| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00674/И |
| Дугаар | 184/ШШ2016/00569 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2016/00569
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2016/00569 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, 13б байр 19 тоотод оршин суух, Ганбатын Гэрэлмаад холбогдох хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Гэрэлмаа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөрдараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “ВИП800” үйлчилгээний 91984466 дугаарын эзэмшигч болсон ба мөн тухайн үед манай компаниас зарласан Смарт План үйлчилгээнд хамрагдан гэрээ байгуулж, “LG G Flex” маркийн гар утсыг 12 сарын хугацаанд төлбөрийг хуваан төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.
Гэтэл Г.Гэрэлмаа нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91984466 дугаарын болон зээлээр авсан гар утасны төлбөрийг 2016 оны 02 сарын байдлаарх төлбөр 740 321 төгрөгийг төлөхгүй байгаа тул дараа төлбөрт үйлчилгээг гэрээний 5-р зүйлийн 5.1.7-д заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Г.Гэрэлмаагаас төлбөрийн үлдэгдэл болох 740 321 төгрөг, үүнээс гэрээний 7-р зүйлийн 7.5-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасаад нийт 690 321 төгрөг, нотариатын зардалд 8 000 төгрөг, нийт 698 321 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Скайтел” ХХК нь Г.Гэрэлмаад холбогдуулан дараа төлбөрт 91984466 дугаарын төлбөр болон гар утасны зээлийн төлбөр болох 698 321 төгрөгийг нэхэмжилсэн. Г.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжилсэн үнийн дүнг төлсөн байх тул шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ нь Г.Гэрэлмаад холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 698 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 698 321 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Г.Гэрэлмаа нь утасны төлбөр 698 321 төгрөгийг төлж барагдуулсан” гэж бичсэн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.”Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гэрэлмаад холбогдох 698 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 10 655 төгрөг, хариуцагчаас 10 655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 21 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ