| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/03701/И |
| Дугаар | 210/МА2025/00485 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00485
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ы нэхэмжлэлтэй,
*******ид холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
*******гийн ******* болон талийгаач ******* нар бичгээр зээлийн гэрээ байгуулж 2013 оны 11 сарын 20-нд 50,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Мөнгө шаардахад хадгалаж зээлийн хоршоонд төлөх 10,500,000 төгрөгийг нэмж 2015 оны 05 сарын 18-нд зээлийн гэрээ № 2-ыг байгуулж 60,500,000 төгрөгийг 2015 оны 07 сарын 20-нд төлж дуусгахаар тохирсон. Зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул Д.*******той уулзахад 100,000,000 төгрөг болгож 3 хувааж төлье гэсэн боловч өгөөгүй, мөн 2018 04 дүгээр сард уулзаад сар бүр 4,000,000 төгрөг төлве гэсэн боловч төлөөгүй. Д.******* надтай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр уулзахдаа баталгаа бичиж өгсөн. 2021 оны 09 сарын 27-нд уулзахдаа ******* байшингаа барихдаа өөр газраас зээл авсан байна, би байшинг нь өөртөө шилжүүлж аваад таны мөнгийг төлж дуусгана гэсэн бичгийн эх хувь надад байсныг хуулбарлаж авч яваад хуулбар дээр Д.******* 2021 оны 10-р сард эхний ээлжинд үндсэн мөнгийг хүүхдүүдээс нь авч өгнө. Үл хөдлөх эд хөрөнгийг нь би өөр лүүгээ шилжүүлж асуудлыг шийднэ. 2021.09.27 гэж нэмж өөрөө гараараа бичиж өгсөн эх хувь.
Д.******* анх зээлэх санал хэлснээр итгэж мөнгөө өгсөн. Олон жил юу ч төлсөн. Хүүд 2,600,000 төгрөг хасахад татгалзахгүй. Иймд зээлд 150,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 685,000 төгрөг нийт 150,685,000 төгрөг төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.******* нь *******аас ямар ч мөнгө зээлээгүй, ямар ч мөнгө хүлээж аваагүй бөгөөд г *******аас 50,000,000 төгрөгний зээл авахад нь зөвхөн зуучилж өгсөн. Харин нь тухай үед намайг зуучилж өгсөн болохоор зээлийн гэрээнд гарын үсэг зур гэж шаардсаны дагуу уг гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг 50,000,000 төгрөгийг авч тухайн үед өөрийн барьж байсан барилгадаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
3. Харин 2015 оны 05 сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ №2 гэх гэрээний дагуу 60,500,000 төгрөгийг болон Д.******* нар *******аас огт хүлээж аваагүй.
4. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр уулзахдаа мөнгийг төлнө гэж зөвшөөрч бичиг бичиж өгсөн гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч Д.******* нь *******тай 2021 онд огт уулзаж байгаагүй. Тухайн бичгийг 2019 онд *******тай уулзахдаа бичиж өгсөн бөгөөд уг бичигт"...эхний ээлжинд үндсэн мөнгийг нь хүүхдүүдээс нь авч өгнө" гэж бичиж өгсөн болохоос би өөрөө төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байсан зүйл огт байхгүй.
5. Уг бичигт 2019.03.26-нд үл хөдлөх хөрөнгийг нь би өөр лүүгээ шилжүүлж асуудлыг шийднэ гэж тодорхой бичиж өгсөн байх атал бичгийн баруун доод талд 2021оны09сарын27 гэх он сар байгаа хэдий ч тухайн үед тэгж он сар огт бичээгүй бөгөөд 2019 онд уулзахдаа тэр бичгийг бичиж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сунгах зорилгоор 2021.09.27 гэж өөрөө бичиж шүүхэд хуурамч баримт гаргаж огсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 76,645,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 73,354,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 541,179 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт хийж чадаагүй тухайд Д.******* нь 50.000,000 төгрөгийг огт аваагүй зөвхөн талийгаач г нэхэмжлэгчээс зээл авахад нэхэмжлэгчээс нь зуучилж өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч "..Чиний гуйлтаар д мөнгө зээлдүүлж байгаа учир зээлийн гэрээнд гарын үсэг зуp" гэх шаардлага тавьсаны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 90,000,000 тегрөгийг төлөх талаар нэхэмжлэгчид гаргасан хүсэлт болон гийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдоно. Тодруулбал, ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулж, нэхэмжлэгчээс 50,00,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгийг бүхэлд нь санхтехник угсралтын ажилд зарцуулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь гийн өмч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагчийн хөрөнгө биш тул түүнд нэхэмжлэгчээс 50,000,000 зээлж, тухайн барилгад хорөнгө оруулах шаардлага байгаагүй, нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгэдэггүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үед "...надаас мөнгө зээлж авахдаа зурагтад байшин барих гэж байгаа гэж хэлж авсан. Би тэр барьж буй барилга дээр нь очиж байсан... гэх нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон боловч шүүх хариуцагчийг зөв тодорхойлж. хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, огт мөнгө аваагүй хүнээр зээлийн мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эд хөрөнгөд хууль бусаар халдах боломжтой, буруу шийдвэр болсон. Бодит байдал дээр 50,000,000 төгрөгийг зөвхөн авч өөрийн үл хөдлөх сантехник угсралтын ажилд зарцуулсныг нэхэмжлэгч мэдэж байсан учир 2024 үүрэг шаардаж, шүүхэд хандаж чадахгүй. Хэрэв Д.******* уг мөнгийг хүлээж авсан бол нэхэмжлэгч нь хугацаа алдахгүй, шууд шүүхэд хандах боломж байсан нь хэнд ч ойлгомжтой тодорхой асуудал юм. ******* нас барж мөнгө олж авч чадахгүй хүнд байдалд орсон учир эцэст нь Д.*******ийн гар бичмэлийг ашиглан, огноог нь өөрчилж. нэмж бичин шүүхэд хандсан.
7.2 Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тогтоосон тухайд: Шүүх "...Нэхэмжлэгч ******* 2021.10.31-нээс хойш 2024.06.05-нд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх xyrацааг хэтрүүлээгүй байна" гэж нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй гар бичмэлд үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Тодруулбал, хариуцагчийн зүгээс "..2021 онд нэхэмжлэгчтэй огт уулзаагүй. 2019.03 26-нд, 2021.09.27-нд гэх бичиглэлтэй гар, бичмэлийг 2019 онд уулзахдаа бичиж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сунгах зорилгоор 2021 он гэж өөрөө нэмж бичсэн, миний бичгийн хэв биш гэж тайлбарлаж. маргадаг. Харин нэхэмжлэгч нь 2021 онд хариуцагчийг мөнгө төлөхийг зөвшөөрч, уг бичгийг үйлдсэн гэх боловч энэхүү тайлбараа нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс тухайн зээлийн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд огт гаргаагүй атал Шүүх 2019 оны 03 сарын 26-наас хойш хариуцагч Д.******* нь зээлийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
7.3 Дээрх гар бичмэлд ...эхний ээлжинд үндсэн мөнгийг нь хүүхдүүдээс нь авч өгнө. Үл хөдлөх хөрөнгийг нь өөрлүүгээ шилжүүлж асуудлыг шийдвэрлэнэ" гэж бичсэнийг тухайн үед нэхэмжлэгч эсэргүүцээгүй, зөвшөөрсөн байдаг. Хэрэв 50,000,000 төгрөгийг хариуцагч авсан бол "эхний ээлжинд үндсэн мөнгийг гийн хүүхдүүдээс авч өгнө гэж бичихийг нэхэмжлэгч хэзээ ч зөвшөөрөхгүй, "чиний авсан мөнгийг яагаад *******гийн хүүхдүүд телнө гэж хэмээн эсэргүүцэх байсан байх. Харин хариуцагч үүнийг тайлбарлахдаа "...өөрөө нэхэмжлэгчийг гуйж *******д мөнгө авч өгсөн учраас шууд хаяж чадаагүй, хүн чанар гаргасан. гийн бүх өр төлбөрийг төлж, оронд нь үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар хүүхдүүдтэй тохиролцсон байсан. Гэвч хүүхдүүд нь надад шилжүүлж өгөөгүй, өөр хүнд зарсан учир би одоо *******гийн өмнөөс ******* гуайд зээлийг төлөх үүрэггүй гэж тайлбарладаг. Нөгөөтэйгүүр эхний ээлжинд хүүхдүүдээс нь үндсэн мөнгийг нь авч өгье..." гэсэн нь зээлийг би төлнө гэсэн зовшөөрөл. баталгаа биш атал анхан шатны шүүх "Д.******* нь зээлийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна гэж харицагчийн хүсэл зоригийн илэрхийлэлийг буруу дүгнэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нь *******, Д.******* нартай 2013.11.20-ны өдөр гэрээ байгуулсан, гэрээгээр 50,000,000 төгрөгийг сард 2,6 хувийн хүүтэйгээр 2014.02.20-ныг хүртэл 3 сарын хугацаатай зээлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон. /хх-ийн 3/
Дээрх гэрээнд нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авсан гэж *******, Д.******* нар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4.1. Мөн талууд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ №2 гэх баримт үйлдэж уг баримтаар зээлдэгч талын хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлөх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болгон сунгаж, 60,500,000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сарын 3 хувиар тооцогдохоор тохиролцсон. /хх-ийн 4/
Дээрх баримтыг зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусч 1 жил 3 сар өнгөрсний дараа үйлдсэн, мөн нэхэмжлэгч нь ...60,500,000 төгрөг хүлээлгэн өгөөгүй, өмнө зээлдүүлсэн 50,000,000 төгрөгний зээл, хүүний нийлбэр... гэж тайлбарласан тул 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Мөн нэхэмжлэгч нь ...2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний ард 2 сарын хүүд 2,600,000 төгрөг хүлээн авсан гэсэн агуулгатай баримт үйлдэж, уг мөнгөн хөрөнгийг хасахад татгалзахгүй гэж тайлбарласныг үндэслэн хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийн хэмжээг 47,400,000 төгрөг гэж шүүх тодорхойлсон зөв болжээ.
4.2. Хэргийн баримтаар хамтран зээлдэгч ******* 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч Д.*******, ******* нар нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрэээд хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээ болон гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Д.*******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Талууд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3-т ямар нэгэн торгууль, маргаантай асуудлыг зээлэгч талын аль нэг этгээд хариуцах боломжгүй болсон тохиолдолд зээлэгчийг төлөөлж буй нөгөө этгээд бүрэн хариуцана гэж тохирсон, мөн хамтран зээлдэгч ******* нас барсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.*******оос бүхэлд нь шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв.
5. Талуудын байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дууссан, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ №2 баримтыг үйлдсэн, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийг төлж барагдуулах талаар уулзаж баримт үйлдсэн, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийг төлж барагдуулах талаар баримт үйлдсэн, уг баримтын хуулбар хувийн доод хэсэгт 2021 оны 10 дугаар сард зээлийг төлж барагдуулах талаар бичсэн байна. /хх-3-4, 6, 39 тал/
Дээрх баримтуудаас үзвэл хариуцагчийн удаа дараа зээлийг төлөх талаар баталгаа гаргаж баримт үйлдэж байснаас үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Талууд хэргийн 6 дугаар тал дахь хариуцагч Д.*******ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичсэн зээл төлөх баталгаа үйлдсэн хуулбар баримтын доод хэсэгт түүнийг нэмж бичсэн эсэх талаар маргасан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хожим талууд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээл төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж бичиг үйлдсэн. Уг бичгийн хуулбар хувийн доод хэсэгт 2021 оны 10 дугаар сард эхний ээлжинд үндсэн мөнгийг нь хүүхдүүдээс нь авч өгнө. Үл хөдлөх эд хөрөнгийг нь би өөр лүүгээ шилжүүлж асуудлыг шийднэ. 2021 оны 9 дүгээр сарын 27 гэж бичсэн байна.
Нэхэмжлэгч нь ...энэ баримтын эх хувь надад байсан, эх хувийг хуулбарлан канондсон хуулбар хувь дээр хариуцагч Д.******* өөрийн гараар нэмж бичсэн гэж, хариуцагч ...2019 онд *******г нас барсны дараа 2019 онд бичиж өгсөн, 2021 онд нэхэмжлэгчтэй уулзаагүй, 2021.09.27 гэсэн огноог бичээгүй, бусад бичвэрийг нь бичсэн гэж тус тус тайлбарласан.
Хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Дээрх баримтын доод хэсэгт балаар бичсэн хэсгийг эх хувь гэж үзэх үндэслэлтэй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд хариуцагчийг 2021 оны 10 дугаар сард зээлийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүү, алданги шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх хариуцагчаас зээлд 47,400,000 төгрөг 3 сарын зээлийн хүүд 1,232,400 төгрөг алдангид 25,548,600 төгрөг нийт 76,645,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд илэрхийлсэн боловч уг хүсэлтийг хэлэлцээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад амаар дээрх хүсэлтээс татгалзаж хүсэл зоригоо илэрхийлж байсан тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэж, өөрийн санаачилгаар шинжээч томилох үндэслэлгүй байна. /хх-40-52/
8. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийн дугаарыг 195/ШШ2025/00501 гэж бичигдсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг 191/ШШ2025/00501 дугаар гэж зөвтгөнө.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 195/ШШ2025/00501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 541,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С. ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ