Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

  2019          7           03                                    2019/ШЦТ/654      

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Хохирогч Ш.Хасбаатар,

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Од холбогдох эрүүгийн 1809056220490 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Дүнжингарав худалдааны төвд тогоочоор ажилладаг гэх, ам бүл 3, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Батцэцэгийн тоосго 1 гудамж 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 20 дугаар хороо Тайжын 18-5 тоотод оршин суух хаягтай, урьд:

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний бүртгэлийн газрын гадна хохирогч Ш.Хасбаатарт “өөрийгөө уг газрын гадаад паспортын хэлтэст орчуулагчаар ажилладаг, Солонгос улс руу урилгаар явуулж өгнө” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнийг төөрөгдөлд оруулж нийт 2.050.000 төгрөгийг Хаан банкны 5749829815 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ш.Хасбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надтай фэйсбүүкээр чатлаад ямар ажил хийж байна. Би гадаад паспортын хэлтэст орчуулагч хийж байгаа гэсэн. Нэг өдөр Отгонцэцэг надаас “гадаад явах уу?” гэхээр нь “яаж явдаг юм” гэсэн чинь маргааш паспортоо 2.000.000 төгрөгтэй аваад ир гэсэн. Би материалуудаа бүрдүүлээд очсон. Тэгээд би “танай ажил руу орж үзье гэхэд хамгаалагчтай болохоор оруулдаггүй” юм гэсэн. Тухайн үед би анзаараагүй. Хэд хоногийн дараа над руу залгаад “юм чинь бүтчихлээ хүнд хахуульд 100.000 төгрөг өгөх гэсэн юм” гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Би маргааш нь 100 айл дээр бүтэн өдөр хүлээсэн. Үүнээс хойш гар утсаа унтраагаад алга болсон. 1.650.000 төгрөг нөхөн төлсөн. Би гомдолтой байна. Үлдэгдэл хохирлын мөнгөа гаргуулж авмаар байна...” гэв.

 

Эрүүгийн 1809056220490 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хасбаатар бид хоёр нэг ангид сурч байсан. Хасбаатар над руу залгаад “Солонгос улс руу гаргаад өгөх хүн байна уу” гэж асуусан. Тухайн үед манай найзын эгч нь Солонгос руу хүн хүмүүс явуулаад байдаг гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу миний данс руу 1.950.000 төгрөг хийсэн байсан. Би Хасбаатарыг Солонгос явуулах талаар нөгөө таньдаг эгчдээ хэлсэн. Нөгөө эгч “одоо хүн явуулах боломжгүй хөдөө байна” гэсэн. Би Хасбаатарын мөнгийг өгөхөөр болоод мөнгийг нь өгөх гэтэл миний данс мөнгөгүй болсон байсан. Би Хасбаатартай дахин утсаар яриагүй. 11 дүгээр сарын 20-ны үед Хасбаатар 100.000 төгрөг миний данс руу хийгээд “өөрөө хэрэглээрэй” гэсэн байсан. Хасбаатар маш их уурлаж миний зургийг фейсбүүкэд байрлуулсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Хасбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр фейсбүүк хаягаар 10 жилийнхээ группэд чат бичиж байгаад ангийнхаа Отгонцэцэг гэдэг охинтой чатлаад хаана ажиллаж байгаа талаар нь асуухад “гадаад паспортын хэлтэст ажиллаж байгаа, найздаа Солонгос явах хүн байвал хэлж өгөөрэй тусална шүү” гэхээр нь би “надад явах санаа байна” гэсэн. Отгонцэцэг “найз нь 5 хүн явуулах урилга байна. Нэг урилга дээр нь чамайг оруулаад өгье” гэсэн. Тэгэхээр нь “найдвартай биз дээ” гээд асуусан чинь “найдвартай миний найз 2.000.000 төгрөгөө гадаад паспорттайгаа 100 айлын гадаад паспортын хэлтэс дээр аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100 айл дээр очиж байгаад 2.000.000 төгрөгийг Отгонцэцэгийн данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд надад мөнгө үлдээгүй болохоор Отгонцэцэгийн картаас бэлэн 50.000 төгрөг уншуулаад авсан. Тэгээд хэд хоногийн дараа залгасан чинь утас нь холбогдохоо болчихсон. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр залгаад “яасан бэ” гэж асуухад “асуудалгүй маргааш бүтлээ энэ хүнд хахуулийн мөнгө гэж 100.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би тэр мөнгийг нь маргааш буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд маргааш нь залгахад утсаа авахаа байсан ба алга болсон учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Надад мөнгө алга болсон гэж хэлсэн зүйл байхгүй, утсаа авахаа больсон ба 10 гаран хоногийн дараа би залгатал “одоо бүтчихлээ одоо чи надад 100.000 төгрөг өгчих би ахлагчдаа өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Би 100.000 төгрөг мөн түүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18, 62-63 дугаар хуудас/,

 

           Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...20.000х47ш=940.000 төгрөг, 10.000х48ш=480.000, 5000х46ш=230.000 төгрөг нийт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг Ц.Оээс хураан авч хохирогч Ш.Хасбаатарт хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын №11/4319 дугаартай албан бичиг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/, гэрч Б.Цэцэнгийн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

  Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Хасбаатарыг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж мобайл банкаар “Хаан” банкны 5749829815 дугаартай өөрийн дансанд 2.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Оийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Хасбаатарын мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Ц.О нь “Солонгос улс руу явуулж өгнө” гэж Ш.Хасбаатарыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Ц.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, Солонгос улс руу явах гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Оийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Оээс хохирогч Ш.Хасбаатарт 1.650.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Оээс үлдэгдэл хохирол 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Хасбаатарт олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Ц.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ц.О нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Ог бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Хасбаатарт олгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Оийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН