Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01382

 

Ж.И-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.И-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Я.С-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээ, тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөг гаргуулж, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С-д ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагаанаас үүссэн түрээсийн зардал, ажлын хөлс, дундын эд хөрөнгийн үнэ, бусдын өмнө төлөх төлбөр гаргуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, зарим эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.И-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбат, Т.Сэргэлэн, хариуцагч Я.С-, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн даргаар Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хариуцагч Я.С-тэй 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуучин авто машин худалдан авч, задалж борлуулах, шинэ, хуучин сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулан нотариатаар батлуулсан. Уг хамтран ажиллах гэрээний 1-р зүйлд заасны дагуу миний бие хамтын үйл ажиллагаанд зориулж 5 000 000 төгрөгийг Я.С-д гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу гаргаж өгсөн. Мөн гэрээнд хамтын үйл ажиллагаанд миний бие 20 хувийн оролцоотой байх, Я.С- нь 80 хувь буюу уг үйл ажиллагааг удирдан явуулахаар заасан ба гэрээний 2-р зүйлд заасны дагуу надад хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүр тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн. Харин гэрээний 3-р зүйлд Я.С- нь гэрээний хавсралтаар гаргаж өгсөн хамтын үйл ажиллагааны тооцоондоо талууд сар бүр тус бүр 1 500 000 төгрөгийн ашигтай ажиллах ба надад сар бүр үйл ажиллагааны орлогоос 750 000 төгрөгийг тогтмол өгч байх ба үлдэх 750 000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулан хадгалж байхаар харилцан тохиролцсон. Я.С- нь хамтын үйл ажиллагаанаас надад ногдох 750 000 төгрөгийг 2011 он дуустал сар бүр төлж байсан боловч 2012 оноос хойш тогтмол өгөхөө больсон.

Хамтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө миний бие 2010 онд Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Цохион өвөр” гэдэг газар жимс, ногоо тариалах зориулалтаар 5 га газар эзэмших эрх олж авсан бөгөөд 2013 онд уг газарт чацаргана тарих зорилгоор төсөл бичин чацарганы 2 000 мод олж авсан. Улмаар миний бие чацаргана тариалах зорилготойгоо Я.С-д хэлж хамтрах санал тавьсан бөгөөд Я.С- зөвшөөрч уг газарт тариалах модноос 1 000 модыг түүнд өгсөн. Миний бие хамтын үйл ажиллагаанаас өөрт ногдох орлогыг бүгдийг нь төлөхийг Я.С-эс 2015 онд тусгайлан шаардсан. Улмаар Я.С- нь цаашид надтай хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлж Хамтран ажиллах гэрээгээ цуцалж, хоорондын тооцоо нийлэх санал тавьсан. Уг саналын дагуу бид уулзалдаж 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож тооцоо нийлэх гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурцгаасан. Уг тооцоо нийлэх гэрээний дагуу Я.С- нь 2015 он хүртэл надад хамтын үйл ажиллагааны орлогоос 47 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж нийт 22 сая төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө оролцуулан надад төлж хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Я.С- нь тугалтай 2 үхэр, 6 000 000 төгрөг бэлнээр, дээр дурдсан чацарганы талбайд өөрт ногдох чацарганы мод, өөрийн зүгээс гаргасан гүний худаг, тор татах зардал, уг талбайд барьсан байшин зэргийг 14 сая төгрөгт үнэлэн миний өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн. Уг тооцоо нийлэх гэрээ байгуулснаас хойш Я.С- нь надад тугалтай 2 үхэр, 1 сая 600 мянган төгрөг бэлнээр өгсөн боловч үлдэх 4 400 000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Мөн тооцоо нийлэх гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон дээрх эд хөрөнгө нь одоо ч өөрийнх нэр дээр байгаа хэмээн үзэх болсон. Миний бие дээрх төлбөрийг төлөхийг Я.С-эс удаа дараа шаардсан боловч төлөлгүй өнөөг хүрсэн тул Я.С-эс 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөгийг гаргуулж, тооцоо нийлэх гэрээний 2-р хуудасны 3 дахь хэсэгт заасан Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Цохионы өвөр”-д байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С-д ноогдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөх эрхэд бүхэлдээ шилжсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Я.С- нь 2003 оноос эхлэн Орхон аймгийн авто сэлбэгийн төрөлжсөн худалдаа эрхлэгчдийн зах болох “Солонго зах”-д хуучин, шинэ сэлбэгийн худалдаа эрхэлж эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд “Солонго зах”-ыг нүүлгэх ажил яригдаж эхэлсэн ба энэ үед иргэн Ж.И-тай танилцаж, нөхөрлөх болсон. Гэтэл 2012 онд Солонго захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Ж.И-тай өөр газар шинэ хуучин сэлбэгийн худалдааг эрхлэхээр тохиролцож, улмаар “Орхон тариа” ХХК-ийн эзэмшлийн хашааг түрээслэхээр болсон. Дутуу, эвдэрхий, хашааны банз нь ар хэсгээрээ унасан, байхгүй байсныг өөрийн зардал, хөрөнгөөр засаж 2011 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр, 2012 оноос 2014 оны 6 сар хүртэл сар бүр 300 000 төгрөгөөр, 2014 оны 06 сараас хойш одоог хүртэл сар бүрийн 500 000 төгрөгөөр түрээсийн төлбөрт нийт 25 800 000 төгрөг төлсөн. Түүнээс нэхэмжлэлд дурдсан шиг Ж.И-гийн газрыг түрээслээгүй, түрээсийн төлбөрийг би дангаараа төлж байсан бөгөөд иргэн Ж.И- огт үүнийг төлж байгаагүй. 2011 оны 04 дүгээр сараас эхлэн хуучин сэлбэг худалдах Ж.И- бидний хамтын үйл ажиллагаа эхэлсэн боловч миний бие өөрийн төрсөн ах Я.Шагжсүрэнг харуул, манаачаар ажиллуулж сар бүрийн 200 000 төгрөгөөр цалинжуулж 2014 оны 04 дүгээр сар хүртэл ажиллуулсан нийт ажлын хөлс 4 800 000 төгрөг болсон. 2014 оны 05 дугаар сараас эхлэн одоо хүртэл манай ахын хүүхэд болох Ш.Алтан-Өлзий сар бүр 200 000 төгрөгөөр, нийтдээ 6 200 000 төгрөгийг төлөөд байна. Хуучин, эвдэрч муудсан, эдэлгээ нь дууссан автомашиныг задалж ангилах ажлыг 2011 оны 04 дүгээр сараас эхлэн Энхболд, М.Эрдэнэ-Очир, Билгээ, Т.Энхбаяр 4 ажилтныг ээлжлэн ажиллуулж, сар бүр 2 ажилтанг ажиллуулж өдөрт тус бүр нь 20 000 төгрөг, сард дунджаар 1 200 000 төгрөгний цалинг тогтмол би дангаараа олгож байсан болно. Ийнхүү сар бүр тогтмол гардаг зардал нь түрээсийн төлбөр, манаачийн цалин, задлагч 2 ажилтны цалин гарч байсан бөгөөд үүнээс Ж.И- нь огт төлөлцөөгүй, миний бие гэрээнд “хатуу” заасан 750 000 төгрөгийг ашиггүй ажиллаж байхад ч түүнд олгож байсан.

Бидний хамтын ажиллагаа нь хуучин, шинэ сэлбэгийн худалдаагаар зогсохгүй Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр, Бургааст гэх газарт чацарганы мод тариалах ажлаар үргэлжилсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сард Ж.И- нь өөрөө хүсэлт гарган өөрийн эзэмшдэг 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрыг надад шилжүүлэн өгөх, миний бие тус газарт нийтэд нь бүдүүн нарийн 2 давхар торон хашаа барих, гүний худаг гаргах, худгийн байшин барих ажлыг гүйцэтгэхээр болж, хуучин сэлбэгийн худалдааны ажлаа түр хугацаагаар зогсоож, чацарганы талбайн ажилд бүх цаг зав, мөнгө хөрөнгөө зарцуулж нийт хашаа барихад 3 000 000 төгрөг, худаг ухахад 7 200 000, худгийн байшин барихад 500 000 төгрөг зарцуулсан. Уг газарт ийм эд хөрөнгийг барьж босгосон тул байнгын харуул, манаатай байх шаардлагатай тул 2013 оны 07 дугаар сараас эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл Завхан аймгаас дүү Я.Мөнхтөрийг авчирч сар бүрийн 250 000 төгрөгөөр харуулж нийт 2 500 000 төгрөгний ажлын хөлсийг Ж.И-гийн өмнөөс олгосон. Анхнаасаа намайг хууран мэхэлж ийнхүү хамаг хөрөнгийг нь тэрхүү чацарганы талбайд оруулсан байж магадгүй гэх бодол төрж байна. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай ЧС-2013/02 /намар/ дугаартай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан авсан болохоос нэхэмжлэлд бичсэн шиг Ж.И- олж аваагүй юм.

Миний хувийн эд хөрөнгийг Ж.И- өөрийнх болсон гэж үзэж байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Автосэлбэгийн талаар хамтран ажилласантай холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 4-р заалтанд заасны дагуу газрын төлбөрийн 50 хувь болох 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ийг хүртэлх хугацааны газрын түрээсийн төлбөр болох 1 562 500 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 3 600 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн 50 хувь 2 250 000 төгрөг, гэрээ цуцлах хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 7 412 500 төгрөг, гэрээ байгуулж хамтын ажиллагаа эхэлсэн үеэс хойших 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хуучин авто машиныг худалдан авсны дараа задалдаг ажилтнуудын ажлын хөлсний 50 хувь 21 000 000 төгрөг, авто сэлбэгийн газрын сахиулаар ажиллаж байсан ажилтнуудын цалингийн 50 хувь 3 250 000 төгрөг нийт хуучин автосэлбэгийн худалдаа эрхлэхээр хамтран ажиллах гэрээний дагуу 37 662 500 төгрөг, Чацарганы тайлбайд хамтран ажиллах гэрээний дагуу гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага 2013 оны 07 дугаар сард бид хамтран ажиллахаар тохиролцож Ж.И-гийн тавьсан саналын дагуу түүний эзэмшлийн Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр” гэх нэртэй газарт байрлах 5 га газрыг 2,5 га газраар хуваан нь тус тус тэнцүү эзэмшихээр тохиролцож, харин үүний хариуд миний бие тус газарт барих хашаа, худаг ухах, цахилгааны байгууламж барих зэрэгт гарах зардлыг 50, 50 хувиар тооцон гаргаж, Ж.И- нь хүн хүч муутай, дандаа охидуудтай тул тус ажлыг гүйцэтгэх хүн хүчээр миний бие илүү оролцохоор тохиролцсон. Гэтэл одоо шүүхэд өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа надад анх эзэмшүүлэхээр тохиролцсон газраа өгөх нь бүү хэл, миний өмчлөлийн чацарганы мод, миний өөрийн барьсан дүнзэн байшин зэргийг авахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Ж.И-гийн эзэмшиж байгаа Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр” гэх газарт байрлах 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрын эзэмших эрхийг Ж.И-гаас шилжүүлэн авах, 5 га газартай хамтад нь төмөр тороор давхар торлож, хашааны төмөр шон, түүний суурийг цементээр зуурч цутгасан зардал, торны үнэ, торыг бэхэлсэн төмөр утас, 50 хувь 3 000 000 төгрөг. Гүний худгийн байшинг би 100 хувь зардал гаргаж барьсан ба зардлын 50 хувь 250 000 төгрөг. 2013 оны 07 дугаар сард чацарганы талбайд худаг ухсан үеэс эхлэн сахиул буулгаж дундын эд хөрөнгийг хамгаалж ирсэн ба сахиулын ажлын хөлсийг бид хамтран хариуцаж гаргахаар тохиролцсон хөлсний 50 хувь 4 125 000 төгрөг. Орхон аймгийн техникийн “ТАНИЛ” захаас 2016 оны 07 дугаар сард Ф-16 дугаартай павилоноос худалдан авсан өвс хадагч түрдэг автомат машин 1 ширхэгийн үнэ 1 400 000 төгрөгийн миний гаргасан 1 000 000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.

Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох Гүний худаг ухуулсан, нийт 7 200 000 төгрөгний зардал гарсан бөгөөд үүний 50 хувь болох 3 600 000 төгрөгийг би гаргасан. Худаг ухсан 3 хүний хоол, ор хоногийн мөнгөнд нийт 850 000 төгрөг төлсөн ба үүнээс Ж.И- нь огт төлөлцөөгүй. Ийнхүү миний бие тус худгийг ухаж, ашиглахад бэлэн болгоход гарах зардлын 50 хувиас илүүг гаргасан тул энэхүү гүний худаг нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү. Бидний хамтран байгуулсан 6 000 вольт шугамнаас 850 метр газар 14 ширхэг цахилгааны шон татаж, 380 вольт болгон бууруулах цахилгааны байгууламж /трансформатор/-ийг мөн бид тус тус 6 000 000 төгрөг гаргаж хамтран байгуулсан бөгөөд энэ нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож хэн хэн тэгш эрхтэйгээр ашиглах, эзэмших эрхтэй байтал Ж.И- нь дан ганц өөрийн хуваарьт өмч мэтээр үзэж байна. Иймээс энэхүү цахилгааны байгууламжийг бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Г-208 дугаартай Хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт заасан сар бүр ашгаас А, Б тал тус бүр 750 000 төгрөг авч байх заалтыг тус заалтанд үндэслэж байгуулсан “Хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг баримтлан хариуцагч Я.С-эс 3 400 000 төгрөг, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах Я.С-д ногдох гүний худаг, 5 га талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг гаргуулан нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.С-д ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Ж.И-гаас 6 850 000 төгрөг гаргуулж Я.С-д олгож, цахилгааны байгууламж дундын өмч болохыг тогтоож, 2.5 га газар шилжүүлэх, гүний худаг дундын өмч болохыг тогтоолгох, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.И-гаас урьдчилан төлсөн 125 550 төгрөг, Я.С-эс төлсөн 528 537 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С-эс 139 550 төгрөг гаргуулан Ж.И-д, Ж.И-гаас 124 550 төгрөг гаргуулан Я.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.4-т зааснаар хариуцагч Я.С-эс 4 400 000 төгрөг, 5 сая төгрөг бүхий байшин, 5 сая төгрөг бүхий хашаалсан тор зэргийг нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэнийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас гүний худаг, чацарганы мод гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Шийдвэрийн 2 дугаар заалтанд хариуцагч Я.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар гүний худаг, цахилгаан байгууламжийг нэхэмжлэгч Ж.И- хариуцагч Я.С- нарын дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх дундын дундын өмч болохыг тогтоосугай гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажилчдын цалин хөлс, түрээсийн төлбөр гаргуулах, 2,5 га газар шилжүүлэх, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, Шийдвэрийн 5 дахь заалтанд ...хариуцагч Я.С-эс 229 950 төгрөг гаргуулж 124 550 төгрөгийг Ж.И-д 105 400 төгрөг төрийн санд олгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.И-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 550 төгрөгийг, хариуцагч Я.Сэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн 144 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас гүний худаг, чацарганын мод гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” хэсгийг, 2 дахь заалтын “... гүний худаг ...-г нэхэмжлэгч Ж.И- хариуцагч Я.С- нарын дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоосугай” хэсгийг үл зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг хэрэглээгүй бөгөөд гүний худаг нь нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ”-ний дагуу Ж.И-гийн эзэмшил газарт байрлах гүний худгийг нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг анхан шатны шүүх хууль болон 2015 оны 02 дугаар сарын 14-ний гэрээг үндэс болгон зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байдаг.

...Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 14-ний гэрээний зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал талуудын хооронд өмнө байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Я.С-эс нэхэмжлэгч Ж.И-д төлөх ёстой төлбөрийг талууд харилцан тооцож үүрийг өөр үүргээр солихоор тохиролцжээ. Улмаар талуудын хамтран эрхэлж, зардлыг нь хамтран гаргасан чацарганы талбайд байрлах эд хөрөнгүүдийг хариуцагч Я.С- нь нэхэмжлэгч Ж.И-д шилжүүлэхээр тохиролцсон. Эдгээр эд хөрөнгөнүүдийн зарим нь хэсгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул Я.С- нь тухайн эд хөрөнгийг бий болгоход гаргасан зардлаа буюу тухайн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

...Хариуцагч хэдийгээр дундын өмчлөлийн хөрөнгө байсан боловч Я.С- нь гүний худгийн өөрт оногдох хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч Ж.И-д шилжүүлэхээр тохиролцож, гүний худгийг дангаар өмчлөх эрх Ж.И-д үүссэн байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээнд талууд гүний худгийг шилжүүлэхээр тодорхой заасаар байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй бөгөөд чацарганы мод нь нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан болон давж заалдах шатны шүүх тус гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээнд Я.С-д ногдох чацарганы модны асуудал тусгагдаагүй байх бөгөөд Я.С-д ногдох эд хөрөнгө гэдэгт чацарганы мод байгаа гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрх гэрээний 3-т “Чацарганы талбайд байгаа өөрт ногдох эд хөрөнгө” гэж заасан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу “эд хөрөнгө” гэдэг үгийн шууд утгыг авч үзвэл эд хөрөнгө гэдэгт ямар ч эд хөрөнгө орж болох ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан журмаар тайлбарлавал чацарганы талбайд байрлах, түүнээс салгаж болшгүй эд хөрөнгө нь чацарганы бут болох нь илэрхий байх тул чацарганы бутыг “Чацарганы талбайд байгаа хөрөнгө” гэж талууд тодорхойлон шилжүүлэхээр тохиролцсон. Гэрчийн  мэдүүлэгт тодорхой дурдсан, хариуцагч огт үгүйсгээгүй нөхцөл байдлыг үзвэл эдгээр маргаан бүхий чацарганы бутнуудыг мөн гэрээг байгуулснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сараас хойш 2 жилийн хугацаанд Ж.И- нь эхнэрийн хамт усалж бордож арчилсан байдаг. Хэрвээ дээр дурдсанаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасны дагуу гэрээний зорилго, талуудын нэгдмэл санааг тодорхойлж, чацарганы бутыг Ж.И-д шилжүүлэхээр тохиролцсон, тухайн үедээ буюу 2015 ондоо энэ гэрээний дагуу шилжүүлсэн болох нь нотлогддог юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар Чацарганы талбайд байрлах 2013 оны намар суулгаснаас хойш 4 жил болж байгаа, сүүлийн 2 жил Ж.И- нь эхнэрийн хамт усалж бордож арчилснаар ургаж гүйцсэн бутнууд нь газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө юм. Чацарганы талбайд барьсан байшин, чацаргана услах зориулалттай худаг, талбайг хашсан хашаа зэргийг Ж.И-д шилжүүлэхээр тодорхой тохиролцсоныг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоосон тэрхүү хашаан дотор байгаа чацарганы бутнуудыг “Чацарганы талбайд байгаа эд хөрөнгө” гэж нэрлээд шилжүүлэхээр заасныг нь зөв тайлбарлаагүй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй нь алдаатай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн 144 тоот магадлалын тогтоох хэсгийн дээр дурдсан заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие иргэн Ж.И-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үндсэн зардлыг хуваарьлахдаа хувь тэнцүү 50, 50 хувийн зардал гаргаж, харин хамтын ажиллагааны удирдлагыг миний бие 80 хувь, Ж.И- 20 хувь оролцохоор тохиролцсон боловч Ж.И- нь хамтын ажиллагааны зардлыг cap бүр төлөөгүй, мөн хамтын ажиллагаанд 20 хувь ч оролцоогүй байж надаас их хэмжээний мөнгө нэхэж, улмаар миний хуваарьт эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах санаа гаргаж намайг төөрөгдүүлсэн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу анхан болон давж заалдах шатны шүүх миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох дүнзэн байшинг Ж.И-д шилжсэн болохыг тогтоосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Учир нь Ж.И- нь газрынхаа тал буюу 2,5 га газрыг өгнө гэж амласнаас миний бие тус байшинг өөрийн зуун хувийн зардлаар барьсан байдаг бөгөөд энэ тухай Булган аймгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг юм. Тухайн байшинг зуун хувийн зардлаараа барьсан болохоо нотлох баримтаар нотолж байхад шүүх Ж.И-гийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Ж.И- нэг бүр нь 1 500 000 төгрөгний үнэтэй үхрийг хүлээн зөвшөөрч маргаагүй, шинжээч томилох шаардлагагүй гэсэн тул нэгэнт маргаагүй үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ 1 500 000 төгрөг гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Мөн чацарганы талбайд ажиллуулж байсан харуулын ажлын хөлсийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Мөн нөгөө талаас миний хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний хүрээнд бидний тохиролцсон зардлыг Ж.И-д хариуцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон ба Ж.И- нь надтай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнийгээ үндэслэн нэхэмжлэл гаргасан. Уг гэрээг зөвхөн Ж.И-д ашигтайгаар тайлбарлан Ж.И- нь нэхэмжлэх эрхтэй, миний бие нэхэмжлэх эрхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж миний байшинг Ж.И-д өмчлөх эрх шилжсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.И- нь хариуцагч Я.С-д холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тооцоо нийлэх тухай гэрээний дагуу 4 400 000 төгрөг гаргуулах, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С-д ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Я.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй ба хамтран ажиллах гэрээний дагуу ажилтнуудын цалин хөлсний 50 хувь, түрээсийн төлбөрийн 50 хувь, 2,5 га газрын эзэмших эрх шилжүүлэн авах, чацарганы талбайд оруулсан хөрөнгө гаргуулах, гүний худаг, цахилгааны байгууламжийг дундын хөрөнгөд тооцуулах, хамтран ажиллах гэрээ болон хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу зөв тайлбарлан хэрэглэжээ.

Уг гэрээний тал болох нэхэмжлэгч Ж.И- болон хариуцагч Я.С- нь хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэн автомашины запас сэлбэг худалдах ажиллагаа явуулж, ашигаа хуваахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч Ж.И- гэрээний дагуу 5 000 000 төгрөг хариуцагч Я.С-д шилжүүлжээ. Хариуцагч Я.С- нэхэмжлэгчид сар бүр 750 000 төгрөг ба хугацаа хэтрүүлбэл алданги төлөх үүрэг хүлээжээ.

Үүнээс гадна талууд тусгайлсан гэрээгүйгээр Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах 5 га талбайд чацаргана хамтарч тарихаар болсон байна.

Дээрх сар бүрийн төлбөр тогтмол төлөгдөөгүй тул талууд 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсны тухай эдийн засийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” байгуулж, 2011 оны хамтран ажиллах гэрээг дүгнэж, хариуцагч Я.С- нэхэмжлэгч Ж.И-д 22 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх төлбөрт хариуцагч Я.С- нэхэмжлэгчид 2 тугалтай үхэр, Говилд байгаа хашааны 6 000 000 төгрөг, чацарганы талбайд байгаа өөрт ногдох эд хөрөнгө, гүний худгийг гаргахад орсон хөрөнгийн тал 4 000 000 төгрөг, байшин 5 000 000 төгрөг, торны мөнгө ажлын хөлстэй нийлээд 5 000 000 төгрөг бүгд нийлээд 22 000 000 төгрөгөөр бодож тохиролцсон байна. Тохиролцоо ёсоор хариуцагч нэхэмжлэгчид 2 тугалтай үхэр, 1 600 000 төгрөгийг хүлээлгэн өгчээ.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн талуудын хоорондох эд хөрөнгийн харилцааны тооцоог хийж, хариуцагчаас 3 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах гүний худаг, 5 га талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг нэхэмжлэгч Ж.И-гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн болон чацарганы модны өмчлөлийн талаарх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх маргааны зүйлд орж буй гүний худаг, хашаалсан тор, ажлын хөлсийн нийт үнэ, хариуцагчийн төлбөрт тооцох эд хөрөнгийн үнийн дүн, эдгээр эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн болохыг тогтоосон үндсэн нэхэмжлэлийн шийдэл зэргийг харгалзан нэхэмжлэгчээс 6 850 000  төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэж, цахилгааны байгууламжийг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.        

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс өөр дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон байх боловч шүүхийн дээрх дүгнэлт талуудын хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд тусгасан тохиролцооноос зөрүүтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 149 150 төгрөгийг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 139 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН