Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2025/00019

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2025/00019

 

 

 

 

2025      03         13                                          207/МА2025/00019

 

 

      ******* нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 29,464,021 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ийн “9,481,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл,

Хариуцагч ******* “4,775,000 төгрөгийг ******* *******гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би ******* банкнаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба энэ мөнгөнөөс *******, ******* нарт 10,000,000 төгрөгийг өгсөн, тухайн үед ******* надад, би эгч *******тэй хамтран махны хөргүүр авч бизнес эрхэлмээр байна, цалингийн зээлээр мөнгө зээлээд аваад өг, чи зээлээ төлөөд явж бай, би ашиг олохоор 15,000,000 төгрөгийг чинь төлөөд өгнө гэж хэлж байсан тул би хамтран амьдарч байсан хүн болохоор итгээд цалингийн зээл авсан. Мөн би энэ зээлнээс ******* бид хоёрын ээжээс зээлж авсан мөнгөнийхөө өрнөөс 3,900,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 1,000,000 төгрөгийг нь *******ийн гар утасны төлбөрт төлсөн ингээд зээлээр авсан 15,000,000 төгрөгөө зарцуулаад дуусгасан. Би цалингийн зээлээ төлөөд явж байгаад 2023 оны 08 сарын 03-ны өдөр ******* бид хоёр ярилцаж байгаад ээжийн өрийг төлөх зорилгоор дахин нэмж 1,120,717 төгрөгийг нэмж авсан ба урдны зээлийн үлдэгдэл 13,879,283 төгрөг үлдсэн байсан ба нэмэгдээд 15,000,000 төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Иймд би цалингийн зээлд эхэлж авсан 15,000,000 төгрөг дээр сүүлд нэмж авсан 1,120,717 төгрөгийг нэмээд 16,120,717 төгрөгийг *******, ******* нараас шаардах эрхтэй болсон бөгөөд *******5,000,000 төгрөгийг нь төлөх ёстой гэж үзэж байна. Мөн би эхний зээлд 3 сарын төлөлтөд 1,795,773 төгрөг, сүүлийн зээлд 8 сарын төлөлт 4,654,328 төгрөгийг нийтдээ 6,450,101 төгрөгийг төлсөн байх тул *******, ******* нараас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн харилцаанаас үүдэн би *******, ******* нарт 16,120,717 төгрөгийг зээлж авч өгсөн бөгөөд миний банкинд төлсөн төлбөр нь 6,450,101 төгрөгийг нэмээд нийтдээ *******, ******* нараас 22,570,818 төгрөгийг нэхэмжилнэ. ******* бид хоёр *******ХХК-иас Айпоне 14 про загварын гар утсыг *******банкны хэрэглээний зээлээр 5,999,900 төгрөгний зээлийг 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай төлөхөөр гэрээ байгуулан авсан. Энэ зээлийг ******* мөнгөтэй болохоор төлнө гэж хэлсэн мөртлөө ганц ч удаа төлбөр төлөөгүй би ганцаараа төлөөд явж байгаа тул энэ зээлийн 50 хувь буюу 2,999,950 төгрөгийг *******оос шаардаж байна. ******* бид хоёр хүүхдийн мөнгөний хадгаламжийг барьцаалан 2016 оноос эхлэн зээл авч эхэлсэн ба уг зээлийн үлдэгдэл одоо 7,786,506 төгрөг байх тул зээлийн 50 хувь буюу 3,893,253 төгрөгийг *******оос нэхэмжилнэ. ******* банкнаас 2023 оны 04 сарын 06-ны өдөр, 2023 оны 08 сарын 03-ны өдөр авсан цалингийн зээлийн төлбөрт *******, ******* нараас 22,570,818 төгрөгийг, *******банкны хэрэглээний зээлээр 5,999,900 төгрөгний зээлийн 50 хувь буюу 2,999,950 төгрөгийг *******оос, Хүүхдийн мөнгөний хадгаламжийг барьцаалан авсан 7,786,506 төгрөгний зээлийн 50 хувь буюу 3,893,253 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* *******шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт: Миний бие ******* нь нэхэмжлэгч *******тэй 2011 онд танилцаад 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Эхнэрийн хувьд ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй байсан бөгөөд 2015 онд хүү Э.*******төрж, улмаар эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Ийнхүү 2012-2014 онд бүхий л цаг хугацаанд нөхөр хүний, эцэг хүний үүргээ биелүүлж Улаанбаатар хотод барилгын компанид ажиллаж, 2014 оны 8 дугаар сараас эхлэн хувиараа түүхий эдийн наймаа хийж одоог хүртэл чадлынхаа хэрээр ажиллаж байгаа билээ. Эхнэр ******* хувьд 2022 онд ээж нь тэтгэвэртээ гарсны дараа ***-т ажилд орсон. Ийнхүү эхнэрийн хувьд 2022 оноос эхлэн ажиллаж эхэлсэн ба бидний хувьд мөнгө хэрэгтэй болсон үедээ эгч ******* /энэ хэргийн хариуцагч/-ээс мөнгө зээлж авдаг байсан ба эргүүлэн төлөх боломжгүй муутай байсан. 2021 оны сүүлээр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх болж миний дансыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байсан ба миний дансаар мөнгөн гүйлгээ хийгдэх боломжгүй байсан юм. Ингээд 2023 оны 04 дүгээр сард өр төлбөрөө дарах, үлдсэн хэсгийг нь өсгөе гэж ярилцаад эхнэр ******* нь цалингийн зээл авах эрх үүссэн тул 15 сая төгрөгийг зээлж авахаар болсон. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан. Ингээд өмнө хадам ээж болох *******зээлсэн байсан зээлийн үлдэгдэл 3,900,000 орчим төгрөгийг, миний эгч хариуцагч *******эс зээлсэн байсан 3,300,000 төгрөгийг тус тус төлөхөөр ярилцсан. Харин үлдсэн 6,700,000 төгрөгийг би бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөхөөр болсон. Гэтэл бидний хувьд гэр бүлийн хэрэгцээндээ зориулж мөнгө хэрэг болсон ба 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн буцаан эгч *******эс мөнгө авах хэрэгтэй болсон тул эргүүлэн шилжүүлэхийг хүсэж улмаар 960,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр 12-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны хооронд буцаан авсан. Ийнхүү үлдсэн 5,740,000 төгрөгийг миний бие бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөх гэсэн боловч олигтой ашигтай наймаа хийгээгүй. Харин эгч *******д шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 5,740,000 төгрөгөөс 2023 оны 06 дугаар сар 2,000,000 сая төгрөгийг буцаан авч, 2023 оны 09 дүгээр сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 9 сарын 14-нд 3,000,000 төгрөгийг тус тус авч эхнэр ******* бид хоёрын хөлсөлж амьдарч байсан *******тоот 1 өрөө орон сууцны хөлслөх төлбөрт төлсөн. Ийнхүү эгчид шилжүүлсэн мөнгийг бүрэн буцаан авч, гэр бүлийн хэрэгцээ болох орон сууц хөлсөлсний төлбөрт төлсөн. Үүнийг нэхэмжлэгч *******тухай бүрт нь хэлж байсан ба үүнийг өөрөө мэдэж байгаа болно. Тэгсэн атлаа одоо буцаан авсан мөнгөө, банкны зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2014 оны сүүлээс эхлэн хувиараа бизнес эрхэлж байх үеэсээ эхлэн банк болон хувь хүнээс олон тооны зээл авч, үндсэн зээл болон хүү төлж л байсан. Тэр бүр би уг зээлээ, уг зээлийн хүүг эхнэрээр төлүүлж байгаагүй төдийгүй, түүнээс нэг ч удаа нэхэж байгаагүй. Мөн бидний хамтын амьдарлын 12 жилийн хугацаанд 10 жил орчимд нь байр хөлсөлж байсан ба энэ хугацаанд миний бие орон сууц хөлсөлсний төлбөрийг төлж ирсэн билээ. Уг хөлсөлсөн орон сууцанд миний бие ганцаараа амьдраагүй, эхнэр буюу энэ хэргийн нэхэмжлэгч байнга л хамт амьдарч байсан билээ. Гэтэл 2023 оны орон сууц хөлсөлсөн мөнгөн хөрөнгийг миний эгчээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ямар зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 03-нд 1,120,717 төгрөгийн зээлийг нэмж авсныг надад хэлээгүй тул мэдэхгүй байна. Уг зээлийн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна. Иймээс зээл гэж нэхэмжтсэн 16,120,717 төгрөг болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт: Миний бие ******* худалдаж авсан айфоне 14 про гэх гар утсыг авч хэрэглээгүй, үнийг нь төлнө гэж амлаагүй, өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулж худалдаж аваад тусдаа амьдрахаар явахдаа өөрөө аваад явсан. Одоо өөрөө хэрэглэж байгаа тул би үнийнх нь 50 хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дашрамд дурьдахад, миний бие 2012 оноос хойш эхнэр *******дээ байнга л гар утас авч өгдөг байсан бөгөөд сүүлийн утсыг нь харин энэ утсаа өөрөө ганц удаа авч байгаа нь энэ юм. Гэтэл одоо тусдаа амьдрахаар шийдвэрлэсэн атлаа надаас тал үнийг авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдугаарт: Миний бие хүүгийнхээ баталгаа болсон төрөөс олгодог мөнгөн хөрөнгөөр бий болсон мөнгөн хадгаламжийг нэг ч удаа зээл авч байгаагүй. Энэ талаарх санал санаачлагыг гаргаж байгаагүй. Миний бие хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч биш бөгөөд би уг хадгаламжийг барьцаалан зээл авах боломжгүй юм. Харин хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авсныг мэдээд юунд зарцуулсанг эхнэрээс асуухад мэдэхгүй гэж хэлдэг. Тэгсэн атлаа одоо өөрийн дураар надад хэлэлгүй авсан зээлийн тал хувийг надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хэдийгээр хувийн бизнес эрхэлдэг байсан ч хүүхдийнхээ хадгаламжийг нэг ч удаа барьцаалан зээл авч байгаагүй болно. Харин нэхэмжлэгч ******* уг зээлийг аваад юунд зарцуулсанг мэдмээр байна. Үнэхээр нэхэмжлэлдээ дурьдсан шиг надтай хамтран зээлж авсан байдаг бол миний хувьд хүүхдийнхээ хадгаламжаас харамлахгүй тул үүнийг нотолбол би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөх болно. Даанч миний бие уг хадгаламж барьцаалсан зээлийг нэг ч удаа авч байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* *******шүүхэд *******, *******бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь миний төрсөн дүү *******той 2012 онд танилцаж хамтран амьдрах болсноос хойш би түүнийг таньдаг болсон. Тэдний дундаас хүү төрж өөрсдийн гэсэн орон сууцгүй, орон сууц хөлслөн амьдардаг эхнэр ******* *******нь ажилгүй гэртээ хүүгээ хараад байдаг байсан. Би дүү болон эхнэр нараас нь мөнгө зээлж авч байсан удаа огт байхгүй, зээлж авах талаар тэдэнд хандаж байгаагүй. Харин ч тэд надаас байнга л мөнгө зээлж авдаг байсан. Нэхэмжлэгч нь надаас 2021-2023 оны хооронд мөнгө хэрэг боллоо түр зээлээч гээд 3 сая гаруй төгрөг явуулж, цувуулаад зээлж авсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу миний төрсөн дүү *******ийн данс хаагдсан байсан тул нэхэмжлэгч нь надтай яриад 10,000,000 төгрөгийг таны данс руу хийлээ өмнө авсан байсан 3 сая гаруй төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь *******т өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд мөнгө орсны дараа нэхэмжлэгч нь мөнгө хэрэг болоод байна гээд зарим мөнгөө өөрөө буцааж авсан. Би нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүг төлөх үүрэггүй банкнаас зээл авсныг нь мэдээгүй. Одоо түүний нэхэмжлэлийг уншаад банкнаас зээл авсныг нь мэдлээ. Харин үлдсэн мөнгийг нь *******т нэхэмжлэгчийн хэлсний дагуу увуулж цувуулаад "авъя" гэсэн үед нь "авъя" гэсэн хэмжээгээр өгсөн. Би нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь намайг өөрөөс нь мөнгө зээлж авч бизнесийн үйл ажиллагаа явуулсан мэтээр нөхрөөсөө салж байгаадаа хорсож нэхэмжлэл гаргасан юм шиг байна. Уул нь анх манай бэр болж ирэхдээ ийм хүн байгаагүй. Дажгүй хөөрхөн ааштай хүүхэд байсан яагаад ийм худал зүйл бичиж шүүхэд намайг дуудуулж байгаа юм бол гэж бодоод огт ойлгохгүй л байна. Өмнө надаас зээлж авсан мөнгөний тооцоог нь гаргавал надад *******, ******* нар нь өгөх өглөгтэй байгаа би тэднийг дүү нар болохоор нь нэхэхгүй явсаар өдийг хүрсэн байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ***нь *******тэй 2012 оноос хойш хамтран амьдарч 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү *******төрж бүхий л хугацаанд миний бие эцэг, нөхрийн үүргийг биелүүлж ирсэн. Гэтэл ******* нь архи, дарс байнга хэтрүүлэн хэрэглэж намайг хөдөө явсан хойгуур хүү ***ыг айлгаж ална гэж хүчирхийлэл үйлддэг болсон. Үүнээс нь болж гэр бүлд маргаан үүсэх болсон. Одоо тусдаа амьдраад гурван сар болж байна. Гэтэл ******* нь алдаагаа ухаарч залруулахын оронд илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч *******д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны хооронд *** банкны *** данс мөн *** дансанд нь нийт 3,511,000 төгрөг шилжүүлсэн. Хамтын амьдралын явцад хамт амьдарч хөлслөн сууж байсан 1-15-40 тоот хоёр өрөө орон сууцны төлбөрт 5,970,000 төгрөг, нийт 9,481,000 төгрөгийг зарцуулсан. Үүнийг мэдэж байгаа мөртлөө эгч ******* болон надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт ******* уг асуудлаар нэхэмжлэл гаргасан тул миний бие хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч *******эс 9,481,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* *******нь мөнгөний хэрэг гараад байна. Мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би ажилгүй гэртээ суугаа болохоор гуйх болгонд нь цувуулаад их бага хэмжээгээр зээлдэг байсан. ******* *******таниас зээлсэн мөнгөө мөнгөний боломжтой болохоороо төлнө гээд авдаг байсан. 2020 оноос 2023 оны хооронд 4,775,000 төгрөгийг надаас зээлсэн байна. Үүнд: 2020.09.29-ний өдөр 400,000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 5,000 төгрөг, 2021.10.11-нд 5,000 төгрөг, 2021.12.04-ний 170,000 төгрөг, 2022.01.16-ны өдөр 80,000 төгрөг, 2022.01.20-ны өдөр 100,000 төгрөг, 2022.01.21-ны өдөр 100,000 төгрөг, 2022.02.25-ны өдөр 50,000 төгрөг, 2022.03.27-ны өдөр 550,000 төгрөг, 2022.03.31-ний өдөр 100,000 төгрөг, 2022.04.11-ний өдөр 200,000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 75,000 төгрөг, 2022.04.23-ны өдөр 80,000 төгрөг, 2022.06.21-ний өдөр 120,000 төгрөг, 2022.06.30-ны өдөр 100,000 төгрөг, 2022.07.27-ны өдөр 50,000 төгрөг, 2022.08.03-ны өдөр 150.000 төгрөг, 2022.09.04-ний өдөр 100.000 төгрөг, 2022.10.06-ны өдөр 10,000 төгрөг, 2022.11.02-ны өдөр 50,000 төгрөг, 2022.12.02-ны өдөр 20,000 төгрөг, 2023.03.03-ны өдөр 10,000 төгрөг, 2023.03.16-ны өдөр 10,000 төгрөг, 2023.03.26-ны өдөр 10,000 төгрөг, 2023.03.30-ны өдөр 10,000 төгрөг, 2023.04.02-ны өдөр 200,000 төгрөг, 2023.04.02-ны өдөр 80,000 төгрөг, 2023.04.04-ний өдөр 200,000 төгрөг, 2023.04.06-ны өдөр 475,000 төгрөг, 2023.04.07-ны өдөр 100,000 төгрөг, 2023.04.09-ний өдөр 200,000 төгрөг, 2023.04.10-ны өдөр 50,000 төгрөг, 2023.04.12-ны өдөр 100,000 төгрөг, 2023.04.13-ны өдөр 100,000 төгрөг, 2023.04.18-ны өдөр 20,000 төгрөг, 2023.04.19-ний өдөр 200,000 төгрөг, 2023.04.23-ны өдөр 40,000 төгрөг, 2023.04.25-ны өдөр 20,000 төгрөг, 2023.05.06-ны өдөр 40,000 төгрөг, 2023.05.07-ны өдөр 30,000 төгрөг, 2023.05.11-ний өдөр 10,000 төгрөг, 2023.06.13-ны өдөр 400,000 төгрөгийг тус тус надаас зээлсэн. Гэтэл дээрх зээлсэн мөнгөнөөс боломжтой болохоороо төлнө гэсэн атлаа одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд 4,775,000 төгрөгийг ******* *******гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01705 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан *******оос 7,867,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *******т холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,311,612 төгрөгийг, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч *******ийн 9,481,000 төгрөг гаргуулах, ******* 4,775,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,270 төгрөг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,350 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,646 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 140,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэгдүгээрт:Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуулийн бодит байдалтай нийцээгүй тухайд:******* ******* *******нар нь 2012 оноос 2024 оны 04 дүгээр cap хүртэл 12 жил гарангийн хугацаанд хамтран амьдарсан байх ба энэ хугацаанд тэдний хооронд зээлийн харилцаа огт үүсээгүй. Харин хамтран амьдрах хугацаанд ******* нь эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэж бусдаар дутахааргүй хэрэглээтэй орон сууц тогтмол түрээсэлж  амьдарч ирсэн байдаг. Харин эхнэр ******* хувьд 2022 оноос эхлэн “***” ТӨҮГ-т ажилд орсноос хойш архи дарс тогтмол хэрэглэж, согтуурсан үедээ хүүхдээ ална гэж айлгаснаас болж тэрээр маргаан үүсэж эхэлсэн гэдэг. Гэтэл 2023 онд тэд чамтран цалингийн зээл авсан байх ба уг зээлээр авсан мөнгөн хөрөнгөө хамтын амьдралын хэрэгцээндээ зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд хамтран арилжааны банкнаас авсан зээлийн үүрэг дуусгавар болоогүй байхад ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнээд тэрээр бүр хүү шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг хийж улмаар зээлийн хүү хувь хүнээс авсан зээл 514,800 төгрөг, 10,000,000 төгрөгөөс бодсон хүү гэж 660,000 төгрөг гэж улмаар 5,000,000 /цалингийн зээл/ +660,000 /цалингийн зээлийн хүү/ +1,950,000 /*******авсан зээл/ +257,400 /***зээлийн хүү/- 7,867,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, хамт амьдарч байгаад хамтдаа захиран зарцуулаад хэрэглээд дууссан мөнгөн хөрөнгийг хожим нь зээл гэж худал үндэслэл зааж нэхэмжлэл гаргасныг шүүх хэт нэг талыг барьж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэгэнт талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримталж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хохирол юмуу, зээлийн гэрээний үүрэг юмуу гэх эргэлзээтэй байдлыг үүсгэж, улмаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг зөрчиж байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгч банкнаас авсан зээлийг шаардах эрхгүй тухайд: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба *******ийн хамтран үүрэг гүйцэтгэхээр хүлээсэн үүрэг хэвээр байсаар байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээр уг зээлийн зарим хэсгийг болон банкны зээлийн гэрээнд зааснаар өөрөөр тооцоолон гаргуулж хамтран үүрэг гүйцэтгэгч болох ******* ***олгохоор шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Ингэж үзэх учир нь ******* *******болон ******* нарын банкны өмнө хүлээсэн гэрээний үүрэг болох зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451.1-д зааснаар хэвээр хадгалагдаж байхад банканд төлөгдөөгүй зээлийг ******* банкны өмнөөс нэхэмжилж байхад уг үүргийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан гэрээний үүрэг гэж өөрчилж тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнээс үзвэл ******* нь цаашид банкнаас авсан зээлээ төлөөгүй тохиололд ******* хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд мөн л банкны өмнө зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдаж байгааг шүүх анхаараагүйгээс 1 удаагийн зээлийг ******* нь хамтран зээлдэгч *******д 1 удаа, банкинд 1 удаа гээд нийтдээ 2 удаа төлөх үүргийг хүлээх болж байгаад гомдолтой байна. Гуравдугаарт: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулна гэж хэлээд улмаар хоорондоо зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулсанг анхан шатны шүүхээс анхаараагүй тухайд:Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хэнээс юуг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд миний бие уг асуудлаар удаа дараа тайлбар, хүсэлт гаргаж байсныг анхан шатны шүүхээс хүлээн авч хангаагүй. Гэтэл уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь өөр нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж, улмаар хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ зөрүүтэй тодорхойлж, түүний өмгөөлөгч Б.Баасанжав нь үйлчлүүлэгчээсээ өөрөөр тодорхойлох болж хожим нь хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа талаараа хоорондоо маргаад улмаар уг тодруулж байгаа гэх шаардлагаа өөрсдөө ч ойлголгүй шүүх хуралдаан дууссан. Гэтэл анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэгчийг нь бичгээр гаргуулан аваагүй нь нэхэмжлэгчийн хүсэж байсан шаардлагыг өмгөөлөгч нь өөрчилснөөр дууссан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хоорондоо зөрүүтэй байгаа тохиолдолд иргэний хэрэг үүсгэхгүйгээр зохицуулсан байхад тодорхойгүй, ойлгомжгүй шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж байгаа нь үндэслэлгүй болно. Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шаардлага үндэслэлээ өөр өөрөөр тодорхойлж байсан байдал нь эцэстээ уг нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг илтгэсээр байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж *******оос 7,867,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1705 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 29,464,021 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан байр хөлсөлсний зардал “9,481,000 төгрөг гаргуулах” тухай, хариуцагч ******* нь  нэхэмжлэгч *******д холбогдуулан хэрэглээний зардал   “4,775,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан *******оос 7,867,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *******т холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,311,612 төгрөгийг, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч *******ийн 9,481,000 төгрөг гаргуулах, ******* 4,775,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* банкнаас 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, 14.4 хувийн хүүтэй авч, батлан даагчаар хариуцагч ******* орсон ба зээлээс нэхэмжлэгч *** ээжээс авсан гэх 3,900,000 төгрөгийг төлж, 1,000,000 төгрөгийг утасны төлбөрт, 10,000,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь ******* нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү 22,570,818 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулна, хариуцагч *******оос нийт 18,178,612 төгрөг, нийт 29,464,021 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *******тоос 7,867,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *******тоос 7,537,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нь *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,641,212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

 Шүүхээс *******оос гар утас зээлээр авсан зээлийн 5,999,900 төгрөгийн тавин хувь 2,999,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 7,786,506 төгрөгийн 50 хувь болох 3,893,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч *******эс зээл, зээлийн хүү нийт 11,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч *******, ******* нарын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх зохигчдын  хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчийн  хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141,000 төгрөгийг төрийн сангаас буцаах олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2024/01705 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг”... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан *******оос 7,867,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *******т холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10,311,612 төгрөгийг, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч *******ийн 9,481,000 төгрөг гаргуулах, ******* 4,775,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг ”... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-д зааснаар хариуцагч *******оос 7,537,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээс шаардлагаас 10,641,212  төгрөгийг, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэл, хариуцагч *******ийн байр хөлсөлсний зардал 9,481,000 төгрөг, ******* хэрэглээний зардал 4,775,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,270 төгрөг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,350 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,646 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 140,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,270 төгрөг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,350 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,646 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******оос 135,538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141,000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧ                                      Л.ХИШИГДЭЛГЭР

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР