| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0657/Э |
| Дугаар | 663 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 663
2019 7 05 2019/ШЦТ/663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1909014260470 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран барималч, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охин дүүгийн хамт Дорнод аймгийн Цагаан-овоо сум 3 дугаар багт оршин суух, урьд:
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2 жилийг өршөөн хасч 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-6-60 тоотод оршин суух иргэн С.Уянгын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хууль бусаар нууцаар орж 46 инчийн “фунай” маркийн зурагтыг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909014260470 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр хамт ял эдэлж байсан ах нартайгаа таараад архи уусан. Шөнө бид нар тарсан би ганцаараа нэг шил архи аваад гарсан. Түүнийгээ уугаад их согтсон. Ломбарданд зурагт тавьж байгаад сэргэсэн. Хаанаас ямар зурагт авснаа санахгүй байна. Уг зурагтыг 160.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
Хохирогч С.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 17 цагийн орчим гэрээ цоожлоод Тоосгоны эцсийн тэнд найзындаа байж байгаа шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоожны цүүг мушгиад хулгайч орж Фунай маркийн 46 инчийн зурагт алдагдсан байсан. Зурагтаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
Гэрч Г.Хүрэлпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Шүүж үзэхэд Дорж овогтой Баярцогт /ЖЯ91123059/ гэсэн хүн манай ломбарданд 43 инчийн Фунай маркийн зурагтыг 7 хоногийн хугацаатай 160.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Хугацаа хэтэрсэн болохоор 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зарагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 дугаар хуудас/,
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Фунай маркийн зурагт болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1979 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “1, 2” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн “1, 2” дугаартай 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000710011381, MN0000ДОР00113 дугаараар бүртгэгдсэн Доржийн Баярцогтын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн...” гэжээ /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, ял шийтгэгдэн суллагдсан талаарх баримт /хх-ийн 68-72 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, гэрч Д.Сувдаагийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч А.Ган-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-60 тоотод оршин суух иргэн С.Уянгын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожыг эвдэн хууль бусаар нууцаар нэвтэрч 46 инчийн “Фунай” маркийн зурагтыг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч С.Уянгын мэдүүлэг,
Гэрч Г.Хүрэлпүрэвийн мэдүүлэг,
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1979 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.Б нь өөрийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч С.Уянга оршин сууж амьдрах тусгайлан хамгаалсан гэрт нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас түүнд эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Хохирогч С.Уянгын амьдрах гэрт түүний гэр бүлийн гишүүн, зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээд нэвтрэхээс бусад ямар ч тохиолдолд хэн нэг этгээд нэвтэрч, орж болохгүй төдийгүй Д.Б нь тухайн гэрийн хаалганы цоожыг эвдэн орж бусдаас нууц далдаар, эд хөрөнгийг авч буй үйлдэл нь түүнийг хууль бусаар орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Д.Боос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 560.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч С.Уянгад олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Д.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Боос гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлаа илэрхийлсэн боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул түүний гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 560.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Уянгад олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН