Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2025/00022

 

 

 

 

 

  2025      03         13                                          207/МА2025/00022

 

 

   Ж.***ын нэхэмжлэлтэй,

  хариуцагч “***” ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01695 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ж.***ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “***” ХХК-д холбогдох,

 “Газрын зарим хэсгийг шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттөгсийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн *** *** миний бие нь өөрийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү гэрээ байгуулах болсон үндэслэл нь миний эзэмшилд үлдэж байгаа 4997 кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг та 2023.05.10-ны дотор барьж өгөхөөр тохирсон ба хариуцагч *** ХХК уг газрын тал хэсэгт уртааш 2 тал нь тус бүр 74,16 м, өргөн 2 тал нь 33,86 м хашаа барьсан боловч тохирсоноор хашааг будаагүй, орох, гарах хаалга хийж бэхлээгүйгээс 8 метр хэсгийг үхэр мал шөргөөж унаган улмаар үрэгдэж алга болсон. *** ХХК хашааг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тохирсон ажлыг дутуу хийгээд орхисон. Бидний тохиролцоо, гэрээ хийснээс хойш бүтэн нэг жил өнгөрсөн үр дүн гараагүй, миний бие 2023, 2024 оны газрын татварыг бүрэн төлсөн. *** ХХК нь харин миний газарт барьсан хашааны төмөр хийцийн үнэд 14,051,400 төгрөг, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг, газрын чанар байдлын шинжилгээд 500,000 төгрөг, нотариатын хураамжид 300,000 төгрөг бүгд 16,851,400 төгрөгийг 2023.05.11-нд надаас нэхэмжилсэн учир тэднийхийг гэрээнээс татгалзсан гэж үзэж *** компанийн 5094528911 тоот дансанд 2024.04.12-нд шилжүүлсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн тооцоогүй болсон. Иймд миний бие 2023 оны 05 сарын 05-нд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаагаа 2024.05.08-нд бичгээр мэдэгдэж захирал *** оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн /Уг хаягт хүн байхгүй гэж буцаж ирсэн/ болон тус компани дээр очиж захирал ***гэрээнээс татгалзах мэдэгдлээ биечлэн гардуулсан. Миний энэхүү татгалзсан саналд *** ХХК, ***хариу ирүүлээгүй учир татгалзлаа дахин нотолж 2024.06.12-нд мэдэгдэл хүргүүлсэн. Ингэснээр миний бие Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс бүрэн татгалзсан болно. *** ХХК ***нь хожим 2024.7.1-нд 24/109 тоотоор Гэрээнээс татгалзсан саналыг зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Одоо би хууль ёсны газар эзэмшигчийн хувьд газраа өөр этгээдэд шилжүүлэх гэтэл 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй, цахим санд байгаа учир нотариат нэг газар дээр давхардуулан гэрээг гэрчлэхгүй гэх ба газрын эрх шилжүүлэх гэрээ нотариатаар заавал гэрчлэх гэрээ болно. Дээрх гэрээний дагуу газрын эрх шилжүүлэх Орхон сумын засаг даргын захирамж гараагүй, *** ХХК дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, миний 9995 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 93.1-д заасан эд хөрөнгө эзэмших эрхэд саад болж байгаа энэ асуудлыг мөн хуулийн 9.4.8-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлж хууль ёсны эзэмшигчийн эрхээ хамгаалахаас аргагүй болж байна. Иймд иргэн *** *** миний өөрийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шүүхийн журмаар цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч “***” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Иргэн Ж.***аас тус шүүхэд *** ХХК-д холбогдуулан гаргасан Газар эзэмших гэрээг цуцлах тухай" шаардлагатай нэхэмжлэлийг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Татгалзалын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж тогтоолгох болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/01695 дугаар шийдвэрээр:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,205 дугаар зүйлийн 205.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.2.1,38.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан ***тоотод байршилтай *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-ны өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттөгс шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч “***” ХХК нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг “***” ХХК- д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа 4997 кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг 2023.05.10-ны дотор барьж өгөхөөр тохиролцжээ. Үүний дагуу хариуцагч “***” ХХК уг газрын тал хэсэгт 2 тал нь уртаашаа тус бур 74,16 м, ерген 2 тал нь 33,86м хашаа барьсан байна. Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу хашааг будаагүй, орох, гарах хаалга хийж бэхлээгүйгээс 8 метр хэсгийг үхэр мал шөргөөн унагаж, хашаа нурж үрэгдсэн гэж байгааг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү байдлыг нотлох үүднээс газар дээр нь бичлэг хийж ирснийг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар шинжлэн судалсан, нэхэмжлэгч үүнтэй маргаагүй.Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу газрын зарим хэсгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлж, түүний нэр дээр газар эзэмших гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдоогүй, нэхэмжлэгч 2023, 2024 оны газрын татварыг бүрэн төлсөн байна. Ийнхүү гэрээний үүрэг биелэгдээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 225 дугаар зуйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчээс хашааны төмөр хийцийн үнэ 14,051,400 төгрөг, ажлын хөлс 2,000,000 төгрөг, газрын чанар байдлын шинжилгээ 500,000 төгрөг, нотариатын хураамж 300,000 төгрөг бүгд 16,851,400 төгрөгийг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч татгалзлыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зуйлийн 205.1-д зааснаар “***” компанийн 5094528911 тоот дансанд 2024 оны 04 сарын 12-ны өдөр дээрх 16,851,400 төгрөгийг шилжүүлж, газар эзэмших эрх түүнд үлдсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч 2023 оны 05 сарын 05-нд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэрээнээс татгалзаж байгаагаа 2024 оны 05 сарын 08-ны өдөр бичгээр мэдэгдэж захирал *** оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн гэрээнээс татталзах мэдэгдэлд хариуцагч хариу ирүүлээгүй, нэхэмжлэгч 2024-06-12-нд мэдэгдэл хүргүүлсэн, хариуцагч 2024.07.01-нд 24/109 тоотоор “Гэрээнээс татгалзсан саналыг зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлжээ. Нэхэмжлэгч нь “хууль ёсны газар эзэмшдэгийн хувьд газраа өөр этгээдэд шилжүүлэх гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-нд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй, цахим санд байгаа учир нотариат нэг газар дээр давхардуулан гэрээг гэрчлэхгүй гэсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан газрын эрх шилжүүлэх гэрээ нотариатаар гэрчлэгдэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу газрын эрх шилжүүлэх талаар Орхон сумын Засаг даргын захирамж гараагүй, “***” ХХК дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, 9995 кв.м газар зэмэших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа болох нь батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг “***” ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 142/ШШ2024/01695 дугаартай шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухай: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон боловч нотлох үүргээ биелүүлээгүй. Үүнд: 1.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Талуудын тохиролцсоны дагуу хашааг будаагүй. 1.2.Талуудын тохиролцсоны хашаанд орц, гарц хийгээгүй. 1.3.Хашааг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. 1.4.Хашааг үхэр мал шөргөөсний улмаас 8 метр хэсэг нь нурж үрэгдсэн. 1.5.Гэрээнээс татгалзаж хашааны үнэ болон бусад зардалд 16,851,400 төгрөг шаардсан. 2.Нотлогдсон байдал: 2.1.Хариуцагч нь хашааг будахаар тохиролцсоныг нотлоогүй. 2.2.Хариуцагч нь хашаа хашаанд орц гарц хийхээр тохиролцсоныг нотлоогүй. 2.3.Амаар хийсэн гэрээгээр тохиролцсоны дагуу хашааг хүлээн авч, үр дүнг хүлээн зөвшөөрсөн тул 2024.04.12-нд 16,851,400 төгрөг шилжүүлсэн. 2.4.Ажлын үр дүнг хүлээн авснаар эрсдэл шилжих тул 8 метр хашаа унаж, үрэгдсэнд хариуцагч буруугүй. 2.5. Гэрээнээс татгалзсан гэсэн хэрнээ түүнийг цуцлах нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, Талуудын тайлбараар “***” ХХК нь ***тоот хаягт байрлах нэгж талбарын *** дугаартай, иргэн Ж.***ын эзэмшлийн 9995 м.кв газрын 4997 м.кв хэсэгт нь төмөр хашаа барьж өгөхөөр тохиролцсон бөгөөд үүний хариуд дараах үүргийг иргэн Ж.*** гүйцэтгэхээр Талууд тохиролцсон нь ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний агуулгыг тодорхойлсон нь тогтоогдсон. Үүнд: 1. Үнийн зарим хэсэгт 14,051,400 төгрөг төлөх, 2.Үнийн үлдэх хэсэгт 4997 м.кв хэмжээтэй газрын эрхийг шилжүүлэх. Энэхүү гэээгээр хүлээсэн үүргийг талууд дараах байдлаар биелүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул үүнийг ИХШХШтХ- ийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ... эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Үүнд: 1.“***” ХХК-,ас төмөр хашаа барих үүргээ гүйцэтгэсэн. 2.Иргэн Ж.***аас 4997 м.кв хэмжээтэй "Газар эзэмших эрх шилжуулэх гэрээ"-г 2023 оны 05 сарын 05-нд байгуулж, 14,051,400 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн. Гэтэл “***” ХХК-иас төмөр хашаа барих үүргийн хариу төлбөрт иргэн Ж.***аас 4997 м.кв хэмжээтэй газрын эрхийг шилжүүлж, 14,051,400 төгрөг төлөх үүрэг хүлээсэн Талуудын тохиролцсоноос өөрөөр тохиролцсоныг нотолсон баримт байхгүй байтал иргэн Ж.*** 14,051,400 төгрөгийг шилжүүлсэн тул 4997 м.кв хэмжээтэй газрын эрхийг шилжүүлэх үүргийг гүйцэтгэх шаардлагагүй мэтээр буюу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй. Учир нь Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг “***” ХХК-аас зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн тул Нэхэмжлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “гэрээнээс татгалзах” мэдэгдэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай Хариуцагчийн 2024 оны 7 дугаар сарын 1 -ний өдрийн 24/109 дугаартай албан бичгээр хариу өгч, тус гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх иргэн Ж.***аас шаардсан бөгөөд Нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болон 2024 оны 05 сарын 08-ны өдөр мэдэгдэл хариуцагч хүлээн аваагүй. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрээний үүрэг биелэгдээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 225 дугаар зуйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж нэхэмжлэгээс хашааны төмөр хийцийн үнэ 14,051,400 төгрөг, ажлын хөлс 2,000,000 төгрөг, газрын чанар байдлын шинжилгээ 500,000 төгрөг, нотариатын хураамж 300,000 төгрөг бүгд 16,851,400 төгрөгийг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч татгалзлыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зуйлийн 205.1.-д зааснаар "***” компанийн 5094528911 тоот дансанд 2024 оны 04 сарын 12-ны өдөр дээрх 16,851,400 төгрөгийг шилжүүлж, газар эзэмших эрх түүнд үлдсэн байна гэж дүгнэсэн нь буруу тул үндэслэлгүй.  Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: ***тоот хаягт байрлах нэгж талбарын *** дугаартай, иргэн Ж.***ын эзэмшлийн 9995 м.кв газрын 4997 м.кв хэсэгт нь төмөр хашааны дуу, дүрсний дүрс бичлэгийг дискэнд буулгасан хэлбэрээр хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан нотлох баримт тул түүнд тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.4-т зааснаар үзлэг хийх ёстой шүүхээс хамаарах техникийн шалтгаанаар тус дискэнд бичигдсэн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийлгүйгээр, хавтаст хэрэгт цуглараагүй нотлох баримт болох хариуцагчийн өмгөөлөгчийн гар утас дахь бичлэгт үзлэг хийж, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь ИХШХШТХ-иар тогтоосон журмыг зөрчиж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01695 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Газрын эрх шилжүүлэх 2023 оны 05 сарын 05-ны гэрээнээс газар эзэмшигч Ж.*** хуульд заасан үндэслэлээр татгалзсан ба уг татгалзлыг хариуцагч “***” ХХК зөвшөөрөхгүй гэж маргасан, уг гэрээ цахим бүртгэлд “хүчинтэй” төлөвтэй эайгаа нь газар эзэмшигч Ж.***ын хууль ёсны эрхийг хязгаарлаж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах нь хууль ёсны дагуу болно. “***” ХХК гэрээнээс татгалзах саналыг бодит үйлдлээрээ зөвшөөрсөн. Үндэслэл нь 4997 м.кв газрын эрх шилжүүлэн авч байгаагийн хариу төлбөр болгон Ж.***ын эзэмшил газрын түүнд үлдэх тал хувь буюу 4997 м.кв хэсэгт анх гэрээ байгуулах үед тохирсон ёсоор төмөр хашааг өөрийн зардлаар хагас дутуу барьсан боловч түүндээ холбогдох бүх зардлаа Ж.***аас буцаан шаардаж 2024.04.12-нд 16,851,400 төгрөгийг хүлээн авсан. “***” ХХК нь анх гэрээгээр тохирсон 4997 м.кв газрыг шилжүүлэн авах талаар болон түүний ашиглалт, төлбөрийн талаар хууль тогтоомжид заасан ямар ч хүсэл зоригийг хаана ч илэрхийлээгүй, Ж.***ын 9995 м.кв хэмжээтэй ***тоот байршилтай, газар эзэмших *** тоот гэрчилгээтэй, *** нэгж талбарын дугаартай газар эзэмших хууль ёсны эрх хэвээр хадгалагдаж байгаа. Энэ нөхцөлд эд хөрөнгө болон түүний эрхийг хууль ёсны эзэмшигчээс хуульд заасан тохиолдлоос бусдаар /дайчлан авах зэрэг/ авахыг шаардаж болдоггүй. Хариуцагч тал гэрээний харилцаа, талуудын хооронд үүссэн эрх, үүрэг, Газрын тухай хууль тогтоомжийн зохицуулалтыг буруу ойлгож тайлбарлаж байна гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттөгсийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ж.*** хариуцагч “***” ХХК-нд холбогдуулан газрын зарим хэсгийг шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1,2х/

Хариуцагч зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээ “...талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг хариуцагч зөрчөөгүй, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр хариу өгсөн....нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй” гэж маргасан байна. /хх44, 85х/

3.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч “***” ХХК нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа 4997 кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг 2023 оны 05 дугаар сарын 10-ны дотор барьж өгөхөөр тохиролцсон, үүний дагуу хариуцагч “***” ХХК уг газрын тал хэсэгт 2 тал нь уртаашаа тус бүр 74,16 м, өргөн 2 тал нь 33,86м хашаа барьсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4.Анхан шатны шүүх дээрхи үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд ямар харилцаа үүссэнийг дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс маргааны зүйлийн хүрээнд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэмж дүгнэх боломжтой гэж үзлээ.

4.1 Нэхэмжлэгч ***тоотод байршилтай 9995 м.кв газрын 4997 м.кв хэсэгт төмөр хашаа бариулах, *** ХХК уг газарт хашаа барьсны хөлсөнд газрын үлдэх 4997 м.кв хэсгийг шилжүүлж авахаар тохиролцсон, хашаа барьсан үйл баримтаас талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.2 Нэхэмжлэгч “…өөрийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэх, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах болсон үндэслэл нь миний эзэмшилд үлдэж байгаа 4997 кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг хариуцагч барьж өгөхөөр тохирсон” гэсэн,

Хариуцагч “...манай компани төмөр хашаа барих үүргээ гүйцэтгэсэн, …иргэн Ж.*** 4997 м.кв хэмжээтэй газарт хашаа барих үүргийн хариу төлбөрт 4997 м.кв хэмжээтэй газрын эрхийг шилжүүлж, 14,051,400 төгрөг төлөх үүрэг хүлээсэн” гэсэн тайлбар тус тус гаргаж гэрээний зүйлийн үнэ, доголдол, гэрээнээс татгалзсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5. Гэрээний зүйл буюу хашааны доголдлын талаар:

 

5.1 Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “***” ХХК газрын тал хэсэгт уртааш 2 тал нь тус бүр 74,16 м, өргөн 2 тал нь 33,86 м хашаа барьсан боловч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хашааг нэхэмжлэгч Ж.***ад хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй.

 

5.2 Харин хашаа дутуу баригдсан болох нь хэргийн 28, 29 дүгээр талд авагдсан гэрэл зургаар нотлогдсон.

 

6. Гэрээний зүйлийн үнийн тухайд: Хариуцагч “…нэхэмжлэгч хашаа барих ажлын хөлсөнд 4997 м.кв хэмжээтэй газрын эрх болон 14,051,400 төгрөг төлөх үүрэг хүлээсэн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

6.1 Харин хэрэгт авагдсан газрын эрх шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгчийн эзэмшлийн 9995 м.кв газрын 4997 м.кв хэмжээтэй газарт нь хашаа барих, хашаа барьсан ажлын хөлсөнд 4997 м.кв хэмжээтэй газрын эрхийг шилжүүлэхээр талууд тохиролцсон нь тогтоогдож байна.

 

7. Гэрээнээс татгалзсан хүсэл зоригийн тухайд: Хэргийн 21 дүгээр талд *** ХХК-иас иргэн Ж.***ад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хашааны үнэ 14,051,400 төгрөг төлөх нэхэмжлэхийг өгсөн байх ба үүний дагуу нэхэмжлэгч Ж.*** 2024 оны 04 дүгээр сарын 12-нд *** ХХК-ийн ***тоот дансанд 16,851,400 төгрөгийг “хашаа, бусад зардал” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь хх25 талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч 16,851,400 төгрөгийг авсан талаар маргаагүй.

 

7.1 Ийнхүү хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ж.***ад хашааны үнэ 14,051,400 төгрөг төлөх нэхэмжлэх өгсөн нь хариуцагч эхлээд гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205, 225 дугаар зүйлд нийцсэн байна.

 

7.2 Хариуцагч “....Нэхэмжлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “гэрээнээс татгалзах” мэдэгдэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 1 -ний өдрийн 24/109 дугаартай албан бичгээр хариу өгч, тус гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг иргэн Ж.***аас шаардсан бөгөөд нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдэл хариуцагч хүлээн аваагүй” гэсэн тайлбар гаргаж маргадаг.

 

7.3 Хариуцагч ийнхүү нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан талаарх 2024 оны 5 дугаар сарын 08, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдийн мэдэгдлийг аваагүй гэж маргаж байгаа боловч Ж.***ын ***ХК-иар үйлчлүүлсэн талаарх тодорхойлолт, “***” ХХК-ийн Ж.***ад хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний 24/109 дүгээр мэдэгдлийн “…гэрээнээс татгалзах боломжгүй” гэж хариу өгсөн байгаагаас нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдлийг хариуцагч авсан болох нь нотлогдож байна.

 

8.Нэгэнт хариуцагч өөрийн барьсан хашааны үнэ, ажлын хөлс 16,851,400 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан авсан, хашаа барьсан ажлын хөлсөнд “нэхэмжлэгч 4997 м.кв хэмжээтэй газрын эрх болон 14,051,400 төгрөг төлөх үүрэг хүлээсэн” гэсэн тайлбараа нотлоогүй, түүнчлэн хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 38.3.-д зааснаар сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэргийг гаргаж өгөөгүй, газрын албан татвар, хураамж төлөөгүй, газрын эрхийг өөртөө шилжүүлэн авах ямар нэг үйлдэл хийгээгүй, “***” ХХК дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэхэмжлэгчид олгосон 9995 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байна.

 

9.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн эзэмшлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай ***тоотод байршилтай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг *** ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд маргаан бүхий газар дээр очиж бичлэг хийсэн CD нотлох баримтаар гаргасан байх ба шүүх хуралдааны явцад бичлэгийг эхлүүлэхэд гацсан учир өөрийнх нь хүсэлтээр эхлээд гар утсан дахь бичлэгийг, энэ нь уншихгүй байсан тул dell загварын зөөврийн компьютерт нь байсан бичлэгт үзлэг хийсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн CD-нд бичигдсэн бичлэгийн талаар нэхэмжлэгч маргаагүй тул “....шүүхээс хамаарах техникийн шалтгаанаар тус дискэнд бичигдсэн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийлгүйгээр, хавтаст хэрэгт цуглараагүй нотлох баримт болох хариуцагчийн өмгөөлөгчийн гар утас дахь бичлэгт үзлэг хийж, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон” гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/01695 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

“...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 205 дугаар зүйлийн 205.1., 225 дугаар зүйлийн 225.1., Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*** болон хариуцагч *** ХХК-ийн хооронд байгуулагдсан ***тоотод байршилтай *** тоот гэрчилгээтэй, *** тоот нэгж талбарын дугаартай 9995 м.кв газраас 4997 м.кв хэсгийг “***” ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-ны өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалсугай…” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттөгсийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                                                   ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                   ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА