| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0636/Э |
| Дугаар | 670 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 670
2019 7 08 2019/ШЦТ/670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 1809007361239 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 29 гудамж 19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хорооллын 12 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номын сангийн баригдаж буй барилгын нэгдүгээр давхарын цоожтой өрөөний хаалганы цоожийг эвдэн барилгын бэхэлгээний турбанууд хулгайлан авч 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809007361239 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед хулгай хийх гээд гадуур явж байсан. АНУ-ын элчин сайдын яамны хажуугаар урагш явж байхад баригдаж байгаа барилга байсан. Уг барилгын хашааг давж ороод барилгын нэг давхараас нь турбанууд хулгайлан авч хашааны нүхээр гадна гаргаж байсан. Ойролцоогоор 21 цаг хүртэл уг барилгаас ганцаараа турба зөөсөн. 30 орчим турба гаргаж байгаад тэнд явж байсан цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ганбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай “Акми холдинг” ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын барилгын ертөнцийн зүгээр зүүн талд Сүхбаатар дүүргийн номын сангийн барилгыг барьж байгаа юм. Манай барилга талбай нь гадуураа төмөр хашаатай, дотроо хяналтын камертай, нэг манаач хонож ажилладаг юм. Тухайн өдөр намайг гэртээ байхад манай инженер Замбага 21 цагийн үед над руу залгаад “барилга дээрээс хулгай хийж байсан хүмүүсийг АНУ-ын элчин сайдын яамны цагдаа нар барьсан байна” гэж хэлсэн. Намайг барилга дээр ирэхэд хулгай хийсэн гэх хүнийг барьсан байсан. Уг хүн манай баригдаж байгаа барилгын нэг давхараас барилгын бэхэлгээний турба хулгайлж хашаа давуулсан байдалтай байсан. Гомдолтой байна. 30 ширхэг турбаг хулгайлахаар завдан хашааны гадна талд байрлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 43 дугарр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь турба болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 195.000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Нн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Д.Замбагын мэдүүлэг /хх-ийн 30, 32 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд /21-28, 57-67 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 76-77 дугаар хуудас/, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан Д.Нн ялын тооцооны 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт харуул хамгаалалт бүхий тодорхой үйл ажиллагаа явуулдаг баригдаж буй барилга руу нэвтэрч барилгын бэхэлгээний турбануудыг бусдад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 195.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Ганбилэгийн мэдүүлэг, гэрч Д.Замбагын мэдүүлэг, шүүгдэгч Д.Нн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.Н нь өөрийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж барилгын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан харуул, хамгаалалттай байранд нэвтэрч, хохирогчид /манаачид/ мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нь тухайн барилгын үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хашаагаар хамгаалж, харуул хамгаалалтын ажилтан ажиллаж байсан объектод нэвтрэх эрхгүй байхад бусдаас нууц далд аргаар сэм орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогдсон тул түүнийг хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ганбилэгээс “эд зүйлээ буцаан авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ мэдүүлэг болон хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд /хх-ийн 43, 73 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Нг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг буцаан өгсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг шийтгэх тогтоолоор 1 жил 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж 10 сар 21 хоногийн хорих ял үлдсэн болох нь ялын тооцооны лавлагаагаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Нд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагч Д.Нг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих захирамжын дагуу түүнийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн болох нь шилжүүлэх хуудас, ялын тооцооны лавлагаа зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Нг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байх тул уг хугацаанаас 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Нг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Нд оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН