Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Б.Баярхүү,  

Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн 1902001590117 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Өнөр” 1 дүгээр хороолол, 24-81 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 23-28 тоот хаягт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 

 Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 457 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.З нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.7386 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1902001590117 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч А.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...зочид буудлын 00-ийн өрөөний шалнаас уг гялгар ууттай мөсийг олсон юм. Би мөс гэх мансууруулах бодисыг өмнө нь харж байсан болохоор гялгар ууттай мөсийг хараад шууд таньсан. Тэр гялгар уутанд жоохон үлдсэн байсан болохоор тэрийг өөрөө хэрэглэх гээд авчихсан байсан юм. Тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим нэг болсон явдлын талаар санахгүй байгаа юм. Би өөрийн гэм бурууг ойлгож, ухамсарлаж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд өөрийн өмсөж явсан цагаан өнгийн үстэй захтай, цэнхэр өнгийн куртикны гадна, зүүн дээд талын халаасан дотор байх жолоочийн үнэмлэхийн хар өнгийн хавтсан дотроос зоплок түгжээтэй цагаан өнгийн бодисыг сайн дураараа гаргаж өгсөн бөгөөд уг бодисыг стандарт бус жин дээр тавьж жинлэхэд 0.4355 граммыг зааж байгаа тэмдэглэл болгон бичиж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч уг бодисыг TruNarc төхөөрөмжөөр шалгахад methamphetamine агууламжтай бодис илэрснийг зааж байгаа гэрэл зургийн аргаа бэхжүүлэн авч уг бодисыг эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-ийн 7-9 дугаар хуудас/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дүгээр хуудас/,

 

            Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...А.Золбоо нь /MET, AMP/ метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэв...” гэжээ.  /хх-ийн 10-11 дугаар хуудас/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Эрүүгийн 1902001590117 дугаартай хэрэгт Алтанзагасын Золбоотөгс /РД:ЦА 77040513/-ын биед үзлэг хийх явцад хураан авч №1 гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл 0.72 грамм жинтэй, Доржүрсэнгийн Нандинсувд /РД:ЧО 78101604/-ын биед үзлэг хийх явцад хураан авсан “J5T2910278” серийн дугаартай БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.Нандинсувдын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Цагдаад баригдсаны дараа А.Зийн халааснаас ууттай мөс гэх мансууруулах бодис гарч ирсэн. ...гэрт байх үед Золбоотөгс халааснаасаа ууттай мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд татсан. Тэгэхдээ уг 10 юань дэвсгэртийг Золбоотөгс хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1694 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын байгууллагын конвенцид багтдаг болно.

3.4. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0.7386 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.7210 грамм болов...” гэжээ /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1693 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Б.Золбоо” гэсэн хаягтай шээс, “Д.Нандинсувд” гэсэн хаягтай шээс, “Золбоотөгсийн шээсний дээж” гэсэн хаягтай шээс, “Г.Гандулам 3.6 нд” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэжээ. /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №538 дугаартай дүгнэлт: “...1. А.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Одоо А.З нь сэтгэцийн эмгэгүй байна. 4. А.З нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. А.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. А.Зөд мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” гэжээ. /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/, шүүгдэгч А.Зийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 119-125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.З нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.7386 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №1694 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн биеэс хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул А.Золбоогийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Зийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Зийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч А.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Зөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.7210 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн “J5T2910278” серийн дугаартай БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлж, шүүгдэгч А.Зийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчилсан болохыг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. А.Зг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зөд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч А.Зөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчилсан болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “метамфетамин”-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0.7210 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн “J5T2910278” серийн дугаартай БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН