| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0695/Э |
| Дугаар | 689 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 689
2019 07 19 2019/ШЦТ/689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч С.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дд холбогдох эрүүгийн 1809052650648 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Юни ассошэйт” ХХК-нд мужаанаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 8 дугаар баг 1 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 2 дугаар байрны 5/13 тоотод түр оршин суух, урьд:
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дундговь аймаг дахь Сум дундын шүхийн 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Д нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 7-10В тоот хашаанд байрлах иргэн Ч.Бямбатогтохын эзэмшлийн чингэлгээс пуужин халаагуур, хийн компрессор, дардаг тасдагч, гар тасдагч, шат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 948.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809052650648 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Дундговь аймагт барилгын ажил хийж байгаад Бямбатогтох гэх хүнтэй танилцсан. Бямбатогтохын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжны 7-10в тоото хашаанд намайг байрлуулсан. 2017 оны 6 дугаар сараас хойш Бямбатогтох нь цалин мөнгө, хоолны мөнгө өгөхөө больсон. 2018 оны 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна идэх хоол хүнс, түлэх түлээгүй болчихоод уг хашаанд байрлах чингэлгийн түлхүүр надад байсан болохоор онгойлгоод дотроос нь тасдагч, пуужин халаагуур, хийн компрессор зэргийг аваад Халиун барьцаалан зээлдүүлэх газар 200.000 төгрөгөөр зараад хоол хүнс, түлээ, нүүрс авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Бямбатогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-7-10в тоот хашааг 2016 оны 8 дугаар сард худалдаж авч байсан. Тухайн хашаагаа өөрийн танил Сандуйсүрэнгийн Доржсүрэн гэдэг Дундговь аймгийн залууд харуулж байсан. Хашаанд 40 тонны контейнер бас бус багаж хэрэгсэл байсан. Би Доржсүрэнд түлхүүрээ өгчихсөн байсан. 2018 оны 5 дугаар сард хашаандаа очоод контейнертээ ороход барилгын ажил хэрэглэдэг дизель пуужин халаагуур, хийн компрессор, дардаг таслагч, гар таслагч, А шат зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хийн компрессор, дардаг тасдагч, гар тасдагч, А шат зэрэг болно.Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 948.600 /есөн зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтан мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Өөрийн Халиун барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад Доржсүрэн гэх залуу пуужин халаагуур, хийн компрессор, дардаг тасдагч зэргийг 14 хоногийн барьцаатай 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манайх журмын дагуу 4 сар хүлээж байгаад эд зүйлсээ авахгүй болохоор нь худалдан борлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, “Юни Ассошэйт” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч С.Мөнхдоржийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 66, 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 7-10В тоот хашаанд байрлах иргэн Ч.Бямбатогтохын эзэмшлийн чингэлгээс пуужин халаагуур, хийн компрессор, дардаг тасдагч, гар тасдагч, шат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 948.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Бямбатогтохын мэдүүлэг, гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Дгийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Дг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоос “...хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 69 дүгээр хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Дг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН