| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02209/И |
| Дугаар | 210/МА2025/00484 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00484
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дугаар шийдвэртэй,
*******, нарын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож 203,367,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*************, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 2020.02.17-ны өдөр нэхэмжлэгч*************, ******* нар хариуцагч *******той үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрсдийн дундын өмчлөлийн *******,*******,******* тоот, 63.2 м, 3 өрөө орон сууцыг 100.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож хариуцагч төлбөрийн 50 хувийг 50.000.000 төгрөгөөр, үлдэгдэл 50 хувь буюу 50.000.000 төгрөгийг 80.000.000 койноор тооцож төлбөр төлсөн байна.
1.2 Хариуцагч нь нэхэмжлэгч талд койны ханш жил ирэх тусам өсөж хэд дахин ашиг олох боломжтой ойрын хугацаанд худалдах шаардлаггүй хэрэв зарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд койн гаргасан компани буцаан худалдан авахад нээлттэй гэж ойлгуулснаар итгэл үнэмшил төрж койноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч талд хэдэн сарын дараа мөнгө санхүүгийн хэрэгцээ гарсан тул орон сууц худалдсан төлбөрт авсан койныг худалдахаар койн гаргасан компанид хандахад худалдан авах боломжгүй учир нь манай компаний гаргасан койн олон улсын хөрөнгийн бирж дээр хөрвөх боломжгүй хүлээгдээд байна гэдэг хариу өгсөөр өдий хүрч эд хөрөнгөөрөө хохирсоор ирсэн. Энэ талаар хариуцагч талд удаа дараа хэлж байсан боловч та нар санаа зовох хэрэггүй койн зарсан компаний үйл ажиллагаа удахгүй жигдэрээд койныг буцаан худалдан авч их хэмжээний ашиг олно гэхээр нь мөн л итгэж явсаар хохирч сүүлийн жил хариуцагчтай утас болон бусад хэлбэрээр холбогдох боломжгүй болсон байна. Виртуал хөрөнг буюу койн, токен зэрэг нь үнэт цаасны зах ээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгцээнд хамааралгүй системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм.
1.3 Хариуцагч тал Иргэний хуулийн 217 дугаар зуйлийн 217.1, 217,2-т заасан заалтыг зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулж Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй албан бус төлбөрийн хэрэгсэлээр хууль зөрчиж төлбөр хийгдсэний улмаас нэхэмжлэгч тал хохирсон байна. Иймд энэхүү талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зуйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул тус 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.5, 5 6-д заасан заалтуудыг үндэслэн хариуцагч нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэгүйдүүлэн худалдан авч нэхэмжлэгч талд эд хөрөнгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж егнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1 Олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэртэй сулжээний компанийн гишүүн нь компаний бараа зардаг фейсбүүк групп () дээр 2020 оны 1 сарын 23-ны өдөр 70/30 мөнгө, койн оролцуулад 3 өрөө байр зарна гэсний дагуу 2 хоногийн дараа утсаар ярьж тохиролцоод очиход ************* нар цуг байж байсан ба************* нь "байраа 60 сая төгрөг 100.000 койноор зарна гэхэд нь зах зээлийн үнээс өндөр байна, мөн надад 100.000 койн байхгүй гэсэн. Би тэр үед Надад ийм хэмжээний койн байсан боловч мөнгө байхгүй ээ, дүү маань сонирхож магадгүй гээд явсан.************* нь дээрх зарыг 2020оны 05 сарын 02-нд 60/40 хэмжээтэй өөрчилсөн байсан. Үүнээс хойш************* нь: Та юу болсон бэ? Миний байрыг аваач гэж олон удаа ярьж гуйж байсан. Ер нь байр худалдаалах гол шалтгаанаа надад тайлбарлахдаа "Танил тал, найз нөхөддөө койн авч өгнө гэж хэлээд өрөнд орсон, надад одоо мөнгө, койн ч аль аль нь хэрэгтэй байна. Тань шиг их койнтой хүн олдохгүй байна та надад туслаад байрыг минь авч надад тус болооч гэж удаа дараалан гуйж байсан. Хэрвээ та миний байрыг хэлсэн үнээр авбал оос оруулж ирэх бараагаа хамгийн түрүүнд 100% койноор өгнө гэж ярьж байсан. Ийм учраас би дүүгээсээ мөнгө зээлж, уг байрыг худалдаж авахаар тохиролцсон.************* нь худалдах гэж байгаа байрны ордероо Сүхбаатар дүүргийн 7-р хорооны хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлж барьцаанд тавьсан байсан. Уг байрны ордероо авахын тулд надтай хамт очиж миний мөнгөөр зээлээ төлж, байрны ордерыг авсан. Дүүргиин дэргэдэх нотариат орж уг байрыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Дүүргийн үл хөдлөхийн газар очоол ******* нар нь байраа зээлтийн гэрээгээр хийе, учир нь бид худалдааны татварыг төлөх боломжгүй гэсэн. Би бас зээлийн гэрээгээр авахгүй гэж маргасан. Эцэстээ аргаа барж байр худалдах татварын хураамжийг би өөрөөсөө гаргаж төлсөн.************* нь надад байраа зараад хотын дейл шикэр үзэсгэлэн худалдаанаас 100% койнгоор төрөл бүрийн бараа авчирсан.************* нь Улан удэд ирээд буцах замын зардалгүй боллоо гээд нөхрийнхөө Хаан Банкны дансанд 200.000 төгрөг зээлж байсан. Би бүүр гайхаад байр зарсан мөнгөө яасан бэ? гэхэд бүгдийг өрөндөө өгсөөн би удахгүй өгнө гэсэн. 2020 оны 4 сарын 10-нд 3-р хорооллын үйлчилгэзний барааны дэлгүүр нээж 50% бэлэн мөнгөөр 50% койн бараагаа худалдаалах байнгын ашиг орлоготой ажиллаж байсан. Нэхэмжлэгч************* ******* нар нь койны ханш жил ирэх тусам өсөж хэд дахин ашиг олох боломжтой ойрын хугацаанд худалдах шаардлагагүй хэрэв зарах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд койн гаргасан компани буцаан худалдан авахад нээлттэй гэж ойлгуулснаар итгэл үнэмшил төрж койноор төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн гэж " компаны тухай мөн койны талаар ямар ч мэдээлэл мэдлэг ойлголтгүй хүмүүс болж ******* намайг гүтгэжээ. Яагаад вэ гэвэл?************* ******* нар нь ОneCoin компаний маркетинг, манажмент урамшуулалын системийг бусдад тайлбарлаж шинээр гишүүд элсүүлдэг мэдлэгтэй, тус компанид тодорхой байр суурь эзэлсэн мэрчант зэрэг цолтой, онцгой эрх бүхий идэвхтэй гишүүд, харинг би энэ компани койн худалдаж авсан, бараа худалдаж авах эрхтэй жирийн гишүүн. Тус компанийн койн зоос хэдэн жилийн дараа өсөх юм уу буурах юм уу, ямар алдагдал орж, хэдэн хувийн ашигтай байх талаар талаар би одооч, ойлголтгүй явдаг учраас эдгээр хумууст тайлбарлаад бас ятгаад байх шаардлага болон мэдлэг байхгүй болно.
М Нэхэмжлэгч************* ******* нар нь надад байр худалдсанаараа:
А. Хадгаламж зээлийн хоршоонд зээлээ төлж чадахгүй, байраа алдах гэж байсны хүүг зогсоож, төлбөр тооцоог нь хийж ордероо авсан.
Б. Хүмүүсээс зээлсэн бэлэн мөнгөний өрөө дарсан.
В. Найз нөхөд танилынхаа койны өрийг койноор төлсөн
Г. Орос барааны дэлгүүр нээж 50% бэлэн мөнгөөр, 50% койноор бараaraa худалдаалж байнгын ашиг орлоготой ажиллаж байсан. Иймээс************* ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******гоос 203,367,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*************, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*************, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,966,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэж нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэргийн үйл баримтыг хэлцэл хийсэн талуудын хүсэл зоригийн агуулга болон хучин төгөлдөр бус хэлцлийн хуулийн зохицуулалтад нийцүүлэн дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцлийг хууль зөрчсөн хэлцэлд хамааруулахаар заасан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгч нартай арилжахаар тохиролцож шилжүүлсэн зоос нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр виртуал хөрөнгөөр бүртгүүлээгүй буюу арилжаалагддаггүй, мөн Монголбанк-д энэ койнтэй холбоотой бүртгэл, хяналт байхгүй талаар дурьдсан.
4.2 Хариуцагч нь цахим мөнгө арилжаалах эрхтэй этгээд биш учир талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэтэл анхан шатны шүүх уг холбоотой харилцааг зохицуулсан хууль, журам талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь гэх койн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой эсэх нь дээрх хуулийн дагуу тухайн холбогдолгүй юм.
4.3 Мөн түүнчлэн нэхэмжлэгч нар нь зохигчдийн хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцийг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4.4 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгийн үнийг Оne койноор төлбөрт тооцон худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн Facebook дэх хэрэглэгчдийн групп-т хандан зар тавьж, зарын дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг болон 80,000 ширхэг One койноор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
4.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч*************, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулж орон сууцны үнэд 203,367,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн 6-7 дугаар талд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ,,, тоот 63 м.кв 3 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр*************, ******* нараас *******д худалдсан гэрээ авагдсан байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч*************, ******* нараас орон сууцны өмчлөлийг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн, хариуцагчаас нэхэмжлэгч нарт орон сууцны үнэд 50,450,000 төгрөг, 80,000 койн шилжүүлэн өгсөн гэж хэн аль нь тайлбарласан.
Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулна, хариуцагчид 80,000 койн бэлэн байгааг буцаан шилжүүлнэ гэж тайлбарласан боловч койн нь дижитал хэлбэрээр хийгдэж байгаа шилжүүлэг тул энэ тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцны үнэд 80,000 койныг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй, уг койноор арилжаа хийгээгүй, 80,000 койн бэлэн байгаа гэх боловч энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
4. Хэргийн баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, үйл баримтыг тогтоох буюу койны талаарх тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00749 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч*************ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 1,174,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ