Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

2019          07          18                                    2019/ШЦТ/685      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Гэрч Б.Уранбат,

Хохирогч О.Мөнгөншагай, түүний өмгөөлөгч Д.Алтансүх,

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 1809054870354 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Зойс гуард” ХХК-ийн захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 71-р үүрийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 байр 169 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, “Шинэ дөл” цогцолборын 99б байрны 803 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Л нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байранд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажил хэргийн маргаанаас болж маргалдан улмаар хоёр биенээ заамдах үед хохирогч О.Мөнгөншагайг түлхэж унагаасны улмаас түүний биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шаант доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагаас 16 цагийн үед Бүгд найрамдах Хятад ард улсад ажлаар явж байгаад ирсэн. Ирсэн өдрөө дүүргийн намын хурлын төлөөлөгч сонгох асуудлаар уулзсан. Тэгээд маргалдаан болсон. Ер нь ажил явагдаж байгаа газар санал зөрөлдөөн их гардаг. Бид хоёрын ярианаас оновчтой шийдвэр гарахгүй нь ойлгомжтой байсан болохоор би босоод ирсэн. Тухайн үед Мөнгөншагай бас босоод ирсэн. Бие биенийгээ босоод ирэхээр зодоон болох юм байна гээд зууралцаад авсан юм шиг байна лээ. Бид хоёрыг барьцалдаад авахад манай улс төрийн ажилтан Уранбат миний зүүн гарыг хойш нь нугалаад татсан. Тэгээд би нэг гараараа Мөнгөншагайг барьсан. Харин Мөнгөншагай намайг хоёр гараараа барьсан байсан. Энэ үед би зодоон болох гээд байна гэдгийг ойлгоод тархи толгой руугаа цохиулчихгүй юмсан гэж бодож байсан. Би Мөнгөншагайг цохиж зодсон зүйл байхгүй.  Мөнгөншагай нь надаас өндөр болохоор  миний цамцны захаас татахаар хоолой боогдоод байсан. Тэгээд хоолой боогдоод унаад цохиулчих юм биш байгаа гэж бодоод хойшоо болоход Мөнгөншагай миний хажуугаар гараад миний хойно унасан...” гэв.

 

            Хохирогч О.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тухайн хэрэг болсон. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн намын хорооны хурал болох гэж байсан. Намын үүрүүдээсээ оролцох төлөөлөгч сонгодог. Намын гишүүдийн тооноосоо шалтгаалаад янз янзын тоогоор гишүүдийг үүрүүдээс оролцуулдаг. Би тэр утгаараа хурал болохоос 3 хоногийн өмнө үүрийн дарга нараа цуглуулаад үүрийн дарга нартайгаа нэг нэгээр нь уулзаад төлөөлөгчийн тоотой холбоотой санал солилцох уулзалт болсон. Тухайн уулзалт өглөөнөөс эхлээд уулзсаар байгаад сүүл хавиар буюу 15 цагаас 16 цагийн хооронд Лхагважав орж ирээд уулзсан.Үүдэнд Дүүрэн, Шинэбилэг хоёр сууж байсан. Манайх 20 үүрийн даргатай.  Лхагважав сүүлээсээ 3 дахь хүн нь байсан. Орж ирээд бид хоёр санал солилцсон. Бид хоёр харилцан саналаа хэлсэн. Бид хоёр эсрэг байр суурьтай байсан. Тэгээд энэ асуудлаас болоод бид хоёр маргасан. Энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн. Бид 2 босож ирээд зууралдаад Лхагважав намайг түлхсэн гэж бодож байна. Би нэг мэдэхэд хойшоо унасан. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. Лхагважаваас нэхэмжлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн....” гэв.

 

Гэрч Б.Уранбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөнгөншагай, Лхагважав нар өөд өөдөөсөө хараад сууж байсан. Би хажууд нь сууж байсан. Тухайн үед манай дүүргийн намын хорооны хурал болох үйл явц явагдаж байсан. Тэр өдөр Мөнгөншагай дарга бид хоёр бүх намын үүрийн дарга нарыг дуудаж уулзсан. Тэгээд Мөнгөншагай, Лхагважав хоёр маргалдсан. Тухайн хэрэг нь маш хурдан болоод өнгөрсөн. Босоод бие биенийгээ заамдалцсан. Нэг мэдэхэд Мөнгөншагай дарга газар хаалга налаад унасан байсан. Би босгох гэхэд хөл нь хугарсан байсан. Тэгээд бид гурав гэмтлийн эмнэлэг яваад үзүүлэхэд хөл нь хугарсан байна. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн...” гэв.

 

Эрүүгийн 1809054870354 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Лын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-45, 86-88 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын байрын тус дүүргийн үүрийн дарга нарыг дуудаж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох хурлын бэлтгэл ажлын талаар уулзалт зохион байгуулаж үүрийн дарга нартай өрөөндөө ганцаарчилж уулзсан. Ингээд эхнээсээ үүрийн дарга нартай уулзаж 21-р үүрийн дарга Лхагважавтай уулзах үед Лхагважав нь нилээн бухимдалтай байдалтай орж ирсэн бөгөөд намаа муулж, та юу болоод байгаа юм, та нар юу хийгээд байгаа байна гэж бид нар руу дайрсан. Тэгэхээр нь “удахгүй дүүргийн намын хурал болох гэж байна, дээрээс ажлын чиглэл ирсэн энэ тухай  ярих гэсэн юм” гэтэл өөдөөс үг хүлээж авалгүй “биднийг муу ажиллаж байна” гээд муулж “та нартай үзнэ тэмцэнэ” гэхээр нь чи дандаа намын эсрэг юм ярьж байдаг юм, “тэмцэхээр бол тэмцдэг явдаг журмаараа яв” гээд яриагаа өндөрлөх гэтэл Лхагважав цээжээ төвхийлгөж ирээд намайг цохих гэж дайрч босож ирэхээр нь цохиж магадгүй гээд хоёр суган доогуур нь гараа хийж тэвэрч аваад “хөгшөөн одоо хэрэггүй” гэхэд  “чамайг ална” гэж амандаа үглээд намайг өөрөөсөө холдуулж түлхтэл би хойшоо саван хаалга мөргөж унасан. Босох гэтэл босож чадахгүй хөлөө хартал зүүн хөл шагай хэсгээрээ  хойшоо эргэсэн байсан. Ингээд Лхагважав дахин дайраад ирэхээр нь миний хөл хугарчих шиг боллоо болиорой гэхэд “надад айгаад байх юм байхгүй, ордог газар чинь орно гэж орилж хашгирсан тэгтэл гадаа байсан Дүүрэн, Шинэбилэг нар орж ирэн “юу болоод байгаа юм” гэхээр нь “гэмтэл явах шаардлагатай байна” гэж хэлээд тэр хоёртой гэмтлийн эмнэлэг рүү явсан. Үзүүлэхэд шагай чинь мултарч, савхан яс, аяган яс хугарсан байна гипстээд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмнэлэг дээр Лхагважав эхнэртэйгээ араас ирээд бусадтай маргалдаж хэрэлдсэн байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Уранбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намын хорооны үүрийн дарга нарыг дуудаж өрөөндөө нэг нэгээр нь ганцаарчилж уулзаж байсан юм. Ингээд үдээс хойш Лхагважавын ээлж болж өрөөнд орж ирсэн. Тухайн уулзалт нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох Сүхбаатар дүүргийн намын хорооны 7 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар ярилцаж, үүр болгоноос сонгох төлөөлөгч сонгох талаар зохион байгуулсан уулзалт байсан. Дэд дарга Мөнгөншагай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд “танай үүрээс оролцох хэдэн хүний нэрийг санал болгож байна” гээд хэдэн хүний нэр хэлсэн. Ингээд хэд хэдэн хүний нэр хэлтэл Лхагважав уурлаж “таны хэлсэн хүнийг би үүрээсээ гаргаж чадахгүй” гэхэд Мөнгөшагай дарга “яахаараа гаргаж чаддаггүй юм, танай үүрийн хүмүүс шүү дээ” гэхэд Лхагважав “таны хэлсэн хүн чинь дандаа миний эсрэг явдаг, санал бодлын зөрүүтэй хүн учраас хуралд оролцуулахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Мөнгөншагай санал болгосон хүнээ “за тэгвэл энэ хүнийг болъё” гээд дахиад өөр хүний нэр хэлтэл Лхагважав дахиад эсэргуүцэж “наад хүнийг чинь бас оролцуулахгүй, чадахгүй” гэхээр нь Мөнгөншагай "чи яахаараа бодлого сөрөөд байгаа юм" гэтэл Лхагважав " та нарын бодлого гэж юу байдаг юм", "Та нарын тэргүүлэгч гэж юу байдаг юм" гэж өндөр дуугаар хэлж уурласан. Тэгтэл Мөнгөншагай “за, за би чамайг  ойлголоо, чи Баярмагнайтай  тохироо  хийчихсэн  юм  байна” гэхэд Лхагважав уурлаж босож ирээд "чи намайг хэн нэгний шалны алчуур, бөгс долоогч гэж бодоо юу” гэсэн утга бүхий зүйл хэлж Мөнгөншагай руу босож ирсэн. Гэтэл Мөнгөншагай мөн адил сууж байсан сандал дээрээсээ босож тэр хоёр биенийхээ өөдөөс тулж цээжээрээ тулцгаасан. Ингээд хоёр биенийхээ өөдөөс хэрэлдэж байгаад хоёр биенээ заналхийлж хэрэлдэж байгаад Лхагважав нь Мөнгөншагайн захнаас нь зуурч хоолойг нь бооход Мөнгөншагай Лхагважавыг тэвэрч авсан. Тэгэхээр нь би Лхагважавын гарыг тавиулах санаатай зүүн гарнаас нь татахад зүүн гараа тавиад баруун гараараа Мөнгөншагайг шууд түлхчихсэн. Тэгтэл Мөнгөншагай хойшоогоо хаалга савж унаад, унасныхаа дараа “хөл эвгүй болчихлоо, шагай мултарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Лхагважавт уурлаж -чи ер нь яагаад, юу болоод байгаа юм, хүчний байгууллагад ажилладаг гээд байсан, наад хүний чинь хөл гар нь хугарчих вуу, үзээч- гэж хэлтэл Лхагважав Мөнгөншагайн хөлийг барьж үзээд зүгээр байна, хугараагүй байна, би мэдэж байна гэж хэлэхээр нь түүний найз Давхарбаяр руу залгаж танай Лхагважав чинь -Мөнгөншагайн хөлийг хугалчихлаа шүү дээ- гэж хэлсэн. Тэгтэл гаднаас 65 дугаар үүрийн дарга Дүүрэн орж ирээд түргэн дуудахгүй бол болохгүй гэж хэлээд гар утсаараа түргэн дуудах шиг болсон. Ингээд түргэн удаж ирэх юм шиг болохоор нь өөрсдийн унаагаар Мөнгөншагайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Мөнгөншагайг үзүүлэхэд зүүн хөлийн шагай нь мултарч, хоёр яс хугарсан байна гэж хэлсэн. Би Лхагважавт “хүний хөл, гар хугалчихлаа” гээд хэсэг үгэлсэн тэгэхэд та нар тэгвэл хэлдэг газраа хэлэхгүй юу, надад ял авахад айгаад байх зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн Давхарбаяртай эмнэлэг дээр хэрэлдэж маргалдаад яваад байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 102 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Шинэбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад дүүргийн намын хорооны нягтлан бодогч, улс төрийн ажилтан Уранбатаас юм авах гэж яваад өдөр намын хорооны байранд орсон. Ингээд Уранбат эгч өрөөндөө байхгүй байсан учраас дээшээ гурван давхар руу шатаар явж байтал гурван давхарт байдаг намын хорооны дэд дарга Мөнгөншагайн өрөөнөөс чанга дуу гарч нэг хүн уурлаж бухимдаад байгаа өнгө аястай чимээ гараад байсан. Ингээд бид тухайн өрөөний хаалгаар шагайн харах үед намын хорооны дэд дарга Мөнгөншагай шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Лхагважав нь хувцсаа зассан байдалтай "чи намайг тэгж бодоод байхгүй юу" гэж байсан. Тэгээд Мөнгөншагай дээшээ босох гэсэн босож чадаагүй, тэгтэл өрөөнд байсан Уранбат эгч хөл чинь хугарчихсан юм биш үү гэхэд Мөнгөншагай буцаад шалан дээр суучихсан. Тэгтэл Лхагважав, Мөнгөншагай дээр ирж хөлийг нь барьж үзээд хугараагүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу талаас нь ₮наадхаа эмнэлэгт очиж үзүүлээч₮ гэтэл өрөөнд байсан хүмүүс “явъя” гэж хэлээд Лхагважав, Дүүрэн хоёр Мөнгөншагайн хоёр талаас сугадаж бариад доош нь буулгаж Дүүрэнгийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Лхагважав өөрийнхөө машинаар явна гээд явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

            Гэрч Т.Дүүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр дүүргийн намын ажилтан дүүргийн үүрийн дарга нарыг ирж уулзалттай ирээрэй гэж хэлсэн. Намайг очих үед дүүргийн намын хорооны дэд дарга Мөнгөншагай үүргийн дарга нарыг ээлж, ээлжээр хүлээн авч уулзаж байсан. Миний өмнө Лхагважав орсон бөгөөд Лхагважавыг гарахыг хүлээгээд даргын өрөөний хажуу талын өрөөнд сууж байсан. Тэгтэл төд удалгүй Лхагважав, Мөнгөншагай хоёрын дуу өндөрсөж эхэлсэн бөгөөд дүүргийн намын ажилтан Уранбат “болиочээ” гэж байсан. Удалгүй тэдний өрөөний хаалгыг нэг зүйл цохих шиг болохоор нь явж очоод хаалгыг нь онгойлгох үед Мөнгөншагай хаалганы хажууд газар уначихсан байсан. Тэгээд хаалгыг нь түлхэж байгаад дотогшоо орох үед Мөнгөншагайн зүүн хөл нь шагай хэсгээрээ гадагшаа эргэчихсэн байсан. Тэгтэл Мөнгөншагай шагай мултарчихсан юм шиг байна "чи яаж байгаа юм бэ Лхагважаваа гэсэн" тэгэхээр нь би “наадах чинь мултарчихсан байхаа, байрнаасаа хөдлөөд хэрэггүй, түргэн дуудъя” гээд гар утсаараа залгахад түргэний эмч “бид нар очиж амжихгүй байх, энэ тохиолдолд та нар унаа тэрэгтэй бол өөрсдөө гэмтлийн эмнэлэг рүү шууд оч” гэсэн. Энэ үед Лхагважав "тэр цагдаагаа дууд, би бол суугаад гарч ирэхэд бэлэн байна, би шийдсэн хүн шүү" гэж хэлсэн. Тэгтэл Уранбат хажуу талаас “чи юу яриад байгаа юм, битгий балай юм яриад бай” гэсэн. Ингээд төд удалгүй Мөнгөншагайг Лхагважавтай хамт өргөж машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд Мөнгөншагайгийн шагай мултарч гараад, хажуу талын тулгуур яс нь хугарсан байна, энэ гэмтэл нь хагалгаанд орох магадлалтай гээд хөлийг гипсдэж боож өгсөн. Үүний дараа бид нар Мөнгөншагайг гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Гэрч Э.Шүрэнцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр нь нөхөр Б.Лыг онгоцны буудлаас тосож аваад гэртээ харих замд Намын ажилтан яриад хурдан ир, заавал ир гээд залгаад байсан. Ингээд бид хоёр гэртээ харих замаар Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын байрны гадаа ирээд манай нөхөр тухайн газар руу орсон. Би машиндаа суугаад үлдсэн ба ойролцоогоор 10 орчим минутын дараа Б.Л нэг хүнийг түшчихсэн гарч ирээд нэг машинд суулгаж өгсөн. Тэгээд өөрөө машиндаа ирж суугаад энэ хүн хөлөө хий гишгэчихлээ хамт гэмтлийн эмнэлэг явъя гээд сугадаж гаргаж ирсэн хүний суусан машины араас дагаж яваад гэмтлийн эмнэлэг дээр очсон...хөл нь хугарсан гэх хүн шинжилгээгээ өгч байсан. Ингээд шинжилгээ нь дуусаад савхан яс нь гэмтсэн байна гээд хөлийг гипсдэж өгсөн. Дараа нь тухайн хүн цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №55 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. О.Мөнгөншагайгийн биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шанаат ясны доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр О.Мөнгөншагайгийн биед үзлэг хийж өөрт нь байсан эмнэлгийн баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 08, 17, 20-ны компьютер томограф болон рентген шинжилгээнд шөрмөс тасарсан гэмтэл тогтоогдоогүй. Шөрмөсний гэмтлийг имрай шинжилгээгээр тогтоох боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн №511 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Дахин шинжилгээг хийхдээ үзүүлэгч О.Мөнгөншагайг өөрийн биеэр болон ирүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргав.
  2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №55 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  3. О.Мөнгөншагай-н биед зүүн шаант, тахилзуур ясны доод булууны ташуу, бага зэрэг зөрүүтэй далд хугарал, шаант-шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.
  6. Ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримтаар О.Мөнгөншагайн зүүн хөлийн шөрмөс тасарсан гэх гэмтэл тогтоогдохгүй байна.
  7. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15-16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байрны албаны өрөөнд хохирогч О.Мөнгөншагайтай ажил хэргийн маргаанаас болж санал зөрөлдөн маргалдаж улмаар зүй зохисгүй үг хэллэг хэлж, үйлдэл гарган биед нь хүч хэрэглэн түлхэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд нь “зүүн шаант, тахилзуур ясны доод булууны ташуу, бага зэрэг зөрүүтэй далд хугарал, шаант-шагайн үений мултрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч О.Мөнгөншагайн “...өөдөөс үг хүлээж авалгүй “биднийг муу ажиллаж байна” гээд муулж “та нартай үзнэ тэмцэнэ” гэхээр нь чи дандаа намын эсрэг юм ярьж байдаг юм, “тэмцэхээр бол тэмцдэг явдаг журмаараа яв” гээд би яриагаа өндөрлөх гэтэл Лхагважав цээжээ төвхийлгөж ирээд намайг цохих гэж дайрч босож ирэхээр нь цохиж магадгүй гээд хоёр суган доогуур нь гараа хийж тэвэрч аваад “хөгшөөн одоо хэрэггүй” гэхэд “чамайг ална” гэж амандаа үглээд намайг өөрөөсөө холдуулж түлхтэл би хойшоо саван хаалга мөргөж унасан. Босох гэтэл босож чадахгүй хөлөө хартал зүүн хөл шагай хэсгээрээ хойшоо эргэсэн байсан... миний хөл хугарчих шиг боллоо болиорой гэхэд “надад айгаад байх юм байхгүй, ордог газар чинь орно гэж орилж хашгирсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Уранбатын “...Лхагважав уурлаж босож ирээд "чи намайг хэн нэгний шалны алчуур, бөгс долоогч гэж бодоо юу” гэсэн утга бүхий зүйл хэлж Мөнгөншагай руу босож ирсэн. Гэтэл Мөнгөншагай мөн адил сууж байсан сандал дээрээсээ босож тэр хоёр биенийхээ өөдөөс тулж цээжээрээ тулцгаасан. Ингээд хоёр биенийхээ өөдөөс хэрэлдэж байгаад хоёр биенээ заналхийлж хэрэлдэж байгаад Лхагважав нь Мөнгөншагайн захнаас нь зуурч хоолойг нь бооход Мөнгөншагай Лхагважавыг тэвэрч авсан. Тэгэхээр нь би Лхагважавын гарыг тавиулах санаатай зүүн гарнаас нь татахад зүүн гараа тавиад баруун гараараа Мөнгөншагайг шууд түлхчихсэн. Тэгтэл Мөнгөншагай хойшоогоо хаалга савж унаад, унасныхаа дараа “хөл эвгүй болчихлоо, шагай мултарчихлаа” гэж хэлсэн... Лхагважав “та нар тэгвэл хэлдэг газраа хэлэхгүй юу, надад ял авахад айгаад байх зүйл байхгүй” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Дүүрэнгийн “...Лхагважав, Мөнгөншагай хоёрын дуу өндөрсөж эхэлсэн бөгөөд дүүргийн намын ажилтан Уранбат “болиочээ” гэж байсан. Удалгүй тэдний өрөөний хаалгыг нэг зүйл цохих шиг болохоор нь явж очоод хаалгыг нь онгойлгох үед Мөнгөншагай хаалганы хажууд газар уначихсан байсан. Тэгээд дотогшоо орох үед Мөнгөншагайн зүүн хөл нь шагай хэсгээрээ гадагшаа эргэчихсэн байсан. Мөнгөншагай “шагай мултарчихсан юм шиг байна, чи яаж байгаа юм бэ Лхагважаваа” гэсэн. Энэ үед Лхагважав "тэр цагдаагаа дууд, би бол суугаад гарч ирэхэд бэлэн байна, би шийдсэн хүн шүү" гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд Мөнгөншагайгийн шагай мултарч гараад, хажуу талын тулгуур яс нь хугарсан байна, энэ гэмтэл нь хагалгаанд орох магадлалтай гээд хөлийг гипсдэж боож өгсөн...”

 

Гэрч Н.Шинэбилэгийн “...Мөнгөншагайн өрөөнөөс чанга дуу гарч нэг хүн уурлаж бухимдаад байгаа өнгө аястай чимээ гараад байсан. Ингээд бид тухайн өрөөний хаалгаар шагайн харах үед намын хорооны дэд дарга Мөнгөншагай шалан дээр хөлөө жийгээд суучихсан байсан. Лхагважав, Дүүрэн хоёр Мөнгөншагайн хоёр талаас сугадаж бариад доош нь буулгаж Дүүрэнгийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №55 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.О.Мөнгөншагайгийн биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шанаат ясны доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал  гэмтэл тогтоогдлоо. 2.            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн №511 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.           Дахин шинжилгээг хийхдээ үзүүлэгч О.Мөнгөншагайг өөрийн биеэр болон ирүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргав. 2.         Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №55 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 3.О.Мөнгөншагай-н биед зүүн шаант, тахилзуур ясны доод булууны ташуу, бага зэрэг зөрүүтэй далд хугарал, шаант-шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.      Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчдийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байрны албан өрөөнд дүүргийн Монгол ардын намын хорооны дэд дарга О.Мөнгөншагай дүүргийн Монгол ардын намын үүрийн дарга ажилтай Б.Л нар ажлын маргаанаас болж хоорондоо маргалдан улмаар Б.Л уур бухимдлаа илэрхийлж О.Мөнгөншагай руу хүч хэрэглэхээр босч зуурч аван хүчтэй түлхэсний улмаас түүнийг хаалганд цохиулж унаган гэмтээж, хохирогчоос гэмтсэн даруйд эмнэлэгт хандаж бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хохирогч О.Мөнгөншагайн “...Лхагважав цээжээ төвхийлгөж ирээд намайг цохих гэж дайрч боссон...“чамайг ална” гэж амандаа үглээд намайг өөрөөсөө холдуулж түлхсэн, би хойшоо саван хаалга мөргөж унасан. Тэрээр “надад айгаад байх юм байхгүй, ордог газар чинь орно гэж орилж хашгирсан...” гэж, гэрч Б.Уранбатын “...Лхагважав нь Мөнгөншагайн захнаас нь зуурч хоолойг нь бооход Мөнгөншагай Лхагважавыг тэвэрч авсан. Тэгэхээр нь би Лхагважавын гарыг тавиулах санаатай зүүн гарнаас нь татахад зүүн гараа тавиад баруун гараараа Мөнгөншагайг шууд түлхчихсэн...” гэж, гэрч Т.Дүүрэнгийн “...Лхагважав "тэр цагдаагаа дууд, би бол суугаад гарч ирэхэд бэлэн байна, би шийдсэн хүн шүү" гэж хэлсэн...” зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Лаас хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосоор атал түлхэж хүч хэрэглэж буй үйлдлийн үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үгээр илэрхийлж, биеэр үйлдсэний улмаас О.Мөнгөншагайн биед хүндэвтэр гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас “...гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ түлхсэнийг хараагүй, хохирогч өөрийг нь түлхсэн гэж бодсон. Шинжээч томилсон тогтоол хууль зөрчсөн байна. Уг нөхцөл байдлуудаар Лхагважавын үйлдэл тогтоогдоогүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогчоос болсон хэрэг үйл явдлын талаар удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй ба тэрээр хэрэг болсон газар, цаг хугацаа, маргаан, өөрт нь хүч хэрэглэсэн этгээдийн үйлдлийг дэс дараалалтайгаар хэлж, хэрхэн яаж гэмтсэн болон бусад байдлуудыг дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүнийг худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Мөнгөншагай, гэрч Б.Уранбат нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үнэн зөв болохыг илэрхийлснээс гадна хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл тогтоогдсон, хэргийг шийдвэрлэж болохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж шүүх үзлээ.  

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ямар баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа үндэслэл, саналаа зөвхөн таамаг байдлаар илэрхийлснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг бодит бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Мөнгөншагайгаас “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ хуралдаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Лыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН