Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00475

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/06001 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

129,729,966 төгрөг гаргуулах тухай үндсэн,

146,077,550 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төслийн барилгын смарт зогсоолын барилгад -ын брэндийн шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын гэрээг байгуулсан. Дээрх гэрээний явцад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус нэмэлт ажлын гэрээ байгуулсан. Дээрх 4 гэрээний нийт үнийн дүн 549,313,900 төгрөг байхаар тусгасан бөгөөд гэрээний төлбөрт *******-аас 316,065,900 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бартерын гэрээгээр 161,865,650 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээнүүдийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүгнэхэд 7,095,761 төгрөгийг илүү төлсөн байсан.

1.2. Хариуцагч нь доголдолтой болон дутуу хийсэн ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгахаа амласан боловч хэлсэн хугацаандаа засаагүй. Улмаар ******* нь доголдолтой ажлаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгахыг шаардаж, уг заасан хугацаанд засаагүй тохиолдолд ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж, гарсан зардлыг нэхэмжлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь ажлаа гүйцэтгээгүй тул -иар ажлыг гүйцэтгүүлэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 42,892,500 төгрөгийг төлсөн.

1.3. Гүйцэтгэгч ******* нь гэрээний 2.6-д зааснаар хуанлийн 60 хоногт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн зөрчилд захиалагч хоног тутамд 0.15 хувийн алданги тооцох эрхтэй. Иймээс гүйцэтгэгч нь 116 хоног үүргээ зөрчсөн тул анз 86,837,466 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Иймд -аас хохирол 42,892,500 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 7,095,761 төгрөг, алданги 86,837,466 төгрөг, нийт 146,077,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* болон *******-иудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах сууцны барилгын смарт зогсоолын барилгад гадна шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр -ын Joydon брэндийн металл шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэх, ажлын хөлс 536,885,500 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 6 дугаар зүйлд нийт төлбөрийн 60 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэгдэл 40 хувийг бартерын зүйлээр тооцож олгохоор тохиролцсон. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бартерын гэрээ байгуулж, 183,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

2.2. ******* нь манайд 161,065,650 төгрөгт үл хөдлөх хөрөнгө болон 305,000,000 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл 70,819,850 төгрөгийг төлөөгүй.

-2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А, Б блокийн гадна дотор хаалга нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ажлын хөлс 7,826,000 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс манай компанид 7,434,700 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 391,300 төгрөгийг төлөөгүй.

- 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Өргөтгөлийн хаалга нийлүүлэх, угсрах суурилуулах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ******* нь 2,234,400 төгрөг төлөх үүргээс 2,131,200 төгрөгийг бэлэн төлсөн. Харин үлдэгдэл 103,200 төгрөгийг төлөөгүй.

-2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фасадны төгсгөл дээр хийгдэх парпетны хавтангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу ******* манайд 2,368,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 868,000 төгрөгийг төлөөгүй.

******* нь манай компанид дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 549,313,900 төгрөг төлөхөөс 477,131,550 төгрөгийг төлсөн. Харин манай компанид тооцооны зөрүү буюу дутуу төлсөн 72,182,350 төгрөгийн авлагатай байна.

2.3. *******-тай байгуулсан гэрээгээр силконы ажил хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн гадна шилэн фасадны ажил нь -ын Joydon фирмийн бэлдэцээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү систем нь ямар нэг силконгүй систем юм. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил ямар нэг доголдолтой байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

Би жинхэнэ хариуцагч биш байхад хамтран хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний мөнгө, эд хөрөнгийг битүүмжилж, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин *******-ийн гүйцэтгэх захирлын хувиар *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан нь иргэний хувиар үүрэг үүсэх боломжгүй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөпөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар компанийг төлөөлж гэрээ байгуулсан. Гэтэл ******* болон ******* гэх өөр өөр субьект байхад нэг субьект мэтээр ойлгож хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрхгүй.

Иймд *******-тай гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т туслан гүйцэтгэгч нь ажлын чанар аюулгүй байдлын чанарын баталгаат хугацааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар суутгах ба мөн гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд буцаан олгоно гэж заасан. Энэхүү хугацаа нь тус гэрээний 7.1-д заасны дагуу 3 жилийн баталгаат хугацаа тогтоосон. Үүнийг гэрээний хавсралт 2.6-д захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөрийг бартераар олгох бөгөөд бартерын 40 хувийн төлбөрөөс гэрээний 7.2-т заасан гэрээний нийт үнийн дүнгийн барьцаа баталгаажуулалтын 10 хувийг авч үлдэнэ гэж тус тус тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 214,754,200 төгрөгийн үнийн дүнгээс барьцаа баталгаажуулалтын 10 хувь буюу 53,688,550 төгрөгийг суутган баталгаат хугацаа өнгөрсний дараа уг төлбөрийг олгохоор тохиролцсон.

Гэтэл дээрх хугацаа 2021 оны 10 сарын 04-ний өдөр өнгөрсөн байхад мөнгөн төлбөрөө төлөөгүй. *******-ийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэсэн төлбөрт манайд бэлэн мөнгөөр 322,131,300 төгрөг төлөхөөс 305,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн. ******* манайд бэлнээр төлөх төлбөрөөс 17,131,300 төгрөгийг дутуу төлсөн. Үүн дээр барьцаа баталгаажуулалтын 10 хувь буюу 53,688,550 төгрөгийг нэмж нийт 70,819,850 төгрөгийг гаргуулна.

4.2. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу ******* ажлын хөлс 2,368,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 868,000 төгрөгийг төлөөгүй.

-2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу ******* ажлын хөлс 7,826,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,434,700 төгрөг тус тус төлж, нийт 7,434,700 төгрөг төлөөд, үлдэх 391,300 төгрөгийг төлөөгүй.

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу ******* нь 2,234,400 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 онд 2,131,200 төгрөгийг бэлэн төлсөн. Үлдэгдэл 103,200 төгрөгийг төлөөгүй.

Дээрхийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч ******* нь манай компанид дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 549,313,900 төгрөг төлөхөөс 477,131,550 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 72,182,350 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

4.3. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний 6.10-д захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.15 хувьтай тэнцэх алданги төлөх бөгөөд алдангийг ажлын хөлс төлөх ёстой байсан өдрөөс ажлын хөлс төлсөн өдөр хүртэл хугацаанд тоолно гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бэлэн мөнгөөр төлөх 322,131,300 төгрөгөөс 305,000,000 төгрөгийг хугацаа хоцроож төлсний алдангид 40,052,788 төгрөг, төлөгдөөгүй 17,131,300 төгрөг болон түүний алданги 8,565,650 төгрөг, мөн бартерын 40 хувь буюу 214,754,200 төгрөгийн үнийн дүнгээс барьцаа баталгаажуулалтын 10 хувь болох 53,688,550 төгрөг, түүний алданги 26,844,275 төгрөгийг тус тус гаргуулна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,819,850 төгрөг, алданги 73,895,200 төгрөг, нийт 146,077,550 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

*******-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх 4 гэрээгээр тохиролцсон ажлуудыг зохих тоо ширхэг, чанар стандартын дагуу нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлуудыг -ын фермийн системээр бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь талуудын хооронд ажил гүйцэтгэх 4 гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дүгнэхэд ******* нь дутуу хийсэн ажлуудыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгах талаар амлалт өгсөн. Хариуцагч нь манай компаниас 147,645,063 төгрөгийн авлагатай байсан бол тооцоо нийлэхэд энэ талаар дурдах байсан. Мөн дутуу ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгах талаар амлалт өгсөн боловч ажлаа дуусгаагүй дутуу гүйцэтгэсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* болон ******* нараас 129,729,966 төгрөг гаргуулах тухай *******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,688,550 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92,389,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,551 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896,176 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас 426,392 төгрөгийг гаргуулан *******-д олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157,951 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлсээс буцаан гаргуулж *******-д олгож, нэхэмжлэгч *******-д шинжээчийн зардал 2,000,000 төгрөгийг ТӨААТҮГ-ын Голомт банкны дансанд төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл нь гүйцэтгэгчийн санал болгосон Joyden брендийн А60 технологи бүхий шилэн фасадыг холбогдох хууль тогтоомж болон тухайн технологийнх нь дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх, хөлс төлөх байсан атал гүйцэтгэгч тал өөрсдийн оруулж ирсэн А60 технологийг баримтлаагүй, дагалдах хэрэгслийг дутуу хийснээс үүдэн ашиглалтын явцад дулаан алдах, сийгэх, даралтын зөрүү үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн. Үүнийг засах, доголдлыг арилгах талаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардаж байсан ч аргагүйд хүрэн, гуравдагч этгээдэд хандан сөрөг нөлөөг арилгуулж, үүнтэй холбоотой гарсан зардлаа гүйцэтгэгчээс шаардсан. Гүйцэтгэгчийн санал болгосон Joyden брендийн А60 системд зайлшгүй байх дагалдах хэрэгслүүд нь 351011 код бүхий босоо баганын наалддаг тууз, 351048 код бүхий шилний гадна талын наалддаг тууз, 352001 код бүхий дулаан тусгаарлах тууз, 352080 код бүхий гадна талын дулаан тусгаарлагч хавтан, 357001 код бүхий уснаас хамгаалах наалддаг тууз, 352210 код бүхий дулаан тусгаарлагч жийргэвч боолт зэргээс бүрддэг болох нь хариуцагчийн гарган өгсөн Joyden брендийн А60 системийн каталогоос тодорхой харагдаж байна. Түүнчлэн технологийн зааварт ...салхивч гаргаж өгснөөр даралтыг тэнцвэржүүлнэ. ...А60...маркийн хаяавч хананд тусгай зориулалтын гадагш нээгддэг цонх суурилуулна. Гадна болон дотор тал руу нээгддэг цонх, дотор тал руу доошоо унжиж нээгддэг цонх болон гадагш дотогш нээгддэг хаалга суурилуулна гэжээ.

Гэтэл хариуцагч *******-ийн зүгээс дагалдах 6 хэрэгслээс 3-г орхигдуулж буюу 357001 кодтой уснаас хамгаалах 1 мм зузаантай 45 мм өргөнтэй наалддаг тууз, 352080 кодтой дулаан тусгаарлагч хавтан, 352210 кодтой даравч боолтны тусгаарлагч жийргэвч /шаавь зэргийг огт хийлгүйгээр, мөн даралт тэнцвэржүүлэх үүрэгтэй цонхнуудыг орхигдуулсан нь гэрээний 2.5-д заасан Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу барилгын ажлуудыг гүйцэтгэхдээ биет байдлын болон эрхийн доголдолгүй, сайн чанарын материалаар мэргэжлийн өндөр түвшинд, Монгол улсын стандартын шаардлага, захиалагчаас тавьсан шаардлага, гэрээний заалтуудад нийцүүлэн чанартай хийж гүйцэтгэнэ гэдгийг болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.8-д Өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх гэж заасан үүргээ зөрчсөн. Иймээс Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэдэгтэй нийцээгүй, биет байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн байна.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 349 дүгзэр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.1, 353.3-т зааснаар ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажпын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан гэх дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахааргүй. Тодруулбал, нэхэмжпэгчийн зүгээс эрхийн доголдлоор маргаагүй, мөн гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээгүй бөгөөд харин ч гэрээнд тов тодорхой тусгасан Joyden брендийн А60 технологийн тоо, хэмжээ, чанарт нийцээгүй, доголдолтой ажил гүйцэтгэснээс үүдэн бусдад нэмэлт зардал төлсөн. Тухайн үед дээр дурдагдсан 3 эд ангийг дутуу хийсэн гэдгийг *******-ийн зүгээс энгийн нүдээр хараад мэдэх боломжгүй, уг технологи шинэлэг учраас гүйцэтгэгч л учрыг нь олно гэх үүднээс зөрчлийг арилгуулахаар шаардсан хэдий ч эцсийн үр дүнд хүрээгүй тул хуучин аргаар буюу силикондож дулаалах аргыг сонгосон.

Үүнийгээ гуравдагч этгээд болох -д хөлсийг нь төлж гүйцэтгүүлсэн. Сүүлд нь олж мэдсэнээр шинжээчийн шүүх хуралдаанд мэдүүлсэнчлэн тухайн 3 эд ангийг зохих ёсоор хийлгэхэд хүрвэл шилэн фасадыг бүхэлд нь буулгахад хүрч илүү өндөр зардал, цаг хугацаа шаардахаар байсан. Хариуцагч ******* гэм буруутай болохыг Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч , нарын өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн шилэн фасадын ажил биет байдлын доголдолтой, чанар ашиглалтын шаардлага хангахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, захиалагч шаардсаар байхад гүйцэтгэгч арга хэмжээ аваагүйн улмаас аргагүйд хүрч ******* бусдад 42,892,500 төгрөгийг төлсөн.

7.2. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 2.6, 3.1.11, 5.2.25, 6.8-д заасан заалтыг баримтлан хугацаа хэтрүүлсэн 116 хоногт 0.15 хувиар тооцон, анз 86,837,466 төгрөгийг шаардсан. Тухайн цаг хугацаанд гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан гэх нөхцөл үүсээгүй тул анз шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг зөрчихгүй, уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан эрх зүйн хамгаалалт юм. Гэвч шүүх ...захиалагч тал төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй зөрчлөөс шалтгаалан гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байх тул ...алданги шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан гэж байгаа хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т Захиалагч нь ажлын хөлсийг гүйцэтгэлийн үе шатаар төлөх..., 6.5-д Туслан гүйцэтгэгч нь төлбөрийн нөхцөл буюу санхүүжилтийн үе шат бүрт ажпын гүйцэтгэлийн актыг боловсруулж, ...ажлын гүйцэтгэлийг хэмжилтээр шалгаж баталгаажуулан түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батална, 6.6-д Гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүнг тооцохдоо үе шатны хуваарьт заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн үе шатны ажпын үнэд үндэслэнэ, 6.7-д ...хэмжилтээр шалган баталгаажуулсны дараа ...баримтуудыг хүлээн авч баталгаажуулсан өдрөөс хойш... гэх мэтчилэн хөлс төлөх журмыг тодорхойлсон нь Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчихгүй, нөгөө талаар хавсралт 2-д буй үе шат нь гүйцэтгэгчээс шууд хамаарах баталгаажуулалт, нэхэмжлэх хуудас зэргээс шалтгаална. Түүнээс бус ажил эхлээгүй, эхэлсэн хэдий ч зохих ёсоор явагдаагүй байсан ч гэсэн гэрээний үнийг шилжүүл гэх утгыг агуулаагүй. Нөгөөтэйгүүр гүйцэтгэгч тал болон захиалагч талуудын бие даасан шаардлагууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэнэ гэх нь зохисгүй юм.

7.3. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анх шүүхэд гаргасан бөгөөд ...шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж тайлбарладаг хэдий гэрээ, нийт 4 гэрээний үлдэгдэл төлбөр болон түүний алдангитай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх *******-ийн татгалзал үндэслэлтэй байна гэсэн шүүхийн дүгнэлт зөв болсон учраас тэдгээртэй холбоотойгоор нэмж хэлэх зүйл байхгүй. Харин барьцаа баталгааны 10 хувьтай холбоотой асуудлаар ...гэрээний 7.1-д заасан дээрх 4 /1+3/ жилийн хугацаа дуусах 2022 оны 10 дугаар сараас эхлэн баталгааны барьцааг гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардах эрх үүсэхээр байна... 10 хувь болох 53,688,550 төгрөгийг ...олгох нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гэрээний 7.1-ээс гадна гэрээний хавсралт 2-д Чанарын баталгаат хугацаа эхэлснээс хойш 1 жилийн дараа талууд хамтран акт үйлдэж, гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиалагч нь баталгаат хугацааны барьцаа 10 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлнө гэж нарийвчлан тусгасан. *******-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сард ажлын гүйцэтгэлийг дуусгаж, хүлээлгэн өгсөн гэж өөрсдөө тайлбарладаг бөгөөд үүнээс хойш 1 жилийг тооцвол 2019 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний хавсралт 2-т зааснаар шаардах эрх үүссэн.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар тогтоосон бөгөөд *******-ийн зүгээс барьцаа, баталгааны 10 хувиа шаардах эрх 2022 оны 10 дугаар сард дууссан тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлээр шаардлага гаргах эрхээ алдсан. Нөгөөтэйгүүр *******-ийн төлөөлөгчийн зүгээс сүүлд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд мэдүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ...үнийн саналаар 1 м.кв талбайн өртөг нь 400,000 төгрөг учраас манайхаас илүү төлсөн төлбөр нь баталгааны 10 хувьтай дүйцэх учир буцаан олгох учиргүй гэх хариу тайлбар, татгалзал хэвээр байдаг.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 129,729,966 төгрөгийг бүхэлд нь ханган, сөрөг нэхэмжлэлийг 53,688,550 төгрөгийн хүрээнд хангасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Joydon брэндийн шилэн хийцлэл буюу цуурч хагарах эрсдэлтэй, угсарч байршуулахад хүндрэлтэй ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Гэрээний 3.1.1, 3.1.2-т туслан гүйцэтгэгчийн шилэн фасад угсралтын ажлыг 3 хоног тутам байнга шалгаад хяналт тавьж, 3 хоног тутам хурлын тэмдэглэл хөтөлж, ил далд ажлын акт үйлдээд хүлээн авна гэсэн зохицуулалтын дагуу барилгын талбайд шилэн фасад угсарч байгаа учраас үндсэн гүйцэтгэгч болон захиалагч өөрөө өдөр тутам шалгаж хүлээж аваад акт үйлдэж, тэмдэглэлээ хөтөлж байсан нь дүгнэлтээр нотлогдсон. Хэрэв манайх энэ ажлуудыг зохих журмын дагуу хийгээгүй байсан, ажлаа дутуу хийсэн гэж үзсэн бол дараа дараагийн гэрээнүүд буюу нэмэлт 3 гэрээг байгуулахгүй байсан. Түүнчлэн, *******-ийн гүйцэтгэсэн ажлыг улсын комисст хүлээлгэн өгнө гэж гэрээнд заасан бөгөөд ******* ажлаа хийж гүйцэтгээд барилгын гадна дотно засал болон барилгын талбайн бүхий л ажлыг хийж дуусаад улсын комисс хүлээн авах хүртэл ажлаа хариуцаад 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс хүлээн авсан.

Үүнээс өмнө улсын комисс 2 удаа ирээд дүгнэлт гаргаж ажилласан. Архивын ерөнхий газарт хүсэлт гаргаснаар улсын комиссын дүгнэлтийг ирүүлсэн, мөн үүнтэй холбоотойгоор улсын комиссын хурлын тэмдэглэл болон дутуу хийсэн гүйцэтгэл доголдолтой ажлын жагсаалтууд бүгд ирсэн. Үүнд *******-ийн хийсэн ажлыг дутуу гэх үг, өгүүлбэр ороогүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, юуг дутуу хийсэн гэж үзсэн нь тодорхойгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж үзсэн бол яагаад алданги нэхсэн талаар нотлоогүй. Хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан. Шинжээчийн дүгнэлтийн талаар нэхэмжлэгч талын гомдолд дурдсан. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу ажилласан шинжээчийн дүгнэлтээр тухайн барилгын 2 тал нь шилэн хийцлэлтэй байсныг 4 талын шилэн хийцлэлтэй болгоод зүүн талд нь 2 давхар байшин барьсан нь барилгын үндсэн хийц болон ерөнхий бүтцэд өөрчлөлт оруулсан. Тухайн ажлыг хийснээс хойш 2 давхар объект нэмж бариад дөрвөн талт шилэн шилэн фасад хийсэн нь зөвшөөрөлгүйгээр констракшн ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу биш манай хийсэн ажлын дараа дахиад барилгын хийцлэлээ өөрчилж, шилэн фасадаа сольж, дээрээс нь 14 цонхыг шинээр гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр дээрх ажил нь барилгад нөлөөлсөн гэх дүгнэлт гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал өөрсдөө барилгын хийцлэлээ өөрчилж, дахин хоёр давхар барилга нэмж барьсан атлаа манайхаас мөнгө нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Барилгын 14 цонх сольсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн шинжээч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* дулаан алдалтын температураа хэдий хэмжээний дулаан алдсаныг тогтоогоогүй учраас тогтоосны дараа силикон хийх шаардлагатай эсэхийг тогтоох байсан. Нэгэнт шилэн хийцлэл нь бетон болон тоосготой харьцуулахад дулаан дамжуулах, хадгалах коэффициент хамаагүй бага байдаг бөгөөд шилэн хийцлэл нь Монгол Улсын цаг агаарын байдлаас шалтгаалан зуны улиралд халуун, өвлийн улиралд халууныг дамжуулах чадамж коэффициент муутай байдаг. Гэтэл хариуцагч компанийн хийсэн шилэн хийцлэл нь дулааныг барих ёстой гэх байдлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болон шинжээчийн дүгнэлтийг тайлбарлахдаа өөрсдийнхөө ойлгосноор тайлбарладаг. Гэтэл шинжээч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа силиконгүй систем мөн бөгөөд дулаан дамжуулах коэффициентыг тогтоогоогүй учраас заавал силикон хийх шаардлагагүй, барилгын хийцлэлдээ өөрчлөлт оруулсан талаар тайлбарласан. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 4 гэрээний эхний гэрээний талаар маргаан үүссэн. Гэрээний 5.2.29-д туслан гүйцэтгэгч улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай баримт бичгийг тухай бүр гарган өгч угсралтын ажлын журнал, ил далд ажлын акт, холбогдох фото зураг, орц материалын тодорхойлолт, лабораторийн шинжилгээ, дүгнэлт, техникийн нөхцөлийн стандарт болон хууль тогтоомж, дүрэм журамд заасан шаардлагын дагуу захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн өмнө улсын комисст ажлын үр дүнгээ хүлээлгэн өгч өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг улсын комиссын өмнө хариуцаж, хүлээлгэн өгнө гэж заасан.

Уг гэрээ нь 16 хуудас 100 гаруй зүйл заалттай *******-ийн гэрээ байдаг. ******* нь улсын комисст ажлаа хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал шилэн барилгыг хэвийн ашиглах боломжгүй гэж маргасан боловч 2018 оноос 2025 он буюу өнөөдрийг хүртэл ямар нэгэн шилэн хийцлэл нурсан цуурсан асуудал үүсээгүй, хэвийн ажиллаад барилгын баталгаажилтын хугацаа нь дууссан. Зохиогч, автор, захиалагч, үндсэн гүйцэтгэгчийн инженер, техникийн баг, улсын комиссын баг ажиллаад хүлээж авсан барилгын талаар маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй. Мөн ажлын хөлсөнд бартерын 2 орон сууцыг 183,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж тайлбарладаг боловч үүнээс нэг орон сууц нь өөр хүнд зарагдсан учраас солиод м.кв багатай орон сууц хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 163,000,000 төгрөгийн орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж дурдсан. Дараагийн тайлбаруудаараа 161,000,000 төгрөгийн орон сууц хүлээлгэж өгсөн талаар тухай бүрд тайлбар, нэхэмжлэлээрээ нотолсон. Бартерын гэрээгээр 183,000,000 төгрөгийн орон сууц хүлээлгэж өгсөн гэх байдлаар маргасан нь үндэслэлгүй. Дараа нь Мөнх арвижих ундрах ХХК-аар 42,000,000 төгрөгийн ажил хийлгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Үүнд 42,000,000 төгрөгийн ажилд 14 цонхыг шинээр суулгаад өргөтгөл барьж 4 тал цонх нэмсэн ажлууд багтсан. Мөнх арвижих ундрах ХХК-аар хийлгэсэн ажлын талаар гэрээнд тодорхой заагаагүй. Мөнгөө шилжүүлсэн баримт байдаггүй, орлогын ордерын 42,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд ямар ажил хийлгэсэн нь тодорхойгүй байхад тухайн мөнгийг манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Манай байгууллагын нягтлан буюу ийн мэдүүлэгт 2019 онд *******-ийн нягтлан тай тооцоо нийлэх акт үйлдсэн. Тухайн тооцоо нийлсэн актад алданги нэхэмжлээгүй бөгөөд 72,182,380 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй учраас ******* *******-д төлнө гэх агуулгатай тооцоо нийлэх акт үйлдсэн. Уг тооцоо нийлсэн баримтыг *******-ийн нягтлан манай байгууллагын нягтлангаас захирал засвар оруулъя гэж байна, эх хувиа буцаагаад өгөөч гэхээр канондож авсан ба тухайн канондсон хувийг шүүхэд гаргаж өгсөн, хэргийн материалд тооцоо нийлсэн акт авагдсан. Манай байгууллага шаардах эрхээ тухайн үед нь хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч байгууллага төлнө гэдэг байдлаар хариу өгсөн. Нэхэмжлэгч талын гомдолд 1200 м.кв шилэн фасадын ажил угсарна гэж тохиролцсон атлаа 82 м.кв-ын зөрүүтэй хийсэн гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажил гүйцэтгэхдээ м.кв-ыг хэдэн төгрөгөөр хийх талаар тусгаагүй. Өөрөөр хэлбэл, ажлын үнэ хөлс тохирсон заалт буюу гэрээний 6.1-д гэрээний нийт ажлын хөлс 536,885,500 төгрөг байна, ажлын хөлс нь ажил гүйцэтгэлтэй холбоотой бүхий л зардал, бараа материалын үнэ, угсралттай холбоотой туслах материал, техникийн зардал, ажил гүйцэтгэх хугацааны материалын үнэ, ажиллах хүчний зардал, түүний өөрчлөлт, барилгын талбай хүртэлх тээврийн хөлс, үйлдвэрлэлийн зардал, илүү цагийн хөлс, бүх ашиглалтын хураамж төлбөр, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн татвар, ажилчдын нийгмийн даатгал бусад хөлс, захиалагч гүйцэтгэгчийн ашиг зэрэг бүх үнийг багтаасан эцсийн дүн болно. Энэ эцсийн дүнгээр захиалагчийн өгсөн даалгавар ажлын зургийн дагуу тооцож өгсөн эцсийн дүн байх бөгөөд туслан гүйцэтгэгчийн буруу тооцсон ажлын хөлсийг захиалагч хариуцахгүй, уг эрсдэлийг өөрөө хүлээхээр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал м.кв-ын зөрүүний талаар гэрээгээр тохиролцсон асуудлыг өөрөөр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй, тодорхойгүй байдлаар гаргасан. Түүнчлэн, манайхаас ажлыг хийж гүйцэтгэнэ гэх агуулгатай албан бичиг хүргүүлсэн шалтгаан нь нэхэмжлэгч тал мөнгөө төлөхгүй байсан учраас хаалганы таг даравчийг хийхгүй барьцаалсан учраас энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн албан бичиг явуулсан. Энэ үйл баримт *******-ийн захирлын гарын үсэгтэй албан бичгээр нотлогддог бөгөөд хэрэгт авагдсан.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

9.1. Шүүхийн шийдвэрт *******-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/20-02 дугаартай гэрээний үүрэг биелүүлэх тухай, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/19-01 дугаартай үлдэгдэл төлбөр авах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/18-01 дугаартай хүсэлт гаргах гэх *******-д хандсан албан бичгүүдийг хэрэгт хавсаргасан, шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж тайлбарладаг. Эдгээр албан бичгийг ******* хүлээн авсан талаар нэхэмжлэгч нотлоогүй, албан бичгийн хариуг хариуцагч хүлээн авсан болохоо илэрхийлээгүй зэргээс үзэхэд нийт 4 гэрээний төлбөр болон алданги шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх *******-ийн татгалзал үндэслэлтэй байна гэжээ. Харин *******-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/20-02 дугаар гэрээний үүрэг биелүүлэх тухай, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/19-01 дугаар үлдэгдэл төлбөр авах тухай, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/18-01 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгүүдээр шаардах эрхээ хэрэгжүүлж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх ******* хүлээн авсан болохыг илэрхийлээгүй, нэхэмжлэгч хүлээлгэн өгснөө нотлоогүй гэж дүгнээд нотлох баримтаар үнэлээгүй.

Гэтэл ******* дээрх албан бичгүүдийг хүлээж аваагүй талаарх баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байхад түүний төлөөлөгчийн уг баримтыг авсан эсэх талаар мэдэхгүй гэж хариулсныг үндэслэн хүлээн авснаа илэрхийлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 37, 43, 44 дүгээр зүйлүүдийг зөрчөөд байна. Гэрч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр дээрх албан бичгүүдийг *******-д хүлээлгэн өгч байсан төдийгүй 2019 оны 07 сарын 31-ний өдөр *******-ийн нягтлан бодогч тай тооцоо нийлсэн акт үйлдэн шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж мэдүүлсэн нотлох баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар ******* *******-аас шаардах эрхээ хэргжүүлж байсан нь тогтоогдсон.

9.2. Шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 17,131,300 төгрөг, түүний алданги 8,565,650 төгрөг, нэмэлт 3 гэрээний үлдэгдэл төлбөр 1,362,500 төгрөг, бэлэн мөнгөөр төлөх ёстой байсан 305,000,000 төгрөгийг хугацаа хоцроосны алданги 38,485,275 төгрөг, нийт 92,389,000 төгрөгийг шаардах эрхгүй гэжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар ******* үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан. Үүнийгээ ч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр илэрхийлж манайд төлөх төлбөрөө дутуу төлсөн гэж тайлбарладаг. Бид тухайн шаардах эрхийг хэрэгжүүлэх цаг хугацаанд ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархаж манай улсад 2020 оны 02 дугаар сараас дэгдсэн тул Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2020 оноос 2022 он хүртэл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон.

Энэ талаар Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Засгийн газрын тогтоолууд гарч бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Дээрх хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Өөрөөр хэлбэл, 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Ажил хүлээлгэн өгсөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй зогссон байхад шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон.

Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 17,131,300 төгрөг, түүний алданги 8,565,650 төгрөг, нэмэлт 3 гэрээний үлдэгдэл төлбөр 1,362,500 төгрөг, бэлэн мөнгөөр төлөх ёстой байсан 305,000,000 төгрөгийг хугацаа хоцроосны алданги 38,485,275 төгрөг, нийт 92,389,000 төгрөгийг шаардах эрхтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч тал нягтлангуудын хооронд үүссэн асуудлыг дурдсан. Ажлыг хүлээлгэж өгсөн, үлдэгдэл төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг. Манайх энэ тайлбарыг үгүйсгэдэггүй хэдий ч компанийг төлөөлсөн хүн нь биш нягтлан өөрөө дур мэдэж бичиг бичээд хариуцагч компанийн нягтлантай хуйвалдсан байх. Энэ талаар тухайн өдрийн орой захиралдаа хэлсэн. Захирал буюу компанийн удирдах албан тушаалтнаас ажлаа гүйцээж хийх талаар шаардлага тавиад байхад төлбөр төлөх талаар үндэслэлгүй бичиг өгсөн байна, учрыг нь өөрөө ол гэж хэлсэн. Нэг талаар компанийн хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх боломжгүй. Хоёр нягтлангууд хоорондоо хуйвалдаж *******-ийн нягтлан хариуцагч талд үйлчилсэн байх гэдэг зүйл яригдсан. Улсын комисс барилгыг хүлээж авсны дараа *******-ийн нягтлан очоод комисс хүлээж авсан гэж тайлбарладаг.

Хоёр давхраасаа дээш фасад задрахаас нааш мэдэх боломжгүй асуудлыг улсын комисс мэдэх боломжгүй. Гадна фасадыг задлаад барилгыг буулгаад шилэн хөвөнг нь хуу татаж доторхыг нь үзэх боломжгүй буюу энгийн нүдээр хараад дүгнэдэг. Гэтэл улсын комисс хүлээн авснаас хойш асуудал үүссэн байхад нягтлан бичиг үйлдсэн учраас буцаагаад авсан. Шаардах эрхээ цар тахлаас шалтгаалан алдсан гэж хариуцагч тал тайлбарладаг боловч ******* ажлаа дутуу орхиод хаяад явсан. Каталогт заасан боодол савтай зүйлээс хятадууд хэзээ ч дутуу явуулахгүй. Үүнийг хариуцагч тал өөрсдөө мэдэж байгаа учраас барьцаа баталгааны 10 хувийг шаардаагүй атлаа давагдашгүй хүчин зүйл 2022 оныг дуустал үргэлжилсэн гэж тайлбарласан. 2022 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан, шүүхэд төлөөлөгч томилсон. Хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусахаас өмнө хариу тайлбар өгсөн, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа цар тахалтай холбож тайлбарласан нь үндэслэлгүй.

Нэг үгийг ашиглаад бүх зүйлийг тайлбарлах нь зохимжгүй. Тухайлбал, шаавь дутуу хийснээс шалтгаалаад барилга нураад дор явж байсан хүн дээрээс шил унаад хүний амь нас хохирсон бол эрүүгийн гэмт хэргийн талаар яригдана. Барилга байгууламж буюу барилгыг чанарын дагуу гүйцэтгээгүй гэдэг хэрэг үүсэхээр хэмжээний зүйл юм. Харин манайх тэр эрсдэлийг хаагаад дутуу хийсэн эд зүйлийг монголчлоод хийсэн учраас сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,988,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, дутуу доголдолтой ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн 42,892,500 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 86,837,466 төгрөг нийт 129,729,966 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлсөн 18,493,800 төгрөг, барьцаа авсан 53,688,550 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 73,895,200 төгрөг нийт 146,077,550 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Захиалагч ******* нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч *******-иудтай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан, гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах төслийн барилгын смарт зогсоолын барилгад -ын брэндийн металл шилэн фасад, хаалгыг стандарт чанарын шаардлагад нийцсэн материалаар үйлдвэрлэж бэлтгэн нийлүүлэх, угсралт суурилуулалтын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх, захиалагч нь ажлын үр дүнг ерөнхий гүйцэтгэгчээс хүлээн авч, ажлын хөлс 536,885,500 төгрөгийн нийт төлбөрийн 60 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэгдэл 40 хувийг бартерийн зүйлээр тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу ******* нь *******-тай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бартерийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувьд бартераар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хороолол-2 төслийн 10-р ээлжийн барилгаас 74,550,000 төгрөгийн үнэ бүхий 49,7 м.кв талбайтай 18 тоот 2 өрөө орон сууц, 108,450,000 төгрөгийн үнэ бүхий 72,3 м.кв талбайтай 57 тоот 3 өрөө орон сууц нийт 183,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцыг тус тус хариуцагчид шилжүүлэн өгснөөр төлөгдсөнд тооцохоос гадна 183,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц аваад зөрүү 31,754,200 төгрөгийг өөр бартерийн зүйлээр шилжүүлэх ба энэхүү дүн нь барьцаа төлбөрийн 10 хувьд тооцогдсон гэж тохиролцсон.

3.2. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үндсэн гэрээний нэмэлт гэрээг талууд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж төслийн А блок, Б блокны фасадны төгсгөл хэсэг дээр парпетны малгайвч хийх ажлыг 2,368,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр, мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж төслийн А блок, Б блокноос С блокны дээвэр рүү гарсан дотор болон гадна хаалга нийлүүлэх, угсрах, суурилуулах ажлыг 7,826,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр, мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж өргөтгөлийн хаалга /металл энгийн/ бэлтгэн нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2,234,400 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тус тус тохирсон.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Гэрээний төлбөрт хэдэн төгрөг төлсөн, бартерийн зүйл болох 2 ширхэг орон сууцыг гэрээний төлбөрт хэдэн төгрөгөөр тооцож өгсөн, хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид үндсэн гэрээний төлбөрт 316,065,900 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн, бартерийн гэрээний зүйлд 183,000,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг орон сууц хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 305,000,000 төгрөгийг хүлээн авсан, бартерийн гэрээний зүйлд 161,065,650 төгрөгөөр тооцож 2 ширхэг орон сууц өгснийг хүлээн авсан гэж маргасан.

а. ******* нь *******-д гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 316,065,900 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн болох нь хэргийн 1-р хавтасны 170-171, хэргийн 2-р хавтасны 24-37 дугаар тал дахь Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулгууд болон бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэх, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдсон тул энэ талаар гаргасан хариуцагчийн 305,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн гэх тайлбар няцаагдсан.

б. Талуудын байгуулсан гэрээнд бартерийн зүйл болох 2 ширхэг орон сууцыг 183,000,000 төгрөг төлөгдсөнд тооцож өгөхөөр бартерийн гэрээгээр тохирсон байх боловч гэрч ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндсэн гэрээний хавсралт-2 болон *******-аас *******-д хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/488 тоот албан бичигт 4 гэрээний нийт үнийн дүн 549,313, 900 төгрөгнөөс 316,065,900 төгрөгийг бэлэн мөнгөөр, бартерт 161,065,650 төгрөгийг төлсөн гэснээс үзвэл хариуцагчийн бартерийн гэрээний зүйлд 161,065,650 төгрөгөөр тооцож 2 ширхэг орон сууц өгснийг хүлээн авсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. /1-р хх-1, 2, 40/

4.2. Гэрээний ажлын гүйцэтгэлийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр захиалагч болон гүйцэтгэгч хоёр талаас 7 хүн оролцож смарт зогсоолын болон өргөтгөлийн гадна шилэн фасадыг хэмжилт хийхэд смарт зогсоолын шилэн фасадны талбай нь 1126.8165 м.кв, өргөтгөлийн шилэн фасадны талбай нь 86.523 м.кв, нийт смарт болон өргөтгөлийн барилгын шилэн фасадны талбайн хэмжээ 1213.3395 м.кв болсон талаар акт үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Ийнхүү хэмжилт хийсний дараа ******* нь *******-д 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01/488 тоот албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4 гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэхэд 4 гэрээний нийт үнийн дүн 549,313,900 төгрөгнөөс 316,065,900 төгрөгийг бэлнээр, бартерт 161,065,650 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний нийт ажлаас силикон битүүмжлэх ажил дутуу гэж үзэн бодитоор хэмжилт хийхэд талбайн хэмжээ дутуу байгааг гүйцээхийг шаардсан.

Мөн нэхэмжлэгчээс *******-аас хариуцагч *******-д 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 01/648 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ албан бичгээр танайх Smart parking барилгын шилэн фасадны ажлыг гүйцэтгэхдээ гадна силикон, таг, даравч, төгсгөл хийгдээгүй байгааг 09 дүгээр сард хийж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Энэ ажлыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор яаралтай гүйцэтгэх, хэрэв тус ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд бид өөр компаниар хийлгэж гарсан зардлыг нэхэмжлэх талаар мэдэгджээ.

 

Дээрх албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаар дутуу ажлыг гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон байх боловч уг ажлыг хариуцагч ******* хийж гүйцэтгээгүй байна.

Харин талууд ажлын гүйцэтгэлийг хэмжихэд гүйцэтгэсэн шилэн фасадны ажлын талбайн хэмжээ дутуу гэж нэхэмжлэгч маргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээгээр талууд хийж гүйцэтгэх ажлын талбайн хэмжээ болон 1 м.кв-ын үнийг тохироогүй учир хариуцагчийн гэрээ байгуулахаас өмнө гаргасан үнийн саналыг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч ******* нь -тай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр смарт зогсоолын шилэн фасадны ажлын дутуу ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 42,892,500 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд гэрээний дагуу ажлыг гүйцэтгүүлж, хөлсөнд 42,892,500 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас дулаан алдаж, доголдол үүссэн тул дутуу, доголдолтой ажлаас учирсан хохирол буюу уг ажлыг засахад гарсан зардалд 42,892,500 төгрөгийг нэхэмжилсэн байна.

4.4. Үндсэн гэрээний ажлын гүйцэтгэл болох төслийн барилгын смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил доголдолтой эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтэд -ын брэндийн шилэн фасадны А60 систем нь өөрөө гадна дотор талдаа силикон хийх шаардлагагүй, битүүмжлэлийн зориулалтын даравч резинтэй технологи байна. Таамгаар нэг шилэн фасадны рам задалж үзэхэд уснаас хамгаалах 1 мм зузаантай 45 мм өргөнтэй наалддаг туузыг дутуу хийсэн, 352 080 кодтой дулаан тусгаарлагч хавтан хийгээгүй, 352 210 кодтой даравч боолтны тусгаарлагч шаавийг тус тус хийлгүй гүйцэтгэснээс болж доголдол илэрч дулаан алдагдал үүсч нэмж силикондох нөхцөл үүссэн гэж дүгнэжээ.

Шүүх хуралдаанд шинжээч оролцож тухайн таамгаар задалсан хэсэгт л нэг ширхэг илэрсэн доголдол ийм байна гэж дүгнэсэн. Тухайн барилгын хаана нь хийсэн, хаана нь хийгээгүй гэж бүхэлд нь задлах боломжгүй. Систем нь өөрөө силиконгүй систем, даравч резинээрээ явж байгаа бусад тоноглолуудыг хийсэн байхад силикон хийх шаардлагагүй гэж катологи дээр байгаа. Хийгдээгүй 3 доголдлоос болоод дулаан алдагдал үүссэн байх магадлалтай. Дулаан алдагдлаас болоод нэмэлт силикон хийсэн гэж,

шинжээч оролцож зурган дээр тодорхой харуулсан, хаана хаана дутуу хийснийг бид нар мэдэхгүй, таамгаар энд задалж үзье гээд 2 талыг байлцуулж нэгийг задалж үзэхэд бодит байдал тийм байсныг тусгасан. А60 шилэн фасадны систем тэр дотор боогоод боолтоо шайб хийгээд иж бүрэн байх зүйлийг хийхдээ процессын алдаа гаргаад уснаас хамгаалдаг тууз зэргийг хийгээгүй орхигдуулсан байсан. Дотор талаас нь силикондсон байсан гадна талаасаа силикон байхгүй. Силикондохоосоо өмнө зайлшгүй үгүйг нь хэмжүүлэх ёстой байсан. Бүхэлд нь гэж ойлгож болохгүй, магадгүй энд ийм алдаа байгаа юм чинь энд тэнд алдаатай учраас дулаан алдагдал байна гэж дүгнэж байгаа юм гэж тус тус тайлбарласан.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээч нарын тайлбарыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т заасны дагуу биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй.

 

4.5. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой боловч төслийн барилгын смарт зогсоолын гадна шилэн фасадны гүйцэтгэсэн ажлын доголдлын хэмжээ тодорхой бус буюу тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэнтэй холбоотойгоор шилэн фасад хэдий хэмжээний дулаан алдсан, дулаан алдсаны улмаас даралтны зөрүү үүсэж фасадыг бүхэлд нь эсхүл тодорхой хэмжээгээр ашиглах боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу хариуцагчаас доголдлыг арилгахад гарсан зардалд 42,892,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг нэмж өөрчлөлт оруулна.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тохирсон ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр 116 хоногийн алдангид 86,837,466 төгрөг гаргуулахаар шаардсан.

5.1. Гэрээний 2.6-д туслан гүйцэтгэгч нь гэрээний хавсралт-4-т заасан ажил гүйцэтгэх календарчилсан график төлөвлөгөөний дагуу дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 60 хоногт багтаан гүйцэтгэж дуусгах, 6.9-д туслан гүйцэтгэгч нь захиалагчид ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй ажил тус бүрийн үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохирсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй.

5.2. *******-аас *******-д хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/19-02 тоот албан бичигт төслийн смарт зогсоолын гадна шилэн фасадны ажлын ХА/АГГ/011822 дугаар гэрээний гүйцэтгэлийг 2018 оны 10 дугаар сард дуусгасан тул гэрээний баталгаат хугацааг тогтоож, 2018 оны 10 дугаар сараас хойш 3 жилийн хугацаанд баталгаа олгож байна гэснээс үзвэл хариуцагч ******* нь гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байна. /1-р хавтасны хх-39/

Талууд үндсэн гэрээний хавсралт-4-т ажил гүйцэтгэх календарьчилсан төлөвлөгөөг баталж, хавсралт-2-т туслан гүйцэтгэгчийн шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суулгалтын ажил гүйцэтгэх төлбөрийн хуваарилалтыг тохирсон. Нэхэмжлэгч ******* нь энэ төлбөрийн хуваарилалтанд заасан хугацааг хэтрүүлж хариуцагч *******-д гэрээний төлбөрийг шилжүүлж байсан болох нь хэргийн 1-р хавтасны 170-171 дүгээр тал дахь, хэргийн 2-р хавтасны 23-37 дугаар тал дахь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон.

Ийнхүү ******* нь хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар *******-аас анз авах эрхээ алджээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагчаас алдангид 86,837,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Нөгөө талаар, гэрээний 6.5-д туслан гүйцэтгэгч нь төлбөрийн нөхцөл буюу санхүүжилтийн үе шат бүрт ажлын гүйцэтгэлийн актыг боловсруулж, төслийн менежер, ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ба төслийн менежер, ерөнхий гүйцэтгэгч нь уг ажлын актыг хүлээн авч 3 хоногийн дотор ажлын гүйцэтгэлийн хэмжилтээр шалгаж баталгаажуулан,түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батална гэж талууд тохирсон боловч хэрэгт ажлын гүйцэтгэлийн үе шат бүрт акт үйлдсэн баримт үгүй байна.

Иймээс энэ талаарх нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-аас 4 гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлсөн 18,493,800 төгрөг, барьцаа авсан 53,688,550 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 73,895,200 төгрөг нийт 146,077,550 төгрөг гаргуулахаар шаардсан.

6.1. Гэрээний 7.1-д туслан гүйцэтгэгч нь ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгч, захиалагч ерөнхий гүйцэтгэгч хүлээн авснаа актаар баталгаажуулан авах ба гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн авснаас хойш гүйцэтгэлийн баталгаат хугацаа тооцогдож эхлэх ба гүйцэтгэлийн баталгаат хугацаа нь Барилгын тухай хуульд зааснаар зүгшрүүлэлтийн 1 жилийн, чанарын баталгаат 3 жилийн хугацаанд байх бөгөөд уг хугацаа дуусгавар болоход захиалагч гүйцэтгэлийн баталгааг туслан гүйцэтгэгчид олгоно гэж, мөн гэрээний 7.2-т ажлын чанар аюулгүй байдлын талаар чанарын баталгаат хугацааны барьцаа буюу баталгааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар суутгана, гэрээнд заасан хугацаанд буцаан олгоно гэж талууд тус тус тохирсон.

 

Хариуцагч *******-аас *******-д хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/19-02 тоот албан бичигт төслийн смарт зогсоолын гадна шилэн фасадны ажлын ХА/АГГ/011822 дугаар гэрээний гүйцэтгэлийг 2018 оны 10 дугаар сард дуусгасан тул гэрээний баталгаат хугацааг тогтоож, 2018 оны 10 дугаар сараас хойш 3 жилийн хугацаанд баталгаа олгож байна гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид баталгаа гаргаж хугацаа тогтоосон дээрх албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээнд гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн авснаас хойш гүйцэтгэлийн баталгаат хугацаа тооцогдож эхлэхээр заасан ба улсын комисс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан байх тул энэ хугацаанаас барилга зүгшрүүлэлтийн 1 жилийн, чанар стандартын баталгаа 3 жилийн нийт 4 жилийн хугацааг тоолоход 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан.

 

Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор байгааг шүүх буруу тоолсныг дээрх байдлаар зөвтгөнө.

6.2. Талууд гэрээгээр ажлын хөлсийг 586,885,500 төгрөг гэж тохирсноос бэлэн мөнгөөр төлсөн 316,065,900 төгрөгийг, бартерийн зүйлд 2 ширхэг орон сууцыг 161,065,650 төгрөгөөр тооцож өгснийг хасвал 59,753,950 төгрөг үлдсэнээс баталгааны 10 хувь болох 53,688,550 төгрөгийг хасахад 6,065,400 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,065,900 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлоос энэ хэсгийг хангана. Сөрөг нэхэмжлэлээс баталгааны 10 хувь болох 53,688,550 төгрөгийг шүүх хангасныг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Түүнчлэн талуудын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан нэмэлт гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар тоолоход мөн дуусаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу 2,368,00 төгрөгний ажил гүйцэтгүүлснээс 868,000 төгрөгний ажлын хөлс, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу 7,826,000 төгрөгний ажил гүйцэтгүүлснээс 391,300 төгрөгний ажлын хөлс, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу 2,234,400 төгрөгний ажил гүйцэтгүүлснээс 103,200 төгрөгний ажлын хөлс тус тус төлөөгүй нийт 1,362,500 төгрөгний ажлын хөлс төлөгдөөгүй үлдэгдэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх дээрх нэмэлт 3 гэрээний талаарх зүгшрүүлэлт болон чанар байдлын талаарх баталгаат хугацааг тоололгүй сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс нэмэлт 3 гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 1,362,500 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,362,500 төгрөгийг гаргуулахаар хангасан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6.4. Түүнчлэн анхан шатны шүүх гүйцэтгэлийн баталгаат хугацааг тооцож нэхэмжлэгчээс баталгааны 10 хувь 53,688,550 төгрөгийг хариуцагчид гаргуулан олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 1 м.кв талбайн өртөг 400,000 төгрөг учраас илүү төлсөн төлбөр нь баталгааны 10 хувьтай дүйцэх учир буцаан олгохгүй гэж маргасан нь талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ, хавсралтаар нотлогдоогүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.5. Хариуцагч ажлын хөлс 305,000,000 төгрөгийг хугацаа хожимдуулж өгсөн тул алданги 38,485,275 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 17,131,300 төгрөгийг төлөөгүй тул алданги 8,565,650 төгрөг, барьцаа авсан 53,688,550 төгрөгийг өгөөгүй тул алданги 26,844,275 төгрөг, нийт 73,895,200 төгрөгийн алданги нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Учир нь гэрээгээр талууд ажлыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгснөөс гадна хариуцагчийн ...таг, даравч төгсгөл хэсгийг хөлсийг өгсөн нөхцөлд гүйцээж өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбараас үзвэл үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс анз шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасны дагуу алдсан тул сөрөг нэхэмжлэлээс алдангид 73,895,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/06001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 129,729,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 61,115,950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,961,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ... 426,392 ... гэснийг 463,530 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 1,075,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 619,895 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ