| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0635/Э |
| Дугаар | 665 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 665
2019 7 05 2019/ШЦТ/665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогч Г.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
Шүүгдэгч Ж.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Лд холбогдох эрүүгийн 1809053230424 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-р хороолол загын 26 байр 19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 17-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB центерт байрлах ажлын өрөөнд хохирогч Г.Алтанцэцэгийг хуурч нэр дээр нь цахим хэрэгсэл ашиглан данс нээж 5.299.000 төгрөгийг залилан хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сард хохирогч Алтанцэцэгтэй танилцсан. Арилжаа хийе гээд 200 доллар данснаас нь гаргуулаад шилжүүлж авсан. Би тэр мөнгийг интернэт тасраад алдсан. Энэ тухайгаа Алтанцэцэгт хэлсэн. Тэгээд Алтанцэцэг “зээл аваад арилжаа хийе” гээд 6 дугаар сард зээл авсан. Зээл авсан 4.000.000 сая төгрөгөөр нь арилжаа хийгээд дахин алдсан. Би Алтанцэцэгт дансыг нь нээж өгөөд ашиг олох юм бол хоёулаа бололцоогороо хувааж авъя гэж тохиролцсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. хохирогч Алтанцэцэгт хохирол төлбөр барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн. Би ажилгүй, орлогогүй байсан учраас хохирол төлбөрийг бүрэн гүйцэд төлж чадаагүй. Тэгээд 1.400.000 сая төгрөг төлсөн. Би Алтанцэцэгээс нийт 5.299.000 төгрөг авсан...” гэв.
Хохирогч Г.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хөдөө явж 5.000.000 сая төгрөгийн малчны зээл авсан. Бид хоёр байнга холбоотой байсан болохоор зээл авахыг мэдэж байсан. Миний нэр дээр жи-имайл хаяг нээнэ гэж хэлсэн. Тэрнээс данс нээх тухай хэлээгүй. Би надад жи-имайл хаяг байгаа гэж хэлэхэд хуучин жи мэйл хаяг чинь болохгүй байна. Дахин шинээр жи-имайл хаяг нээх шаардлагатай байна. Утсанд чинь жи-имайл хаягын код ирэхээр нь хэлээдэх гээд би код ирэхээр нь хэлж өгсөн. Надад таны данснаас сэжигтэй гүйлгээ гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд би Голомт банкин дээр очиж лавлахад та гүйлгээ хийгээгүй бол хүсэлт бичиж өгөх шаардлагатай гэж хэлсэн. Та “картаа хүнд дамжуулж өгсөн үү” гэж асуусан. Би “картаа хүнд өгөөгүй” гэж хэлсэн. Тэгээд Голомт банкинд хэд хэдэн удаа утсаар болон бичгээр хүсэлт өгч байсан. Шүүгдэгч нь 1.400.000 төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 3.898.414 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 1809053230424 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Алтанцэцэгт арилжааны данс нээж өгөх гээд Голомт банкны данстай нь түүний арилжааны дансыг нээж өгөөд түүний Голомт банкны данстай нь арилжааны дансыг холбож өгөөд олон улсын гүйлгээ хийх боломжтой болгож өгсөн. Алтанцэцэг өөрөө форекс арилжаа хийж чадахгүй тул би түүний өмнөөс форекс арилжаа хийх, тэр өөрийн компьютерээс дансаа хянаж байхаар тохирсон ба олсон ашиг орлогоо хэн хэндээ харилцан ашигтай хуваалцаж байхаар тохирсон. Би тухайн үед арилжаагаа буруу хийж улмаар Алтанцэцэгийн мөнгийг алдсан. Би Алтанцэцэгийн мэдээллүүдийг авчихсан байсан учраас форекс арилжаа хийхдээ тэр мэдээллүүдээр нь дамжуулаад мөнгийг нь шууд форекс арилжааны данстай холбоод дансыг нь хийгээд тэр сайтаас мөнгийг нь татчихсан. Би түүнд нөхөн төлөхөөр болж Алтанцэцэгийн хүсэлтийн дагуу нотариатаар түүнд 5.2 сая төгрөгийн өглөгтэйгээ нотолсон бичиг үйлдэж баталгаажуулж өгсөн. Би 2018 оны 9 дүгээр сард Алтанцэцэгт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өглөгөө барагдуулж чадаагүй нь үнэн. Үлдэгдэл 4.2 сая төгрөгийн өглөгтэйгээ хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэгэн хууран мэхлэх санаа агуулаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сард хөдөөнөөс ирээд өөрийн найз Зулаагийн оффис болох Тусгаар тогтнолын ордон дээр очиж Зулаагаар компьютер заалгуулж байхад Лхагвадорж нь орж ирээд “та надаар өрхийн төсвийн хичээл заалга, үүнийг сурах юм бол та нар маш ач тустай” гэдэг байсан. 2-3 удаа дараалан орж ирсэн учир төлбөр нь ямар үнэтэй талаар Лхагвадоржоос асуухад төлбөр нь явц дундаа болно, нэг их төлбөрийн асуудал байхгүй гэсэн. Намайг сургалтанд сууж байх үед Лхагвадорж миний иргэний үнэмлэхийн зургийг дарж аваад картны зураг хэрэг болно гэхээр нь өөрийн Голомт банкны 2805110050 дугаарын дансны картаа Лхагвадоржид өгсөн. Миний картны зургийг дараад надад буцааж өгсөн. Бас надад жи-мэйл хэрэгтэй гэж хэлсэн. Лхагвадорж над руу залгаад “жи-мэйл нээх гэж байна чиний утсанд код очно кодыг надад хэлж өгөөрэй” гээд би кодыг нь Лхагвадоржид хэлж өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд байх үедээ 5.000.000 төгрөгийн малчны зээл авсан. 5.000.000 төгрөгийг Голомт банкны 2805110050 дугаарын долларын данс руу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хийсэн. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр миний гар утсанд таны данснаас сэжигтэй гүйлгээ гарлаа гэсэн мессеж ирсэн. Би Голомт банкин дээр очоод өөрийн 2805110050 дугаарын дансны хуулгыг авахад “өөрийн данс хооронд” гэсэн утгаар 4.819.600 төгрөг шилжүүлэгдсэн байсан. Банкны теллерээс асуухад та дансаа хакердуулсан байна эсхүл дансны мэдээллээ алдсан байна гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 497.414 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Сүүлд миний Хаан банкны 5845289233 дугаарын данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5111053847 дугаарын данснаас хийсэн ба түүнээс хойш ямар ч мөнгө өгөхгүй утсаа унтраагаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Хохирогч яллагдагчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Я.Баттөгсийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB центерт байрлах ажлын өрөөнд хохирогч Г.Алтанцэцэгт цахим сургалт явуулж итгэл төрүүлэн улмаар өөрийнх нь мэдээллийг авч нэр дээр нь цахим хэрэгсэл ашиглан данс нээж мөнгийг өсгөж өгөх зорилгоор 5.299.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Лийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Ж.Л нь “Цахим хэрэгсэл ашиглан хохирогчийн нэр дээр арилжааны данс нээж мөнгийг өсгөнө” гэж Г.Алтанцэцэгийг төөрөгдүүлэн хуурч мөнгийг өөртөө шилжүүлэн авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 5.299.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Ж.Лийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Лийг бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Лоос хохирогч Г.Алтанцэцэгт 1.400.000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон байх ба шүүгдэгч Ж.Лоос үлдэгдэл хохирол 3.899.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Ж.Лийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад Ж.Лоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар, зальжин байдлаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Лг бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лоос 3.899.000 /гурван сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Алтанцэцэгт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН