Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00505

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 1384 дугаар шийдвэрээр ******* -иас 2,270,623,858 төгрөгийг гаргуулж ******* банк -д олгож шийдвэрлэсэн.

Дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоотод байрлах, 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн саналуудыг авсан.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023.06.20-ны өдрийн 4-180/12131 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эд 2023.06.20-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан.

1.3. Уг тайлангаар *******гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 231,916,000 төгрөгөөр үнэлсэн. ******* нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, бодит үнэнд нийцсэн дүгнэлт гаргаагүй, хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлгээг гаргахдаа 1 м.кв талбайн үнийг 2,6 сая төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. сайтад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,5 сая төгрөг байхад *******гийн өмчлөлийн 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг зах зээлд худалдан борлогдож буй үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Хөрөнгийн үнэлгээ гаргаж буй байгууллага Хөрөнгийг үнэлгээний тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж төлбөр авагчид ашигтай байдлаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн ******* гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ 9.4 хувиар өссөн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээ хийсэн аргачлал нь туйлын тодорхойгүй. Иймд үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төлбөр төлөгч ******* -ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, *******гийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй ******* тоот 88,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр ******* -ийг томилж үнэлгээ тогтоолгоход 231,916,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй.

2.2. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 231,916,000 төгрөгөөр үнэлсэн ******* -ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.

4.2. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар орон сууцыг 231,916,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргасан боловч шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

******* -иас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үндэслэл журмын дагуу бодит үнэнд нийцсэн зах зээлийн үнэ бүхий үнэлгээг гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 1 м.кв талбайн үнийг 2,6 сая төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй. сайтад ******* нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,5-4,5 сая төгрөгийн үнэтэй байхад *******гийн өмчлөлийн орон сууцны үнийг зах зээлд худалдан борлогдож буй үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Хөрөнгийн үнэлгээ гаргаж буй байгууллага Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж төлбөр төлөгчид ашигтай байдлаар үнэлгээ гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс өгсөнгүй.

Түүнчлэн, ******* гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ 9.4 хувиар өссөн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлж үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч *******гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад тодорхой тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 88,9 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэрээр, ******* -иас 2,259,187,967.05 төгрөг гаргуулж банк -д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 88,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, *******-ийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлалтай контор үйлчилгээний зориулалттай 1260,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээтэй, 3649 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 42-52 дугаар тал/

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 88,9 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 23280174/180-03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23280174/05 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-ийн 57-60 дугаар тал/

3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/241 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр ******* -ийн үнэлгээчин ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 61-67 дугаар тал/

3.4. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 231,916,000 төгрөгөөр тогтоож, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна. /хх-ийн 68-70, 72, 207-224 дүгээр тал/

Үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4-150/12131 дугаартай албан бичгээр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эд мэдэгдэж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 73-74 дүгээр тал/

4. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай танилцаж, хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, байршил, засвар, дэд бүтэц зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, дээрх үзүүлэлтээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд хуульд заасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоох арга, аргачлал, бусад эх сурвалжийг ашиглалгүйгээр хэт нэг талыг барьж үнэлгээ тогтоосон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.

5. Түүнчлэн, сайт дээр орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,5-4,5 сая төгрөгийн үнэтэй байхад маргаан бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,6 сая төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, ******* гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ 9.4 хувиар өссөн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхино. Учир нь уг сайт дахь зар нь худалдагчийн зүгээс зах зээлд худалдахаар санал болгож буй үнэ бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаа явуулах үеийн үнийг үнэлгээчин тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам болон үнэлгээний олон улсын стандартыг баримтлан үнэлгээг тогтоох талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд худалдан борлуулахаар санал болгож буй үнээр дуудлага худалдааны үнийг тогтоохгүй, харин уг үнийг үндэслэн тодорхой зохицуулалт, тохируулгыг хийсний үндсэн дээр дуудлага худалдааны үнийг тогтоодог байна.

6. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА