| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0658/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 664
2019 7 05 2019/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох эрүүгийн 1809017910485 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд мал малладаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сум эмт 1 дүгээр багт оршин суух, урьд:
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.Н нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 7-14/В тоотод оршин суух С.Бүрэнхүүгийн эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар орж 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хулгайлж 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809017910485 дугаартай хэргээс:
Шүүгдэгч П.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажил хийхээр зар тавьсан хүнтэй холбогдоход Сэлхийн эцэст хүрээд ир гэсэн. 09 цагийн үед гэрээс гараад алхаад явж байгаад ам цангаад Дамбадаржаагийн рашаан уух гэж байтал рашааны хажуу талд 40 гаран насны согтуу залуу ганцаараа архи барьчихсан сууж байсан. Тэгээд би тэр ахтай танилцаад 0.75 литрийн Шим нэртэй архи хувааж уусан. Би нилээн согтсон хаана явж байгаагүй мэдэхгүй байсан. Хүнээс зам асуухаар явж байтал модон хашаан дотор эзэнгүй хаалга нь цоожтой монгол гэр байхаар нь хашааны хаалгаар нь дотогш ороод гэрийн хаалганы тооноор авирч гэр дотор нь ороод 32 инчийн ЛСД зурагтыг аваад хашаан дотор нь байж байтал 2 эрэгтэй хүүхэд гүйж ирээд намайг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
Хохирогч С.Бүрэнхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд миний зээ хүү Лхагвасүрэн над руу залгаад манай гэрт хулгайч орж зурагт алдагдсан байна гэсэн. Манай зээ хүү зурагтыг боогоод авч явахад бэлдээд байж байсан гэж хэлсэн. Гомдол байхгүй. Зурагтаа хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би дүүгээ цэцэрлэгээс нь авчихаад гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгын 7-14/В тоотод ирэхэд гэрийн хаалга хаалттай байсан. Гэрт эрэгтэй хүн сууж байсан. Би хашаа руугаа ороод хүрз бариад тэр хүнийг зугтаалгахгүй гээд цохисон. Манай гэрийн зурагтыг гэр дээр барьчихсан сууж байгаад газар буунгуутаа газар тавьчихаад зугтаах гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...ТСЛ гэсэн бичигтэй 32 инчийн цагаан өнгийн хүрээтэй лэд зурагтыг хураан авч хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь ТСЛ брэндийн 32 инчийн зурагт болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 256.000 /хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Нийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 54-56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/, гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17-18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 7-14/В тоотод оршин суух С.Бүрэнхүүгийн эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг хулгайлж 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч С.Бүрэнхүүгийн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Нийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч П.Н нь өөрийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч С.Бүрэнхүүгийн оршин сууж амьдрах тусгайлан хамгаалсан гэрт нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас түүнд хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Хохирогч С.Бүрэнхүүгийн амьдрах гэрт түүний гэр бүлийн гишүүн, зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээд нэвтрэхээс бусад ямар ч тохиолдолд хэн нэг этгээд нэвтрэх эрхгүй байхад П.Нямдэлгэрээс уг гэрийн тооноор нэвтэрч бусдаас нууц далдаар, сэм орж эд хөрөнгийг авч буй үйлдэл нь түүнийг хууль бусаар орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүх шүүгдэгч П.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эд зүйлийг П.Нээс хураан авч хохирогчид буцаан өгсөн болох нь тэмдэглэлд /хх-ийн 15-16/ тусгагдаж, хохирогч С.Бүрэнхүүгээс “...зурагтаа хүлээн авсан. Гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 25 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.Нийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
П.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, түүнийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Н нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. П.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Нийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нийн цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН