Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00025

 

 

 

2025 03 20 207/МА2025/00025

 

 

 

 

 

 

 

 

2025        03         20                                           207/МА2025/00025

 

 

   “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч ***д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2025/00004 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

 “Гэм хорын хохиролд 1,686,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ***, өмгөөлөгч С.Дорждулам нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батмөнх, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч С.Дорждулам, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “***” ХХК нь ***тоотод *** найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 2024 оны 06 дугаар сарын 28-нд 18 цаг 20 минутын орчимд манай хойд гудмаар шар Ковш ачсан ***улсын дугаартай шар өнгийн ачааны машины эзэмшигч *** нь уг машинаараа манай дэлгүүрийн 380В-ын тэжээлийн кабелийг тастаж улмаар камерын тоног төхөөрөмжүүд масалж шатсан мөн станц дээрх 380-ын автомат шатаж нийт материал засвар үйлчилгээний зардал 1,553,000 төгрөг мөн үнэлгээний байгууллагын зардал 133.000 төгрөг гарч нийт 1,686,000 төгрөгийн хохирол гарсан. Гарсан бодит зардлыг жагсаавал: 380-ын автомат шинээр авч сольсон Үүнд: 3 фазын автомат 80,000, лент 8,000, төгсгөвч 9,000, ажлын хөлс 33,000 нийт 130,000 төгрөг (эхний өдөр), 180м 380-ын шинэ кабел сольж 2 үзүүрт холболт хийлгэсэн Үүнд: 180м кабел 720,000 Татагч 4ш 40,000 дундын татагч 2ш 20,000 төгсгөвч 8ш 8,000 ажлын хөлс 600,000 нийт 1,388,000 төгрөг (хоёр дахь өдөр), камерын бууруулагч (тэжээлийн блок) 35,000 төгрөг, үнэлгээний компаний хөлс 133,000, нийт бодит зардал 1,686,000 төгрөг болсон. Уг хэрэг нь Орхон аймгийн замын цагдаагийн газарт хошууч ***дээр шалгагдаж *** нь буруутай болох нь тогтоогдож зөрчлийн хэргээр торгуулсан бөгөөд манай гаргасан үнэлгээ болон, үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Иймд шүүхэд хандах шалтгаан гарсан тул нийт хохирол болох 1,686,000 төгрөгийг ***аас гаргуулж шийдэж өгнө үү. Мөн Орхон аймгийн Замын цагдаагийн газраас CD дээрх хуулсан нотлох баримт, зурагнууд, үнэлгээний газраар үнэлгээ хийсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *** овогтой *** нь Орхон аймгийн иргэн. ***хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 30 минутын үед дэлгүүрийнхээ гудамж руу ***машинаараа орох гэж яваад цахилгааны утас тасалсан нь үнэн. Гэвч тус газарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ (өндөрийн тэмдэглэгээ) байгаагүй утас унжсан байсан. Цахилгааны утас тасрах үед манай дэлгүүрийн болон хөрш дугуй засвар, нэхэмжлэгч "***" ХХК-ийн "***" дэлгүүр мөн хойд гудамжны оршин суугчдын тог зэрэг тасарсан. Тог тасарсан даруй манайхаас дэлгүүрийн худалдагч цахилгааны байцаагч ***дугаарт болон төв цахилгааны дуудлагын ***дугаарт цаг алдалгүй дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 30 минут орчимд цахилгааны ажилтан ирж хянаад, нэмэлтээр хүмүүс дуудаж цахилгааныг зассан. 2024 оны 06 дугаар сарын 28-ны 18 цаг 30 минутанд тасарсан тог 21 цаг 50 минут орчимд 22 цаг болохоос өмнө ирсэн. Тог зэрэг тасарч зэрэг ирсэн тог тасарсан хугацаа богино байсан. “***” ХХК-ийн эзэн ***нэхэмжилсэн 1,686,000 төгрөгийг үгүйсгэж байна. Манай дэлгүүрийн болон нэхэмжлэгч “***” дэлгүүрийн тог зэрэг ирсэн орлогод хүндрэл учраагүй. Тус дэлгүүрийн цахилгааны утас хэвээрээ солигдоогүй унжсан хэвээрээ байсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2025/00004 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д засныг баримтлан хариуцагч ***аас гэм хорын хохирол 1.686.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***аас 41.926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ***, түүний өмгөөлөгч С.Дорждулам нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүх хариуцагчаас 1,686,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч хэрэгт уг гэм хорын хохирол нэхэмжлэгчид бодитойгоор учирсныг нотлох хуулийн шаардлага хангасан баримт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт байгаа зарлагын баримтууд нь ямар нэгэн тамга тэмдэггүй, бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай гарын үсэггүй байх бөгөөд эдгээрт бичигдсэн үнийн дүнг бэлнээр тооцсон, эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан бичмэл баримтууд дээр бичигдсэн тоо, үнийн дүн зэрэг нь хоорондоо таарч тохирохгүй, зөрүүтэй байгаа нь уг баримтууд хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй гэх эргэлзээ бүхий байна. Иргэний хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад ***д холбогдох зөрчлийн хэргийн материалд авагдсан “***” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар шинжлэн судалжээ. Зөрчлийн хэрэгт энэхүү үнэлгээний тайланг гаргуулахаар “***” ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр, шинжээчид хууль сануулсан баримт огт байхгүй атал, уг үнэлгээний тайланг анхан шатны шүүх ***аас гэм хорын хохирол гаргуулах нотлох баримт болгосон нь үндэслэлгүй байна. Ийнхүү *** нь нэхэмжлэгчид 1,686,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсныг бодитойгоор нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг баримтлан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар 24-ний өдрийн 142/ШШ2025/00004 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “***” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч *** нь зүв зүгээр байсан бусдын өмч хөрөнгийг өөрийн буруутай үйлдлээс болж бидэнд мөнгөн болон маш их цаг хугацааны хохирол учруулчихаад өөрийн буруугаа гэмшиж ойлгохгүй байгаа нь үнэнд нийцэхгүй шудрага бус явдал гэж миний бие үзэж байна. Манай авсан материалын гурван падан бүгд гарын үсэгтэй бөгөөд бүх тооцоо зардал шүүхэд гаргаж өгсөн тайлбарууд нэг ч төгрөгийн зөрүүгүй таарч байгаа бөгөөд, зөвхөн падан дээрээ тамгагүй гэдэг үндэслэлээр бүхэл бүтэн шүүхийг болон гурвын гурван шүүгчийн ажлыг бүхэлд нь үгүйсгэж бусдад ийм их төвөг учруулж байгаа нь уг хүний ямар хүн чанаргүй хүн бэ гэдгийг л итгэж байна. Манай зах барилгын материалууд амьдрал дээр үнэн бодит байдал дээрээ ийм л падан өгдөг, ийм л үнэтэй байдгийг бүгд мэдсээр байж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь худлаа гэж үзэж, нэг ч төгрөг өгөхгүй гэж байгаа нь арай хэтэрхий шударга бус үйлдэл юм. Анхан шатны шүүх хурал эхний удаад хойшлож байсан. Тэр өдөр *** нь шүүхийн гадаа миний авч явсан нотлох баримт болох шатаад сольсон 100А 380В-ын автомат, камерын бууруулагч болох тэжээлийн блокны зургыг дарж авсан байж 100 айл дээр очоод үнэ судалж болох л байсан. Тэгээд 12 дугаар сарын 24-нд сүүлийн шүүх хурал дээр ярьж болох л байсан. Миний бие ямар ч шуналын сэдэлгүйгээр нэг ч төгрөгийн илүү худлаа зардал оруулаагүй бөгөөд хоёр хоног тог цахилгаангүй байсан хөргөгчинд байдаг бүтээгдэхүүн гэссэн, мөн дэлгүүрийн ашиг орлогод нөлөөлсөн болон бодит бус нотлоход төвөгтэй зардлуудыг огт дурдалгүй өнгөрөөсөн билээ. *** нь цагдаагийн шатанд энэ дүнг чинь зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Орхон аймгийн замын цагдаагийн хошууч ***тэгвэл үнэлгээний компаниар үнэлгээгээ батлуул гэсэн. Үнэлгээгээ албан ёсны үнэлгээний компаниар гаргуулаад очиход дахиад л зөвшөөрөхгүй байна гэсэн учраас бид арга буюу шүүхэд хандах болсон. *** нь тухайн үед өөрийхтэйгөө нийлээд 4 аж ахуй нэгжийн 380В ын цахилгааны кабель, 1 айлын юнивишины кабель тастаж гэмтээсэн бөгөөд нэгнээс нь ч уучлалт гуйж би тасалчихлаа одоо яадаг билээ энэ тэр гэхийн оронд өөрийхөө үүдэнд ч зогсохгүй шууд зугтааж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байдаг нь хавтаст хэрэгт тодоос тод байгаа. Хэрэг явдал болсны дараа цагдаагийн газраас камерын бичлэг авхаас өмнө *** руу утсаар залгаж та хашаандаа ойрд юм хийгээд байгаа танайх руу кран ороод кабел тасалчихвуу яав гэхэд үгүй үгүй ах нь одоо л харин кран оруулах гэж байна хэмээн хийсэн хэргээсээ зугтаж байсан. Мөн цагдаад анхны мэдүүлэгтээ би ***эхний гудманд хүнээс юм авчаад горьдлого зогсоол дээрээ ирсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг нь уг хүн өөрийн буруутай үйлдлээс зугтаах гэсэн хоёр дахь оролдлого байсан гэж миний бие хардаж байна. *** нь тухайн үедээ одоо яанаа ах нь кабель тасалчихлаа гээд иргэний үүргээ эр хүн шиг хаяа айлын ёс, хөршийн жудаг заагаад хүлээн зөвшөөрөөд уулзаж учирсан бол цагдаад ч очихгүйгээр цохьцоод учраа ололцож болох л байсан. Гэтэл энэ хүн өөрийн буруутай үйлдлийг харин ч нуун дарардуулах оролдлого хийж байсан нь дээрхи миний тайлбараас харагдана. *** нь манай гаргасан материалын падаан үнийн дүнг эс зөвшеөрч гомдох эрхтэй ч гэлээ магадлагаа гаргасан цагдаа ахлах дэслэгч ***, үнэлгээ гаргасан “***” ХХК-ийн хийсэн ажпыг үгүйсгэж ажпаа худлаа хийдэг гэж үзэж байгаатай агаар нэг буй заа. Миний бие шүүхэд тамгагүй падан өгсөн ч ямар нэгэн шуналын сэдэл агуулж нэг ч хуурамч материал бүрдүүлээгүй үнэн зөвөөр яг бодит гарсан зардлаа буцаад буух эзэнтэй буцах хаягтай газруудаас авсан падаанаа л өгсөн болно. Иймд миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болох 2024 оны 12 дугаар сарын 24ны 142/ШШ2025/00004 дугаартай шүүгч Б.Бямбасүрэн, Б.Дэлгэрцэцэг, Б.Хишигдаваа нарын гаргасан шийдвэрийг үнэн зөв шударга шүүсэн гэж үзэж байгаа тул тус шүүхийн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч ***ы гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “***” ХХК хариуцагч ***д холбогдуулан гэм хорын хохиролд 1,686,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан./хх1,2х/

Хариуцагч *** “..Манай дэлгүүрийн болон нэхэмжлэгч "***" дэлгүүрийн тог зэрэг ирсэн орлогод хүндрэл учраагүй. Тус дэлгүүрийн цахилгааны утас солигдоогүй унжсан хэвээрээ байсан” гэсэн. хх18х/

Хариуцагчийн өмгөөлөгч “...*** нь нэхэмжлэгчид 1,686,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсныг бодитойгоор нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан.

3.  Хариуцагч *** нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ***улсын дугаартай ачааны машин жолоодож яваад ***тоот хаягт байрлалтай нэхэмжлэгч “***” ХХК-ийн өмчлөлийн “*** мини маркет” дэлгүүрийн 180м урттай, 380в-ын тэжээлийн кабелийг тасалсны улмаас камерын тоног төхөөрөмжүүд маслаж, мөн станц дээрхи 380 автомат шатаж гэм хорын хохирол учирсан,

 

Дээрх зөрчлийн улмаас хариуцагч ***д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дахь заалтаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зөрчил шийдвэрлэсэн материал, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

4. Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

5.Иймд анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон 380вт-ын автомат шинээр авч сольсон, 3 фазын автомат 80,000 төгрөг, лент 8,000 төгрөг, төгсгөвч 9,000 төгрөг, ажлын хөлс 33,000 төгрөг нийт 130,000 төгрөг (эхний өдөр), 180м 380-ын шинэ кабел сольж 2 үзүүрт холболт хийлгэхэд 180м кабел 720,000 төгрөг, татагч 4ш 40,000 төгрөг, дундын татагч 2ш 20,000 төгрөг, төгсгөвч 8ш 8,000 төгрөг, ажлын хөлс 600,000 төгрөг, нийт 1,388,000 төгрөг (хоёр дахь өдөр), камерын бууруулагч (тэжээлийн блок) 35,000 төгрөг, үнэлгээний компаний хөлс 133,000 төгрөг, нийт бодит зардал 1,686,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

6. Хавтаст хэргийн 32 дугаар талд “***” ТӨХК-ийн монтер ***“...миний бие нэг туслахын хамтаар 2024 оны 06 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд “***” дэлгүүрийн цахилгааны 180м, 380в кабел, мөн 100А тоолуур сольж, эхлэл төгсгөлийн холболтуудыг хийж 2 өдөр шон дээр ажил гүйцэтгэсэн. Мөн эхний өдөр кабелийг механик аргаар залгах гэж үзсэн боловч кабел утас голдоо хаа нэгтээ олон тасарсан, гэмтсэн дахин ажиглах боломжтой тул шинэ кабел авахыг зөвлөсөн бөгөөд нийт ажлын хөлс болох 730,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот дансаар авсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт авагдсан бөгөөд дээрх тодорхойлолтод бичигдсэн үйл баримт буюу ***ажлын хөлсөнд 730,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь *** ХХК-ийн ХХК-ны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

7.Нэхэмжлэгчийн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг, ***тайлбар, “***” ХХК-ийн ХХК-ны депозит дансны хуулга, “***” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, зөрчлийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа, баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтууд байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...*** нь нэхэмжлэгчид 1,686,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсныг бодитойгоор нотлох баримт хэрэгт авагдаагүй. “***” ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр, шинжээчид хууль сануулсан баримт огт байхгүй атал, уг үнэлгээний тайланг анхан шатны шүүх ***аас гэм хорын хохирол гаргуулах нотлох баримт болгосон нь үндэслэлгүй...зарлагын баримтууд нь ямар нэгэн тамга тэмдэггүй, бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай гарын үсэггүй” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2025/00004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч С.Дорждулам нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.дэх хэсэгт зааснаар хариуцагч ***, түүний өмгөөлөгч С.Дорждулам нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,926 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                   ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА