Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1635

 

 

Ж.Баатарцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00169 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Баатарцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 5 118 063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан 1409004155 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж, тус гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Истана маркийн 50-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10 000 000 төгрөгийн үнэлгээгээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэж, нэг жилд 53 000 төгрөг даатгалын хураамжид төлсөн. Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар өөрийн эзэмшлийн Истана маркийн 50-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан НҮБ-ын Хөдөөгийн цэвэр ус хангамжийн төслийн ажилтан Ж.Түмэнцэцэгийн амь насыг хохироож, Н.Лхамдулам, В.Удвал нарын биед хүндэвтэр гэмтэл, Ц.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Жаргалсайхан нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би энэ зам тээврийн ослын гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийтгэх тогтоолд 9 620 000 төгрөг төлсөн талаар заасан. Би зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Ж.Түмэнцэцэгийн ар гэрийнхний нэхэмжилсэн 9 620 000 төгрөгийн оршуулгын зардлыг бүрэн төлж, хохирогч Н.Лхамдуламд 1 000 000 төгрөг, хохирогч Ц.Мөнхжаргалд 500 000 төгрөг нийт 11 120 000 төгрөгийг төлж барагдуулсан. “Бодь даатгал” ХХК нь гэрээнд зааснаар 10 000 000 төгрөгийн 80 хувийг нөхөн төлөх үүрэг хүлээсэн. Миний бие “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний дагуу гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөр олгохыг “Бодь даатгал” ХХК-иас хүсэхэд тус компани нь үндэслэлгүйгээр даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж нийт 2 881 937 төгрөгийн нөхөн төлбөрийг надад олгосон. Уг нөхөн төлбөрийн хэмжээ ийм бага байгаа талаар тухайн үед “Бодь даатгал” ХХК-ийн ажилтанд гомдол мэдүүлэхэд ирүүлсэн баримт дутуу, 4 771 420 төгрөгийн баримт байна, бусад хохирлын баримт тамгагүй байна гэсэн атлаа 2 881 937 төгрөгийг тус компаниас надад олгосон. Жолоочийн албан журмын даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухайн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авч, нааштай шийдвэрлээгүй байна. Иймд хариуцагчаас нөхөн төлбөрт 8 000 000 төгрөг авах ёстой гээд авсан 2 881 937 төгрөгийг хасаж, үлдэх 5 118 063 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нас барагч Ж.Түмэнцэцэгийн ажлын газраас хохирол гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан. Миний эзэмшлийн Истана маркийн 50-71 УНП улсын дугаартай микроавтобус нь 10 хүний суудалтай, Д ангиллын тээврийн хэрэгсэл юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч Ж.Баатарцогттой жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг байгуулсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалтуудын дагуу С, Д ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоодох этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч болох хувьдаа болон жолоодож буй хувьдаа хоёр хариуцлагын албан журмын даатгал хийлгүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь үүнээс нэг төрлийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй байна. Иймд даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн даатгал, төлөгдсөн хураамжийн харьцаагаар тооцож, учирсан хохирлыг хэсэгчилж олгосон байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль, гэрээнд нийцсэн гэж дүгнэсэн. Иймд манайх төлөгдсөн хураамжийн харьцаагаар төлсөн ба хохирол гэх нийт 11 120 000 төгрөгөөс бодит хохирол 4 771 420 төгрөг гэж үзэж, үүнээс 2 881 бодит хохирол 4 771 420 төгрөг гэж үзэж, үүнээс 2 881 937 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь С ангиллын тээврийн хэрэгслийг даатгуулсан. Ж.Баатарцогт нь шүүхэд үндэслэл болгож буй зүйлийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулсан бөгөөд уг тогтоолд хохирлын хэмжээг бус, зөвхөн төлсөн мөнгөний хэмжээг заасан байгаа тул нэхэмжлэгчийн хохирогч нарт төлсөн мөнгөний хэмжээгээр бус, учирсан бодит хоирлын хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцох ёстой юм. Мөн уг тогтоолоор нэхэмжлэгч төлбөр төлөх хариуцлага хүлээгээгүй, харин тус тогтоолын 6 дахь заалтад компани 14 166 450 төгрөг төлөхөөр заасан байдаг. Нэхэмжлэгчээс хохирогч нарт хохирлын мөнгө өгсөн тухай баримт байхгүй, хохиролд өгсөн эсэх нь тодорхойгүй, эмчилгээний зардал төлсөн зэрэг баримт ч байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ 2 талыг байлцуулаагүй байна. Мөн тэрээр Н.Лхамдулам, Ц.Мөнхжаргал нарт төлсөн гэх 1 500 000 төгрөгийн талаар даатгалын байгууллагад хандаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 19 дүгээр зүйлийн 19.9, 19.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 935 199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Олхонууд овогт Жигжидийн Баатарцогтод олгож, нэхэмжлэлээс 4 182 864 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 26 995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Баатарцогтод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Си, Ди ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох бол өмчлөгчийн хувьд нэг, жолоочийн хувьд нэг даатгал хийлгэх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл, түүнийг жолоодох жолоочийн тоо зэрэг хүчин зүйлээс болон жолоочийн туршлага зэргээс хамааран тус хоёр даатгалын хураамжийн тооцоолол, үнийн дүн нь өөр байдаг. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт Си, Ди ангиллын тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол, даатгалын тохиолдол гаргасан нөхцөлд өмчлөгчийн болон жолоочийн байгуулсан хариуцлагын даатгалын гэрээний дагуу хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгох талаар заасан. Ж.Баатарцогт нь Ди ангиллийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байх үед даатгалын тохиолдол гаргасан бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд даатгал хийлгэсэн боловч жолоочийн хувьд хариуцлагын даатгал хийлгээгүй байсан. М

анай компанитай байгуулсан жолоочийн даатгалын хураамжийн эзлэх хувиар хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгосон бөгөөд энэ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт нийцэх юм. Даатгуулагч энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Хорооны зүгээс даатгагч хуулийн дагуу нөхөн төлбөр олгосон талаар дүгнэсэн. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм. Тооцоолол буюу хувь тэнцүүлэх асуудлын хувьд даатгуулагчийн зүгээс "даатгагч буруу тооцоолсон" хэмээн маргасан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тус асуудлаар талууд маргалдаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм. Мөн нөхөн төлбөрийн тооцооллын асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж, үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Даатгагч нь учирсан хохиролд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Баатарцогт нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5 118 063 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолоодох этгээд нь хоёр хариуцлагын албан журмын даатгал хийлгүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс нэг төрлийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, хийгдсэн даатгал, төлөгдсөн хураамжийн харьцаагаар тооцож учирсан хохирлыг хэсэгчилж олгосон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Баатарцогт нь 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газарт Истина маркийн 50-71 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа онхолдон, зам тээврийн осол гарган, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Түмэнцэцэгийн амь насыг хохироож, Н.Лхамдулам, В.Удвал нарын биед хүндэвтэр, Ц.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Жаргалсайхан нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогджээ.                                                                                                      /хх 6-10 дугаар тал/

 

Дээрх зам тээврийн ослын улмаас Ж.Баатарцогт нь нас барагч Ж.Түмэнцэцэгийн оршуулгын зардалд 7 000 000 төгрөг, эмчилгээний зардалд Н.Лхамдуламд 1 000 000 төгрөг, Ц.Мөнхжаргалд 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримт болон банкны дансны хуулгаар нотлогдсон байна.

 

Талууд 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ж.Баатарцогт нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэрээний нөхцлийн дагуу 50 350 төгрөгийн хураамж төлөхөөр, “Бодь даатгал” ХХК нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд өгөхөөр харилцан тохиролцжээ.                                                             

                                                                                                         /хх-37-38 дугаар тал/

 

Тухайн өдөр гарсан зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болж хариуцагч нэхэмжлэгчид 2 881 937 төгрөгийн нөхөн төлбөр төлснийг тэрээр эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооноос Ж.Баатарцогтод Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгосон нь үндэслэлтэй гэж хариу өгчээ.

     /хх-40 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан жолоочийн хариуцлагын албан даатгалын гэрээний бичвэр арилсан, даатгалын компанид нэг хувь хадгалагдаагүй гэх боловч талууд уг гэрээг байгуулсан, гэрээний нөхцөл, хураамж төлсөн болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчилж олгох эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгагч нь даатгуулагчид гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй тул нэхэмжлэгч нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Баатарцогт авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас болон эрүүл мэндэд хохирол учруулснаас гэрээний 4.1.1, 4.1.2-т заасан даатгалын эрсдэл бий болжээ.                                                                 /хх-38 дугаар тал/

 

Ж.Баатарцогт талийгаач Ж.Түмэнцэцэгийн оршуулгын зардалд 9 620 000 төгрөг төлсөн гэх тайлбар гаргасан, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд 9 620 000 төгрөг төлсөн гэж дурдсан боловч хариуцагч хохирогчид төлсөн мөнгөний хэмжээгээр бус учирсан бодит хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцох ёстой гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон учирсан бодит хохирлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй болно.

 

Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт 4 771 420 төгрөгийн оршуулгын зардал гарсан нь баримтаар нотлогдсон гэж дурдсан, энэхүү баримтыг талуудын хэн аль нь үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 10.2.7-д хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно гэж талууд тохиролцжээ.

 

Шүүх гэрээний дээрх тохиролцоог үндэслэн тогтоогдсон гэж үзсэн 4 771 420 төгрөгийн 80 хувь 3 817 136 төгрөгөөс төлөгдсөн 2 881 937 төгрөгийг хасч зөрүү 935 199 төгрөгийг гаргуулахаар дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасан заалт нь хэд хэдэн даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд хэрэглэх зохицуулалт  учраас даатгалын нэг тохиолдол бий болсон нөхцөлд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.10 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй.

 

Уг маргаанд даатгалын нэг л тохиолдол бий болсон тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх боловч талуудын тайлбараар даатгалын тохиолдлоос даатгуулагчид учирсан хохирол 4 771 420 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад аль аль нь энэ талаар зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ