогч даргаар 1985 онд ирж ажилд орж байсан ба намайг шилжихэд тэрээр ажиллаад үлдсэн. Бидний дарга учраас түүнийг мэднэ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Залуу арван овогт Пүрэвжавын Цолмонг Булган аймгийн Баяннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал улсад нийт 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ