| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 123/2023/0054/з |
| Дугаар | 001/ХТ2024/0096 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/0096
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаар шийдвэр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0339 дүгээр магадлалтай
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0315 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг цахимаар оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.
3.Хариуцагчийн хариу тайлбар: “... Ховд аймгийн Засаг даргын захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийг хуульд заасан 2 үндэслэлээр хүчингүй болгосон. “Б” ХХК нь Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар тус газрыг эзэмшиж эхэлсэн боловч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, нийтийн орон сууц өнөөдрийн байдлаар барьж эхлээгүй байна. “Б” ХХК нь газрын төлбөрийг захирамж гарсан өдрийн байдлаар төлөөгүй байсан нь эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон. Газрын тухай хуульд заасан дээрх үндэслэлүүд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай тайлбар гаргав.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.2.Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад нэр дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох...”-оор заажээ. Дээрх захирамжийн хавсралтын жагсаалтад “Б” ХХК-ийн эзэмшлийн гэх нийт 0,6 га газрын газар эзэмших эрх багтсан байна.
5.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.2.1.“… Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.20-д зааснаас үзвэл барилга барих зориулалтаар газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж зохих зөвшөөрлийг авсны дараагаар үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой байна.
5.2.2.Нэхэмжлэгч компани нь “Г...” ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ББЗТ-01/2022 дугаартай “234 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулсан байх ба гэрээний төлбөрийн урьдчилгаа 50.000.000 /тавин сая/ төгрөгийг төлсөн болох нь гүйцэтгэгч “Г...” ХХК-ийн 2024 оны Т/01 тоот албан бичгээр нотлогдсон ... /гэхдээ/ нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнө барилгын ажлын зураг төслөө хийлгээгүй байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
5.2.3.Хавтаст хэрэгт авагдсан “Үйлчилгээтэй 234 айлын орон сууцны барилга”-ын загвар зураг гэсэн баримтын нүүр хэсгээс үзвэл барилгын ажлын зургийн төсөл дээр захиалагч болон гүйцэтгэгч нарын гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд ... “Батлав” гэсэн хэсэгт аймгийн ерөнхий архитектор гарын үсэг зурахаар “Хянасан” гэх хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга , Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга гарын үсэг зурахаар байх ч гарын үсэг зурагдаагүй...
5.2.4.Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
5.2.5.Газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан үеэс газраа ашиглаж эхлэх 2 жилийн хугацаа тоологдох ба Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон хугацааг эс тооцвол нэхэмжлэгч маргаан бүхий акт гаргахаас өмнө нь газраа гэрээнд заасан болзол нөхцөлийн дагуу ашиглахын тулд юуны өмнө барилгын зураг, төслөө хийлгэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, эзэмшил газраа хашаалснаас өөр хийсэн зүйлгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй.
5.2.6.Газрын төлбөрөө дутуу төлсөн гэх үндэслэлийн тухайд: ... Газрын кадастрын мэдээллийн системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын төлбөр 2020-2022 онд хийгдсэн ногдуулалт бүрэн төлөгдсөн, 2023 оны төлбөр 900.000 (есөн зуун мянган) төгрөг нэхэмжлэл үүссэн төлөвтэй харагдах ба энэ нь Татварын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.
5.2.7.Нэхэмжлэгч нь 2023 оны газрын төлбөрийг он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн байх тул маргаан бүхий акт гарахаас өмнөх байдлаар 1, 2 дугаар улирлын газрын төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзнэ. ...” гэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:
6.1.1.“… Барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээ, хөлс төлсөн баримт, “Үйлчилгээтэй 234 айлын орон сууцны барилга”-ын загвар зураг нь хэрэгт авагдсан боловч тухайн загвар зургийг Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрмийн дагуу хянан баталдаг эрх бүхий этгээдийн аль нэгээр нь гарын үсэг зуруулаагүй байх тул барилга барих үйл ажиллагааны бусдаас шалтгаалах олон үе шатны ажлыг гүйцэтгэсээр барилгын ажлаа эхлүүлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
6.1.2.Тус компани нь анх тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар олж авснаас үзвэл 3 жил 4 сарын хугацаанд (үүнээс Ковид цар тахлын үе тохиолдсонтой холбогдуулан заавал барилгын ажлыг газар дээрээ эхлүүлсэн байхыг шаардахгүйгээр тооцоход) барилгын зураг төслөө эрх бүхий аль нэг этгээдээр ч хянуулж батлуулаагүй байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй.
6.1.3.Энэ талаар хариуцагчийн гаргасан ... газраа зориулалтын дагуу ашиглаж барилгын ажлаа эхлүүлээгүйгээс тухайн үед аймгийн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилго, төлөвлөлт хангагдаагүй ... Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
6.1.4.Харин 2023 оны төлбөрийн тухайд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж заасны дагуу 2023 он дуусаагүй, газрын төлбөрийн жилийн тайлан гарч, эцсийн тооцоо хийгдээгүй байхад 2023 оны төлбөрийг төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь мөн зүйлийн 5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж заасны дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн нь үүрэг болгосон зохицуулалт биш тул бүтэн жилийн төлбөр төлөөгүй гэж үзэхгүй.
6.1.5.Мөн хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №08401-2020/00127 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.6-д Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх гэж зааж хугацаа хэтэрсэн төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олгосон атлаа тухайн жил дуусаагүй байхад уг боломжийг эдлүүлээгүй нь үндэслэлгүй болжээ.
6.1.6.Гэвч дээр дурдсанаар нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасанд нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. ...” гэжээ.
7.Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.1.Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.2.Тус шүүхээс нэхэмжлэлийг үүрэг биелүүлээгүй гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс үйл баримт нь хувь хүн болон аж ахуй нэгжээс шууд хамааралтайгаар үүрэг биелүүлэх боломжгүй байсан гэдгийг няцаах нотлох баримт болон холбогдох бичиг баримтаас дүгнэж болохоор байсан ч анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчин хэт нэг талыг баримтлан зөвхөн үүрэг болгосон үйлдлийг биелүүлэх ёстой гэх байдлаар дүгнэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
7.1.3.Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0339 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0315 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-д 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10.Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэсэн, ижил төстэй хэрэг маргаанд Улсын дээд шүүхээс тайлбарласан агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар “... төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон” үндэслэлээр, нийтийн зориулалттай орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ авсан хэдий ч тухайн цаг хугацаанд коронавируст халдварт цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтож, онцгой нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүний улмаас газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу эзэмших, ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн үндэслэл, тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй, энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” мөн болно.
12.Энэ тохиолдолд УИХ-аас Коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан болон уг хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тусгайлан тогтоосныг шүүхүүд харгалзан үзэх байжээ.
13.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг баримтална, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий А/410 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй, “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь буруу байна.
14.Зүй нь, төрийн өмчийн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэхтэй холбоотой харилцаанд төрийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар Засаг дарга нь коронавируст халдварт цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтож, онцгой нөхцөл байдал үүссэн цаг хугацаанд газар эзэмшигчийн үүргийг биелүүлэхтэй холбоотой, тухайлбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жилийн хугацаа”-г хэрхэн тоолох, хорио цээрийн дэглэм тогтоосныг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцох эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хэдийнээс шаардах зэрэг асуудлаар газар эзэмшигч нарт урьдчилан мэдээлэл өгч, энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргах нөхцөл байдлын талаар газар эзэмшигч нарт урьдчилан тодорхой, ойлгомжтой болгох үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан “ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах” засаг захиргааны нэгжийн удирдлагын зарчмыг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэг”-ээ биелүүлэх шаардлагатай байв.
15.Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээр дурдсан цар тахлын нөхцөл байдал арилсны дараа “Г...” ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ББЗТ-01/2022 дугаартай “234 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулж, гэрээний төлбөрийн урьдчилгаа тавин сая төгрөгийг төлсөн, арван гурван сая төгрөгийн материал худалдан авч хашаалсан, барилга барих газарт таван сая төгрөгөөр геодезийн зураг хийлгэсэн зэргээр эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж зардал гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад газар эзэмшигч нь “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөлийг коронавируст халдварт цар тахлын үеийн маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн, цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн үеийн хугацаанд аливаа “үүрэг биелүүлээгүй” гэх үйл баримттай холбоотой маргаанд уг нөхцөл байдлыг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д тооцох талаарх хяналтын шатны шүүхийн өмнө шийдвэрлэсэн хэрэгт[1] хуулийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт хийжээ.
17.Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18.Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг авснаас хойш 2020-2022 онд газрын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, 2023 оны газрын төлбөрийг төлөх боломжит хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан тул “2023 оны газрын төлбөрийг төлөөгүй” гэж буруутгахгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хариуцагч уг асуудлаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2024/0018 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0339 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] “Мон лун хөгжил” ХХК ба, Ховд аймгийн Засаг дарга, 125/2023/0052/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0076