| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0645/Э |
| Дугаар | 661 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 661
2019 7 04 2019/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч С.Ү /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Үд холбогдох эрүүгийн 1909017320526 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 58 дугаар гудамжны 813-4а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Ү нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Уянга” нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч Ц.Цагаан-Уулын 162.500 төгрөгийн үнэ бүхий баруун талын чихэнд зүүж байсан өрөөсөн алтан ээмэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ү мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909017320526 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Ү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би найз охин Аззаяагийн хамт 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зургаан буудлаас Дамбадаржаа руу харих гээд явж байгаад “Уянга” нэртэй хүнсний дэлгүүр рүү манай найз охин юм авах гээд орохоор нь би цаашаа яваад шээгээд зогсож байхад нэг үл таних 45-50 орчим насны эмэгтэй “юу байна миний дүү, хаачих гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би зүүн гараа баруун мөрөн дээр нь тавиад “харьлаа” гэж хэлээд хартал баруун чихэнд нь шар ээмэг харагдсан тэгэхээр нь тэрийг нь зөөлхөн татсан чинь мултраад гарт унаад ирэхээр нь аваад цаашаа явж байхад манай найз охин дэлгүүрээс гараад ирсэн. Би очоод “харъя” гээд цаашаа яваад бид 2 гэртээ очсон. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй тэр эгч өөрөө намайг шээж байхад хүрч ирээд яриа өдөөд байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор чихэнд нь ээмэг гялтганахаар нь авсан. Тэрнээс би тэр ээмгийг алт, монет гэж бодож аваагүй. Би 2.5 литртэй пиво 3 ширхэгийг уусан бөгөөд тасарсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Цагаан-Уул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Уянга” дэлгүүрийн орчимд явж байхад үл таних эрэгтэй хүн хүзүүнээс тэвэрч аваад баруун талын чихэнд байсан алтан ээмгийг шүүрч зугтаасан. 30 орчим насны 170-180 см-н өндөртэй туранхай залуу байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Маш гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/,
Гэрч А.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би найз залуу Үүрдмөнхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 8-38 тоотод түүний эгч Сүхбаатарын Үүрцайхын гэрт түүний нөхөр хүүхдийн хамт 2019 оны 4 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Үүрдмөнх бид хоёр 6-н буудлаас Дамбадаржаа руу харих гээд явж байгаад би далангийн хажууд байсан “Уянга” хүнсний дэлгүүр рүү асаагуур авах гэж орсон. Дэлгүүрээс буцаж гарч ирэхэд миний найз залуу Үүрдмөнх далангийн тэндээс над руу хүрч ирээд “хурдан гэр рүүгээ явъя” гээд бид хоёр гэртээ харьсан. Гэрт ороод Үүрдмөнх юм ярилгүй сууж байгаад согтуу байсан учраас унтсан. 2-3 цаг орчим унтаж байгаад сэрчихээд нэг шар өнгийн өрөөсөн ээмэг гаргаж ирээд “Би энэ ээмгийг гудамжинд явж байгаад олсон. Хоёулаа энэ ээмгийг ломбарданд барьцаанд тавьж хоол хүнсний зүйл худалдаж авъя, надад бичиг баримт байхгүй, чиний бичиг баримтаар тавьчихъя’’ гээд бид хоёр Дарь-Эхийн хуучин эцсийн буудал дээр байдаг “Ээл” нэртэй ломбарданд тухайн ээмгийг аваачиж 80.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөнөөсөө гэртээ хоол ундны зүйлс аваад бараг дуусгасан. Үүрдмөнхийг тухайн ээмгийг хаанаас авсан талаар харсан зүйл байхгүй. Үүрдмөнх өөрөө тэр ээмгийг газраас олсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Э.Батдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг ширхэг өрөөсөн, түгжээ нь хугарсан алтан ээмэг барьцаанд тавимаар байна гээд орж ирсэн. 1,3 грамм жинтэй алтан ээмэг байсан. Тухайн эмэгтэй хүний нэг ширхэг өрөөсөн ээмгийг Амарсанаагийн Аззаяа гэсэн хүний бичиг баримтаар тухайн ээмэгний түгжээ гэмтсэн байсан учраас 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн эмэгтэй хүний нэг ширхэг өрөөсөн ээмгийг Амарсанаагийн Аззаяа гэдэг эмэгтэй 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бичиг баримттайгаа ирээд төлбөрөө төлөөд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 1,3 грамм алтан ээмэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 162.500 /нэг зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Сүхбаатар овогтой Үүрдмөнх-с алтан шаргал өнгийн түгжээ нь хугарсан эмэгтэй хүний нэг ширхэг ээмгийг түр хураан авав...эд зүйл хураалгасан С.Ү...” гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Түгжээ нь хугарсан алт гэх шаргал өнгийн эмэгтэй хүний өрөөсөн 1 ширхэг ээмгийг хүлээлгэн өгөв...эд зүйл хүлээн авсан Ц.Цагаан-Уул...” гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,
Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 40 пүгээр хуудас/, шүүгдэгч С.Үийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ү нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Уянга” нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч Ц.Цагаан-Уулын баруун талын чихэнд зүүж явсан өрөөсөн алтан ээмэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Ц.Цагаан-Уулын “...үл таних эрэгтэй хүн хүзүүнээс тэвэрч аваад баруун талын чихэнд байсан алтан ээмгийг шүүрч зугтаасан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч А.Аззаяагийн “...нэг шар өнгийн өрөөсөн ээмэг гаргаж ирээд “Би энэ ээмгийг гудамжинд явж байгаад олсон. Хоёулаа энэ ээмгийг ломбарданд барьцаанд тавьж хоол хүнсний зүйл худалдаж авъя, надад бичиг баримт байхгүй, чиний бичиг баримтаар тавьчихъя гэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч С.Үийн “...баруун чихэнд нь шар ээмэг харагдсан тэрийг нь зөөлхөн татсан чинь мултраад гарт унаад ирэхээр нь аваад цаашаа явсан...” гэсэн мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаар шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр булаан авч буй үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч С.Үийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Цагаан-Уулаас “...алдагдсан эд зүйлээ буцаан авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 56/ гаргасан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч С.Үийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Үөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Үг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үөд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Үөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, мөн хууль зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Үөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН