Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00010

 

Б.Дуламсүрэнд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0041/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

           Шүүгдэгч: Б.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,  

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар цагаатгах тогтоолтой шүүгдэгч Б.Дуламсүрэнд холбогдох 201622000753 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  төрсөн, 31 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Лувсандорж овогт Баярсайханы Дуламсүрэн /регистрийн дугаар НЧ86032405/.

Шүүгдэгч Б.Дуламсүрэн нь Бүтэн-Оргил ХХК-ийн Оргил бөөний худалдааны төвд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн өгсөн барааг завшиж нийт 1 622 520 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Лувсандорж овогт Баярсайханы Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Ариунжаргал нь Б.Дуламсүрэнгээс нэхэмжилсэн хохирол              1 622 520 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Дуламсүрэн нь "Бүтэн оргил" ХХК-иас цалин, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 201622000753 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: …Хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гэрч А.Мандалтуяагийн өгсөн “Бараа хүлээлцэхээс өмнө би Даариймаа, Дуламсүрэн 2-т та 2 барааг хүлээж авч хүлээлгэж өгч байгаа учир хамтдаа бараагаа нүд харж тоолоорой гэж хэлсэн. Тэр 2-ын тоолсон барааг би тооллогын машинд оруулж барааг тоолж дуусгасан. Дуламсүрэн барааг өөрөө хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед дутаж байна гэж юм хэлж байгаагүй. Үлдэгдэл барааны жагсаалтыг нэг бүрчлэн Дуламсүрэнд гаргаж өгсөн. Бараа тоолоход дутагдал нь дутагдлаараа гардаг... Дуламсүрэн анх бараагаа хүлээж авчихаад орой нь миний өгсөн баримттай барааг тулгаж үзээд яваад байсан.” /хх-ийн 88-90-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч О.Даариймаагийн өгсөн Барааг Дуламсүрэн гэдэг эмэгтэй хүлээлгэн өгөх явцад Мандалтуяа байсан. Мандалтуяа барааг тооллогын машинд уншуулж байсан. Би барааг тоолж үзүүлэхэд Дуламсүрэн үгүй би өөрөө тоолно гээд барааг нэг бүрчлэн үзэж тоолоод байхаар нь би юм дуугаралгүй хажууд нь хараад зогсож байсан. Дуламсүрэн ямар нэг барааг дутаалгүй тоолж авсан. Тэр битгий хэл миний тоолсон барааг Мандалтуяад бичүүлэхдээ дутуу бичүүлсэн байхаар нь наад тоо чинь гээд дахин хамтдаа тоолоход миний тоолсон зөв байсан.” /хх-ийн 95-97-р хуудас/ гэх мэдүүлгүүдэд барааг бүрэн тоолж өгсөн, Дуламсүрэн өөрөө тоолж аваад тоологын дүнг хүлээн зөвшөөрч байсан талаар мэдүүлсэн байхад зөвхөн шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг барааг бүрэн хүлээж аваагүй гэж дүгнэсэн, гэрч А.Мандалтуяа, О.Даариймаа нарын мэдүүлгүүд болон бусад яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн эд хөрөнгө, барааг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүний гарын үсэггүй, барааны тооллогын хуудас, барааны тооллогын илүү дутагдлын тайланд 1 622 520 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун хорин мянган/ төгрөг дутагдуулсан талаар тооллого хүлээн зөвшөөрсөн эсэх талаар танилцуулсан баримтан дээр шүүгдэгчийн гарын үсэг байхгүй байгаа нь Б.Дуламсүрэнд барааг хүлээлцсэн гэх нотлох баримт нь хангалттай тогтоогдохгүй гэж дүгнэжээ. Гэвч Б.Дуламсүрэн нь барааг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч тус дэлгүүрт зургаа хоногийн турш ажилласан бөгөөд энэ хугацаанд бараа дутуу тоолж авсан мөн бараа дутсан талаар ямар нэг гомдол гаргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч, гэрчүүд мөн яллагдагчийн өөрийнх нь хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Харин гарын үсэг зурах асуудал нь барааг хүлээн авснаа хүлээн зөвшөөрөөд түүнийгээ баталгаажуулж байгаа хэрэг юм. Б.Дуламсүрэн нь барааг хүлээж авснаа ухамсарлаж ойлгосон ба хүлээн зөвшөөрсөн, түүний хүсэл зоригийн эсрэг ямар нэг байдлаар барааг түүнд дутуу хүлээлгэн өгөөгүй болохыг өөрийн бодит үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч Б.Дуламсүрэнтэй “Бүтэн-Оргил” ХХК нь барааг хүлээлгэн өгч итгэмжлэн хариуцуулсан гэрээ байгуулаагүй тухайн гэмт хэргийн субьект болохгүй гэж үзсэн учир уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар бус харин мөн хуулийн 152 дугаар зүйл буюу “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших” гэсэн зүйл ангиар зүйлчилсэн болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ:” 28.2.4 дэх хэсэгт сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох, шинжээч томилох, хөндлөнгийн гэрчээр оролцуулах;” гэж заасан байхад тогтоолд “Бүтэн-Оргил ХХК нь өөрийн компанийг төлөөлж Д.Ариунжаргалыг хохирогчоор тогтоож, томилсон баримт байхгүй” гэж дурдсан нь уг компанид хуулиар тийм эрх олгогдоогүй учир боломжгүй юм. Харин Бүтэн-Оргил ХХК нь иргэн Батбаяр, Д.Ариунжаргал нарын гэр бүлийн дундын өмчлөлийн компани учир Гэр бүлийн тухай хуулиар Д.Ариунжаргал нь уг компанийн тодорхой хэсгийн өмчлөгч гэж үзэж болохоор байна. Иймд Д.Ариунжаргалыг хохирогчоор тогтоолгохоор томилох шаардлагагүй байна. Тогтоолд “Мөн СD-д хийсэн бичлэгээр шүүгдэгч Б.Дуламсүрэнгийн хийж буй үйлдлийн зарим хэсэг нь харагдаж байгаа боловч хэрэг бүртгэгч Б.Ганчимэгийн үйлдсэн “камерийн бичлэг нь техникийн шаардлага хангагдахгүй бүдэг дүрс бичлэгүүд бичигдсэн” гэх тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч нь хэдэн төгрөг авч захиран зарцуулсан хаанаас мөнгө авч хэнд өгч байгаа нь тодорхойгүй байна.”гэж дурджээ. Гэтэл хэрэг бүртгэгч Б.Ганчимэгийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд удаа дараагийн үйлдлээр орлогын мөнгөний хайрцагнаас мөнгө авч цүнхэндээ хийж байгаа нь бичигдсэн байна гэж байхад уг нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Б.Дуламсүрэн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд кассийн орлогын хайрцагнаас мөнгө авч цүнхэндээ хийснээ хүлээн зөвшөөрдөг. Харин хэдэн төгрөгийн хэдэн ширхэг дэвсгэрт авч байгаа нь камерийн бичлэг техникийн шаардлага хангахгүй бүдэг байгаагаас харагдахгүй байгаа нь Б.Дуламсүрэнг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2 дахь хэсэгт “Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараах зүйлийг шийдвэрлэнэ”, 291.2.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, 291.2.2 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих” гэж заасан байхад шүүгч тогтоолынхоо тодорхойлох болон тогтоох хэсэгтээ “хохирогч Д.Ариунжаргал нь шүүгдэгч Б.Дуламсүрэнгээс 1 622 520 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун хорин мянган/ төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаагаас гадна шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт “Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй” гэж заасан шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно.”, 24.1.1 дэх хэсэгт “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:” 208.1.2 нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал;” гэж заасан байдаг. Гэтэл уг тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.Дуламсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүхээс үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.” мөн тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Лувсандорж овогт Баярсайханы Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэсэн нь хуулийн аль зүйл хэсгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт “ Шүүхийн тогтоол шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасан байхад тогтоолын тэргүү хэсэгт цагаатгах тогтоол гэсэн атлаа тогтоох хэсгийн 5-д “Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дуламсүрэнд урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.” 6-д “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн нь уг тогтоол ямар хэлбэртэй гарсан нь тодорхойгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд уг тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд Б.Дуламсүрэн нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр улсын яллагчийн эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: МУ-ын Үндсэн хуульд зааснаар Б.Дуламсүрэн нь “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн түүний “эрх чөлөөг нь хязгаарлах”-ыг хэнд ч зөвшөөрөөгүй юм. Улсын яллагч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Дуламсүрэнг яллах бүхий л баримтыг цуглуулж түүний үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж эрх чөлөөг нь хязгаарлуулахаар бүхий л яллах талын нотлох баримтууд дээр тулгуурлан ажилласан. Харин шүүх Б.Дуламсүрэнгийн үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдахыг нэн тэргүүний зорилго болголгүй хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан Б.Дуламсүрэнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь түүний “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг хүндэтгэсэн, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхийн цагаатгах тогтоол нь МУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн Гэм буруугүйд тооцох” зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд”-д нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь, улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан “... барааг тоолж өгсөн, Дуламсүрэн өөрөө тоолж аваад тооллогын дүнг хүлээн зөвшөөрч байсан талаар мэдүүлсэн /энэ нь гэрчүүдийн мэдүүлэг/ байхад зөвхөн шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг барааг бүрэн хүлээж аваагүй гэж дүгнэсэн гэснээс харахад Дуламсүрэнг эд хөрөнгө завшсан гэж үзэж гомдол гаргасан тал болох “Бүтэн Оргил” ХХК-тэй нэгдмэл сонирхолтой А.Мандалтуяа /нягтлан бодогч/, О.Даариймаа /Дуламсүрэнд бараа хүлээлгэн өгсөн гэх эмэгтэй/ нарын мэдүүлгүүдийг үнэлэх ёстой байсан гэж улсын яллагч үзэж байгаа нь илт байна. А.Мандалтуяа нь нягтлан бодогчийн хувьд өөрийн ажилладаг компаниа хамгаалах, О.Даариймаа нь Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн гэх ажлаа хамгаалах сонирхолтой болох нь нэгэнт илэрхий. Гэрчүүдийн мэдүүлгүүд хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэхийг шүүх хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргах учиртай. Тийм ч учраас хараат бус шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зарчимд нийцсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд “...Гэвч Дуламсүрэн нь барааг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч тус дэлгүүрт 6 хоногийн турш ажилласан, энэ хугацаанд бараа дутуу тоолж авсан, бараа дутсан талаар ямар нэг гомдол гаргаагүй” гэж Дуламсүрэнг барааг хүлээн авсан мэтээр тайлбарлан, цагаатгах тогтоолыг эсэргүүцэж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Дуламсүрэнд анх барааг хүлээлгэж өгөхдөө ч, ажиллаж байх хугацаанд нь ч нэг бүрчлэн тоолж авах ямар ч боломж олгоогүй, барааг хайрцаг хайрцгаар нь гаднаас нь нүд харж тоолсон, хүлээлгэн өгсөн гэх, хүлээлгэн өгөхдөө “бараа бүрэн гэх баталгааг Даариймаа гаргаж" хурдан тооллогыг дуусгахыг шаардаж байсан, дэлгүүрийн түлхүүр 2 худалдагчид хадгалагдаж, бусад ажилтнуудын эрхшээлд нээж, хаадаг, байнга үйлчлүүлэгчтэй байдаг, ганцаараа ажилладаг, агуулахад байх барааг тоолоод хажуугаар нь үйлчлүүлэгч нарт бараагаа зарах ямар ч боломж байхгүй байсан зэргээр улсын яллагчийн эсэргүүцэл бодит байдалд нийцэхгүй, хэтэрхий хийсвэр болох нь харагдаж байна. Дуламсүрэнд эд хөрөнгө хүлээлгэн өгсөн ямар ч акт баримт үйлдээгүй нь “Бүтэн Оргил” ХХК-ийн удирдлагууд болон ажилтнуудын хариуцлагагүй явдал бөгөөд Дуламсүрэнг өнөөдрийг хүртэл эд хөрөнгө завшсан хэрэгт гүтгэж, сэрдэн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар залхаан цээрлүүлж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Үндсэндээ Дуламсүрэнд холбогдох хэрэг гэх энэхүү хэрэг “Бүтэн-Оргил” ХХК-ийн өөрийн хариуцлагагүй байдал, ажилтнуудынх нь ажилдаа хандаж байгаа хандлага, удирдлагуудын зүгээс тавьж буй хяналт, санхүүгийн тайлагналын байдал нь эмх цэгцгүй, замбараагүй, нягтлан бодох бүртгэл нь хууль, стандартын дагуу явагддаггүй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл хөхүүл хүүхэдтэй нэг ядарсан эмэгтэйг хэдэн сарын турш хардаж сэрдэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэж байгаагаа үүгээр дахин тодотгоё. Улсын яллагч хуулийн этгээд ба иргэний хоорондын өмчлөх эрхийн харилцааг буруу тайлбарлан эсэргүүцэл бичжээ. Хуулийн этгээд нь өөрийн гэсэн удирдлагатай, түүгээрээ дамжуулж эрхээ хэрэгжүүлдэг, эрхээ удирдлага нь хэрэгжүүлэх боломжгүй бол хуулийн этгээдийн аль нэг ажилтан албан тушаалтанд итгэмжлэл олгон түүгээр дамжуулж эрхээ хэрэгжүүлж гомдол, нэхэмжлэл гарган ажиллах учиртай. Хэдийгээр Д.Ариунжаргал нь “Бүтэн Оргил” ХХК-ийн захирал Батбаярын гэр бүлийн гишүүн, тус компанийн захирлын доод албан тушаалтан гэх боловч хуулийн этгээдийн хувьд хэрэгжүүлэх эрхийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй юм. Иймд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Улсын яллагч “...хэдэн төгрөгийн хэдэн ширхэг дэвсгэрт авч байгаа нь камерийн бичлэг техникийн шаардлага хангахгүй бүдэг байгаагаас харагдахгүй байгаа нь Дуламсүрэнг гэм буруугүй үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэжээ. Эсрэгээр нь ямар ч байсан мөнгө авч л байгаа юм чинь энэ Дуламсүрэн 1,622,520 төгрөг авчихсан юм байна гэж “сохроор дүгнэж” яллах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тийм ч учраас шүүх шүүгдэгчид /Дуламсүрэнд/ ашигтайгаар хэргийг шийдвэрлэх зарчимд нийцүүлэн шийдвэрээ гаргаж Дуламсүрэнг цагаатгасан гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан хуулийн заалт, үг үсэг дутаа бичсэн гэх үндэслэлүүд нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж иргэн Дуламсүрэнг хийгээгүй хэргийнх нь төлөө дахин залхаан цээрлүүлэх, сэтгэл санааны дарамтанд оруулах үндэслэл шалтгаан болохгүй гэж үзэж байна. Цагаатгах тогтоол харин ч “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” гарсан. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Дуламсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1,2-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүхээс үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж илэрхий ойлгомжтойгоор шүүгдэгч Дуламсүрэнгийн эрх зүйн байдлыг тодорхойлсон. Иймд Б.Дуламсүрэнд холбогдох хэрэгт улсын яллагчийн зүгээс гаргасан давж заалдах эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Б.Дуламсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан материалуудыг хянаж үзэхэд компанийн нягтлан бодогч Д.Ариунжаргалыг энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан байна. Гэтэл Бүтэн оргил ХХКомпаниас Д.Ариунжаргалыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй, Д.Ариунжаргал нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад хохирогч, иргэний нэхэмжлэгч гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйлийг зөрчжээ.

Мөн Ихэр мөрөн-Аудит ХХКомпаниас дүгнэлт гаргах боломжгүй гэх баримт хэрэгт авагдсан байна /хх-ийн 25-р тал/. Гэтэл хэрэг бүртгэгч, прокурор, шүүхээс уг компанийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар томилсон баримт хэрэгт авагдаагүй байх тул уг компанийг шинжээч гэж үзэхгүй юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155, 158, 159 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд Б.Дуламсүрэнг хэдэн төгрөгийн эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул дээрх байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Дуламсүрэнгийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318.2.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэрэг прокурорт очтол Б.Дуламсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлал нь эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                                          З.ХОСБАЯР

                                                                                                      Н.БАЯРХҮҮ