| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0646/Э |
| Дугаар | 658 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 658
2019 7 04 2019/ШЦТ/658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Хохирогч М.Уянга,
Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гд холбогдох эрүүгийн 1808058080138 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Газарчин 6 дугаар гудамж 13 тоотод оршин суух, урьд:
2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хорих ял дээр 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж биечилэн эдлэх ялыг 688 цагийн хугацаагаар тогтоосон,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КФС” түргэн хоолны газрын ажилчдын өрөө буюу гадны хүн орохыг хориглосон байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байран нэвтэрч иргэн М.Уянгын эзэмшлийн түрийвчнээс бэлэн 349.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 349.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 67 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Повер мотрешион” нэртэй дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Г.Цогтжаргалын эзэмшлийн самсунг галакси эс-8 пласс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн нэгдүгээр давхарт байрлах “Кебаб хаус” гэх түргэн хоолны газрын лангуун дээрээс иргэн Г.Наян-Эрдэний эзэмшлийн Huawei Р9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 719.100 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” нэртэй барьцаалан газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг галакси А-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 24-ний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн Номадс” ресторанаар үйлчлүүлж байсан иргэн П.Тунгалагийн эзэмшлийн “Самсунг галакси жи-6 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 559.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ариун цэврийн өрөө рүү орох гээд найзтайгаа KFC-ийн түргэн хоолны цэг рүү орсон. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор ариун цэврийн өрөөг нь мэдэхгүй байсан. Тэгээд ах, эгч хоёроос асуусан. Тэгээд ариун цэврийн өрөө доор байгаа гэж хэлсэн. Доошоо ороход онгорхой бор өнгийн хаалга байсан. Тийшээ ороод цүнхийг нь онгойлгоод түрийвчинд байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад тавьсан. Тэгээд гарч явж байгаад KFC-ийн ажилтантай таарсан. Тэр KFC-ийн ажилтан эгч хүн орж болохгүй өрөө шүү дээ гэхээр нь уучлаарай гэж хэлээд явсан....” гэв.
Хохирогч М.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай ажилчдын өрөөний үүдэн дээр гадны хүн орохыг хориглоно гэсэн бичиг байдаг. Доошоо ороход ариун цэврийн өрөө нээлттэй байдаг. Хүн харахад тодорхой. Шүүгдэгч нь манай өрөө рүү орохдоо ганцаараа биш хоёулаа орсон. Ганбаатар нь бичиг үсэг мэдэхгүй байсан ч гэсэн хамт явж байсан хүнээрээ уншуулах боломжтой. Бичлэгээр манай өрөө рүү оронгуутаа бүх хувцасны шүүгээг ухаж үзсэн. Хамгийн сүүлд хоёулаа гарсан. Буцаж эргээд нэг нь орж ирээд хаалганы хажууд байсан миний шүүгээг онгойлгоод түрийвчнээс мөнгийг нь аваад явж байсан...” гэв.
Эрүүгийн 1808058080138 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон дотор үйл ажиллагаа явуулдаг “Кебаб” хаус нэртэй цайны газар юм идэх гэж ороод тухайн газрын лангуун дээр цэнэглэж байсан гар утсыг хулгайлж аваад Хархорин зах дээр 170.000 төгрөгөөр зарсан. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14-15 цагийн орчим Баянхошууны шинэ эцсийн буудал дээр явж байгаад даараад дулаацах гээд “Сайн” ломбард руу ортол нэг эгчийн куртикны баруун талын халааснаас хар өнгийн гар утас цухуйгаад байхаар нь гар утсыг хулгайлж 100 айлын тэнд явуулын ах эгч хоёрт 90.000 төгрөгөөр зарсан. Би 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркурыгийн урд талын 5 давхар байранд байрлах уураг зардаг дэлгүүрт уурагны эм асуух гэж ороход хүмүүс нь цаад талын өрөөндөө сууж байсан. Миний орсон өрөөнд хүн байгаагүй бөгөөд юм авъя гэж хэлэхэд хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь би текен дээр нь байсан Самсунг галакси эс-8 плас маркын гар утсыг аваад гарсан. Уг гар утсыг Монтел дээр 200.000 төгрөгөөр нэг эгчид зарсан. 2018 оны 6 дугаар сарын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газраас ус авах гээд Бат-Эрдэнэтэй ороод ариун цэврийн өрөө хаана байгааг асуугаад доошоо буусан. Бор өнгийн хаалгаар дотогш орсон. Тэгээд ариун цэврийн өрөө биш байхаар нь гарах гэтэл нэг сейф онгорхой байхаар нь очоод хартал дотор нь цүнх нь онгорхой дээр нь түрийвч тавьсан байсан. Түрийвчин дотор 350.000 орчим төгрөг байсан. Уг мөнгийг аваад оймсон дотроо хийгээд түрийвчийг нь буцаан байрлуулаад тавьсан. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би мөнгөгүй байсан учир автобусны мөнгө хийе гэж бодоод шоколад зарахаар болсон. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модерн номадс орсон. Нэг эгч суух байхаар нь шоколад авах уу гэж асууж байгаад шоколадаа утсан дээр нь тавиад хулгайлсан. Хулгайлсан утсаа 100.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48, 101-103, 162, 200, 234 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Наян-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн 1 давхарт байрлах Кебаб хаус-д ажиллаж байх үедээ өөрийн гар утсаа лангууны хажуу талд цүнхэн дотроо хийчихсэн цэнэглээд орхисон байх үед гар утсаа хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батбаясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гар утас худалдаж авахаар Хархорин захын замын хойд талын гар утас худалдааны төв орчмоор явж байтал миний үеийн нэг залуу 2 охинтой гар утас авах уу гэсэн. Миний өөрийн шинэ гар утас яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гээд надад 170.000 төгрөгөөр зарсан. 170.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд “...Хар хөх өнгийн арын таган дээрээ Huawei гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэгийг хураан авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хар өнгийн Huawei 9 plus гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 30-33 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Huawei 9 plus гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 719.100 /долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Сайн ломбарднаас гараад ТҮЦ орж тамхи авчихаад машиндаа орж суугаад хар өнгийн самсунг А6 маркын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай охин Энхтуяа гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Гар утсаа ломбарданд үйлчлүүлж байхдаа алдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг А6 загварын гар утас нь 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Хохирогч Н.Цогжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 67 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Повер мотрошион” дэлгүүртээ сууж байгаад лангуун дээр өөрийн Самсунг эс-8 плас загварын гар утсаа тавиад дэлгүүрийн хажуу талын оффисын өрөөнд сууж байхад гаднаас үл таних хүн ирээд миний гар утсыг хулгайлаад явсан. Дэлгүүрийнхээ хяналтын камерийн бичлэгийг шүүхэд гаднаас үл таних хоёр эрэгтэй хүн орж ирээд саравчтай малгайтай цэнхэр цамцтай залуу нь дэлгүүрийн лангуун дээр байсан миний гар утсыг аваад гарч байгаа дүрс бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119-120, 127 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би фейсбүүк үзэж байгаад утас зарна гэсэн зарын дагуу холбогдож Самсунг эс-8 плас маркын гар утсыг үл таних хүнээс 880.000 төгрөгөөр худалдаж авсан. 880.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг галакси эс-8 плас загварын гар утас болно. Тус үнэглэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 137-143 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “...1 ширхэг Самсунг эс-8 маркын гар утсыг хүлээн авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 157 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...1 ширхэг Самсунг эс-8 маркын гар утсыг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 159 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 190-196 дугаар хуудас/,
Хохирогч М.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын 17-ны би хувцас солих өрөөнд өөрийн нэртэй шүүгээнд өөрийнхөө цүнх хувцас эд зүйлсийг хийсэн ба цүнхэнд байсан түрийвчин дотор бэлнээр 349.000 төгрөг байсан. Надтай хамт ажилладаг охин намайг “доошоо буугаад ир менежер дуудаж байна, таны түрийвчнээс мөнгө аваад явчихсан юм шиг байна” гэхээр нь өөрийнхөө түрийвчийг үзтэл миний 349.000 төгрөг байхгүй байсан. Камерын бичлэг шүүж үзэхэд гаднаас үл таних 17-25 орчим насны 2 эрэгтэй орж ирээд доошоо шатаар бууж хувцас солих өрөө рүү ороод эхлээд Төрөө гэдэг хүүхдийн шкафыг онгойлгож үзээд дараагаар нь Солонгоогийн шүүгээг онгойлгож үзсэнээ гарч яваад буцаж орж ирээд нэг нь миний шүүгээг онгойлгоод түрийвчнээс мөнгийг аваад гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177, 184 дүгээр хуудас/,
Гэрч Э.Мөнхнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай ажилтан манай байгууллагын ажилчдын хувцас сольдог өрөөнд хүн ороод гарч байхыг харсан талаараа хэлсэн. Хяналтын камерыг шүүгээд үзэхэд үл таних хоёр хүн шүүгээг нээж үзээд тэгээд сүүлд нь манай ажилтан Уянга эгчийн шүүгээг нээж үзээд юм авч гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187 дугаар хуудас/,
Гэрч Э.Сандуйжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уянга эгч намайг түрийвчнээс 1000 төгрөг аваад ир гэхээр нь түрийвчнээс нь 1000 төгрөг авах үед их хэмжээний мөнгө байсныг харсан тоолж үзээгүй. Мөнгө авах үед гаднаас өөр хүн байгаагүй. Камерын бичлэг дээр тодорхой харагдах байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188 дугаар хуудас/,
Хохирогч П.Тунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Модерн номадс гэх ресторанд ажлын хамт олон болон аймгуудын статистикийн хэлтсийн дарга нартай уулзалт хийж суусан. Би гар утсаа ширээний гол хэсэгт байрлуулсан байсан. Нэг залуу “шоколад авах уу” үзүүлэхдээ гар утас дээр хааж байрлуулж байгаад гарахдаа утас хамт аваад гарсан байсан. Жи-6 плас гэх гар утас байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 216-217, 223-224 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг галакси Жи-6 плас маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 559.200 /таван зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 227 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/, гэрч В.Мөнх-Эрдэний мэдүүлэг /2 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас/, шийтгэх тогтоолуудын баталгаажуулсан хуулбар /2 дугаар хх-ийн 9-17, / шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь:
2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КFС” түргэн хоолны газрын ажилчдын өрөө буюу гадны хүн орохыг хориглосон байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч өрөөний шүүгээнд байсан иргэн М.Уянгын эзэмшлийн түрийвчнээс бэлэн 349.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 349.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 67 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Повер мотрешион” нэртэй дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Г.Цогтжаргалын эзэмшлийн “Samsung galaxy s-8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн нэгдүгээр давхарт байрлах “Кебаб хаус” гэх түргэн хоолны газрын лангуун дээрээс иргэн Г.Наян-Эрдэний эзэмшлийн “Huawei Р9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 719.100 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” нэртэй барьцаалан газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Энхтуяагийн халааснаас “Samsung galaxy А-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 24-ний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модерн Номадс” ресторанаар үйлчлүүлж байсан иргэн П.Тунгалагийн эзэмшлийн “Samsung galaxy J-6 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 559.200 төгрөгийн нийт 3.707.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,
Хохирогч М.Уянга, хохирогч Г.Цогжаргал, насанд хүрээгүй хохирогч Г.Наян-Эрдэнэ, хохирогч Б.Энхтуяа, хохирогч П.Тунгалаг нарын мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнай, Б.Батбаясгалан нарын мэдүүлэг,
Гэрч Э.Мөнхнасан, Э.Сандуйжав, Ц.Цэцэгмаа нарын мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,
Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Э.Г нь өөрийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж байнга үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, хохирогч нарт мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас тэдгээрт эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Хаалгыг цоожлоогүй, харуул хамгаалалтгүй, гадны хүн орж болохгүй гэснийг хүндрүүлж үзэхгүй. Шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй, ажилчидын өрөө гэж мэдээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч М.Уянгын “...бичлэгээр манай өрөө рүү оронгуутаа бүх хувцасны шүүгээг ухаж үзсэн. Миний шүүгээг онгойлгоод түрийвчнээс мөнгийг аваад явж байсан...манай өрөөний хажууд ариун цэврийн өрөө байдаг...” гэж мэдүүлж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “...шатаар доош буухад эгц урдаас бор өнгийн хаалгатай гадны хүн орохыг хориглоно гэсэн бичигтэй хаалга байх ба цааш хулгай орсон гэх өрөөний гадна талаас үзлэг хийхэд уг өрөө рүү ороход баруун зүгт нарийн коридор байх ба коридороор урагш ороход урд болон хойд талын хана дагуу төмөр шкафууд байв...” гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Э.Г нь хулгай хийх нөхцөл боломжийг хайж, өрөөг нээх даруйд олон шургуулга бүхий шкаф байгааг харж орох эрхгүйгээ мэдсээр байж шууд нэвтэрч уг шкафуудыг нээж үзэн дотор байгаа эд зүйлсийг нэгжиж, улмаар хохирогчийн мөнгөн хөрөнгийг хулгайлсан байна.
Өөрөөр хэлбэл Э.Г нь тухайн олон нийтэд хоол хүнсээр үйлчлэх зориулалттай “КFС” түргэн хоолны газрын ажилчидын хувцас солих өрөөнд нэвтрэх эрхгүй төдийгүй, гэмт үйлдлээ эхлэхээс өмнө өрөөнд орж болохгүйгээ мэдсэнээс гадна тухайн өрөөг тусгайлан хамгаалаагүй, хаалга түгжээгүй байсан эсэхээс үл хамаарч тэрээр орох эрхгүй хэрнээ бусдаас нууц далд аргаар тухайн өрөөнд сэм орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь түүнийг хууль бусаар үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрсэн гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, бодит бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Гаас хохирогч Г.Цогжаргалд 1.280.000 төгрөг, хохирогч Г.Наян-Эрдэнэд 719.100 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч Э.Гаас нийт 2.758.200 төгрөгийг гаргуулж, 349.000 төгрөгийг хохирогч М.Уянгад, 800.000 төгрөгийг хохирогч Б.Энхтуяад, 559.200 төгрөгийг хохирогч П.Тунгалагт, 880.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнайд, 170.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Батбаясгаланд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Э.Г нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж биечилэн эдлэх ялыг 688 цагийн хугацаагаар тогтоосон байх ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр уг ялыг эдлээгүй болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож /688:8=86/ 86 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Г нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Гг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Гыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 688 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн /688:8=86/ 86 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэх хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 2.758.200 төгрөгийг гаргуулж, 349.000 төгрөгийг хохирогч М.Уянгад, 800.000 төгрөгийг хохирогч Б.Энхтуяад, 559.200 төгрөгийг хохирогч П.Тунгалагт, 880.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнайд, 170.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Батбаясгаланд тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН