| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/07312/И |
| Дугаар | 210/МА2025/00464 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00464
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
13,056,297.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ******* гэсэн нэрээ болгон өөрчилсөн.
1.2. Хариуцагч *******тэй 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 12,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.
1.3.Зээлдэгч зээл авснаас хойш үндсэн зээл 2,624,058.98 төгрөг, зээлийн хүү 916,941.02 төгрөгийг тус тус төлсөн. Харин 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан.
Иймд хариуцагчаас зээл 9,375,941.02 төгрөг, зээлийн хүү 4,597,294.25 төгрөг, нийт 13,056,294.25 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Тухайн үед нэг ажилбарт хамтран ажиллахаар ярилцаж байсан ******* нь 2023 оны 02 дугаар сарын сүүлээр машин барьцаалж чиний нэрээр зээл аваад хэрэглэх гэсэн юм, нэг ажилд орох гэсэн чинь ингэх тун шаардлагатай байна, *******-ын хариуцсан ажилтан ******* нь манай дүү юм чинь санаа зоволтгүй ямар ч асуудал гаргахгүй, 2-3 долоо хоноод зэлээ буцаагаад хаана гэж 20 хоног орчим гуйсан. Бидний хамтран ажиллах гэж байсан ажил багагүй мөнгөн дүнгийн ажил байсан тул гуйгаад байсан тул зөвшөөрсөн. Улмаар дүүрэг дэх ББСБ-д хамт очиж дүү гэх ******* хүлээн авч зээлийн гэрээнд юу бичих талаар нэг нэгэнгүй хэлж бичүүлээд нэг хувийг нь өөрөө авч, нөгөө хувийг *******д өгсөн.
Би ББСБ-аас дансаар орж ирсэн 12,000,000 төгрөгийг тэр даруй хэлсэн данс руу шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа ББСБ-ын ажилтан залгаж зээлээ төлөх хугацаа чинь болсон байна гэж тул *******тэй ярихад зээлээ удахгүй хаана, ойрдоо ажил ихтэй байлаа санаа зоволтгүй өнөөдөр зээлээ төлнө гэж хэлсэн. Мөн ******* залгаж өмнөх төлөгдөөгүй зээлээ төлсөн, одоо зээлээ хаалаа чи над руу барьцаа хөрөнгийг ийм нэртэй, ийм регистрийн дугаартай байгууллага руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт зааварчилгаа өгч бичүүлж viber-aар авсан. Хэсэг хугацааны дараа ББСБ-ын ахлах эдийн засагч гэх эмэгтэй холбогдож зээлээ төлөөгүй талаар хэлэхэд зээлийг хаагаагүйг мэдсэн. Харин н.******* нь над руу залгаад би Солонгост байна, би захиралд учрыг нь хэлсэн гэхдээ хамаагүй юм битгий яриарай. Монголд очоод уулзъя гэж хэлсэн.
Хэсэг хугацааны дараа надтай холбогдож чи энэ зээлийг хаагаад машиныг авах уу гэхэд би авахгүй та нар зээлээ хаагаад намайг ямар ч асуудалгүй болгож өг гэж шаардсан. Хэсэг хугацааны дараа н.******* холбогдоод би ******* эгчтэй холбогдож чадахгүй байна, ******* эгчийн ээж гэрийнхэнтэй ярьсан, ээж тоохгүй байна, чамайг шүүхэд шилжүүллээ, чи шүүхэд гарын үсэг зураад өгчих тэгээд машиныг аваад чиний асуудлыг дараа нь шийдэж өгнө, чамайг ойлгож байна чи хохирогч болж байгаад санаа зоволтгүй гэж хэлсэн. Би зээлийг төлөөд барьцаанд байгаа машиныг авъя гэхэд нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 13,056,294.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,231.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,231.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь нэхэмжлэгч *******-ийн салбарын захирал н.******* болон түүний эгч нарын хүсэлтээр өөрийн нэр дээр зээл аваад уг мөнгийг дансанд шилжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй тул анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа жинхэнэ хариуцагч болох өмчлөлийн машинаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэлдээ гаргаад явж байсан боловч н.*******тэй хуйвалдан барьцаалсан машиныг суллаж *******д өгөхийн тулд үүргийг мөнгөөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл шүүх *******ийг хариуцагч гэж дүгнээд үүргийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийг хариуцах жинхэнэ хариуцагч байсаар байтал нэхэмжлэгчийн эс үйлдэхүйг шүүх зөвтгөж шийдвэрлэж байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй.
4.2. Талууд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан фидуцийн гэрээний нийтлэг үндэслэлийн 1.2-т гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний 2.1-д заасан фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн шилжүүлэхийг хүсч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлийг гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд үл маргах журмаар, бодитойгоор шилжүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс гэрээний 2.1-д заасан фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авахыг тус тус зөвшөөрсөн болно гэж заасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон байна гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь *******тэй хийсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, хэрэв үүргийг гүйцэтгэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Мөн фидуцийн гэрээний зүйл болох Хово маркийн ********* дугаартай автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн өгөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан нь шүүхээс гадуур урьчилан шийдвэрлэхээр журам тогтоосон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сард үлдэгдэл 6,000,000 төгрөг байгаа гэж мэдэгдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 9,375,941 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэхүү хүснэгт дэх шилжүүлэг нь хариуцагчаас шилжиж орж байгаагүй, зээлийн гэрээнд заасан дансаар тооцооны үлдэгдэлийг нотлох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, *******ий зээлийн эргэн төлөлт нь хаанаас, ямар данснаас, хэзээ орж ирээд хэрхэн хасагдсан талаар ямар ч мэдээлэл байхгүй, банкны дансны хуулга биш хэдэн тоо бичиж нэхэмжлэгч тал гарын үсэг тамгаа дарсан тооцооллын хүснэгтийг шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлэн хөдлөшгүй баримт мэт ашиглаж хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Шүүх хуралд хариуцагч тал мөнгөн дүнг 6,000,000 төгрөг болтол төлсөн гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргадаг бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх гүйлгээ төлөлтийг хийж байгаагүй учраас хэн нэгний өмнөөс баримт гаргаж өгөх боломжгүй. Дээрх үйл баримтаас үзэхэд ******* нь үндэслэлгүй хөрөнгөжих зорилгоор 6,000,000 төгрөг хүртэл буурч төлөгдсөн зээлийн эргэн төлөлтийн бодит байдлыг нууж, нотлох баримтаар банкны хуулга гаргаж өгөөгүй, жинхэнэ хариуцагчаас төлсөн болохыг шүүхэд мэдэгдэхийг хүсээгүй, давхар ашиг олох хүсэлтэй, зээлийн эрсдэлийг өөр аргаар хаах боломжтой байсан зэрэг үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас ******* та хоёр ямар харилцаатай юм бэ гэж тодруулж асуухад хамт ажиллаж байсан гэж хариулсан. Бид эвлэрэх санал гаргаад шүүх хуралдаан 2-3 удаа хойшлогдож байсан. Эвлэрэх гол зорилго нь фидуцийн гэрээгээр автомашиныг аваад энэ харилцааг дуусгах байсан боловч хариуцагч нь автомашины хаана байгааг мэдэхгүй, олдохгүй байна гэсэн тул олдохгүй байгаа автомашинаар бид эвлэрэх боломжгүй болсон.
******* нь өөрөө *******д мөнгийг шилжүүлээд өгөөд дараа нь *******-ийг хохироох гэж байна. Бид гэрээ хийхдээ эвлэрүүлэн зуучлахаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж гэрээ хийгээгүй. Тухайн үед манайхаас зээлийн үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг гэж хэлээгүй, нэгэнт зээл авсан бол зээлийг төлөх үүрэгтэй. Бид ******* гэдэг хүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул түүнээс зээлийг шаардах эрхгүй. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,375,941.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,597,294.25 төгрөг, нийт 13,056,294.25 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ********* улсын дугаартай, Хово /Howo/ маркийн тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.
3. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 12,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 7-9/
3.1.Мөн талууд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, гэрэгээр ********* улсын дугаартай, арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хово /Howo/ маркийн, улаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. /хх-ийн 10-11/
3.2. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, *******ий эзэмшлийн ХААН банк ХХК дахь тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн 13 дугаар талд авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдсон.
3.3. *******-ийн оноосон нэрийг ******* болгон өөрчилж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *******-д хуулийн этгээдийн гэрчилгээг дахин олгосон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор *******-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 3-6/
3.4. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэгч *******-ийн удирдах ажилтан болох н.*******, ******* нар миний нэрийг ашиглан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж зээл авсан, нэхэмжлэгчээс мөнгийг миний данс руу шилжүүлсний дараа данс руу тэр даруйд шилжүүлсэн, зээлийг би авч ашиглаагүй гэж тайлбарлан маргасан.
4.1. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь үндсэн төлбөрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 839,509.59 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,784,549.39 төгрөг, нийт 2,624,058.98 төгрөг, хүүгийн төлбөрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 276,164.38 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,326.03 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 638,511.47 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 939.14 төгрөг, нийт 916,941.02 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээлийн төлбөрт 9,375,941.02 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,680,353.23 төгрөг, нийт 13,056,294.25 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг байсан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй. /хх-ийн 14/
4.2. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын холбогдох этгээдүүдийн гуйлтаар зээл авсан даруйдаа тухайн этгээдүүдэд шилжүүлсэн, зээлийг авч ашиглаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, түүний хүүг шаардах эрхтэй.
4.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч *******ээс үндсэн зээл 9,375,941.02 төгрөг, зээлийн хүү 3,680,353.23 төгрөг, нийт 13,056,294.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Талууд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ********* улсын дугаартай, арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хово /Howo./ маркийн, улаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан.
5.1. Дээрх гэрээг байгуулах үед фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэргийн 15 дугаар тал дахь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 15/
5.2. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна.
5.3. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулснаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй, гэрээ хэрэгжих боломжгүй гэх үндэслэлээр уг шаардлагаасаа татгалзсан.
Иймд үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, харин зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ аваагүй буюу шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг ********* улсын дугаартай, Хово /Howo./ маркийн тээврийн хэрэгслээр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт харшлаагүй байх тул уг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт нэмж оруулах үндэслэлтэй байна.
7. Хариуцагчийн өмгөөлөгч ...зээлийг хариуцах жинхэнэ хариуцагч байсаар байтал нэхэмжлэгчийн эс үйлдэхүйг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь шудрага ёсны зарчимд нийцээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаар *******ийг тодорхойлсон бөгөөд хариуцагчийн солих хүсэлтийг шүүхэд гаргаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зөрчсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/00119 дугаар шийдвэрийн
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох үүргийн гүйцэтгэлийг ********* улсын дугаартай, арлын дугаартай, Howo. маркийн зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,
2, 3 дахь заалтын дугаарлалтыг 3, 4 гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 223,232 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ