Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 109

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Ц.Бд холбогдох 2234000000365 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум ... нутаг дэвсгэр гэх газар ... Ц.Нг “... ангийнханд ямаа аваачиж өгөх гэж байхад орхиод явлаа” гэх шалтгааны улмаас цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б цагаатгаж,

иргэний нэхэмжлэгч Д.Н 5.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэлдээ “... амь хохирогч Ц.Н гэрт нь баруун гартаа хутга барин орж ирж өөдөөс нь довтлоход шүүгдэгч Ц.Б өөрийгөө болон өвөр дээр нь сууж байсан бага насны хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахаар довтолгоо дайралтыг зогсоохоор хутгатай гарыг барьж авч өөр рүү нь чиглүүлэн түлхэх үед амь хохирогч унаж хутганы ир хэсэг нь 1 цаг, мөр тал нь 7 цагийн чиглэлтэй ташуу байрлалтай, цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын хөндийг нэвтэлж түүнийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж дүгнэж Ц.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан нь довтолгоо буюу бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх явдал байдаг. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргаар нотлох баримтуудыг шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, Ц.Бгийн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан эсэх талаар зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх боловч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэн, шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхээс Эрүүгийн хууль буруу хэрэглэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдсон байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэхээр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 01 дүгээр сарын 10-ний өдрийн 27 дугаар цагаатгах тогтоол, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 заалтад заасан үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “... шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцсон. Прокурорын бичсэн 05 дугаар сарын 22-ны өдрийн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн эсэргүүцлийн тэргүү хэсэг нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гэж бичсэн байна. Гэтэл дээрх хэрэг маргаан нь анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болж цагаатгасан байдаг. Мөн эсэргүүцэлд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн ямар үндэслэл, нотлох баримтаар үгүйсгэж, хүчингүй болгуулах талаар огт дурдаагүй. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч миний хариу тайлбар бичих эрх зөрчигдсөн буюу ямар үндэслэлээр яагаад эсэргүүцэл бичсэн гэдэг дээр нь хариу тайлбар бичиж чадаагүй. Ганцхан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар “хүчингүй болгох эрх хэмжээгээ” хэрэглээгүй гэдэг зохицуулалтыг дурддаг. Гэтэл дээрх зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй. Мөн эсэргүүцэлд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар дурдсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг ямар үндэслэлээр яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж чадаагүй. Энэ хэрэгт нэг сар гаруй хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Уг хугацаанд өмгөөлөгч миний бие удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч прокурорын байгууллагаас “энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлье” гэдэг хариу өгдөг. Прокурорын байгууллага хэргийг бүрэн гүйцэд хянаж чадаагүйн улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд талууд бүгд оролцсон бөгөөд мэтгэлцээний тэгш эрхийн хүрээнд хуралдаан явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан аргагүй хамгаалалтын шинжтэй нөхцөл байдлыг үнэн зөв, бүрэн дүүрэн тогтоож чадсан гэж үзэж байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх “аргагүй хамгаалалт” гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол ямар үндэслэлээр хуульд нийцэхгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хохирогч талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчид үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэдэг байдлаар удаа дараа гомдол гаргадаг боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Гэтэл амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмч шүүх хуралдаанд оролцож “оношлохдоо зургийг нь авсан, тэгэхдээ зүрх нь рүү нь нэвтэрч орсон үгүйг ерөөсөө шалгаагүй, тэрнээс болоод зүрх цусаа шахах тоолонд цус гадагшлахаар ургацгийн хальсыг бүрээд нас барсан гэдэг. Амь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад сэхээн амьдруулах тасагт байж байгаад энгийн тасагт шилжээд 9 цагийн дараа нас барсан. Гэтэл энгийн тасагт шилжүүлэхэд эмч нарын зөвлөгөөнөөр орсон байдаг. Дараа нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдтэй уулзсан эмч Б гэх хүн байгаа боловч эдгээр хүмүүстэй холбоотой ямар ч мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Давж заалдах шатны шүүх нотолбол зохих байдлуудыг нотолсон, мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж дүгнээд Ц.Бг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л хэлсэн саналдаа “... цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн сэргээн тогтоосон хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, талуудын санал, тайлбар дүгнэлтийг үндэслэн тодорхойлж, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн эсэхийг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй байна. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Прокуророос Ц.Бг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ... гэх газар нутаглах ... Ц.Нгийн цээж рүү нэг удаа хутгалж санаатай алсан хэмээн ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэмжээ, хязгаарын дотор Ц.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд “... амь хохирогч гаднаас хутга барьж орж ирсэн, уг хутганд хатгагдаж нас барсан талаар хэн аль нь маргадаггүй. Ц.Б нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдэд үхэлд хүргэх гэмтэл учруулсан санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзсэн” нь хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Хүн бүр амьд явах эрхтэй бөгөөд өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал “аргагүй хамгаалалт” гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй орхих нь хууль хэрэглээний тогтсон жишиг болно.

Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг бүхий /F07.8/ өвчтэй, цочмог ууртай дүү нь хутга бариад “ална” гэж хашгираад орж ирсэн нөхцөл байдал нь тулгарсан довтолгоо мөн бөгөөд уг аюултай довтолгооны эсрэг Ц.Бгийн “... хутга бариад өөдөөс дайрсан, би барьж байсан хүүхдээ орон дээр хаяад хутгатай гартай нь “ноцолдож” гэрийн баруун урд хэсэгт зуухны араар хоёулаа ойчсон” гэж болсон үйл явдлыг тайлбарлан мэдүүлснээс үзэхэд өөрийн болон ач хүүгийнхээ амь нас, эрүүл мэндийг аюултай довтолгооноос хамгаалсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд “Н-гийн зүгээс Б-гийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага бодитой байсан эсэх, довтолгоон эхэлсэн, эхлэх гэж байсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй, Ц.Бгийн үйлдэл аргагүй хамгаалалт байсан эсэх талаар зөв дүгнэлт хийгээгүй, санаатай гэмт хэрэг үйлдээгүй гэсэн иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Магадлал нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолтой нэг ижил шийдэлтэй мэт боловч утга, агуулгын хувьд эрс зөрүүтэй, цагаатгах тогтоолын үндэслэлийг үгүйсгэж няцаасан атлаа хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрт тавигдах нийтлэг шаардлагыг хангахгүй байгааг дурдаж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

3. Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

      ШҮҮГЧИД                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                 Б.ЦОГТ