Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00017

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гөрөөчин Данзангийн Түвшинтөгс /РЭ84010978/-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийн батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Идэрмөнх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сарангэрэл, гэрч Б.Батмөнх, Р.Цагаанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд зохион байгуулагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон юм. Сонгуульд Д.Түвшинтөгс миний бие болон иргэн М.Сарангэрэл, Э.Байгал нар өрсөлдсөн бөгөөд Мөрөн сумын 14 дүгээр багийн 273 иргэн оролцож санал өгсөн.

Тухайн санал хураалтыг баталгаажуулж багийн Засаг даргад нэр дэвшигчийг иргэд нийтээрээ албан ёсоор баталж тогтоол гаргах үед 120 иргэн оролцсон. Бусад 153 иргэн тогтоол батлахаас өмнө Хурлыг хаяж гарсан. Хуралдаанд нийт 273 иргэн оролцсон боловч 120 иргэн тогтоолыг баталгаажуулсан буюу хуралд оролцсон нийт иргэдийн 43.9 хувийн саналаар тогтоол батлагдсан. Энэ нь хуралд оролцсон нийт иргэдийн 51 хувьд хүрээгүй буюу олонхийн саналаар тогтоол батлагдаагүйг харуулж байна.

Миний бие тус хуралдаанд оролцон багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн иргэний хувьд багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшигчийг баталсан тогтоол нь хуулийн шаардлага хангаагүйд гомдол гаргах, хуулийн шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг шаардах эрхтэй. Түүнчлэн тус багийн Засаг даргад өрсөлдөх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хууль бусаар батлагдсан иргэдийн Нийтийн Хурлын “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоол хязгаарлаагүй гэж үзэж байна.

Урьд нь Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд М.Сарангэрэл надтай өрсөлдөөд ялагдаж байсан учраас багийн Засаг даргаар сонгогдохын тул миний нэр төрийг гутааж маш их хууль бус зүйл хийсэн. Шинэ-Эрин хүүхэд харах үйлчилгээний газарт иргэдэд мөнгө тараасан. Үүнийг нь харсан хүн бичлэг хийсэн байсан боловч тэр бичлэгээ надад өндөр үнээр зарахаар санал болгосон учраас би авч чадаагүй. Мөнгө тараасан гэдгийг нь нотлох баримт надад байгаагүй учраас Цагдаагийн газарт хандан шалгуулж чадаагүй юм. Намайг хурлын танхимаас гарч явсны дараа ихэнх хүмүүс гарч явсан байсан. Тэгээд өмнө нь 14 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Нямдаваа над руу утасдаж хүмүүс гараад явчихлаа, хурал хүчингүй болчихлоо гэж хэлэхээр нь буцаад очтол 100 гаруй хүн гадаа гарчихсан, ихэнх хүмүүс нь Хурлын хуралдааныг орхиж гарсан байсан. Гэхдээ би хурлын танхим руу буцаж ороогүй, хурлын танхимын гадна байсан хүмүүс анх хуралд оролцсон хүмүүстэй харьцуулахад олонх нь байсан. Мөн 14 дүгээр багийн харьяат биш өөр багийн иргэд тэр өдрийн хуралдаанд маш олон оролцсон. Гэхдээ миний бие тухайн үед энэ тухай маргаан гаргаагүй.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон Хурлын дарга Д.Идэрмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... Д.Түвшинтөгсийн нэхэмжлэлд дурдсан үйл явц болсон нь үнэн юм. Нэр дэвшигчдийн авсан саналыг баталгаажуулах тогтоолын төслийг батлах үед хуралд оролцсон 273 иргэнээс 120 иргэн үлдсэн болох нь тооллогын комиссын дүнгээс харагдаж байгаа. Энэ үйл явц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхгүй. Шүүхээс хуралдааны багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэх тохиолдолд хурлыг зохион байгуулж, хуулийн шаардлагад нийцүүлэн тогтоолоо гаргах боломжтой гэж үзэж байна.

... Тооллогын комисс нэр дэвшигчдийн авсан саналыг танилцуулсны дараа хүмүүс танхимаас гарч эхэлсэн. Танхимд үлдсэн хүмүүсийг би тоолоогүй. Тэгээд миний бие М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулах тухай 04 дугаартай тогтоолын төслийг уншиж танилцуулаад танхимд үлдсэн хүмүүсээр батлуулсан. Танхимд үлдсэн хүмүүс бүгд тогтоолын төслийг дэмжиж баталсан. Үүний дараа тооллогын комиссын тогтоолыг надад өгсөн. Тооллогын комиссын тогтоолд танхимд 120 үлдэж 43.9 хувийн саналаар тогтоолыг баталсан гэж бичсэн байсан. Би урьд нь энэ ажлыг хийж байгаагүй учраас туршлагагүй байсан бөгөөд хуралдааныхаа дарааллын дагуу хурлыг удирдаж М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулах тухай 04 дугаартай тогтоолыг батлуулсан. Би тооллогын комиссын тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа юм. Түүнээс биш М.Сарангэрэл гэдэг хүнд дургүйдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай хэлэлцэж, уг хуралд 14 дүгээр багийн 273 иргэн оролцож, тус багийн Засаг даргад Д.Түвшинтөгс, М.Сарангэрэл, Э.Байгалмаа нар нэр дэвшиж, М.Сарангэрэл би 143 хүний санал авч 51.8 хувийн санал авсан ба Д.Түвшинтөгс 109, Э.Байгалмаа нь 19 авсан. М.Сарангэрэл намайг 14 дүгээр багийн Засаг даргад томилсон тухай тогтоолын төслийг батлах гэж байхад Д.Түвшинтөгс нь хэсэг хүмүүсийг дагуулан хурлыг орхиж гарахад иргэдийн Нийтийн Хурлыг удирдаж байсан Хурлын дарга Д.Идэрмөнх нь та бүхэн одоо хурлаа орхиж гарахгүй шүү хурлаараа тогтоолоо батлах уу гэхэд хүмүүс тэгье гэж иргэдийн Нийтийн Хуралд ирсэн иргэдийн дийлэнх олонхийн саналаар Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргаар М.Сарангэрэлийг баталсан тогтоолын төслийг баталж, ёсчлон бичигдэж, иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Идэрмөнх гарын үсэг зурж тамга дарсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх хурлын ирц хангалттай байсан бөгөөд энэхүү тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байгаа болно. Тухайн үед иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг хөтөлж байсан Д.Далайжаргал, Н.Оюумаа нарын хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа болно. Харин хурлыг орхиж гарсан гэх Д.Түвшинтөгс нь өөрөө 150 иргэнийг дагуулж гарсан, 120 хүнээр уг хурлын тогтоолыг батлуулсан  гэдэг нь худлаа бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын соёмбо танхимд Д.Түвшинтөгсийг хүмүүс дагуулж гарсны дараа суудал дүүрэн буюу дийлэнх олонх нь байж хурлаас тогтоолын төслөө баталж иргэдийн Нийтийн Хурал тарсан. Үүнийг мэдэх Л.Сарантуяа, Т.Октябрьбаяр, Ц.Дайлуу, М.Нарангэрэл, Ж.Цэвэлмаа, Б.Түмэндэмбэрэл, Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан. Н.Оюумаа, Б.Оюун, Л.Батсуурь, Оюунчулуун, Мягмарсүрэн, С.Оюунцэцэг гэх мэт хүмүүс бүгд мэдэж байгаа болно. Мөн тухайн Хурлын тооллогын комиссын бүрэлдэхүүн ч намайг 51.8 хувийн санал авч Хурлаас тогтоолын төслийг баталсныг сайн мэднэ. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоол хүчинтэй байхад М.Сарангэрэл намайг 43 хувийн саналаар, 120 хүний ирцтэйгээр тогтоолын төслийг баталсан хэмээн тухайн хуралдааны тооллогын комиссын хуурамч тогтоол гаргахад Д.Түвшинтөгс, Д.Идэрмөнх нар нөлөөлсөн байх магадлалтай.

Миний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд хөндлөнгөөс нөлөөлж тооллогын комиссын хууль бус тогтоол гаргасан. Хурлын тооллогын комисст 5 гишүүн байсан ба миний төрсөн эгч М.Нарангэрэл тооллогын комиссын гишүүнээр ажилласан. Хурал хуралдсанаас 2-3 хоногийн дараа иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Идэрмөнх эгч М.Нарангэрэл рүү утасдаж “та Мөрөн сум руу очоод Я.Эрдэнэчимэгтэй уулзчих” гэж хэлсэн байсан. Эгч маань Я.Эрдэнэчимэгтэй очиж уулзахад тэрээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах гэхэд нь та нар ингэж болж байгаа юм уу гэхэд дээр нь хурлын тооллогын комиссын тогтоолыг бичээд л гаргачихна, таны гарын үсэг л дутуу байна гэж хэлснийг манай эгч М.Нарангэрэл надад хэлсэн. Ингэж хууль бусаар иргэдийн итгэл найдвар, сонгох, сонгогдох эрхэд харшилсан буруу тогтоол гаргаж байгаа нь ойлгомжгүй, Үндсэн хуулийн шударга байх зарчим алдагдуулж байна. Хурал эрх хэмжээнийхээ хүрээнд хуралдаанаараа баталсан тогтоолоос өөр тогтоол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Миний бие багийн Засаг даргаар сонгогдохын тулд мөнгө тараасан зүйл огт байхгүй. Би тийм ёс зүйгүй хүн биш. Өөрийн мэдлэг чадварыг ашиглаж багийнхаа иргэдэд сайн сайхан зүйл хийхийг хүсч Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Иймд Мөрөн сумын Баян багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Түвшинтөгсийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гэрч Б.Баянмөнх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшигч М.Сарангэрэл олонхийн санал авсан. Үүний дараа урдуур сууж байсан арав гаруй хүн л танхимыг орхин гарч, танхим дүүрэн хүмүүс үлдсэн. Миний сууж байсан хойд талын хэсгээс хүмүүс огт гарч яваагүй. Гарч явсан зарим хүмүүс буцаж орж ирсэн. Багийн Засаг даргаа батламжлахгүй бол хуралдаан хүчингүй болно шүү гэж Хурлын дарга хэлж байсан. Тэгээд Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай тогтоолыг танхимд үлдсэн хүмүүс баталчихаад тарсан ...” гэв.

Гэрч Р.Цагаанбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшигч М.Сарангэрэл олонхийн санал авсан. Үүний дараа танхимыг арав гаруй, хорь орчим хүн орхин гарч, танхимд хүмүүсийн 80 гаруй хувь нь лав үлдсэн. Урдуур сууж байсан цөөн хэдэн хүн гарсан. Гарч явсан зарим хүмүүс буцаж орж ирсэн. Тэгээд Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай тогтоолыг танхимд үлдсэн хүмүүс баталчихаад тарсан. М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар батламжлах тогтоолыг хуулийн дагуу баталсан нь үнэн юм. Нэг нь ялж, нөгөө нь ялагдаж сурах хэрэгтэй шүү дээ ...” гэв.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгсийн хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд хуралдаж, хуралдаанд 273 иргэн оролцжээ[1]. Тус хуралдаанд багийн Засаг даргад Д.Түвшинтөгс, М.Сарангэрэл, Э.Байгал нар нэр дэвшсэнээс Д.Түвшинтөгс 113 хүний буюу 41 хувийн, М.Сарангэрэл 141 хүний буюу 51 хувийн, Э.Байгал 19 хүний буюу 6 хувийн санал тус тус авсан[2] байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны ... Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан байна.

Дээрх хуульд зааснаар Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн буюу 50-иас дээр хувийн санал авсан нэр дэвшигч М.Сарангэрэлийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгосон 04 дугаартай тогтоолыг[3] баталсан болох нь:

Гэрч Б.Батмөнхийн “... Багийн Засаг даргад нэр дэвшигч М.Сарангэрэл олонхийн санал авсан бөгөөд түүнийг багийн Засаг даргаар томилуулах тухай тогтоол баталсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Цагаанбаатарын “... Багийн Засаг даргад нэр дэвшигч М.Сарангэрэл олонхийн санал авсан бөгөөд түүнийг багийн Засаг даргаар томилуулах тухай тогтоолыг баталсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Оюумаагийн[4] “... М.Сарангэрэлийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг ... баталсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Нарангэрэлийн[5] “... М.Сарангэрэлийг Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад уламжлах тухай тогтоолыг батлах уу гэхэд зааланд байсан бүх хүмүүс дэмжиж тогтоолыг баталсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Мягмарчулууны[6] “... Тэгээд танхимд үлдсэн хүмүүс М.Сарангэрэлийг 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг баталсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Сарантуяагийн[7] “... Хурлын дарга Д.Идэрмөнх М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар батлах тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Түүнийг нь зааланд байсан бүх хүмүүс санал нэгтэйгээр баталсан ...” гэх мэдүүлэг,

Хариуцагч Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Идэрмөнхийн шүүх хуралдаанд гаргасан “М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулахаар 04 дугаартай тогтоолыг иргэдийн Нийтийн Хурлаар батлуулсан. Үүний дараа тооллогын комиссын тогтоол над дээр ирсэн” гэх мэдүүлэг болон гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч С.Эрдэнэцэцэгийн[8] “... М.Сарангэрэлийг Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад уламжлах тухай 04 дүгээр тогтоолыг албан ёсоор батлаагүй ...”, гэрч Д.Далайжаргалын[9] “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоол батлагдаагүй. Тооллогын комисс дүнгээ танилцуулсны дараа иргэд заалнаас гарцгааж, үлдсэн хүмүүсийг тоолоход тоо 43.9 хувьтай байсан учраас багийн Засаг даргад нэр дэвшигчийг баталсан тогтоол гаргаагүй юм. Н.Оюумаа бид хоёрын бичсэн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоол батлагдсан гэж бичээгүй байгаа шүү дээ” гэх мэдүүлгүүд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь гэрч Д.Далайжаргал, С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг нь гэрч Б.Батмөнх, Р.Цагаанбаатар, Н.Оюумаа, М.Нарангэрэл, Ж.Мягмарчулуун, Л.Сарантуяа нарын мэдүүлгээс зөрүүтэй байхаас гадна хариуцагч Хурлын дарга Д.Идэрмөнхийн шүүх хуралдаанд гаргасан “М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулахаар 04 дугаартай тогтоолыг иргэдийн Нийтийн Хурлаар батлуулсан” гэх тайлбараас зөрж байна. Түүнчлэн Баян 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл[10] дээрх Н.Оюумаагийн гарын үсэг түүнийх биш болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар шинжээчийн дүгнэлт[11] болон гэрч Н.Оюумаагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд С.Эрдэнэцэцэг, Д.Далайжаргал нарын мэдүүлгээс “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” 04 дүгээр тогтоолыг батлаагүй гэснийг болон Баян 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” 04 дүгээр тогтоолыг батлаагүй мэтээр бичснийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Гэрч С.Эрдэнэцэцэг, Ж.Мягмарчулуун, Д.Далайжаргал нар “Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшигч М.Сарангэрэл олонхийн санал авсан тухай тооллогын комиссын тогтоол танилцуулсны дараа хүмүүсийн ихэнх нь танхимыг орхин гарсан” хэмээн мэдүүлж байгаа боловч энэ нь эргэлзээтэй байна.

Учир нь С.Эрдэнэцэцэг, Ж.Мягмарчулуун, Д.Далайжаргал нарын мэдүүлэг гэрч Б.Батмөнх, Р.Цагаанбаатар, Н.Оюумаа, М.Нарангэрэл, Л.Сарантуяа нарын мэдүүлгээс зөрүүтэй. Түүнчлэн гэрч С.Эрдэнэцэцэг, Ж.Мягмарчулуун, М.Нарангэрэл нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “М.Сарангэрэлийг Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад уламжлах тухай 04 дүгээр тогтоолыг батлах үед танхимд үлдсэн хүмүүсийг тоолоогүй” гэжээ. Танхимд үлдсэн хүмүүсийг тооллогын комиссын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэцэцэг болон тооллогын комиссын гишүүнээр ажиллаж байсан Ж.Мягмарчулуун, М.Нарангэрэл нар тоолоогүй юм бол С.Эрдэнэцэцэг, Ж.Мягмарчулуун, Д.Далайжаргал нар ямар учраас “... хүмүүсийн ихэнх нь танхимыг орхин гарсан” хэмээн мэдүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Тооллогын комисс бол хамтын шийдвэр гаргадаг субьект бөгөөд уг комиссын таван гишүүний гурав нь танхимд үлдсэн хүмүүсийг тоолоогүй гэж мэдүүлсээр байхад 120 хүн үлдэж, 153 хүн танхимыг орхин гарсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл танхимд хэдэн хүн үлдсэнийг тоолоогүй атлаа 120 хүн үлдэж тогтоол баталсан гэх тооллогын комиссын тогтоол үйлдсэн нь эргэлзээ төрүүлж байна. Иймд хэргийн материалын 4 дүгээр хуудсанд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын тогтоол”-ыг[12] хуулийн хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна.

Гэрч М.Нарангэрэл, гуравдагч этгээд М.Сарангэрэл нар хэргийн материалын 4 дүгээр хуудсанд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын тогтоол”-ыг[13] хууль бусаар үйлдэж хоосон цаасан дээр тооллогын комиссын гишүүн М.Нарангэрэлээр гарын үсэг зуруулж авсан гэж маргаж байгаа боловч үүнийг тогтоох шаардлагагүй байна. Учир нь хэргийн материалын 4 дүгээр хуудсанд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын тогтоол” хууль бус болох нь гэрч С.Эрдэнэцэцэг, Ж.Мягмарчулуун, М.Нарангэрэл нарын “танхимд үлдсэн хүмүүсийг тоолоогүй” гэх мэдүүлэг болон гэрч Б.Батмөнх, Р.Цагаанбаатар, Н.Оюумаа, М.Нарангэрэл, Л.Сарантуяа нарын “Танхимыг 10-20 хүн орхиж гарсан, олонх нь үлдэж багийн Засаг даргыг томилуулахаар тогтоолоо баталсан” гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан. Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд 273 иргэн оролцсон бөгөөд М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжилсан 04 дүгээр тогтоолыг батлахаас өмнө Хурлын хуралдааныг орхиж гарсан хүмүүсийг эсрэг санал өгсөнд тооцохоор байна. Хурлын хуралдааныг орхин гарсан хүмүүс нийт хуралдаанд оролцсон иргэдтэй харьцуулахад цөөнх байсан, 10-20 орчим хүн хуралдааныг орхин гарч танхимд үлдсэн олонх иргэд санал нэгтэйгээр М.Сарангэрэлийг багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжилсан 04 дүгээр тогтоолыг баталсан болох нь гэрч Б.Батмөнх, Р.Цагаанбаатар, Н.Оюумаа, М.Нарангэрэл, Л.Сарантуяа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч Л.Цэнд-Аюушийн “... 100 гаруй хүн танхимд үлдэж, бусад хүмүүс нь танхимаас гарч яваад Хурлыг хаясан. Ихэнх хүмүүс нь гараад явсан” гэх мэдүүлгийн хувьд тэрээр өөрөө танхимыг орхин гарч гадна байсан тул дотор хэдэн хүн байсныг гэрчлэх боломжгүй, Хурлыг орхин гарсан хүмүүсийг нарийвчлан тоолоогүй учир үнэлэх боломжгүй байна.

Гэрч Н.Оюумаагийн мэдүүлгийн зарим хэсгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой хэмээн шүүх үзсэн болно. Учир нь Н.Оюумаагийн мэдүүлэгт[14] “... хуралд оролцсон 273 хүнээс арав гаруй хүн гарч яваад 150 гаруй хүн үлдсэн ...” хэмээн тооны хувьд эргэлзээтэй зүйл хэлсэн боловч “273 хүнээс арав гаруй хүн гарч явсан” гэх мэдүүлэг нь гэрч Б.Баянмөнх, Р.Цагаанбаатар, Н.Оюумаа, М.Нарангэрэл, Л.Сарантуяа нарын мэдүүлэгтэй тохирч байх тул нотлох баримтаар үнэллээ. Харин “150 гаруй хүн үлдсэн” гэж хэлсэн нь эргэлзээтэй тул танхимд үлдсэн хүмүүсийн талаар хэлсэн хэсгийг үнэлээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” 04 дүгээр тогтоолыг баталсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байна гэж шүүх үзлээ. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас “Багийн Засаг даргад нэр дэвшигчийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн иргэд оролцож, Хурлын хуралдаан хууль бус болсон талаар маргаж байгаа. Гэвч Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн бүртгэлээс[15] үзэхэд өөр багийн иргэн тус хуралдаанд оролцсон болох нь нотлогдохгүй байна. Мөн тухайн хуралдааны үед өөр багийн иргэн оролцож байгаа эсэх талаар маргаан гарч байгаагүй ажээ. Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс нь гуравдагч этгээд М.Сарангэрэл иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан хэмээн маргаж байгаа боловч тэрээр энэ тухай харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээд М.Сарангэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол хууль тогтоомж зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул тогтоолыг хүчингүй болгож, Хурлын хуралдааныг дахин хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарт мэдэгдсэн[16] боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид тэднийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс гэрч Д.Далайжаргалаас дахин мэдүүлэг авахуулах, гуравдагч этгээд М.Сарангэрэл Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан Я.Эрдэнэчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт тус тус гаргасан. Гэрч Д.Далайжаргалд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг авсан, түүнчлэн түүнээс дахин асуулгахыг хүссэн үйл баримтын талаар бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул дахин гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзлээ. Мөн гэрч Я.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай биш тул түүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэв. Эдгээр гэрчүүдээс шинээр болон дахин мэдүүлэг авалгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан Гөрөөчин Данзангийн Түвшинтөгсийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшигчийн батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хуульд заасан шаардлагад нийцүүлэн тогтоолоо батлахыг Мөрөн сумын 14 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Түвшинтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 103-109 дүгээр хуудас

[2] Хэргийн 101 дүгээр хуудас

[3] Хэргийн 5 дугаар хуудас

[4] Хэргийн 38 дугаар хуудас

[5] Хэргийн 44 дүгээр хуудас

[6] Хэргийн 52 дугаар хуудас

[7] Хэргийн 90 дүгээр хуудас

[8] Хэргийн 50 дугаар хуудас

[9] Хэргийн 35 дугаар хуудас

[10] Хэргийн 6-9, 41-43 дугаар хуудас

[11] Хэргийн 60 дугаар хуудас

[12] Хэргийн 4 дүгээр хуудас

[13] Хэргийн 4 дүгээр хуудас

[14] Хэргийн 38 дугаар хуудас

[15] Хэргийн 103-109 дүгээр хуудас

[16] Хэргийн 87 дугаар хуудас